Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 298

 

Ц.Т-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Ганбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, 201607000031 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ц-ийн Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Т-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 25,000 нэгж буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Ц.Т-т 25,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэснийг “Ц.Т-т 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж, тогтоолын 3 дахь заалтын “...25,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд” гэснийг “...15,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.Г гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан торгох ял нь хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчин шүүгдэгчийн эрх ашигт нийцсэн хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Ц.Т урьд нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж, Говь-Алтай аймгийн шүүхээр удаа дараа шийтгүүлэхдээ нэг ч удаа хорих ял авч байгаагүй. Энэ удаа ч энэ байдал давтагдаж, үүндээ омогшиж архи ууж согтуурсан үедээ аймгийн таньж мэдэх хүмүүст “намайг мөнгөтэй, нөлөөтэй танил талтай хүн гэдгийг Д.Г, Ч.Х нар ойлгоо биз” тэр хоёрт хамаг мөнгөө өгөөд салсан гэж ярьсанд гомдолтой байна. Шүүгдэгч Ц.Т-аас эмчилгээний зардалд гарсан 30 гаруй сая төгрөгнөөс зөвхөн 25,000,000 төгрөгийг анхан шатны шүүхээр гаргуулж авсан. Бид гэм хор, сэтгэл санааны хохирол одоо хүртэл аваагүй. Манай эхнэр Ч.Х-тай утсаар ярихдаа "Чамд өгдөг юмаа өгөөд дууссан, өөр юм өгч чадахгүй, цаашид авах юм байвал чаддаг юм бол шүүхээрээ яваад олж аваарай" гэж хэлсэн явдлаас үзэхэд хоёр шатны шүүхийн шүүгч нар Ц.Т-ийн нөлөөнд автсанаас болж, ийнхүү бардамнаж ядарсан хохирогч биднийг доромжилж байна. Анхан шатны шүүх хурал болсноос хойш одоогийн байдлаар 10 гаруй сая төгрөгийн зардал гаргасан байгаа. Давж заалдах шатны шүүхээр хэргийг хоёр удаа хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Ц.Т-ийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргасанд гайхаж байна. Иймд шүүгдэгч Ц.Т-ийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан гэм хорд тохирсон ял шийтгэл оногдуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Д.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т-ийг гэм буруутайд тооцож, 25,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо арилгасан байдалд нь огт тохирсонгүй хэмээн хохирогч, улсын яллагч нар гомдол, эсэргүүцэл гаргасаар байтал давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хохирогч болон улсын яллагчийн гомдол, эсэргүүцлийг үл хэрэгсэн харин эсрэгээр торгох ялыг бүр багасгаж 15,000,000 төгрөг болгон бууруулсан нь шүүх хохирогчийн эрх ашиг сонирхлын эсрэг шүүгдэгчийн эрх ашигт нийцсэн, хэт нэг талыг барьсан хууль бус магадлал гаргасан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаан болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Т нь миний үйлчлүүлэгч нартай харьцаж учруулсан гэм хороо багасгаж хохирогч нарт тус дэм болохын оронд бүр эсрэгээр “Миний бие аймагтаа нэр хүндтэй, нөлөөтэй, мөнгөтэй, танил талтай гэдгийг тэд нар ойлгосон байх. Тэд нарт цаашид дахин юу ч өгч чадахгүй өгдөг юмаа өгөөд дууссан чаддаг юм бол тэд нар хууль шүүхээрээ яваад юм олж долоог” хэмээн хэлж байнга доромжлох болсон тухай хохирогч удаа дараа утсаар ярихдаа хэлэх болсон. Энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг баталж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 9 сар гаруй хугацаанд хохирогч Д.Г-ын биед учирсан хүнд гэмтлээс болж нүд болон тарх, сэтгэл санаанд нь огцом өөрчлөлт орсны улмаас оношлуулж эмчлүүлэхийн тулд байнга эмчийн хяналтад байх шаардлага гарсан тул Улаанбаатар хот Говь-Алтай аймаг хоёрын хооронд их хэмжээний зардал гаргаж байгаа нь гэм хор бүрэн арилаагүй, хохирогч гомдолтой байгааг нотолдог. Байдал ийм байхад шүүгдэгч Ц.Т нь өөрийн олсон хууль бус амжилтандаа урамшиж Говь-Алтай аймгийн таньж мэдэх хүмүүстээ “Г-ыг би цохиж гэмтээгээгүй, эхнэр Х нь зодож гэмтээсэн” хэмээн одоо ч ярьсаар байгаа нь хохирогч нарын зовлон дээр нэмэлт сэтгэл зүйн дарамт үүсгэж хохироож байна гэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх, тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан торгуулийн ялыг хөнгөдсөн тул хорих ял болгон түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ хэлсэн саналдаа “Шүүгдэгч Ц.Т-ийн зүгээс хохирогчид 16,500,000 төгрөг төлж, анхан шатны шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон 25,000,000 төгрөгийн үлдэх 9,000,000 төгрөгийг давж заалдах шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан. Шүүх хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзээд нээлттэй үлдээсэн. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хохирол төлсөн байдлыг харгалзан торгох ялыг 15,000,000 төгрөг болгож хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл  харагдахгүй байгаа тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн хэрэг, хор уршиг, гэм буруугаа хүлээж байгаа байдал, хувийн байдал зэрэгт тохирсон байх ёстой. Ялыг цээрлүүлэх болон урьдчилан сэргийлэх зорилготойгоор оногдуулдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т-т 25,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн. Гол хөнгөрүүлэх нөхцөл нь эмчилгээний зардлаа төлсөн байдлыг харгалзсан талаар дурдсан байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Шүүгдэгчид оногдуулсан ялыг хяналтын шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүндрүүлэх боломжтой тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн  Ц.Т-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Т нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 40-1-1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Г-г зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Т-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 16,500,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25,000 нэгж буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх Ц.Т-аас 25,825,471 төгрөг гаргуулж хохирогч Д.Г-д олгохоор шийдвэрлэсэн хохирлын үлдэх 9,325,471 төгрөгийг шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсныг давж заалдах шатны шүүх дахин ял хөнгөрүүлэх үндэслэл болгож шүүгдэгчийн торгох ялыг 15,000 нэгж буюу 15,000,000 төгрөг болгосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж дүгнэлээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан “торгох ялыг хорих ял болгох” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

2. Хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                      

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН