Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 554

 

Г.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаар магадлалтай, Г.А-д холбогдох 1715001390034 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эрэгтэй, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн нийт 1 жил 06 сар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Б овогт Г-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан прокуророос Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар 7 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн гаргасан гомдолдоо “...Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 129 дүгээр дүгнэлтэд “хохирогчийн тархинд үүссэн цусан хураанаас дээж авалгүйгээр уг гэмтэл хэзээ авсныг тогтоох боломжгүй” гэсэн байхад Г.А-г уг гэмтлийг үүсгэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хэрэг болсон гэх 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Д хамтран амьдрагч О-тай утсаар ярихдаа “миний толгой өвдөөд байна” гэж байсныг О гэрчээр мэдүүлсэн байдаг. Мөн хохирогч тэр орой хүмүүстэй архи ууж суухдаа “өдөр намайг хэн зодчихвоо” гэж ярьж байсан талаар гэрч Л мэдүүлдэг ба тухайн өдөр Д-ын бие зовиуртай, хашаа давж чадахгүй байсан талаар мөн ярьсан байгаа. Мөн тэр өдөр Н талийгаачтай утаснаас болж муудалцсан бөгөөд орой хүмүүсийг очиход Н архитай очсон байсан зэргийг тодруулж шалгалгүй эгч дүү хоёрын яг хаана цохьсныг нь хараагүй мэдүүлгээр Г.А-г 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө хохирогчид гэмтэл учруулсан гэж ял оноосон. Үүнээс өмнө Д нь Н багшид зодуулсан байдаг бөгөөд түүнийг хэзээ, хэрхэн яаж зодуулсныг насанд хүрээгүй гэрч У, Ч нар “…08 дугаар сарын сүүлээр 23-ны орчим” гэж мэдүүлсэн байхад “зодооныг 20-оос өмнө болсон” гэх Н-ийн гэр бүл, найз нарынх нь  мэдүүлэгт үндэслэн шинжээчид асуулт тавьснаас болж 08 дугаар сарын 20-нд уг гэмтлийг авах боломжгүй гэсэн дүгнэлт гарч үүнийг үндэслэн Н-г хамтатган шалгаагүй. Өөрөөр хэлбэл, 20-24-ний үед уг гэмтэл авсан бол 09 дүгээр сарын 06 хүртэл явах боломжтой эсэх, 08 дугаар сарын 31-нээс хойш 09 дүгээр сарын 06 хүртэл хохирогчийн гэр орноор цуглардаг хүмүүс ирж байсан эсэхийг нарийвчлан шалгаагүй. 08 дугаар сарын 31-ний үйл явдлын дараа буюу 09 дүгээр сарын 01-ний өглөө эрт архи уухаар хүмүүс цуглахад талийгаач Д байсан ба тэр хүмүүс ярилцаад Д-нд байсан 40-ын бидоныг зарахаар тохиролцон тэдний гэрээс С.Б-аар авчруулж зарсан гэдэг. Үүнээс үзэхэд тухайн үйлдлээс шууд хэвтэрт орсон нь няцаагдаж байна. Хэргийг мөрдөн шалгахдаа тухайн үйл явдлыг мэдэх гэрчүүд болох Т.Н, Б, шар Б, эвэр Т нарыг огт асуугаагүй нь хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлсөн. Г.А нь анхан шатны шүүх хурлаас эхлээд хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцах боломж олгогдоогүйг хэлсээр байтал шүүх хэрэг танилцуулсан тэмдэглэлд гарын үсгээ зурсан байна гээд хүлээн аваагүй. Бодит байдал дээр байцаагч нь очиж 30-40 минут уншуулаад гарын үсгээ зурчих маргааш өмгөөлөгчтэй чинь ирж үргэлжлүүлэн танилцуулья гээд ирээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Анхан шатны шүүхэд нэмэлт ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргаж урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн боловч шүүх хуралдааны явцад нөхөн гүйцээх боломжтой гэж үзсэн. Энэ бүх нөхцөл байдлуудаас хэргийн байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, түүний эрхийг бүрэн хангаагүй гэж үзэн гомдолтой байгаа тул эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэрийг хянан үзэж, бодит байдлыг тогтоолгох боломж олгоно уу” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан болон давж заалдах шатны шүүх Г.А-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Г.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Г.А нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух О.Д-ын гэрт түүнтэй хамт архи ууж, О.Д-ыг гэрт шүлс хаялаа гэж хэлснээс нь үүдэн маргалдаж, О.Д-ыг цээжээр нь тэвэрч хойш нь газар савуулан унагаж, улмаар дээр нь гарч суун толгой руу нь цохьсноос хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, уг гэмтлийнхээ улмаас хохирогч нас барсан талаарх үйл баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоожээ.

Хоёр шатны шүүх хохирогч О.Д нь дээрх хүнд гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан гэсэн үндэслэлээр прокуророос “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилж ирүүлснийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэж зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

“Хүнийг санаатай алах”, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргийг нарийвчлан тогтоож зүйлчлэх учиртай.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.А нь О.Д-ын цээжээр тэвэрч хойш газар савуулан унагаж, улмаар дээр нь гарч суун толгой руу нь цохьсноос хохирогчийн тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, тархи дарагдал бүхий хүнд гэмтэл авч, уг гэмтэл нь үхэлд хүргэсэн үйл баримтыг эргэлзээгүй байдлаар тогтоосон атлаа ямар нотлох баримтыг үндэслэн Г.А нь үйлдэлдээ санаатай, хохирогчийн амь насыг хохирооход шууд бус болон болгоомжгүй хандсан гэж зүйлчилсэн талаарх хууль зүйн үндэслэл, нотолгоо шийтгэх тогтоол, магадлалд огт тэмдэглэгдээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг дүгнэхэд шаардагдах шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэл, дүгнэлт хийгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчил бөгөөд үүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг мөн адил шаардлага хангаагүй гэж үзэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.А-д холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Г.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                  ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН