Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01461

 

 

Ж.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/01146 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.Цт холбогдох,

 

Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 12 700 000 төгрөг, алданги 6 350 000 төгрөг, нийт 19 050 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

а

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2016.03.18-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцлийг харилцан тохиролцож Я.Ц нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл болох 12 700 000 /арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг 2016.12.31-ний өдрийн дотор багтаан төлөхөөр зөвшөөрч, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл уг хөлсийг одоо болтол төлөөгүй байх тул хэлцэлд заасны дагуу Иргэний хуулийн 232.6, 232.4-д заасныг тус тус үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцож 6 350 000/зургаан сая гурван зуун тавин мянга/ төгрөг, нийт 19 050 000 /арван есөн сая тавин мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар үүрэг гүйцэтгэхийн буюу 12 700 000 төгрөг болон алдангийн хамт нэхэмжлэх шаардах эрх үүссэн гэжээ.

 

Хариуцагч Я.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо 10-р сарын 31, 9-р сарын 07-ны өдөр төлсөн төлбөрүүдийг нотлох баримтууд байхгүй. Энэ мөнгөн дүнтэй холбоотой хийсэн ажлууд нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Цээс нийт 19 050 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Н улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Я.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 253 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч талын өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Я.Цт холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 12 700 000 төгрөг, алданги 6 350 000 төгрөг, нийт 19 050 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1, 22/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан байна. Гэвч шүүх дээрх хүсэлтийг хангалгүйгээр хэргийн оролцогчийн эрх зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрхийг хязгаарласан, талууд маргаантай үндэслэлийн талаар бүрэн мэтгэлцээгүй байна. Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна. /хх-41-42/

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдох бөгөөд хэргийн оролцогчийн хувьд өмгөөлөгчөөрөө дамжуулж өөрийгөө төлөөлүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрхийг эдлэх, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэл тайлбараа гаргаж мэтгэлцэх боломжтой юм. Анхан шатны шүүхээс өмнөх шүүх хуралдаануудад өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргах боломжтой байсан гэх үндэслэлээр хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрхийг хязгаарласныг зөвтгөх боломжгүй юм. /хх-41-42/

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/01146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД