Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 826

 

 

 

 

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2019/00826

Улаанбаатар хот

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Х.М -ийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: ХСҮТ  -д холбогдох,

    Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Иргэн Х.М  миний бие 2006 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг Био-Анагаахын судлаач мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2008 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг Лабораторийн эмчээр, 2017 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг Анагаах ухааны магистрийн зэрэгтэй дүүргэсэн. Миний бие нь 2008 оны 68 дугаар тушаалаар Иммунологийн лабораторийн их эмчээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа аливаа зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж байсан. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авч улмаар ХСҮТ ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн Б/271 дугаар тушаалаар миний хүүхэд асрах чөлөөг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусах ойртсон тул Х.М  миний бие 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ХСҮТ д хандан чөлөөний хугацаа дуусахад буюу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө ажиллаж байсан ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргасан. Гэтэл чамд эмчийн лиценз байхгүй тул эмчээр ажиллуулах боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Миний суралцаж төгссөн Био-Анагаахын судлаач мэргэжилд эмчийн лиценз олгодоггүй бөгөөд үүнээс болоод ажиллах боломжгүй болсон. Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд “Лабораторийн эмч нь хүний их эмчийн болон лабораторийн эмчийн лицензтэй байх шаардлагатай эсэхийг тодруулж өгнө үү” гэсэн утга бүхий өргөдөл гаргасан юм. Өргөдлийн маань хариуг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1575 дугаар албан бичгээр ХСҮТ д хүргүүлсэн байдаг. Тухайн албан бичгийг үзвэл “Эрүүл мэндийн тухай хуулийн 25.2 дугаар хэсэгт зааснаар Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй. Иймд “Био-Анагаах судлаач” мэргэжлээр төгссөн Хүрэлхүүгийн Мөнхтуяа нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгүй үйл ажиллагаа эрхлэх эрхтэй юм” гэжээ. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ХСҮТ д очиж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан бичиг ирснийг хэлж ХСҮТ д ажилд эргүүлэн томилуулахаар хүсэлт гаргасан. Ингээд хариу хэлэлгүй байсаар 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ХСҮТ ийн хүний нөөцөөс ажлын байрны тодорхойлолтод чинь өөрчлөлт орсон тул ажилд тань авах боломжгүй хэмээн ажилд маань томилоогүй бөгөөд ямар нэгэн албан бичгээр хариу өгөөгүй болно. Намайг ажилд маань эргүүлэн томилохгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” бол ажил албан тушаалыг хэвээр хадгална гэснийг зөрчиж байна гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүний ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу Х.М  миний бие өргөдлөө гаргасан боловч ажилд  маань ажиллуулахгүй байгаа нь ажлаас халсантай адилтган үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн миний урьд ажиллаж байсан ажлын байр маань хасагдсан, орон тоо цөөрсөн зүйл байхгүйг дурьдах нь зүйтэй. Дээрх нөхцөл байдлуудыг маань харгалзан үзэж миний урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х.М  нь ХСҮТ ийн захирлын тушаалаар Лабораторийн тасагт иммунологийн их эмчээр 2008 онд ажилд орсон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө авсан. Түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ХСҮТ ийн ерөнхий захирлын “ХСҮТ ийн ажил албан тушаалын жагсаалтыг батлах тухай” 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалаар Иммунологийн их эмчийн ажлын байр орон тоог хассан юм. Х.М гийн ажилдаа эргэн орох өрөгдлийг 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ХСҮТ ийн лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач их эмчийн ажлын байранд Х.М  нь ажиллаж болох талаар дүгнэлт гаргуулахаар түүний эзэмшсэн мэргэжил боловсролын диплом хавсарган албан бичиг хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ХСҮТ д хариу ирүүлэхдээ Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай” 501 тоот тушаалын нэгдүгээр хавсралтад заасны дагуу эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй био анагаахын мэргэжилтэн нь эмнэлзүйн эмгэг судлаач эмч мэргэшилтэй байх шаардлагатай бөгөөд Х.М  нь тухайн чиглэлээр мэргэшээгүй тул лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач эмчийн орон тоон дээр ажиллах боломжгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн юм. Мэргэжлийн хяналтын албан бичигт заасны дагуу Х.М  нь эмнэлзүйн эмгэг судлаач эмчээр ажиллуулах боломжгүй болсон тул ХСҮТ ийн ерөнхий захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б/21 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ба ажилд авсан тухай тушаал гаргасан. Дээрх тушаалаар Х.М г Лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач их эмчээр тогтоосон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Био-Анагаах судлаач мэргэжлийнх нь дагуу нэгдсэн лабораторийн тасагт лаборантаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллуулахаар болсон боловч Х.М  нь одоог хүртэл ажилдаа эргэн ороогүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.М  нь хариуцагч ХСҮТ д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч ХСҮТ  нь бүтэц, орон тооны өөрчлөлттэй холбогдуулан хуульд заасны дагуу өөр ажлын байраар хангах ажиллагаа хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь нэхэмжлэгч Х.М г Био анагаах судлаач мэргэжлийнх нь дагуу нэгдсэн лабораторийн тасагт лаборантаар ажиллуулах тушаал гарсан боловч тэрээр ажилдаа ороогүй, хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байхад ажлаас халагдсан мэт нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

Нэхэмжлэгч Х.М  нь ХСҮТ ийн хүний нөөцийн ажилтан н.Мөнхзул түүнийг их эмчээр ажиллуулах боломжгүй талаар 2019 оны 01 сарын 09-ний өдөр мэдэгдсэнийг үндэслэн 2019 оны 01 сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу ажил олгогчийн шийдвэрт хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

ХСҮТ ийн захирлын 2008 оны 05 сарын 02-ний өдрийн 68 дугаар тушаалаар Х.М г тус төвийн Лабораторийн тасагт Иммунологийн их эмчийн ажилд авч, ажиллуулсан байх бөгөөд Х.М  нь 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт, 2018 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

ХСҮТ ийн захирлын 2015 оны 01 сарын 05-ны өдрийн А/01 дугаар тушаалаар тус төвийн Нэгдсэн лабораторийг 26 орон тоотой, үүнд Иммунологич их эмчийн орон тоо 1 байхаар, 2016 оны 07 сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалаар Нэгдсэн лабораторийг 26 орон тоотой, үүнд Иммунологич их эмчийн орон тоо байхгүй, 2017 оны 04 сарын 21-ний өдрийн А/21 дугаар тушаалаар Лабораторийн тасаг 17 орон тоотой, үүнд Иммунологич их эмчийн орон тоо байхгүй, 2018 оны 01 сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалаар Лабораторийн тасаг 18 орон тоотой, үүнд Иммунологич их эмчийн орон тоо байхгүй бүтэц, орон тоо батлагджээ. /хх-36-52/

Нэхэмжлэгч Х.М  нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 12 сарын 04-ний өдөр ХСҮТ д хандан ажилдаа орох хүсэлтийг гаргасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

ХСҮТ  нь 2018 оны 12 сарын 19-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан тус төвийн Лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач их эмчийн орон тоонд Х.М  ажиллаж болох эсэх талаар дүгнэлт гаргуулахаар түүний холбогдох баримт бичгийг хавсарган хүргүүлжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 02-02/4871 дугаартай албан бичгээр Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 501 тоот тушаалын хавсралтад заасны дагуу эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй био анагаахын мэргэжилтэн нь эмнэлзүйн эмгэг судлаач эмч мэргэшилтэй байх шаардлагатай бөгөөд Х.М  нь тухайн чиглэлээр мэргэшээгүй тул лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач эмчийн орон тоон дээр ажиллах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байна. /хх-25, 26/

Хариуцагч ХСҮТ  нь Х.М г жирэмсний болон хүүхэд асарсны чөлөөтэй байх хугацаанд байгууллагын бүтэц өөрчлөгдөж Иммунологич их эмчийн орон тоо ажлын байр хасагдсан талаар мэдэгдэж, лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач эмчийн ажлын байранд ажиллуулах боломжтой эсэх талаар холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэн, тус төвийн захирлын 2019 оны 01 сарын 30-ны өдрийн А/21 дугаар тушаалаар Х.М г нэгдсэн лабораторийн тасагт лаборантаар ажиллуулахаар шийдвэрлэжээ. /хх-27/

Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 1575 дугаартай албан бичигт “...Био анагаах судлаач мэргэжлээр төгссөн Хүрэлхүүгийн Мөнхтуяа нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгүй үйл ажиллагаа эрхлэх эрхтэй юм” гэж дурдсан тул их эмчийн ажилд эгүүлэн томилуулах үндэслэлтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар ХСҮТ ийн Нэгдсэн лабораторийн тасгийн Иммунологич их эмчийн орон тоо 2016 оны 07 сарын 18-ны өдрөөс хасагдсан, лабораторийн тасагт их эмчээр ажиллах тохиолдолд эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй байх ёстой гэсэн шаардлага тавигдсан, нэхэмжлэгч Х.М  нь их эмчийн дипломгүй, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар ажил олгогч нь жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасан.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч ХСҮТ -ийн бүтэц, орон тооны өөрчлөлт хийсэн асуудал хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т орон тоо хасагдсан тохиолдолд өөр ажил олж өгнө гэж заасныг баримтлан  ажил олгогчийн хүлээсэн үүргийг хэрэгжүүлэн ажилласан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х.М гийн их эмчийн ажилд эгүүлэн томилуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтаны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийн хүрээнд тухайн ажилтны чөлөөний хугацаа дуусахад хуульд заасан холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. ХСҮТ  нь 2019 оны 01 сарын 30-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар Х.М гийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч Х.М гийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан өдөр буюу 2018 оны 12 сарын 26-ны өдрөөс тушаал гарсан өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу хариуцагч ХСҮТ ийн цалингийн картыг үндэслэн нэхэмжлэгч Х.М гийн сарын дундаж цалин хөлсийг 701,000 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2018 оны 12 сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл 24 хоногийн цалинтай тэнцэх олговорт 747,733.2 төгрөгийг хариуцагч ХСҮТ өөс гаргуулж нэхэмжлэгч Х.М д олгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Х.М гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч ХСҮТ д даалган шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ХСҮТ өөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 33,404.40  төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ХСҮТ өөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 747,733.2 /долоон зуун дөчин долоон мянга долоон зуун гучин гурван төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн томилуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М гийн ажилгүй байсан хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын давтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч ХСҮТ д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ХСҮТ өөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид  33,404.40  төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР