Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1663

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо                            даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02010 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.П-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 47 250 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  14 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын  28-ны өдөр Б.П-той зээлийн гэрээ байгуулж, 31.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Хэдийгээр барьцаагүй гэж бичсэн боловч барьцаа болгож амины сууцанд нь гэр бүлийн хамт амьдарсан. Гэтэл тухайн байр нь агааргүй, халуун усгүй байсан учраас амьдрах боломжгүй болсон. Бид гэрээний хугацаа дууссан тул мөнгөө нэхэхэд та нарын амьдарч байгаа 4 давхрын 2 өрөө орон сууцыг зарж байгаад мөнгийг өгнө гээд 5 давхрын 1 өрөө орон сууцанд оруулж амьдруулсан. Б.П нь 2 өрөө орон сууцыг зараагүй. Мөнгийг гаргаж өгөөгүй учраас энэ байрнаас гараад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.П нь би мөнгө огт аваагүй гэж маргадаг. Талууд энэ гэрээн дээр адил гарын үсэг зурсан. Харин Б.Д нь мөнгө хүлээлгэж өгсөн гэдгээ нотолгоо болгож Б.П-оор гарын үсэг зуруулсан. Б.П уг зээлийн гэрээний ард 31.500.000 төгрөг бэлнээр хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан. Тэрний өмнөх хэсэг дээр хүлээлгэн өгнө гэж гарын үсэг зурсан. Ар талд нь хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан. Нэгэнт Б.Д-д өгсөн гэрээн дээрээ буюу үндсэн гэрээн дээр Б.П гарын үсэг зурсан. Ард нь мөнгө хүлээн авсан гэдэг дээрээ гарын үсэг зурсан. Энэ нь мөнгө хүлээн авсан гэдгийг нотлож байгаа үйлдэл болохоос гэрээнд гарын үсэг зурж байгаа үйлдэл биш. Иймд Б.П-оос зээл 31.500.000 төгрөг,  алданги 15.750.000 төгрөг нийт 47.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 сарын 21-ний өдөр гэртээ байж байхад Б.Д манай барилгын инженер Н.А, Н.Т нарын хамт орж ирсэн. Тэгээд тэр 2 энэ манай найз. Танай байрыг авах гэж байна. Та 4 давхрын 11 тоотыг манай найзад өгчхөөч гэсэн. Манай байрны гэрчилгээ гараагүй байсан. Барилга барьж байгаа хүмүүс нь надад хүлээлгэж өгөөгүй байсан. Байрны гэрчилгээ гараагүй гэдгээ хэлэхэд нотариатч нь энэ байр таны өмчлөлийн зүйл мөн гэдгийг мэдэх боломжгүй учраас худалдах худалдан авах гэрээ хийх боломжгүй гэсэн. Ингээд бид хоорондоо ярилцаад зээлийн гэрээ хийе гэж тохиролцоод мөнгийг 2 хувааж өгөхөөр болсон. Эхлээд 31.500.000 төгрөгөө тэр өдрөө бэлнээр Хаан банкин дээр очиж өгнө гэсэн. Үнэхээр мөнгийг бэлнээр өгөх байсан бол нотариатчийн хажууд тоолоод өгөх байсан. Би яагаад мөнгийг хүлээж авсан гэдэг дээр гарын үсэг зурсан гэхээр нотариатч нь мөнгийг өгсөн авсан талаар мэдэхгүй байж би гэрээг нотлохгүй гэсэн. Би Б.Д-д өгөх гэрээн дээр мөнгийг хүлээн авлаа гэж батлуулаад өөрийнх дээрээ батлуулаагүй. Яагаад гэхээр би чамаас мөнгөө авч байж батлуулна гэсэн. Нөгөө гэрээн дээр нь би гарын үсэг зураагүй. Тэрнээс гараад Пийс тауэрын банкин дээр очсон. Очоод мөнгө яасан бэ гэхэд надад мөнгө орох ёстой байсан ороогүй байна гэсэн. Хэзээ орох юм гэхэд жилийн эцэс болчихоод мөнгө хийгээгүй юм шиг байна. Он гаргаад мөнгө өгье гэсэн. Би Б.Д-д итгэж, ямар ч мөнгө авалгүй байрандаа оруулсан. Эхлээд 31.500.000 төгрөгөө авчихаад үлдэгдэл 31.500.000 төгрөгөө байрны гэрчилгээ 3 сарын дараа гарна гэсэн учраас байрны гэрчилгээг гарсны дараа авъя гэж бодсон. Ингэж бодоод би гэрээ хийсэн. Байрны гэрчилгээ 2016 оны 3 дугаар сарын эхээр гарсан. Ингээд байрны гэрчилгээ гарсан учраас мөнгөө нэхсэн боловч би алтны терм зарах гэж байгаа гээд надад компьютер дээр зураг үзүүлсэн. Тэрнээс хойш утсаа авахгүй байсан. Ингээд мөнгө өгөхгүй болохоор нь та нар 2 өрөө байр авч чадахгүй юм бол 5 давхрын 1 өрөө байранд ор гээд тийш нь оруулсан. Би мөнгө авсан бол буцаагаад өгчихнө. Би бол Б.Д-ээс нэг ч төгрөг аваагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.П шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Б.П гэрээнээс татгалзаж, байрнаас явуулсан. 2015 оны 1 дүгээр сараас хойш 2017 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд байранд ямар нэгэн үнэ хөлс төлөхгүй суусан. Худалдаж авна гэсэн боловч худалдаж авах үүргээ биелүүлээгүй. Хэрвээ энэ байрыг бусдад хөлслүүлсэн бол ийм орлого олох байсан гэдэг үүднээс сарын дундаж үнийг 500.000 төгрөгөөр бодоод 14.500.000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хүмүүс тухайн байранд 2 жил амьдарсан. Гэрээнээс худалдагч тал татгалзаж байгаа учраас энэ үнийг төлөх ёстой. Тийм учраас Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дах хэсэгт зааснаар 14.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.На сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:  Зээлээр худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулах ёстой. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй учраас энэ үйл явдал болоогүй. Хэрвээ бичгээр байгуулсан бол хохирол болон зардлыг нэхэмжлэх эрхтэй байдаг. Гэхдээ ямар хэмжээний хохирол учирсан гэдэг талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Ийм хэмжээний зардал учирсан гэдэг баримт байхгүй байна. Энэ хүмүүст түрээсийн орлого шаардах эрх хуулиар олгогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1 дэх заасныг баримтлан хариуцагч Б.П-оос 47.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож, хариуцагч Б.П-ийн нэхэмжлэгч Б.Д-д холбогдуулан гаргасан 14.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 394.200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-оос улсын тэмдэгтийн хураамжид 394.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.П, түүний өмгөөлөгч Б.Л нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний 001\ХЭ2019\00702 тоот тогтоолд \5 дахь тал\ " Зохигчид зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх талаар маргасан байхад давж заалдах шатны шүүх ' хариуцагч нь нэхэмжлэгчээс 31.500.000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй" гэж үзсэн нь хэргийн баримтанд нийцээгүй байна гэж дүгнэсэн. Мөн хариуцагч нь зээлийн гэрээний өөрт байгаа хувийг шүүхэд өгсөн уг баримтан дээр мөнгийг хүлээн авсан гэсэн бичиглэл байхгүй, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтаас зөрүүтэй байхад анхан шатны шүүх анхаараагүй... талаар дүгнээд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дах хэсэгт бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдсэн хувь дээр харилцан гарын үсэг зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ" гэж заасныг дурьджээ. Үүнээс гадна нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн зээлийн гэрээний ар талд " 31.500.000 төгрөг хүлээн авлаа гэж Б.П гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байх боловч нотариатч гэрчээр мэдүүлэг өгөхдөө" мөнгө хүлээлцсэнийг хараагүй гэрээг гэрчилсэн талаар мэдүүлсэнийг дурьдсан. Мөн зээлийн гэрээний 11-д мөнгийг ХААН банкин дээр өгнө гэж заасан ба гэрээний дээрх тохиролцоо мөнгийг хэрхэн шилжүүлсэн талаар дүгнэх шаардлагатайг дүгнэсэн. Бодит байдалд гэрээ байгуулагдах үед нотариатч дээр байхдаа гэрээнд мөнгийг ХААН банк дээр өгнө гэж тусгаад мөнгөө өгөөгүй бөгөөд одоо очоод өгчих юм чинь авлаа гээд зурчих гэсний дагуу зурсан ба ХААН банкин дээр очиход дансанд нь мөнгө байгаагүйг би үнэн зөвөөр тайлбарласаар ирсэн, хэрэгт дансны хуулга нь ч байгаа. Гэрээний 9-д заахдаа зээл авагчид мөнгийг шилжүүлж өгсөнөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно гэж бий. Нотариатчийн дэргэд ч ХААН банк дээрч мөнгө өгөлцөж авалцаагүй байгаа нь нотлогдсон шүү дээ. Түүний дүү Н.А ахыгаа Эрдэнэтээс 31.500.000 төгрөг бэлнээр аваад явсан гэж гэрчилдэг. Би түүнд зарсан байрныхаа урьдчилгаа мөнгийг олж авах гэж нэхэмжлэгч болохоор таны байрны гэрчилгээ гарахгүй бол би танаас өнөөдөр өгсөн мөнгөө олж авахын тулд мөнгө зээлдүүлсэн гэрээ хийнэ гэж нотариатч дээр очсон болохоос би түүнээс мөнгө зээлэх гэсэн ямар ч асуудал байхгүй. Тэдгээр хүмүүсийг гэрчээр оролцуулна гэхэд шүүх хэрэгсэхгүй болгож байсан. Ийнхүү бидний хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар эрс зөрүүтэй тайлбарууд байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн асуудлыг шийдвэрлэлээ. Яагаад нэхэмжлэгч хариуцагч 2 өөр өөр гэрээ өгч байхад зөвхөн нэхэмжлэгчийн өгсөн хуулбар гэрээг баримталж миний өгсөн эх гэрээг авч үзэхгүй байна вэ. Нэхэмжлэгч миний мэдлийн орон сууцанд 29 сар амьдарсан талаараа маргадаггүй. Энэ хугацаанд байрны ашиглалтын зардал буюу ус цахилгаан дулааны төлбөрөө төлж байсан. Энэ талаар мөн маргаангүй. Харин мөнгө зээлдүүлсэнийхээ барьцаанд амьдарсан гэж худлаа ярьдаг. Гэрээнд барьцаагүй гэсэн. Хэрэв барьцаанд нь суусан юм бол ямар ч төлбөр төлөхгүй байсан. Орон сууц худалдаж авлаа гэж орсон учир өөрийн байрны ашиглалтын зардлыг төлсөөр ирсэн. Байрны үнээ төлөхгүй байсан учир би хөөж гаргасан. Иймд түрээсийн гэрээ байхгүй боловч нэхэмжлэгч надад санал тавьж, би зөвшөөрөөд байрандаа оруулсан 29 сар амьдруулсан. Нэхэмжлэгч нь орон сууц худалдаж авлаа гэж орчихоод мөнгөө төлөхгүй байсан учир би хэлцлээсээ татгалзаад байрнаасаа гаргасан. Түрээсэлсэн бол олох байсан орлогоор хохирлоо тооцсон. Хэрэв зээлийн барьцаанд амьдарсан юм бол ямар ч мөнгө төлөхгүй гарах ч үгүй байсан. Иймд Б.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.П-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 31 500 000 төгрөг,  алданги 15 750 000 төгрөг, нийт 47 250 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол 14.500.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.Д нь 31 500 000 төгрөгийг мөн өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч Б.П нь зээлийг эргүүлж төлөх, гэрээний хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчид төлөхөөр тус тус тохиролцож, уг зээлийн гэрээний ар талд “12 дугаар сарын 28-нд 31 500 000 төгрөг бэлнээр хүлээн авлаа” гэсэн баримтанд хариуцагч Б.П гарын үсэг зурсан  байна. /хх-4/

 

Дээрх баримтаас үзэхэд гэрээний зүйлийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид шилжүүлэн өгснөөр мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй. 

Нэхэмжлэгч дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолсон бол хариуцагч нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагчаас 31 500 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргаж байгаа өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна. 

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч  талаас гаргаж өгсөн зээлийн гэрээний ард Б.П-ийн гарын үсэг бүхий 12 сарын 28-д 31 500 000 төгрөг бэлнээр хүлээн авлаа гэсэн баримт байхгүй байгаа нь зээлийн гэрээг байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй байхаас гадна зээлийн гэрээний 11-д “...мөнгийг ХААН банкин дээр өгнө...” гэж заасан нь  үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичигт гарын үсэг зурсан хариуцагчийн үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн, хариуцагч нь орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийхээр харилцан тохиролцож, уг орон сууцны гэрчилгээ гаргаагүй байсан учраас орон сууцны төлбөрт төлөх 31 500 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүйгээс гадна уг тайлбар нь үндэслэл муутай байна.

Мөн  29 сар байранд амьдруулсны төлбөрт 14 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан  байх боловч зохигчдын хооронд орон сууц зээлээр худалдах, худалдан авах болон бусад төрлийн гэрээ байгуулагдсан болох нь нотлогдоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.П-оос зээл 31 500 000 төгрөгийг, алданги 15 750 000 төгрөгийн хамт,  нийт 47 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгохоор шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч нь гэрчээр нотариатч Б.О, Л.Б нарыг асуулгасан боловч эдгээр гэрчүүдийн мэдүүлэг өөр баримтаар давхар нотлогдоогүй байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2019/00702 дугаар тогтоолд “Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар талууд зөрүүтэй тайлбар гаргасан тул шүүх ач холбогдол бүхий байдлыг тодруулж, зохигчдыг мэтгэлцүүлэх замаар маргааны үйл баримтыг дүгнэх нөхцөл бүрдэнэ” гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас  гэрчээр М.М-г оролцуулах хүсэлт гаргасан ба шүүх шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2018/13725 дугаар захирамжаар хүсэлтийг хангаагүй байдаг боловч дахин гэрч оролцуулах талаар  хүсэлт гаргаж байгаагүй, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаас хойш хариуцагч талаас нотлох баримт  гаргаж өгөөгүй, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт  гаргаж   оролцоогүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

     

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                

                                ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                     Н.БАТЗОРИГ