Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б,

Улсын яллагч Ц.С,

Хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Г/0216/,

Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Д.А /0751/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Ц.Т-д холбогдох 201607000031 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1972 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэгдсэн, регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Т нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 40-1-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Г-г зодож бие махбодод санаатайгаар хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 40-1-1 тоотод 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Д. нь бусдад зодуулж биедээ хүнд зэргийн гэмтэл авсан гэмт хэрэг гарсан байна. Уг гэмт хэргийг шүүгдэгч Ц.Т нь үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Ц.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн:  “...2016 оны 02 сарын 19-нд би 4 цагийн үед Г руу залгасан. Бид хоёр 1-ээс 4 дүгээр анги хүртэл нэг анги байсан. Нэг ширээнд хамт суудаг байсан. Сүүлийн 3, 4 жил гэмгүй сайхан найзалж байсан манайхаар орж гарч мөнгө төгрөгийн туслалцаа авч гэмгүй сайхан нөхөрлөсөн. Цагаан сарын өмнө эхнэртэйгээ ирж мөнгө төгрөг хэрэгтэй байна гэсэн  өмнө нь надаас 500.000 төгрөг авчихсан байсан би тэрийгээ дараа авий гээд хөөргөө өгөөд болвол зарчих гээд хөөргөө өгөөд явуулсан. Цагаан сарын дараа 02 сарын 19-ний өдрийн 04 цагийн үед би Г руу залгасан. Юу хийж байна гэхэд гэртээ байна манайд хүрээд ирээ гэсэн. Гарах гэтэл машин асаагүй 5 цаг дөхүүлээд Г-нд очсон. Очиход таваг засаад хоол хийгээд ширээ засчихсан байсан тэгээд ороод хоол идсэн бууж жигнэж өгсөн. Дараа нь том шилтэй архи гаргаж ирсэн нийлээн уугаад 06 цагийн үед Баянбаатар ах  орж ирсэн. Архи дуусаад Багаа гараад явсан. Би ядарсан үед нь чадлынхаа хэрээр туслаж байсан. Багаа гараад явсаны дараа хоёулаа гарч архи ууя гэсэн тэгэхээр би явлаа гэсэн тэгсэн намайг миний архийг голлоо, намайг голлоо гэсэн муудалцаад гараад явах гэхэд араас татаад байсан авгай нь орж ирэхэд чи муу хаагуур яваад ирэв гээд муудалцахаар нь би гараад явсан. Гарч яваад цонхоор хартал энэ мууг чинь ална өглөө чи үхсэн хүнтэй уулзна шүү зайл муу пизда минь гэж байсан. Тэгээд би гэртээ хариад амарсан. Амраад байж байхад 09 цагийн үед Г над руу залгаад гэрийн чинь гадаа байна архи ууя гэсэн тэгээд амарсан. Өглөө цагдаагаас дуудсан яваад очиход Г, Ш хоёр цагдаагийн үүдэнд сууж байсан яваад очтол чи намайг зодсон цагдаад мэдүүлэг өгч байна гэхлээр нь чи юу яриад байгаа юм бэ? чи битгий олон юм яриад бай гээд Шүрэнцэцэгтэй муудалцаад орж цагдаад мэдүүлэг өгсөн. Гэхдээ байцаагчид нь хэлсэн. Авгайтайгаа муудалцаад үлдсэн авгайг нь шалгаж үзээрэй гэж нилээн согтуу, нилээн ууртай үлдсэн гэдгийг хэлсэн. Хоноод маргааш нь эмнэлэг дээр очиход Г байсан чадлынхаа хэрээр мөнгө төгрөг өгсөн. Эрүүл болсныхоо дараа үнэнээ хэлнэ дээ гэж бодоод найздаа тусалсан. Эхлээд найздаа итгэсэн, дараа нь өмгөөлөгчдөө итгэсэн чадлаараа тусалсан ах дүүс дээр нь очихдоо би Г-г сандалаар цохиж, халуун савтай цай дээрээс нь хийгээгүй гэдгээ байнга хэлсэн. Бүх ах, дүү нартайгаа нийлж намайг доромжилсон, дарамталсан, согтуудаа ирж зодох гэсэн өдий болтол тэвчлээ тэвчээрт хязгаар байгаа. Би хангалттай доромжлуулсан, дээрэлхүүлсэн одоо би үнэн зөвөө олуулна... Айлд очиж хоол унд идсэн нь үнэн. Харамсаж байна найздаа боломжтой хэлбэрээр чадахаараа тусална. Адилхан үр хүүхэдтэй насаараа хараалгахгүй юм шүү гэж чадлынхаа хэрээр явсан. Буруу зөвийг шүүх тогтооно. Ах дүүс нь согтуу ирж зодох гэж миний тусыг өчүүхэнд тооцож өдий болтол намайг дарамталж доромжилсон. Би ах дүүстэй нь уулзахдаа хэлсэн Одыг би сандлаар цохиж, халуун савтай цай хийгээгүй шүү гэж.  80 хүрсэн аав, ээж минь байна, өдөр, шөнөгүй зүтгэж босгосон амьдрал минь байна найзыгаа амьд байлгахад болно доо гэж бодсон. Надад хэн ч итгээгүй, охиных нь хажууд би Г-г сандалаар цохиж, халуун савтай цай хийгээгүй. Бүх амьдралаа дэнчин тавиад ч хамаагүй үнэн зөвөө олуулна. Ах дүү нар нь дээрэлхдэг Ш нь 60,70 сая төгрөг аваад ир гэдэг. Үнэхээр дээрлэхсэн  цагдаагийн дүүгээрээ, шүүхийн шинжилгээний бэрээрээ, эмч ах дүүгээрээ хамгийн сүүлд манай 2 өмгөөлөгчийг дарамтлаад алга болгосон. Одоо надад үнэхээр хэцүү байна. Би энэ хүмүүст хүний ёсоор тусалсан... Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэм буруутайгаа ойлгосон...” гэх мэдүүлэг,   

Хохирогч Т.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Цагаан сарын дараа Т манайд ирээд жоохон унтаатахья гэсэн тэгээд би явах болж байгаа байлгүй гэж бодоод сэрээсэн чинь босч ирээд халуун савтай цай толгой руу хийгээд сандалаар цохчихоод гараад явсан тэрнээс болоод би одоо хараагүй, мэдэх мэдрэлгүй болсон. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2016 оны 02 сарын 19-ний өдөр угаалгын өрөөнд юм угааж байхад манай том өрөөнд хүн орж ирсэн. Том өрөө рүү ортол Т согтуу орж ирсэн байсан. Би цай хийж өгөөд банш жигнэж өгсөн. Та хоёртой хамт ууна гэсэн би спиртний харшилтай гэсэн тэгээд ууж идэж дуусаад гараад машин алга гэж хэлээд буцаад ороод ирсэн. Бид хоёр явуулах гэж нилээн үзсэн. Манай хүний нагац ах нь жоохон хөгжлийн бэрхшээлтэй өдөр нь манай хүн рүү ярьсан байдгийн тэгээд би нүүрс хүргүүлэх гээд таньдаг таксины жолооч ах руу ярьсан гэтэл дээшээ явах гэж байна би хүргээд өгчих үү? гэхээр нь тэгээ буцаж ирээд нүүрсний мөнгө болон таксиныхаа мөнгийг авчих гэсэн. Ирэхлээр нь мөнгийг гаргаж өгөөд Ц эгчтэй таарсан. Тэднийд ороод байж байтал манай бага охин нөгөө хүн чинь аавыг зодчихлоо гэсэн. Тэгээд би гүйгээд гэрийн үүдэнд очтол Ж ирчихсэн байсан би түлхүүрээ орхичихсон байна Ж-г аваад ир гэж хэлж авчруулаад гэртээ ортол манай нөхөр толгойгоо дарчихсан намайг зодчихлоо цагдаа дууд  гээд ууралчихсан байж байсан. Цагдаад дуудлага өгөөд 20-иод минутын дараа ирсэн тэгээд манай хүн яасан удаж ирдэгийн гэж уурласан. Тэр шөнө толгой өвдөөд байна гэсэн өглөө мэдүүлэг өгнө гээд цагдаагийн газар луу явсан. Эмнэлэгт үзүүлээд рентген зураг авхуулаад эм тариа бичүүлээд авч ирсэн. Маргааш нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орсноос хойш өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Ш-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2016 оны 02 сарын 19 байхаа би айлд очих гэж яваад ахтайгаа таарсан. Нүүр нь хөхрөөд хавдчихсан байсан юу болов гэхэд манай ангийн Т зодчихлоо гэсэн. Цагдаад өгсөн юм уу? гэхэд цагдаад гомдлоо өгчихөөд явж байна гэсэн. Тэгээд эмнэлэг дээр үзүүлэхэд эм бичиж өгсөн. Маргааш нь утастаад ах чинь ухаан алдаад уначихлаа гээд тэгээд эмнэлэг дээр хүргэгдсэн. Т гуай эхлээд мөнгө төгрөгөө өгч байсан түүнийг нь би үнэлнэ... Манай хоёр тайван тийм асуудал үүсэхгүй манай ах архи уудаггүй. Төмөрхуяг гуай анх өөрөө зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч П.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2016 оны 02 сард хөдөөнөөс банш ирсэн гээд 5, 6 цагийн үед байрнаасаа чөлөө аваад гараад очтол Х эгч 18-р байрнаас гүйгээд гараад ирсэн. Түлхүүрээ айлд мартсан байна аваад ир гээд би түлхүүр авчираад хамт гэрт орсон. Г ах Т хоёр нь маргалдаж байгаад Т шар сандал аваад духан дундуур нь цохиод унагачихсан. Би Төмөрхуягийг авч гарсан тэгээд байрлуугаа явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Х-ийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2016 оны 02 сарын 29-ний орой 17 цагийн үед манай гэрт өмнө таних Төмөрхуяг согтуу ирсэн, тэгээд танайд архи ууна золгох гэж ирлээ гээд ширээн дээр байсан 480 грамтай орос архи байсныг задлаад нөхөрт шахаад намайг гал тогоонд байхад араас орж ирээд шахаад байсан...би Д ахынд орж Ц эгчтэй юм яриад сууж байхад манай бага охин М орилж уйлаад Д ахынд орж ирсэн ба нөгөө ах аавыг зодоод байна гээд уйлсан...гэрт Ж-ийн хамт ороод шууд том өрөөнд ороход Т шал согтуу юм түшээд зогсож байсан ба цаад талд нь манай нөхөр газарт уначихсан наадах чинь намайг зодоод толгой дээрээс цай хийчихлээ хурдан цагдаа дууд гэж хэлсэн...Манай нөхрийн толгойд дух яс суурь яс нь цуурсан 2 талдаа гентом үүссэн байсныг хагалгаа хийж шимэгдүүлэх эмчилгээ хийж авсан байгаа.Одоо тархины цууралттай байгаа, одоо дөнгөж ухаантай байгаа хүн харуулахаар танихгүй байгаа юм, яг ярьж чадахгүй сар гаран эмнэлэгт ийм байдалтай байна… Намайг Жамсранчимэдийн хамт гэрт ороход хоорондоо маргалдахын хувьд маргалдаж байсан. Манай нөхөр надад хэлэхдээ намайг алах гэж байна. Намайг сандлаар цохиж унагаагаад дээрээс халуун савтай цай хийчихлээ гээд хэлж байсан. Тэгээд харахад манай нөхрийн хамраас нь цус гарсан байдалтай ам хамар нь цус болчихсон байхаар нь би харчихаад гэрт түрүүлж орсны хувьд тухайн байдлыг харчихаад эргээд угаалгын өрөөнд гүйж ороод нөхрийнхөө цусыг арилгах алчуур авах хооронд Ж миний араас том өрөө рүү гүйгээд орж байсан. Намайг угаалгын өрөөнд байх хооронд Жамсранчимэд том өрөөнд орсны дараа Т манай нөхрийг дахин сандлаар цохьсон байх гэж бодож байна...Хавтаст хэргийн материалд би хүсэлт гаргаад 1 ширхэг CD хийлгэсэн тухай CD буюу шүүх хурал дээр яригдаж байсан бичлэгтэй CD нь манай нөхөр Д.Гэрэлт-Од бид хоёрыг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр байхад Ц.Т нь манай нөхрийн төрсөн дүү Д.Ш очиж уулзаад болсон хэргийн талаар ярьсан. Манай нөхрийг цохиж гэмтээсэн, түүнтэй тохирохгүй бол шүүх прокурор, цагдаагийн байгууллагад мөнгө өгөөд аргална гэсэн утгатай зүйлсийг ярьсан байдаг юм...Миний өгсөн CD дээр Ц.Т, Ш нарын хоорондын яриа байгаа мөн тухайн үед манай нөхөр Гэрэлт-Одын төрсөн дүү Шижирбаатар орж ирээд хэсэг хугацаанд ярьсан байгаа тэр нь бичлэгт байгаа. Энэ CD дээр сая нэр дурьдсан 3 хүний ярианы бичлэг нь байгаа мөн шүүх хурал дээр Т нь өөрөө ч өөрийн дуу хоолой мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ...Ц.Т нь бид нарт хандаж шоронд явмааргүй байна мэдүүлгээ буцаачих би найзыгаа хаяхгүй гэсэн утгатай зүйлийг л ярьж байгаа юм. Ц.Т нь эхлээд Г-н мэдүүлгийг буцаачих тэгэх юм бол би эмчилгээний зардал мөнгийг нь өгнө шүүх цагдаагаар явмааргүй байна. Нэг талаа харъя л гэж ярьдаг юм мөн энэ CD дээр Т өөрийнхөө нэрийг хэлсэн, Г-г цохиж гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг юм....” гэх мэдүүлэг/1-р хх 41-43-рт/,/хх 50-51-рт/, /хх 162-рт/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2016 оны 02 сарын 29-ний өдөр манай гэрт Т согтуу ирсэн. Манайд манай эхнэр, манай хүүхэд М нар байсан. Ангийн хүүхэдтэй золгох гэж ирлээ гэсэн тэгээд золгочихоод цай хоол хийж өгсөн тэгээд явуулах гэсэн чинь гэрээс гарахгүй байсан, тэгж байгаад нэг удаа гарч яваад буцаад ороод ирсэн, миний машин алга байна гээд байсан.Тэгээд байж байтал Б эхнэртэйгээ орж ирсэн, би сайн санахгүй байна. Ямарч байсан толгойг сандлаар цохьсон би ухаан алдаад унасан ...духны яс цуурсан 2 талын шанаанд цус хурсан тэгээд тэрийгээ авхуулаад 2 удаа хагалгаанд орсон, нүдний мэдрэл гэмтэж хараа муудсан, баруун талын хөл гар саажилттай байгаа, ой санамж орж гараад байгаа...Төмөрхуяг гэх хүнийг манай бага ангид байсан гэдгээр санаж байна хэдэн сарын өмнө тэр хүнд зодуулснаа санаж байна. Өөр нарийн санаж байгаа зүйл алга байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 47-49 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн "...2016 оны 02 сарын 29-ний орой байсан цагийг санахгүй байна.Гэртээ аав ээжтэйгээ байж байтал өмнө нь царайг нь харж байсан Т гээд ах ганцаараа ирсэн юм.Тэгээд манайд хоол унд идэж архи ууж байгаад ээжийг архиар шахаад байсан, мөн манай аавд тэр ах архи уу гээд шахаад байсан...ээж Төмөрхуяг ахыг явуулах гэхэд би танайд хононо гээд явахгүй байсан тэгээд ээж гаднаас Б гэдэг ахыг дагуулж орж ирсэн тэр ах орж ирээд Т-г дагуулж явах гэхэд Т явахгүй байсан, ээж нагац С гэх хүнд түлээ мод дөхүүлж өгнө гээд гарсан, Б ах манайд сууж байгаад Тахыг гаръя гэхэд гарахгүй байсан чинь ахын дүү ямар нэг юм болбол хэлээрэй гэж хэлээд Баягаа ах гараад явсан. Тэгээд би хичээлээ хийж үлдээд аав Т ах 2 юм ярьж сууж байгаад Т манайд хэсэг унтаад өгсөн.Т сэрээд аавтай муудалцаад аавыг сандлаар цохиж аваад мөн гараараа цохиж авсан юм.Тэгэхээр нь би айгаад гэрийн урд байдаг Д гэх айлынд ороход ээж сууж байсан, уйлаад болсон зүйлийг хэлсэн...“ гэх мэдүүлэг/1-р хх-52-рт/,

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2016 оны 02 сарын 19-ны орой 18 цаг өнгөрч байхад би гэрийн гадаа найз Ч-гийн машинд суугаад талийгаач найзын талаар ярилцаж байтал өмнө таних Х  ирээд Г Т  2 манайд архи уугаад байна та ороотхооч гэхээр нь би Г-нд ороход Т Г нар юм яриад Г-ын бага хүүхэд нь хичээлээ хийгээд сууж байсан...Намайг ороход гэрт Х  байгаагүй. Гарахад үүднийхээ дэлгүүрийн лангуун дээр зогсож байсан...Би Г-оос гараад шууд гэртээ орсон байсан. Гэрт манай настай ээж байсан. Гэрт орж ирснээс хойш ойролцоогоор 15 минут орчмын дараа Хишигмаа манай хаалгыг татаж орж ирээд Т  Г 2 зодолдоод байна та ороод аваатах гэтэл манай настай ээж намайг гаргахгүй байсан тул би араас нь гарч чадаагүй. Дахиж уулзаагүй...” гэх мэдүүлэг/1-р хх 61-рт/,

Гэрч Б.Ц-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Орой ажил тараад 18 цагийн үед би Х-ийн дэлгүүрээр нь ороход Х  дэлгүүртээ байж байсан...Х  араас удалгүй өөрөө ороод ирсэн...Х  хэлэхдээ Т  манайд ирчихээд архи уугаад байна тэгэхээр нь би гараад ирлээ гээд ярьсан юм...манайд бид 2 сууж байтал Г-ын бага охин М  хаалга нүдэж балбаад орилж уйлаад ороод ирсэн юм. Яасан талаар асуухад аавыг нөгөө манай ирсэн ах чинь зодоод байна гээд уйлаад байсан. Би охиноос нь юу болсон талаар асуухад нөгөө манайд ирсэн ах аавыг зодоод сандлаар цохьсон гэж хэлсэн...аав худлаа согтсон дүр үзүүлээд нөгөө манайд ирсэн ахыг авч гарах гээд байсан юм. Тэгсэн нөгөө ах зодсон гэж халуун савтай цай дээрээс нь хийсэн гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг/1-р хх 62-рт/,

Насанд хүрээгүй гэрч П.Ж -ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Т  Г-ын толгойн урд хэсэг буюу миний харснаар дух орой хэсэг рүү цохьсон так гээд л дугарсан. Цохиулсны дараа Г ах газарт унасан...Т  намайг харахад бол өөрөөр зодож цохьсон зүйл байхгүй. Сандлаар нэг удаа толгой руу нь цохьсон...” гэх мэдүүлэг/1-р хх 64-рт/,

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Такси нүүрсний мөнгөө авахдаа...би дэлгүүр рүү нь дагаж орсон...Х  хэлэхдээ манай гэрт согтуу хүн ирсэн агсам тавиад байна Г-ын бага ангийхан Т  гэх хүн ирсэн талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 65-рт/,

Гэрч Г.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэр хэрэг болсон орой би гэртээ ирээд ээжээсээ мэдсэн...Толгойн зүүн тал нь нэлэнхүйдээ түлэгдсэн харагдаж байсан, өөрөө нэлээд зовиуртай толгой өвдөөд байна гээд байсан...Тэр өдөр би үдээс хойш 15 цагийн үед гэрээсээ гараад орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэрээс гарахад аавын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...Намайг гэрт ирэхэд Т  гэх хүн гэрт байгаагүй. Гэрт ирээд том өрөөндөө ороход шкафан дээр байсан миний өргөмжлөлүүд газар унасан, халуун савтай цай газарт унаж асгарсан ширээ сандал хөглөрсөн замбараагүй байдалтай зодолдсон гэх шинж тэмдэгтэй болсон байсан. Ээж газар унасан зүйл болон гэр орноо янзлаад байж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 66-рт/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тухайн өдөр би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал орой 18 цаг өнгөрч байх үед жижүүрээс надруу яриад 18-р байрны ар талын 2 давхар дэлгүүртэй байранд очоотох гэж үүрэг өгсний дагуу 18-р байрны ар талын 2 давхар дэлгүүртэй байранд очиход Г байрныхаа гадаа эхнэрийн хамт зогсож байсан. Эхнэр нь хэлэхдээ Т  гэх хүн ирээд манай нөхрийг зодсон байна гэж ярьж байсан...Г нь толгой хэсэгтээ түлэгдсэн бололтой улайсан байсан...Т бид 2 нэг ангийн хүмүүс байсан. Т  намайг халуун цайгаар түлчихсэн гэхээр нь тэр хүн чинь одоо хаана байна гэхэд явчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх 69-рт/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...ахлагч Б.Б-ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн газрын жижүүрээс дуудлага гарсан очоодох гэсний дагуу тухайн байранд очсон...дуудлага өгсөн айлын нөхөр нь нэлээн согтуу гэрийнхээ гадаа эхнэртэйгээ хамт зогсож байсан бөгөөд ахлагч Б- бид хоёрыг та нар ямар удаан явж ирдэг юм гээд байсан, мөн Т  гэдэг хүн зодуулсан Т  нэлээд согтуу байгаа явчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/3-р хх 163-рт/,

Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний харж миний хөндлөнгөөс ажигласан миний бодлоор бол хоорондоо таарамж нийцтэй л хүмүүс шиг харагддаг байсан. Дэлгүүрт нь ороход заримдаа эхнэр нь юм зараад л заримдаа нөхөр нь юм зараад л байж байдаг байсан. Миний нүдэн дээр бол ямар ч байсан маргалдаж миний сонсож байснаар зодолдож байсан гэж би лав сонсож байгаагүй. Үзэж харж ч байгаагүй... Ийм яриа хэн гаргасан юм бол. Намайг энэ ярианд хавчуулж хэрэг асуудалд хамааруулах гэсэнд би тэр хүнд гомдож байна. Би бол ардын багш хүн хэнд ч юу ч би худлаа хэлэхгүй, тийм хов живнээс хол байдаг шулуун шударга хүн байгаа юм. Ийм явуургүй яриа ярьсан хүнийг их гайхаж байна...” гэх мэдүүлэг/2-р хх 108-рт/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 71 дугаартай “...1. Д.Г-ын биед дух ясны хугарал, зүүн дагз, зулай, чамархай, тенториум, баруун чамархайд хатуу хальсан доорх цусан хураа, этмойд хөндийд цус, духны зүүн тал, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнгийн дээл хэсэг, зүүн шанааны дээд хэсгийг хамарсан түлэгдэлт, баруун зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” шинжээчийн дүгнэлт/1-р хх 76-77-рт/,

 

-Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 478 дугаартай хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн: “...1.2.6. Г-ын биед дух ясны шугаман хугарал, баруун, зүүн зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа авах мэс заслын дараах байдал, духны зүүн тал, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэг, зүүн шанааны дээд хэсгийг хамарсан түлэгдэл, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх дух ясны шугаман хугарал, баруун, зүүн зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, духны зүүн тал, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэг, зүүн шанааны дээд хэсгийг хамарсан түлэгдэл гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №71 тоот дүгнэлттэй санал нэг байна.

6. Г-ын дух ясанд хугарал гэмтэл байна. Хугарал, цууралт гэдэг хоёр нь өөр ойлголт бөгөөд гавал яс нь гадна, дотор ялтсаас бүрдэх ба аль нэг ялтас нь гэмтвэл цууралт, хоёулаа гэмтвэл хугарал гэж үздэг.

7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт/1-р хх 101-104-рт/,

 

-Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1430 дугаартай Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн акт: “...1. Д.Г-ын дух яс шугаман хугаралтай, тархины 2 талын бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доор цусан хураатай байх ба дээрх хугарал, цусан хураа нь нэг түвшинд биш байна.

2. Тархины 2 тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл нь дух ясны хугарал гэмтлийн үед үүсэх боломжтой.

3. Дух ясны хугарал  гэмтэл нь мохоо зуйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба цохилтын хүчийг тогтоох боломжгүй.

4. Д.Г-ын дух ясанд шугаман хугарал үүссэн байна.

5. Дух ясны хугарал, хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл үүссэнээс толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, шилэн хүзүү хөших, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

6. Г-ын биед учирсан дух ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар, тархины 2 тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул тус бүрдээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

7.8. Дээрх гэмтлүүдийг авсан тохиолдолд үүссэн цусан хурааны хэмжээ, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, хувь хүний бие махбодийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй шинж тэмдэг илрэх ба толгойн КТГ шинжилгээгээр оношийг бүрэн тогтоох боломжтой. Эмч нарын оношлосон хугацаанаас хамаарч гэмтэл хүндрээгүй болно…” гэх шинжээчийн дүгнэлт/2-р хх 134-138-рт/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ №777 дугаартай “...1.2. Д.Г-ын биед гэмтлийн гаралтай 2 нүдний харааны мэдрэлийн хатангиршил, баруун, зүүн нүдний харааны бууралт/0.01/ гэмтэл тогтоогдсон ба энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3.4.7. Д.Г-ын биед тогтоогдсон 2 нүдний харааны мэдрэлийн хатангиршил, харааны бууралт нь тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, түүний дараахь тархины эдийн зөөлрөлтэй холбоотой үүссэн байна. Дээрх нүдний гэмтэл эмгэг нь бүрэн эмчлэгдэхгүй болно.

5.6. Д.Г-ын биед тогтоогдсон 2 нүдний харааны мэдрэлийн хатангиршил, харааны бууралт нь тархины цусан хурааг авах мэс засал болон тархины гэмтлийн эмчилгээтэй холбоотой үүсээгүй байна...” гэх дүгнэлт/хх 168-170-рт/,

 

Хохирогч Д.Г-ын зодуулсан байх үеийн гэрэл зураг болон эмнэлэгт хэвтэж байх үеийг харуулсан зургууд/1-р хх 176-182-рт/,

Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл/3-р хх 157-161-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Б-ын мэдүүлэг/хх 68-рт/, гэрч Ц-ийн мэдүүлэг/хх-62-рт/, гэрч Э-ын мэдүүлэг/хх-65-рт/, гэрч М-ын мэдүүлэг/хх 66-67-рт/, гэрч Б-ын мэдүүлэг/хх-69-рт/, гэрч Ч.Х, П.Ж-нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл/хх 103-104-рт/, CD бичлэг /4/ байгаа мөн халуун сав, шар сандал зэргийг эд мөрийн баримтаар тооцсон/хх 38-рт/, Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний дүгнэлт/хх-76-78-рт/, Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд /1-хх 101-104-рт, 2-хх 134-137-рт/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх 17-19-рт/, Зодуулсны маргаашийн зураг болон эмнэлэгт хэвтэж байх үеийг харуулсан зургууд/1-р хх 176-182-рт/, Төмөрхуягийн гадагшаа ярьсан утасны жагсаалт/1-р хх 159-160-рт/, Гэрэлт-Одын утасны жагсаалт/1-р хх 162-171-рт/, Нэгдсэн эмнэлгийн өвчтний түүх/ 2-р хх 1-55-рт/, Манал оточид үзүүлсэн өвчтөний түүх/2-р хх 57-70-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Цагдаагийн ажилтан Б.Г-ийн мэдүүлэг, Т-ийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Г-ын өргөдөл/хх 9-рт/, Г-ын тайлбар/хх 10-рт/, Ч.Х-ийн тайлбар/хх 12-рт/, гэрч М-ын мэдүүлэг/хх 52-рт/, П.Ж-ийн мэдүүлэг/хх 63-рт/, өвчтөний түүх/хх 5-рт/, гэрч М-ын мэдүүлэг/хх 112-рт/, мөрдөн байцаалтын шатанд гаргаж байсан өмгөөлөгч миний хүсэлт/хх 122,123,154-рт/, гэрч Б.Г-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ц.Т-ийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж бэхжүүлсэн, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

 

Иймээс шүүгдэгч Ц.Т-ийг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 40-1-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Г-ыг зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байх бөгөөд Прокурорын шатанд шүүгдэгчид сонсгосон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан зүйл, хэсгийг нь өөрчлөн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг  хэрэглэсэн нь хуульд нийцэж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Д.А, М.Э нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон боловч анхан шатны шүүх хуралдаанаар талууд шүүх хуралдааныг шинжээч эмчийг байлцуулахгүйгээр үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгээр  шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй болон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А нь шүүх хуралдааны үед  яллах талаас шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэх зарим нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлт гаргаж уг хүсэлтийг шүүх хянаж үзээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан бусад асуудлаар хүсэлт, гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Т-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч Ц.Т-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Т-гийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Т нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэрэг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан байх тул шүүх  шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  /ял шалгах хуудас 1-р хх 144-рт/  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...торгуулийн ялыг оногдуулж хохирогчийн хохирлыг төлөх боломжийг олгож өгнө үү, мөн хохирол төлөх байдал зэргийг харгалзан үзээд торгуулийн ялыг доогуур хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн санал болон хохирогч Д.Г-ын эрүүл мэндийн байдалд цаашид эмчилгээ сувилгаа зайлшгүй шаардлагатай бөгөөд гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Т-т торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Т-ийг гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр гаргасны дараа шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй  бөгөөд харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Т-т Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шүүгдэгч Ц.Т-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзаж уг торгуулийн ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар тусгайлсан санал гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  нийт 30.809.381 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд  мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 20.595.635 төгрөгний нэхэмжлэлийг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудаас 5.229.836 төгрөгний нэхэмжлэлийг нийт 25.825.471 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай гэж үнэлээд хангаж шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийн баримтуудаас 25 ширхэг баримтыг / 1-р хх-ийн 184-р хуудсанд байгаа бэлэн мөнгөний баримт, 199-р хуудсанд байгаа 415.000 төгрөгний баримт огноо харагдахгүй, 213-р хуудсанд байгаа 5.500 төгрөгний баримт огноогүй, 243-р хуудсанд байгаа 2 ширхэг баримт үнийн дүн харагдахгүй, 244-р хуудсанд байгаа 4 ширхэг баримт үнийн дүн болон огноо харагдахгүй, 245-р хуудсанд байгаа 1 ширхэг баримт үнийн дүн харагдахгүй, 247-р хуудсанд байгаа 2 ширхэг баримт үнийн дүн харагдахгүй, 248-р хуудсанд байгаа 3 ширхэг баримт үнийн дүн, огноо харагдахгүй, 3-р хавтаст хэргийн 31-р хуудсанд байгаа 6 ширхэг баримт үнийн дүн, огноо харагдахгүй, 32-р хуудсанд байгаа баримт үнийн дүн, огноо харагдахгүй, 42-р хуудсанд байгаа А  гэсэн нэртэй 46.800 төгрөгний үнийн дүнтэй  Хот хоорондын зорчих тасалбар, 44-р хуудсанд байгаа 744.000 төгрөний үнийн дүнтэй  зарлагын баримт тамгагүй, 45-р хуудсанд байгаа 17.900 төгрөний үнийн дүнтэй баримт огноогүй/  мөн шүүх хуралдаанд хохирогчийн шинээр гаргаж өгсөн 146 ширхэг баримтаас 1 ширхэг баримтыг  /46.800 төгрөгний үнийн дүнтэй Э  гэсэн нэртэй хот хоорондын зорчих тасалбар/ нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй гэж үзэж дээрхи баримтуудаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 11.500.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байгаа ба харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар шүүх хуралдаан завсарлуулах хугацаанд хохирогч Д.Г-д 5.000.000 төгрөгийг, нийт 16.500.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан байх тул хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 25.825.471 төгрөгний нэхэмжлэлийн үлдэгдэл 9.325.471 төгрөгийг шүүгдэгч Ц.Т-аас гаргуулж хохирогч Д.Г-д олгох үндэслэлтэй байна.

 

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компьютер томмографийн бичлэгтэй CD 3 ширхэг, ярианы бичлэгтэй CD 1 ширхэг, мөн прокурорын газраас хохирогчийн хүсэлтээр ирүүлсэн гэх рентгений 5 ширхэг зургийг хэрэгт хавсаргаж, шар өнгийн модон сандал, цэнхэр өнгийн халуун савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, торгуулийн ял болон иргэний нэхжмлэлийг хангах зорилгоор шүүгдэгч Ц.Т-ийн 54.000.000 үнэлгээ бүхий 2 давхар орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь хохирогчид 16.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т-г 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-г хорин таван мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Т-т оногдуулсан хорин таван мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн нэхэмжилсэн 30.809.381 төгрөгөөс 25.825.471 төгрөгийн нэхэмжлэлийг хангасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Т  нь хохирогчид 16500000 төгрөгний хохиролыг төлж барагдуулсан байх тул хохирлын үлдэгдэл 9.325.471 төгрөгийг Ц.Т-аас гаргуулж хохирогч Д.Гэрэлт-Одод олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан компьютер томмографийн бичлэгтэй CD 3 ширхэг, ярианы бичлэгтэй CD 1 ширхэг, мөн прокурорын газраас хохирогчийн хүсэлтээр ирүүлсэн гэх рентгений 5 ширхэг зургийг хэрэгт хавсаргаж, шар өнгийн модон сандал, цэнхэр өнгийн халуун савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ийн 54.000.000 үнэлгээ бүхий 2 давхар орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шүүгдэгч нь хохирогчид 16.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн, мөн шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА