Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/03558

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах, регистр ..., “У...” ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... тоотод байрлах, регистр ...., “С...” ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ... тоот хаягт оршин суух, нотариатч Г... овогтой Х...,

Нэхэмжлэлийн шаардлага:

Хариуцагч “С...” ХХК-д холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг “У...” ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгах, уг газар дээр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар баригдсан 750 м.кв барилгыг бүхэлд нь албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх,

Хариуцагч Г.Х...д холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б...,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б... /.../,

            Хариуцагчийн төлөөлөгч П.У..., түүний өмгөөлөгч Н.Б... /.../,

Хариуцагч Г.Х...

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “У...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0294107 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ... байрлах 10,000 м.кв талбайтай газрыг хууль ёсоор эзэмшиж байсан. “У...” ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ӨМӨЗО-ны иргэн З... /Sh.../ нь 2016 онд хүүхэд нь төрөхийн хүндрэл болоод яаралтай хүүхэд рүүгээ Австрали улс руу явсан байх хугацаанд “С...” ХХК-ийн захирал П.У... нь компанийн баримт бичиг, тамга компанийн менежер Б.Б...т байгааг далимдуулан “би З... захиралтай яриад танай газрын 7,000 м.кв-ыг шилжүүлж авахаар болсон, танай газар дээр манай компани барилга барьж байгаа, уг барилга дээрээс хүн унаж нас барсан, дээрээс нь зөвшөөрөлгүй барьж байгаа учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газрын эзэн гээд танайд 150,000,000 төгрөгийн торгууль тавих гээд байна. Уг газрыг шилжүүлэх баримт бичиг дээр тамгыг нь дараад өгчихвөл асуудлыг манайх өөрсдөө хариуцаад шийдвэрлэнэ, З... захирал зөвшөөрсөн” гэх зэргээр хэд хэдэн удаа холбогдсон байдаг.

“С...” ХХК-иас ийнхүү холбогдсоны дагуу “У...” ХХК-ийн менежер Б.Б... нь гүйцэтгэх захирал З...гаас асуух гэтэл холбогдож чадаагүй, дээрээс нь компанийн нэр дээр торгууль тавиулчих вий гээд шахалтанд орж, санаа зовсны үндсэн дээр “С...” ХХК-ийн захирал П.У...д итгээд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээг “С...” ХХК-ийн захирал П.У..., “У...” ХХК-ийн менежер Б.Б... нар нотариатаар батлуулахаар Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын ойролцоох нотариатуудаар ортол эзэн нь байхгүй гэрээг гэрчилж өгөхгүй, эзнийг нь авч ир гэсэн шаардлагыг хэд хэдэн нотариатууд хэлсэн байдаг. Ингээд П.У... дараа эргээд дуудъя гэж хэлээд Б.Б...ийг явуулсан байна. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр П.У... нь нотариатч олчихлоо гэсний дагуу Баянгол дүүрэг дэх газрын эрхийг шилжүүлэх гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Х... дээр очиж гэрчлүүлэн нотариатын бүртгэлийн 1380 дугаарт бүртгэгдсэн.

“С...” ХХК-ийн захирал П.У... нь уг гэрээг З... захирал гадаад явахаасаа өмнө бүрдүүлээд тамга дарах, нотариат орох л дутуу байсан гэж хэлдэг боловч уг гэрээн дээр З... захирлын өөрийнх нь аль эрт хүчингүй болсон баримт бичгүүд дэх хувийн мэдээллүүд бичигдэж, нотариатаар гэрчлэгдсэн байна. Тухайлбал: гэрээний “гэрээ байгуулсан” хэсэгт байрлах “эрх шилжүүлэгч тал”-д тухайн мөчид З... захирал өөрөө байсан мэтээр З...гийн иргэний үнэмлэх гэх дугаар ..., Оршин суух зөвшөөрлийн дугаар ... гэж бичигдэж, улмаар гэрээний хавсралтад уг бичиг баримтын хэвлэмэл хуулбар мөн гэрчлэгдсэн байдлаар байдаг. Гэтэл гэрээнд хавсаргасан уг баримтын хугацаа нь дууссан хүчингүй, З...д өөрт нь ч байхгүй баримтын хуулбарыг ашигласан байна. Харин гэрчлэгдсэн гадаад паспортын дугаар нь ... гэх дугаартай бөгөөд 2008 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаатай гэх боловч уг гадаад паспортыг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс улсаас нь хүчингүй болгон хайчилж, шинээр E... гэсэн дугаартайгаар 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаатайгаар шинэ гадаад паспорт олгосон. Гэрээ гэрчлэгдсэн цаг үед эдгээр баримт бичгийг хүчингүй болсныг мэдэлгүйгээр хуулбарыг ашигласан гэж үзэж байна.

Ийнхүү гүйцэтгэх захирал З... газар шилжүүлэх талаар “С...” ХХК-тай болон захирал П.У...тай огт ярилцаж харилцан тохиролцоогүй, хүсэл зоригийн илэрхийлэл огт байгаагүй. Компанийн хөрөнгийг шилжүүлэх асуудлыг зөвхөн гүйцэтгэх захирал хийж гүйцэтгэдэг байсан ба тухайн гэрээ байгуулагдах үед З... захирал нь Монгол Улсад байгаагүй байтал уг гэрээ, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал гэх баримт дээр З... захирал өөрөө гэрээ байгуулсан мэтээр гарын үсгийг зурж, компанийн тамга, тэмдгийг дарж гэрээ байгуулагдсан байна. Энэ гэрээ байгуулагдаж нотариатаар гэрчлэгдсэнээр манай компанийн 10,000 м.кв талбайтай газрын 7,000 м.кв газар “С...” ХХК-д шилжсэн.

Түүнчлэн “С...” ХХК-ийн захирап П.У... нь “У...” ХХК-ийн З... захиралтай тохиролцоод 200-аад сая төгрөг төлөөд уг 7,000 м.кв газрыг  худалдаж авсан гэдэг боловч худалдаж авсан гэх баримт огт байхгүй, мөнгө төлж байгаагүй тул мөнгө төлсөн, мөнгө шилжүүлсэн баримт мөн огт байдаггүй. Хэрэгт авагдсан 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “Мөнгө хүлээн авсан баримт" нь уг газрын төлбөртэй огт хамааралгүй, хамгийн сүүлд 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр хийсэн бензин, цахилгаан гэх мэтийн баримт бөгөөд “С...” ХХК, П.У...тай алинтай нь ч холбоотой баримт биш, энэ тухай З... захирал шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан бөгөөд “С...” ХХК байгуулагдахаас өмнөх баримт юм.

Нэгэнт уг 10,000 м.кв газрын 7,000 м.кв нь өөр компанид шилжсэн байсан учир зөвхөн 3,000 м.кв талбайтай газрыг манай компаниас 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №01107-2018/00402 дугаартай иргэн хуулийн эттээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн .... дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр эзэмшиж байна. Манай газар “С...” ХХК-д хууль бусаар шилжсэн асуудал дээр Баянгол дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгуулж байсан боловч хэргийг хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан тул хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг прокурорын тогтоолд дурьдсан байна. Мөн манай 10,000 м.кв газар дээр “С...” ХХК нь ямар ч зөвшөөрөл авалгүйгээр мөн л З... захирлыг байхгүй хооронд буюу 2017 оны сүүлээс 2018 оны эхэн хүртэл барилга барьсан байсан. Уг газар дээр 750 м.кв талбай бүхий барилга баригдсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно. Уг барилга баригдсаныг мэдээд “буулга, газар чөлөөл” гэх шаардлага тавихад барилгаа одоог хүртэл буулгалгүйгээр эзэмшигч болох манай компанийг эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хохироож байна.

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Мөн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу “У...” ХХК, “С...” ХХК нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, уг гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа 7,000 м.кв газар эзэмших эрхийг “У...” ХХК-д буцаан шилжүүлэхийг “С...” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.4 дэх хэсэгт тус тус  зааснаар уг газар дээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар баригдсан 750 м.кв барилгыг бүхэлд нь албадан буулгаж, газрыг чөлөөлөхийг “С...” ХХК-д даалгуулахаар шаардаж байна.

Түүнчлэн, 2016 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Нотариатч тогтоосон тойрогт үйл ажиплагаагаа явуулах бөгөөд тойрог сольж ажиллахыг хориглоно” гэж, мөн зүйлийн 7.3-т “Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхгэй холбогдсон баримт бичгийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.3.1, 21.3.2, 21.3.3, 21.3.7, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1, 31.1.4, 31.1.6, 31.2, 31.3, 46 дугаар зүйлийн 46.2, 46.3-т тус тус заасныг хариуцагч Г.Х... зөрчиж уг гэрээг гэрчилсэн байна. Иймд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Х...гийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг нотариатын бүртгэлийн 1380 дугаарт гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хэлцэл нь хуульд заасан хэм хэмжээ болон зан заншлын хэм хэмжээг зөрчиж хийсэн учир хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Энэ нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд З... гэх хүн Монгол улсад байгаагүй гэдэг нь тогтоогддог. Мөн “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр” гэдэг 4 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрийг үндэслэж нотариатч гэрээг гэрчилсэн гэдэг. Гэтэл 4 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гэх зүйлд З... гарын үсэг зурсан баримт байдаггүй бөгөөд үүнийг нь Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг болон энд байгаа мэдүүлгээр ийм шийдвэр өгөөгүй гэдгээ З... өөрөө болон гэрч Б.Б... нотолдог. З... өөрөө байгаагүй учир энэ шийдвэр нь хуурамч баримт байсан. Энэ хуурамч баримтыг ашиглан уг гэрээ хийгдсэн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад П.У... гэх хүн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн нотариатаар батлуулаагүй гэрээний үндсэн дээр шилжсэн гэж хэлж үзүүлдэг. Цагдаагийн байгууллагад залилсан тухай асуудлыг өгөхөөр Газрын албанаас авсан баримтаар 4 дүгээр сарын 01-ний өдрийнх байдаг. Өөрөөр хэлбэл хуурамч бичиг баримт үйлдэж хийсэн байна гэж бид бодож байгаа. Энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болоход нотариатч Г.Х... нь Нотариатын тухай хуульд заагдсан “эх баримттай нь тулгах, хэлцэл хийгч өөрийн биеэр байх, хэлцэлд өөрөө гарын үсэг зурсан байх” зэргийг зөрчиж гэрээг гэрчилсэн. Ийм учраас хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Хамгийн ноцтой нь нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлтэй хамт яригдах үндэслэл буюу нотлох баримт шинжлэн судалснаар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд З...гийн хүчингүй болсон паспортыг ашиглаж хийсэн байна.

Өнөөдөр 7,000 м.кв олгосон газрын гэрчилгээ, эрх шилжүүлэх гэрээ, нотариатчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгосноор уг газар бүхэлдээ “У...” ХХК-ийн газар болно гэж үзэж байгаа учраас энэ газарт зөвшөөрөлгүй баригдсан 750 м.кв объектыг албадан буулгах, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байгаа. Нотариатын үйлдлийн тухайд: Нотариатын тухай хуульд заагдсаны дагуу бичиг баримтыг эх хувьтай нь тулгах ёстой байдаг. Гэтэл үүнийг тулгаагүй. Үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй буюу төлөөлөх эрхгүй, хэлцлийн нэг тал нь байхгүй байхад хуурамч баримтыг үндэслэж гэрчилсэн учраас энэ нотариатчийн үйлдэл нь хууль бус байсан. Үүнийг хүчингүй болгооч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Эдгээр гурван нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гэрчийн мэдүүлгээс үзэхэд газар эзэмших эрх шилжүүлэхийг Б.Б...т олгосон гэж хэлээд байгаа. Гэтэл З... “олгоогүй, тийм зүйл байгаагүй” гэж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө болон Б.Б... нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Гэхдээ бид үүнийг хууран мэхэлж биш хууль зөрчиж хийгдсэн гэдгээр буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсье...гэж тайлбарлав.

2. Хариуцагч “С...” ХХК-ийн хариу тайлбар:

2.1. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “У...” ХХК-ийн захирал байхгүй үед “С...” ХХК-ийн захирал П.У... ажилтныг нь хуурч мэхлэх үйлдэл хийсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас газрын эрхийг шилжүүлэн авсан гэсэн байна. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган тогтоох, мөрдөх, хариуцлага хүлээлгэх ажиллагааг хуулиар цагдаа, прокурорын байгууллага гүйцэтгэж, шүүхээс гэм бурууг нь тогтоодог. Энэхүү асуудлаар “У...” ХХК-ийн захирал З... нь цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1576 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол гарч, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Хэрэг бүртгэлтийн хэргийг хааснаар “С...” ХХК-ийн захирал П.У... нь бусдыг хууран мэхэлж, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэх үйл баримт огт тогтоогдоогүй. Бодит байдал дээр “У...” ХХК-ийн захирал З...тай “С...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон удирдлагын хүрээнд харилцан тохиролцож, холбогдох төлбөрийг нь төлснөөр газар эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа хийгдсэн байдаг. Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэх үйлдлийн тухайд: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар зохицуулсан. Эндээс газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж болох ба эрх шилжүүлэхэд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ шаардахаас гадна эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг аль аль талууд нь газрын албанд гаргана. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед мөрдөгдөж байсан Нотариатын тухай хуулийн 7.3-т заасныг зөрчсөн гэж тайлбарласан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч компаниудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байдаг. Энэхүү гэрээ нь эрх шилжүүлэх гэрээний төрөлд хамаарах бөгөөд Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.6-д эрх шилжүүлэх гэрээг заасан. Энэ хуульд зааснаар эрх шилжүүлэх гэрээг заавал тухайн тойргийн нотариатч гэрчилнэ гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл биш юм. “С...” ХХК-ийн 750 м.кв барилгыг бүхэлд нь албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх үндэслэлийн тухайд: “У...” ХХК-ийн эзэмшлийн 10,000 м.кв газраас 7,000 м.кв газрыг шилжүүлэн авахдаа “У...” ХХК-ийн нэр дээр үлдэх 3,000 м.кв газрыг байршлын хувьд урд хэсэгт байхаар тохиролцсон. Тохиролцсоны дагуу “Геоботаник” ХХК-иар кадастрын зураг хийлгүүлсэн. Манай компани махны үйлдвэртээ зориулан агуулахын барилга барих ажлыг эхэлж, анх тохиролцсоны дагуу өөрсдийн худалдаж авахыг хүссэн газартаа барилгаа барьсан. Үүнийг нэхэмжлэгч “У...” ХХК болон удирдлага нь мэдэж байсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар эсэргүүцэж байгаагүй. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т заасан хөршийн эрхийн харилцаанд хамаарна. Талууд анх харилцан тохиролцсон нөхцлийнхөө дагуу газраа хувааж, “С...” ХХК-ийн зүгээс барилгын ажлаа эхлүүлсэн. Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 137.2-т заасан үр дагаврыг үүсгэж байна. “У...” ХХК нь 750 м.кв талбай бүхий барилгыг тухайн байршилд барихыг зөвшөөрсөн, барьж байгааг мэдэж байсан боловч барилгын ажлыг зогсоох талаар огт шаардлага тавьж байгаагүй. Анх “У...” ХХК-ийн захирал З... нь өөрийн компани дээр үлдсэн 3,000 м.кв газар эзэмших эрхийг “С...” ХХК-д шилжүүлнэ гэсэн тохиролцоог амаар хийж байсан боловч 2019 оны дундуур гэнэт газрын үнийг хэт өндөр хэлж, тухайн үнийг зөвшөөрөх боломжгүй гэсний дараа бодит байдлаас тэс хөндлөн зүйл ярьж хуулийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргаж эхэлсэн. Иймд “У...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

2.2. Хариуцагчийн төлөөлөгч П.У... шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал З... гэх хүн Монголд байгаагүй, Монголд байгаагүй учраас газар шилжих боломжгүй байсан, хуурамч бичиг баримт гэдэг л асуудал яригдаж байгаа. Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч өөрийнхөө Компанийн тухай хуульд заасан эрхийн хүрээнд хэнд итгэмжлэл өгөх, ямар асуудлыг яаж шийдэх, шийдвэрээ гаргаад гадаадад байна уу? Монголд байна уу он цаг хугацааны хувьд асуудалгүй. Түүнээс биш З... Монголд байгаагүй учраас гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус болно гэж байхгүй. Хавтаст хэрэгт баримтаар авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1576 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын тогтоол хүчин төгөлдөр болсон ба уг тогтоолд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг хаах нь зүйтэй гэж дүгнэсэн. Дараагийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг нэмэлтээр дурдаж өгсөн байгаа. Тэгэхээр гэмт хэргийн шинжгүй буюу З... гэх хүний бичиг баримтыг залилсан, хуурсан гэдэг асуудал тогтоогдсонгүй. Тийм учраас хуурамч бичиг баримт үйлдэж хууль зөрчсөн гэдэг асуудал тогтоогдохгүй байгаа юм. Талуудын байгуулсан газрын эрх шилжүүлэх гэрээ нь нэхэмжлэлд дурдаад байгаа шиг үл хөдлөх хөрөнгө шилжүүлж байгаа асуудал биш. Энэ хэлцлийг тухайн газар байрлаж байгаа тойргийн нотариатч заавал гэрчлэхийг шаардахгүй. Нотариат үүн дээр хуулийн дагуу шалгах зүйлээ шалгасан. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасан байна. Гэрээ хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх буюу итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлана. Архиваас ирсэн баримтад З... гэх хүний хувьцаа эзэмшигчийн шийдвэр байна. Хувьцаа эзэмшигч ийм шийдвэр гаргах эрхтэй ба шийдвэр гарсан байгаа. Түүн дээр гарын үсгээ Хятадаар бичнэ үү, Монголоор бичнэ үү үүнийг нотариат шалгах үүрэггүй. Тэр хүн таван янзаар гарын үсэг зурдаг байж болно. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ гэрээ, дүрэм төлөөлөн удирдах зөвлөлийн шийвдэрт тусгасан эсэхийг шалгана. Нотариат тангараг өргөсөн, тодорхой чиг үүрэг, хариуцлагатай хүн. Тэгэхээр үүн дээр нотариатын үйлдлийг буруу, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Гэрээн дээр хугацаа дууссан паспортын дугаар тавьсан байна. Дуусаагүй паспортын дугаар тавих ёстой гэж хэлэх ямар ч эрх байхгүй. Хамгийн сүүлд 750 м.кв барилгыг буулгах, газар чөлөөлүүлэх нэхэмжлэл нь урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, 10,000 м.кв газарт тухайн 750 м.кв байтугай өөр олон үл хөдлөх хөрөнгө байгаа. Жишээ нь ажилчдын оффис, үйлдвэр, гараж г.м хөрөнгүүд байгаа. Бид хавтаст хэрэгт баримтууд өгсөн байгаа. Аль алийг нь буулгах гээд байгаа нь тодорхойгүй байна. Хэрвээ  3000 м.кв газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлнэ гэж шаардаж байгаа тохиолдолд хөршийн эрхийн харилцаа үүсэх гээд байна. Иргэний хуулийн 137 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч зөвшөөрөлгүй барьсан барилгын хөрш хил зөрчсөн үйлдэл гаргасан бол буцаан хэвийн байдалд нь оруулахаар шаардлага гаргах эрхтэй. Гэхдээ энэ талаар мэдсэнээс хойш нэн даруй шаардлага гаргах ёстой бөгөөд тухайн үед нь барилга баригдаж байгааг ойлгоно. Нэн даруй гэж тухайн үйлдлийг хийх боломжит хугацаанд энэ үйлдлээ гаргасан байхыг хэлнэ. Гэтэл хариуцагч талын барилга 2018 онд баригдаад аль хэдийн дууссан байсан. Нэхэмжлэгч тал 2019 онд нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр нэн даруй шаардах эрх хэрэгжсэн үү? Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт хөрш зэргэлдээ газар эзэмшигч хөршийнхөө хил давсан үйлдлийг зогсоохыг тухайн үед нь нэн даруй шаардаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо байшингаа нураа гэж хэлж болохгүй. Гэтэл “С...” ХХК-ийн удирдлагын байр суурь бол бид нэгэнт тухайн үед З...тай тохироод үйлдвэр барьж байгааг З... ч мэдэж байсан. Үйлдвэр ашиглалтад орсныг мэдсэн. Сүүлд нь тохирсноороо 3000 м.кв газраа өгөөч гэхэд 400,000,000 төгрөгөөр зарна гэснээс болж маргаан үүссэн. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг нэхэмжлэлдээ дурьдсан байдаг. Уг үндэслэлээсээ татгалзана гэж хэлээгүй учраас тайлбар хэлье. Хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж байгаа бол хуурч мэхэлсэн үйлдэл хаана байна вэ? Бид 7,000 метр квадратыг авна гээд 8,000 метр квадратыг авдаг ч юм уу эсвэл бид газар эзэмших эрхтэй гээд эрхгүй байж хэлцэл хийсэн зэрэг асуудлыг хэлнэ. Түүнчлэн сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдол гаргах эрхтэй. Тэгэхээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан гомдол гаргах эрх нь дууссан...гэв.

3. Хариуцагч Г.Х... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа:  

Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа 3 жилийн хугацаатай олгогдоод дууссан байна. Хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь энэ нэхэмжлэлийг гаргах төлөөлөх эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байна. Хоёрдугаарт: Гэрээ хэлцэл хийсэн тухайд: тухайн компани нэг гишүүнтэй, тэр гишүүн нь шийдвэрээ гаргаад компанийн гэрчилгээ, дүрэм, бусад холбогдох бичиг баримтуудын хамт Б.Б... гэх хүнд компанийн эрхийг шилжүүлэх бичиг баримтууд байсан. Хоёр компанийн хооронд хийгдэж байгаа гэрээ хэлцлийн хувьд хичнээн гишүүнтэй байна, хэн төлөөлөх эрхтэй байна гэх зэргийг шалгах үүрэгтэй. Үүний дагуу шалгахад компанийг төлөөлөх эрх олгосон байсан учраас гэрээг гэрчилсэн. Иймд Нотариатын үйлдлийг хууль бус гэж үзэхгүй байна. Тойрог зөрчиж гэрээг гэрчилсэн гээд нэхэмжлэлдээ бичсэн байсан. Үүнийг хууль зүйн талаасаа хуульчид бид бүгдээрээ хуулиа зөв ойлгож, зөв тайлбарлах ёстой байх гэж бодож байна. Үл хөдлөх хөрөнгө гэдэг нь Улсын бүртгэлд бүртгүүлсэн, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан ийм зүйлийг ойлгоно. Нотариатын тухай хуульд үл хөдлөх хөрөнгө буюу өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой асуудлыг зөвхөн тойргийн нотариат гэрчилнэ гэж заасан. Гэтэл энэ зүйл хоёр байгууллагын хооронд хийгдэж байгаа газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ. Эрх шилжүүлэх гэрээ нь хуульд зааснаар гэрээ хэлцэлд тооцогдоно гэж байгаа. Эрх гэдэг нь тухайн газрыг тодорхой хугацаагаар эзэмших эрх олгохоос биш үл хөдлөх хөрөнгө болгоод улсын бүртгэлд бүртгүүлээд өөрөө өмчлөөд авсан эд хөрөнгө биш. Ийм учраас тойргийн харьяалалгүйгээр гэрчлэх хууль зүйн үндэслэлтэй. Энэ үндэслэлийг харгалзан үзэж тухайн хоёр байгууллагын хоорондын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн байгаа. Цагдаагаар нилээд явсан боловч татгалзаж хаасан баримтууд нь хавтаст хэргийн материалд ирсэн байна. Иймд нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

З... Монгол улсад байгаа, байхгүй гэдэг асуудал хамаагүй. Тэр хүний барааг би хараа ч үгүй. Ирж гэрээ хийсэн хүн нь Б.Б... болон П.У... гэх энэ хоёр л байсан. Компанийн гэрчилгээ, дүрэм, олгосон шийдвэрийг үндэслээд хоёр компанийн хооронд хийсэн гэрээг гэрчилсэн. Түүнээс биш З... байсан байгаагүй, түүний паспортын хугацаа дууссан эсэхийг шалгах үүрэг байгаагүй. Тэр нь газар эзэмших гэрээнд ямар ч хамааралгүй зүйл юм. Иймд би хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Хууль журмын дагуу нотариатын үйлдлийг хийсэн. Хэрвээ нотариатын үйлдлийг буруу хийсэн гэж үзэж байгаа бол тухайн үед нотариатчид гомдол гаргах эрхтэй байсан. Тэр үед гомдол гаргаагүй, одоо л гаргаж байгаа. Тэгэхээр энэ нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд  ч хугацаа хэтэрсэн. Тийм учраас нотариатчтай холбогдуулан гаргасан нэмэлт нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү...гэв.

4. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанаас “У...” ХХК-д хүргүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн баримт /1-р хх-5/, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “У...” ХХК-ийн шинэчилсэн дүрэм /1-р хх 6-7/, Баянгол дүүргийн газрын албаны “У...” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /1-р хх 8-9/, “У...” ХХК-ийн газар эзэмших эрхийн 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр олгогдсон ... дугаар гэрчилгээ /1-р хх-10/, Баянгол дүүргийн газрын албаны “У...” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /1-р хх 11-12/, “У...” ХХК-ийн 3000 м.кв талбайтай, нэгж талбарын ... дугаартай газрын кадастрын зураг /1-р хх-13/, “У...” ХХК-ийн газар эзэмших эрхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон ... дугаар гэрчилгээ, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /1-р хх-13/, “У...” ХХК-иас Баянгол дүүргийн засаг даргад 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлт /1хх 17/, “У...” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-18/, “У...” ХХК-ийн эзэмших 3000 м.кв газрын кадастрын зураг /1-р хх-71/, БНХАУ-ын иргэн З... /Sh.../-н Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /1-р хх-72/, “У...” ХХК, Б... ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Талбай түрээслэх гэрээ /1-р хх 73-84/, “У...” ХХК-иас Б... ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр явуулсан хүсэлт /1-р хх 87-88/, Б... ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан тодорхойлолт /1-р хх-89/, БНХАУ-ын иргэн З... /Sh.../-н паспортын хуулбар /1-р хх 97-99/, Баянгол дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын “хуулбар үнэн” тэмдэг даруулж хуулбарлан авсан “У...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, уг гэрээтэй холбогдох баримтууд болон Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд өгсөн хүсэлтүүд, Хил хамгаалах ерөнхий газраас цагдаагийн байгууллагад гаргасан лавлагаа, газар эзэмших эрхтэй холбоотой баримтууд, З...г цагдаагийн байгууллагад гэрчээр асууж авсан тэмдэглэл, төлбөрийн баримт /2-р хх 28-46/, Wechat цахим хаягт З...гаас ирүүлсэн хятад хэл дээрх захидлын фото зураг, уг захидлыг хятад хэлнээс орчуулсан орчуулга /2-р хх-47, 48/, З... /Sh.../-гийн паспортын хуулбар /2-р хх-49/, Хил хамгаалах ерөнхий газрын гаргасан З... Монгол улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /2-р хх-50-51/, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1576 дугаар прокурорын тогтоолын хуулбар /2-р хх-52-54/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /2-р хх-75, 79/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1617 дугаар дүгнэлт /2-р хх-76-78/, БНХАУ-ын иргэн З... /Sh.../-н хүчингүй болсон паспортын эх хувь /2-р хавтаст хэргийн арын хуудас/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

 5. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор: “У...” ХХК, “С...” ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /1-р хх-48/, “С...” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /1-р хх-52/, “С...” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-53/, Мөнгө хүлээн авсан баримт, орчуулгын хамт /2-р хх-80-81/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

6. Хариуцагч Г.Х... шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа нотлох баримт гаргаагүй болно.

7. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд:

7.1. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 08001 дугаар захирамжаар Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж, Баянгол дүүргийн Газрын албанаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэн /1-р хх-175/, захирамжийн дагуу Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “С...” ХХК-ийн 7000 м.кв газар эзэмших эрхтэй холбогдох баримтуудыг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлж /1-р хх 180-190/, шинжээч дүгнэлтээ гаргаж 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна. /1-р хх 213-221/

7.2. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 02533 дугаар захирамжаар Б.Б...ийг гэрчээр оролцуулах, Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн ... дугаартай хэргээс З..., Б.Б..., Г.Х... нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулахаар тус тус шийдвэрлэж /1-р хх-244/, захирамжийн дагуу прокурорын газраас шаардсан баримтуудыг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ирүүлж /1-р хх-249-250, 2-р хх-1-25/, гэрч Б.Б...ийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр асууж тэмдэглэл үйлдсэн. /2-р хх-65-68/

7.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 05123 дугаар захирамжаар Монголын Нотариатчдын танхимаас нотариатч Г.Х...гийн гэрчилсэн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон уг гэрээг байгуулах эрх олгосон итгэмжлэлийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-97/, тус байгууллагаас гарах боломжгүй гэх хариу ирүүлсний дагуу дээрх баримтуудыг шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 06630 дугаар захирамжаар Нийслэлийн архивын газраас гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-105/, шаардсан баримтуудыг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна. /2-р хх-121-152/

7.4. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 06177 дугаар захирамжаар Хил хамгаалах ерөнхий газраас БНХАУ-ын иргэн З... /Sh.../-г Монгол улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагааг гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-231/, лавлагааг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн. /2-р хх-234-235/ Уг хүсэлтээ дахин тодруулж гаргасныг хангаж, шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 08041 дүгээр захирамжаар Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-246/, лавлагааг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн. /2-р хх-248/

7.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 09523 дугаар захирамжаар нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын тодруулга, хариуцагч талаас маргаан бүхий газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /3-р хх-39-40/, захирамжийн дагуу хариуцагч талаас “С...” ХХК-ийн 1638 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /3-р хх-21/, Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээнүүд /3-р хх-24-34/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх “У...” ХХК-ийн “С...” ХХК, Г.Х... нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч “У...” ХХК нь хариуцагч “С...” ХХК-д холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг “У...” ХХК-д буцаан шилжүүлэхийг “С...” ХХК-д даалгах, уг газар дээр зөвшөөрөлгүй, хууль бусаар баригдсан 750 м.кв барилгыг бүхэлд нь албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “...С... ХХК-ийн захирал П.У... нь У... ХХК-ийн захирал З...г Монгол улсад байхгүй үед тус компанийн ажилтныг хуурч мэхлэн, З...гийн хүчингүй болсон бичиг баримтуудыг ашиглан, хууль зөрчиж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан учир тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлэн авсан 7,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг “У...” ХХК-д буцаан шилжүүлэхийг шаардана. Мөн “У...” ХХК-ийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан 750 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулахаар шаардах эрхтэй” гэж тодорхойлсон.

3. Нэхэмжлэгч “У...” ХХК нь хамтран хариуцагч, нотариатч Г.Х...д холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “...нотариатч Г.Х... нь уг гэрээг гэрчлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчин тойрог сольж гэрээ гэрчилсэн, мөн хуулийн 21, 31, 46 дугаар зүйлүүдэд заасныг тус тус зөрчиж хэлцэл хийгч талуудын бичиг баримтын бүрдлийг шалгаагүй тул маргаан бүхий гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь хүчингүй байна” гэж тодорхойлсон.

4. Хариуцагч “С...” ХХК-ийн төлөөлөгч өөрт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “...Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хууль зөрчөөгүй, хуурч мэхлэн байгуулаагүй, хуулийн этгээдийн эрх бүхий этгээдэд олгогдсон итгэмжлэлийн хүрээнд гэрээг байгуулсан учир захирал З... Монгол улсад байгаагүй нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй, З...гийн хүчингүй болсон паспортыг хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэхгүй ба П.У... нь З..., Б.Б... нарыг хуурч мэхэлсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 750 м.кв талбай бүхий барилгын хувьд зөвхөн энэ барилгыг нураалгах шаардлага гаргасан нь ойлгомжгүй, тухайн газарт байгаа бусад үл хөдлөх хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй учир нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй” гэж тайлбарласан.

5. Хариуцагч Г.Х... өөрт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “...Гэрээ байгуулах үед “У...” ХХК-ийн захирал З... өөрийн биеэр байгаагүй, тус компанийг төлөөлөн ажилтан Б.Б... ирсэн. Б.Б...т компанийг төлөөлөн гэрээ хийх эрх олгосон шийдвэр байсныг шалгаж гэрээг гэрчилсэн. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай бөгөөд Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан тойрог хамаарахгүй. Нотариатчийн үйлдэлтэй холбогдуулан гомдол гаргаагүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлан маргаж байна.

            6. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгүүд болон зохигчдоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            6.1. Нэхэмжлэгч “У...” ХХК-д Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/301 тоот захирамжаар тус дүүргийн ... нэгж талбарын дугаар бүхий 10,000 м.кв газрыг  аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийн дагуу “У...” ХХК-тай Баянгол дүүргийн газрын алба 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, улмаар 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0294107 тоот газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /1-р хх-8, 10/

            6.2. “У...” ХХК нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд тус компанийн нэг хувьцаа эзэмшигч нь БНХАУ-ын иргэн Sh... /З.../, тэрээр 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсоныг улсын бүртгэлд бүртгэжээ. /1-р хх-6, 18/

            6.3. Хариуцагч “С...” ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар П.У... томилогдсоныг 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. /1-р хх-23/

            6.4. “У...” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Б...” ХХК-тай Талбай түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Баянгол дүүргийн ... замд байрлалтай 3,333.33 м.кв хэмжээ бүхий талбайг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээслүүлэхээр тохиролцон, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр уг гэрээний хугацааг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгажээ. /1-р хх-74-86/ Харин 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “У...” ХХК-иас түрээслэгч “Б...” ХХК-д түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дууссан, төлбөр төлөгдөөгүй учир гэрээ дуусгавар болсон бөгөөд тооцоогоо бүрэн дуусгаж, талбайг бүрэн чөлөөлөхийг мэдэгдсэн байна. /1-р хх-87-88/

6.5. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “У...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн эзэмшлийн Баянгол дүүргийн ... нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай 10,000 м.кв газрын 7,000 м.кв газрыг “С...” ХХК-д эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж, газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой ажлыг хариуцан гүйцэтгэх, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад баримт бичигт компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг Батболд овогтой Б...т олгожээ. /2-р хх-147, 149/

6.6. Улмаар “У...” ХХК-ийг төлөөлөн Б.Б..., “С...” ХХК-ийг төлөөлөн П.У... нар 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг /2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэж огноолон/ бичгээр байгуулж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Х... уг гэрээг гэрчилсэн ба гэрээнд П.У....ын иргэний үнэмлэхийн хуулбар, З... /Sh.../-н Монгол улсад оршин суух үнэмлэхийн болон ... дугаар бүхий гадаад паспортын хуулбарууд, “У...” ХХК-ийн 10,000 м.кв талбай газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, “У...” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн шинэчилсэн дүрэм, “С...” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрэм, газрын кадастрын зураг, “У...” ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн газрын албатай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон кадастрын зураг, “У...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, Б.Б...ийн иргэний үнэмлэхийн хуулбар, “С...” ХХК-ийн Баянгол дүүргийн өмч, харилцааны албанд гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичиг, “С...” ХХК-ийн Баянгол дүүргийн өмч, харилцааны албанд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан албан бичиг зэргийг хавсаргасан байна. /2-р хх-124-151/

6.7. Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/312 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, ШШГ 461 дүгээр ангийн зүүн талд байрлах 3,000 м.кв газрыг “У...” ХХК-д, мөн дүүргийн ...зүүн талд байрлах 7,000 м.кв газрыг “С...” ХХК-д тус тус 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжаар “У...” ХХК-д газар эзэмших эрх олгосон 2012 оны А/301 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг, урд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг тус тус хүчингүй болсонд тооцжээ. /2-р хх-38-40/

6.8. Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/442 дугаар захирамжаар 3,000 м.кв газрыг “У...” ХХК-д 15 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн тус компанийн захирал З... /З.../ Баянгол дүүргийн Газрын албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 000324307 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ. /1-р хх-11-15/

6.8. Харин Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/432 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар “С...” ХХК-ийн тус дүүргийн ... хаягт байрлах 7,000 м.кв аж ахуйн зориулалттай газар эзэмших хугацааг 15 жилээр сунгаж, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдан, ... тоот Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /1-р хх-180-190/

            6.9. “У...” ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэн З... нь Монгол улсын хилээр 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 36 удаа нэвтэрсэн байх бөгөөд 2016 онд 6 удаа, 2017 онд 1 удаа, 2018 онд 5 удаа тус тус хилээр нэвтэрсэн талаар Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа ирүүлсэн. /2-р хх-51, 249/

            6.10. “С...” ХХК нь маргаан бүхий эзэмшлийн газар болох Баянгол дүүргийн ... дэх газартаа 43/4 дугаар хаяг бүхий 1,638 м.кв талбайтай, Оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьж уг хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэгдэн, 000573878 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /3-р хх21-23/

            6.11. “С...” ХХК-ийн захирал П.У... “У...” ХХК-ийн эзэмшлийн 10,000 м.кв газрас 7,000 м.кв газар эзэмших эрхийг Б.Б...т итгүүлэн уг газрыг шилжүүлж аван залилсан гэх гомдолд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэрэг нээн, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Б.Б..., З..., П.У..., Г.Х... нарыг гэрчээр, З... /Sh.../-г хохирогчоор тус тус асууж, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, холбогдох баримтуудыг бүрдүүлэн шалгаснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гарган прокурорын хяналтанд хүргүүлж, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1576 тоот “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэргийг хааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс болон битүүмжилсэн эд хөрөнгө, баримт бичиггүй болохыг дурдаж, хохирогч БНХАУ-ын иргэн З... /Sh.../ холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдан, уг шийдвэрийн талаар хохирогчид мэдэгдэх, шийдвэрийг хохирогч эс зөвшөөрвөл хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурджээ. /2-р хх-52-54/

            7. Нэхэмжлэгч “У...” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал тухайн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэлтэй холбон тайлбарлаж, хамтран хариуцагч Г.Х...г 2011 оны Нотариатын тухай хуулийн 7.1, 7.3 дахь хэсгүүдийг зөрчиж гэрчилсэн гэж тодорхойлж байгаа тул хариуцагч Г.Х...д холбогдох нэхэмжлэлд эхэлж дүгнэлт хийн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7.1. 2011 оны Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Нотариатч тогтоосон тойрогт үйл ажиллагаа явуулах бөгөөд тойрог сольж ажиллахыг хориглоно” гэж, 7.3 дахь хэсэгт “...Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ” гэж тус тус заасан.

7.2. Маргаан бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг худалдах буюу Нотариатын тухай 2011 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасанд хамаарахгүй хэлцэл байна. Тодруулбал, талууд уг гэрээгээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр харилцан тохиролцож байгуулсан байх тул уг гэрээг Нотариатын тухай 2011 оны хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6 дахь хэсэгт заасан эрх шилжүүлэх гэрээ гэж үзнэ. Эрх шилжүүлэх гэрээг нотариатч гэрчлэхэд Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан нутаг дэвсгэрийн тойрог хамаарахгүй учир хариуцагч Г.Х... нь талуудын байгуулсан гэрээг гэрчлэхдээ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчиж тойрог сольж ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна.

7.3. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт Нотариатч хуурамч бичиг баримтыг гэрчлэх, бичиг баримтын хуулбарыг эх хувьтай нь тулгахгүй гэрчлэх, нотариатчийн үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх, нотариатын үйлдэл хийх явцдаа олж мэдсэн үйлчлүүлэгчийн нууцыг задруулах...ашиглах, ашиглуулах зэргийг хориглохоор хуульчилжээ. Нэхэмжлэгч тал хариуцагч Г.Х...г Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн учир гэрээ гэрчилсэн үйлдэл нь хүчингүй болно гэж тайлбарласан. Гэвч хариуцагч Г.Х... нь талуудын байгуулсан гэрээг гэрчлэхдээ бичиг баримт буюу “У...” ХХК-ийн захирал З... /Sh.../-ийн паспортын үнэн зөвийг болон уг баримтын хуулбарыг гэрчлээгүй, мөн нотариатын үйлдэл хийж болохгүй байдлыг нуун дарагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлага үндэслэлгүй байна.

7.4. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч Г.Х...г мөн 2011 оны Нотариатын тухай хуулийн 31, 46 дугаар зүйлүүдийг зөрчиж гэрээг гэрчилсэн учир уг үйлдэл хүчингүйд тооцогдоно гэж тайлбарласан. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзах тохиолдлуудыг зохицуулсан ба эдгээрт: “үйлчлүүлэгчийн бичиг баримт нь хууль тогтоомж, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээнд харшилж байвал, өөрт нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй холбоотой асуудал байвал, өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатчийн үйлдэл хийлгэхийг хүсвэл, ...үйлчлүүлэгч эрх зүйн чадамжгүй, төлөөлөх эрхгүй этгээд байвал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох бичиг баримтыг, хуульд заасан бусад” зэрэг үндэслэлүүд хамаарч байна.

 

7.5. Хуульд заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах эдгээр нөхцөл байдлууд маргаан бүхий Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулах үед бий болсон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдоогүй, гэрээний эрх шилжүүлэгч талаас төлөөлөгчид эрх олгосон “У...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр байсныг нотариатч шалгаж гэрээ гэрчилсэн бүртгэлд төлөөлөгч Б.Б...ээр гарын үсэг зуруулсан байна. Иймд нотариатч хуульд заасны дагуу гэрээг гэрчилсэн байх тул Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар уг үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлгүй байна гэж үзлээ.

7.6. Мөн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3 дахь хэсэгт заасныг нотариатч зөрчөөгүй буюу гэрээг гэрчлэхдээ “хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлах” үүргийг хариуцагч Г.Х... хэрэгжүүлээгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлага үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.Х...д холбогдуулан гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай “У...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч “У...” ХХК нь хариуцагч “С...” ХХК-д холбогдох Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу Нотариатын тухай хуулийг зөрчсөн, “У...” ХХК-ийн захирал З...г Монгол улсад байгаагүй үед, түүний хүчингүй болсон баримтуудыг үндэслэн байгуулсан учир хүчин төгөлдөр бус байна гэж тодорхойлсон. Нотариатчийн үйлдэл хуульд нийцсэн, уг гэрээ нь Нотариатын тухай хуулийг зөрчөөгүй байх тул Иргэний хуулийнэ 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Мөн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан “хууран мэхэлж хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна” гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

10. Нэхэмжлэлийн уг шаардлагыг нотлохоор нэхэмжлэгч тал “С...” ХХК-ийн захирал П.У...д холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргасан ба уг ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтууд, З... /Sh.../, Б.Б... нарыг гэрчээр асуусан тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлт, Wechat захидал зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж, “У...” ХХК-ийн ажилтан Б.Б...ийг гэрчээр асуулгасан байна. Эрүүгийн журмаар гаргасан гомдлыг хянаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн явуулсан байх бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1576 дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

 

11. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар энэ төрлийн хэргийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлагаа гаргах эрхтэй бөгөөд  нэхэмжлэгчийн төлөөлөгч З... нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсад ирсэн, энэ үед гэрээ хийгдсэн талаар мэдэх боломжтой байсан байна.

 

12. Хуулийн этгээдийг төлөөлөн тус компанийн ажилтан гэрээг байгуулж, хуулийн этгээдийн тамга дарсан, улмаар үүнээс хойш 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч байгууллагын захирал Монгол улсын хилээр тогтмол нэвтэрч байсан ч хэлцлийг хүлээн зөвшөөрсөн буюу гэрээ байгуулагдаж, газар эзэмших эрх шилжсэн тухай мэдсэн гэж үзэхээр байна. Учир нь талуудын эзэмшлийн газар зэрэгцэн оршиж, хариуцагч “С...” ХХК тухайн газартаа үйл ажиллагаа явуулан 2017 онд 1,638 м.кв талбайтай, Оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьж өмчлөгчөөр бүртгүүлсэн байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч “У...” ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг “Б...” ХХК-д түрээслүүлж байсан байна.

 

            13. Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгүүдэд зааснаар “С...” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний дагуу шилжүүлсэн 7,000 м.кв газар эзэмших эрхийг “У...” ХХК-д буцаан шилжүүлэх, тухайн газарт баригдсан 750 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгүүдэд зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, тийнхүү шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах талаар хуульчилсан ба “С...” ХХК нь тухайн газрыг хууль бусаар эзэмшээгүй, хүчин төгөлдөр гэрээний дагуу “У...” ХХК-иас шилжүүлэн авч, өөрийн эзэмшлийн газарт үл хөдлөх эд хөрөнгө барьж, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул эдгээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

            14. Шүүх “У...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “С...” ХХК-д холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг “У...” ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгах, уг газар дээр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар баригдсан 750 м.кв барилгыг бүхэлд нь албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх, хариуцагч Г.Х...д холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “У...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У...” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА