Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00702

 

Б.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03465 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 120 дугаар магадлалтай,

Б.Дийн нэхэмжлэлтэй

Б.Пид холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 47 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч Б.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 28-нд Б.Птой зээлийн гэрээ байгуулан, 3 сарын хугацаатай 31 500 000 төгрөгийг зээлдүүлсэн ба гэрээний 5-д ...хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар хэмээн тохирсон. Хэдийгээр гэрээнд барьцаагүй хэмээн бичсэн ч Б.П нь зээлийн барьцаа болгож, өөрийн захиалан бариулсан орон сууцны 11 тоотод амьдрахыг санал болгосны дагуу гэр бүлийн хамт 2015 оны эхээр нүүж очсон. Гэтэл уг орон сууцанд нь хэвийн амьдрах боломжгүй байсан тул удалгүй тэндээс нүүж, өөр газар амьдрах болсон. Зээлийн гэрээний хугацаа дуусмагц, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Б.Поос шаардахад тэрээр удахгүй өгнө хэмээн удаа дараа хэлсэн ч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй. Иймд үндсэн зээл 31 500 000 төгрөг, алданги 15 750 000 төгрөгийг нийт47 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулаагүй тул 14 500 000 төгрөг шаардах хууль зүйн үндэслэлгүй, өнгө үзэмжийг хэрхэн алдагдуулсан нь нотлогдохгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Дээс мөнгө зээлж аваагүй. Харин миний зарах гэж байсан 11 тоот 38 м.кв орон сууцыг 63 080 000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод, 63 080 000 төгрөгийн 50 хувь буюу 31 500 000 төгрөгийг Хаан банкнаас бэлнээр авч өгөх, үлдэгдэл 31 500 000 төгрөгийг 3 сарын дараа төлөхөөр тохиролцсон юм. Мөн дараа төлөх 31 500 000 төгрөгийн хувьд зээлийн гэрээ байгуулах саналыг Б.Д надад тавьсныг би зөвшөөрсөн бөгөөд бид нотариат дээр очиж гэрээг батлуулсан. 2015 оны 1 сарын эхээр түүний эцэг эхийг орон сууцад оруулсан. Үүнээс хойш мөнгөө өгөөгүй өдий хүрсэн. Иймд энэ гэрээгээр хэн нь ч хэндээ мөнгө зээлдүүлж, мөнгө өгөлцөж авалцаагүй учир хуурамч хэлцэл юм. Гэтэл Б.Д энэ гэрээг ашиглаж надад өгнө гэчихээд өгөөгүй мөнгөө зээлдүүлсэн болгож мушгиж, надаас хууль бусаар мөнгө нэхэмжилсэн байна Б.Д мөнгөө өгөхгүй байсан тул би 2017 оны 5 дугаар сард манай байранд байсан түүний аав, ээж, дүү нарыг гар гэж шаардаж байж байраа чөлөөлж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв би орон сууцаа зарсан бол 63 000 000 төгрөгийг бизнестээ оруулах, бусдад түрээслэсэн бол 29 сар түрээсийн мөнгө багаар бодоход 14 500 000 төгрөгийн орлого олох байлаа. Иймд түүнээс миний байрыг 29 сарын турш хуучруулж, өнгө үзэмжийг алдагдуулж, үнэ төлбөргүй ашиглаж надад хохирол учруулсан тул 14 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03465 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Б.Поос 47 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Дийн үндсэн нэхэмжлэл, Б.Дээс 14 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Пийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 394 200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 120 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03465 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5, 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Поос 31 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Дийн нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Дээс 14 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Пийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын 56.1 гэсний дараа 56.2 гэж нэмж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Б.Поос 315 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.П хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт \магадлалын 4 дэх тал\” ... хариуцагч нь нэхэмжлэгчээс 31 500 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй харин уг мөнгийг хүлээн авсан зориулалтын хувьд маргасан...” гэж мөн “...хариуцагч нь нэхэмжлэгчтэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 31 500 000 төгрөг авсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан...” гэж дүгнэсэн нь ор үндэсгүй худлаа дүгнэлт боллоо. Иймч учраас энэхүү худлаа дүгнэлтийг үндэслэн хэргийг буруу шийдвэрлэлээ. - Учир нь би нэхэмжлэлийг хүлээн авч хариу тайлбар гаргахаас эхлээд эхний 3 шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх дараа нь 2 шатны шүүхийн шийдвэр гарах шүүх хуралдаан бүрт нэхэмжлэгч Б.Дээс 31 500 000 төгрөгийг хүлээн аваагүй болохоо амаар болон бичгээр тайлбарлаж маргасаар ирсэн байтал яагаад ингэж худал дүгнэлт гаргаж буй нь ойлгомжгүй байна. Мөн магадлалд дүгнэснээр 2 гэрч болох хүмүүсийн тухайд Б.Дийн төрсөн дүү Алтансүх ахыгаа “...Эрдэнэтээс мөнгө авч яваад зээлдүүлсэн...” гэх мэдүүлгийг үнэн гэж хүлээж аваад миний эхнэр Батмөнхийн гэрчилсэн”... Б.П Б.Дд орон сууцаа худалдсан...” гэж гэрчилснийг гэрч нь хариуцагчийн гэр бүлийн гишүүн тул гэж ач холбогдол өгөхгүй байгаад гомдолтой байна. 2. Өмнө УДШ-ийн 2018.05.24-ний өдрийн 001/ХТ2018/00833-р тогтоолоор хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа ...харин зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар эрс зөрүүтэй тайлбар гаргаж буй тохиолдолд дээрх бичмэл нотлох баримт нь бусад баримтаар давхар нотлогдсон тохиолдолд маргаантай харилцааны талаар эцэслэн дүгнэлт хийх хууль зүйн үндэслэл бүрдэх юм гэж ...дүгнэсэн билээ. Ийм ч учраас тухайн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатчийг шүүх хуралдаан дээр гэрчээр оролцуулж асуухад тэрээр нотариатчийн дэргэд мөнгө авч өгөлцөөгүй болохыг үнэн зөвөөр гэрчилсэн байтал үүнд ач холбогдол өгсөнгүй. Нэхэмжлэгч нь нотариатч мөнгөө аваагүй бол гэрчлэхгүй гэхэд нь надаас гуйж” авлаа” гэж бичүүлээд тэндээсээ гарч мөнгөө данснаас авч өгнө гэж Пийс таур дахь Хаан банкны салбар дээр очоод “дансанд мөнгө ороогүй байна, орохоор нь өгье “ гэж хуурсаар урт удаан хугацааг өнгөрүүлсэн тул би тэднийг байрнаасаа хөөж гаргаж чөлөөлж авсан юм. Хэрэгт тухайн өдөр түүний дансанд 31 500 000 төгрөг байгаагүйг гэрчилсэн дансны хуулга нь байгаа. Гэрээндээ ч Хаан банкинд мөнгөө өгнө гэж өөрийн гараар бичсэн байгаа. Би түүнээс нэг ч төгрөг аваагүй болохыг анхан шатны шүүх зөв тодорхойлж зөв шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Д нь надад мөнгө өгсөн гэдгийг нотолсон баримт байхгүй /нотариатчийн дэргэд өгөөгүй, Хаан банкинд очоод өгөөгүй/ байтал түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иргэний хуулийн 282.4-т мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогддог, бидний хийсэн гэрээний 9-р зүйлд ч мөнгийг шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно гэсэн. Мөн гэрээний 11-рт 2014.12.28-ны өдөр Хаан банкны байранд бэлнээр хүлээлгэн өгнө гэж бий. Тэгээд өгөөгүй нь баримтаар нотлогдож байгаа. Хэрэв Б.Д миний байранд өгсөн мөнгөнийхээ барьцаанд суусан юм бол намайг хөөхөд гарах ч үгүй байсан мөн байрны сар бүрийн ашиглалтын төлбөрийг ч төлөхгүй байсан биз дээ. Энэ барьцаанд нь суусан гэдэг нь ор үндэсгүй зүйл. Харин өвлийн хүйтэнд нялх хүүхэдтэй хөгшид байрандаа орж байя, мөнгөө өгчих юм чинь гэхэд нь би оруулаад сар бүрийн ашиглалтын зардлыг нь төлүүлж байсан юм. Ийм бодит байдал тогтоогдсоор байтал хэргийг тал бүрээс нь авч үзэлгүй бидний хоорондох гэрээ нь илт бодит байдлыг халхавчилсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл атал нэг нь мөнгөн хөрөнгөө хүүгүй ашиглуулсан нөгөө нь эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулсан хэлцэл гэж гуйвуулан дүгнэж хуулийг буруу хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн хяналтын гомдолдоо: Магадлалыг хариуцагчийн өмгөөлөгч би эс зөвшөөрч, ИХШХШ тухай хуулийн 172дугаар зүйлийн 172.1, 172.2 -д заасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх талаар ИХШХШ тухай хуульд заасан журмыг зөрчсөн, иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна. 1. Хариуцагч нь нотариат дээр зээлийн гэрээнд болон мөнгө хүлээж авсан баримтанд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн болохоос бус мөнгө зээлсэн, мөнгө гардаж хүлээж авснаа хүлээн зөвшөөрөөгүй, харин Хаан банкин дээр мөнгө өгнө гэчихээд өгөөгүй учир нэхэмжлэгчээс 31 500 000 бодитой зээлж аваагүй, Доржсүрэн нь зээлийн гэрээ хийгээд мөнгөө Хаан банкин дээр очоод данснаас авч өгнө гэж, хэлж итгүүлж зээлийн гэрээнд болон мөнгө хүлээж авсан гэсэн гарын үсэг зуруулсан баримтан дээр гарын үсэг зуруулсан, банкин дээр очоод дансанд мөнгө орох ёстой байсан ороогүй байна, орохоор нь өгье гэж хэлээд мөнгөө өгөөгүй, учир өдий хүртэл би түүнээс бэлэн мөнгө аваагүй гэж маргасан, хариуцагчийн тайлбар нь үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар олон баримтаар нотлогдсон. Тухайлбал: 1.1 гэрч Алтансүх нь нэхэмжлэгчийн төрсөн дүү тул бэлэн мөнгө аваад явсан талаар гэрчилсэн түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэхэд эргэлзээтэй байх бөгөөд түүнийг нэхэмжлэгч өөр баримтаар давхар нотлоогүй, 1.2 Нэхэмжлэгч тухайн өдөр өөртөө бэлэн 31 500 000 төгрөгтэй байснаа болон уг мөнгөний эх сурвалжаа нотлох баримтаар нотлоогүй, 1.3 нотариатч түүний дэргэд бэлэн мөнгө хүлээлцээгүй болохыг гэрчилсэн, 1.4 Нэхэмжлэгч өөртөө бэлэн мөнгөтэй байсан юм бол яагаад шууд нотариатчийн дэргэд хүлээлцээгүй, гэрээндээ Хаан банкны байранд хүлээлцэхээр заасан болохоо тодорхой үндэслэл, баримтаар нотолж тайлбарладаггүй, түүнчлэн гэрээнд Хаан банкны байранд мөнгө хүлээлцэхээр заасан нь нотариатч дээр очих үед нэхэмжлэгч бэлэн мөнгөгүй байсныг нотлож байгаа бөгөөд Хаан банкин дахь Доржсүрэнгийн дансанд тухайн өдөр болон түүнээс өмнө зээлдүүлэх 31 500 000 төгрөг байгаагүй болох нь дансны хуулгаар батлагдсан, дансандаа мөнгөгүй атлаа гэрээндээ Хаан банкны байранд мөнгийг бэлнээр өгнө гэж заасан нь хариуцагчийн мөнгөгүй байсан атлаа Хаан банкнаас аваад өгнө гэж намайг хуурч гарын үсэг зуруулсан байна лээ гэх тайлбар үндэслэлтэй болохыг нотолсон байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч нь нэхэмжлэгчээс 31 500 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй, харин уг мөнгийг хүлээн авсан зориулалтын хувьд маргасан гэж эрс ташаа дүгнэж түүнийгээ үндэслэн хариуцагчаас 31 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь давж заалдах шатны шүүх ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл бол байна. Ийнхүү давж заалдах шатны шүүх, нотлох баримтыг үнэлэх талаар хуульд заасан журмыг зөрчснөөс шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй хууль бусаар өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэл болж байна. 2. Нэхэмжлэгч нь мөнгө зээлүүлж, барьцаанд нь орон сууцанд нь суусан гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотлоогүй, Талуудын хооронд зээлийн гэрээ хийсэн боловч бодит байдалд зээлдүүлэгч мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй нь дээр дурьдсан баримтаар нотлогдсон, зээлийн гэрээнд барьцаагүй гэж заасан, байранд нь үнэ төлбөргүй суух талаар гэрээнд ямар нэгэн нэмэлт нөхцөл тусгагдаагүй байгаа нь хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болохыг нотолж байгаа бөгөөд талуудын хооронд хийгдсэн гэрээний харилцаа, түүний үүргийн гүйцэтгэлийн талаар анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээ гэж үндэслэлгүйгээр дүгнэж шүүхийн шийдвэрт, Иргэний хуулийн 339.1 гэсэн зүйлчлэлийг нэмж оруулсан нь давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд хяналтын шатны шүүхээс хэргийг хянаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж хяналтын гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргасан. Гомдлыг хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 2019.01.14-нд 120 дугаар магадлалаар шийдвэрлэсэн. Иймд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна: 1. Хэрэв Б.Дээс мөнгө огт аваагүй юм бол бусдын хууль бус эзэмшлээс эд зүйлээ чөлөөлүүлэхээр шүүх болон цагдаагийн байгууллагад хандах боломж Б.Пид байсан ч тэрээр огт хандаж байгаагүй нь мөнгө хүлээн авсныг нотолж байгаа болно. 2. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэсэн ч гэрээнд заасан алдангийг гаргуулахаар шийдвэрлээгүй нь хууль хэрэглээний алдаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоож, маргааны зүйлийг бүрэн тодорхойлж чадаагүйгээс  шүүхийн шийдвэр, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 31 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, алдангийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах хуулийн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөх”-ийг, хариуцагчийн өмгөөлөгч “магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээж өгөх”-ийг хүссэн гомдлыг гаргасан ба зохигчдын гомдлыг хангахгүй орхив.

Б.Д нь Б.Пид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, Б.П нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийг зөрчснөөс учруулсан хохирол 14 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, гэрээний арын хуудсанд Б.П нь 31 500 000 төгрөг бэлнээр хүлээн авлаа гэж бичиж гарын үсэг зурсан баримтад тулгуурлан тодорхойлсон байна.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, “...нэхэмжлэгч Б.Д нь надаас орон сууц 63 080 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 50 хувь болох 31 500 000 төгрөгийг Хаан банкин дээр бэлнээр авч өгөх, үлдэгдэл 31 500 000 төгрөгийн 3 сарын дараа өгнө гэж тохирсон..., дараа төлөх 31 500 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулах санал гаргасныг зөвшөөрч, гэрээ байгуулсан боловч мөнгө орж ирээгүй байна, Эрдэнэт яваад хөөцөлдөөд ирье гээд явсан..., Гэрээгээр хэн хэндээ ч мөнгө өгч авалцаагүй..., Тэгээд Эрдэнэтээс мөнгө авах асуудал хойшилчихлоо..., манай аав ээжийг байрандаа оруулчихаач мөнгөө удаахгүй өгнө гэхээр нь 2015 оны 1 сарын эхээр аав ээжийг нь байранд оруулсан..., мөнгөө нэхэхээр өгнө гэж явсаар, өгөхгүй болохоор нь 2017 оны 5 сард шаардаж байж аав ээж дүүг нь гаргасан.., баримт ашиглаж, мушгин гуйвуулж мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй, харин миний байрыг ашигласан, би бусдад хөлслүүлсэн бол ашиг олох байсан, үүнийг тооцоод 14 500 000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч орон сууцаа эзэмшүүлэхдээ зээлийн барьцаа гэсэн агуулгаар шилжүүлсэн гэж тайлбар гаргасан ба зээлийн гэрээнд барьцаа байгаа талаар тусгагдаагүй байв.

Зохигчид зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх талаар маргасан байхад давж заалдах шатны шүүх “хариуцагч нь нэхэмжлэгчээс 31 500 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй...” гэж үзсэн нь хэргийн баримтад нийцээгүй байна. Мөн хариуцагч нь зээлийн гэрээний өөрт байгаа хувийг шүүхэд гаргаж өгсөн, уг баримтан дээр “мөнгийг хүлээн авсан” гэсэн бичиглэл байхгүй, нэхэмжлэгчийн гаргасан баримтаас зөрүүтэй байхад давж заалдах шатны шүүх анхаараагүй, анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг хянаж үзээгүй нь буруу байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ.” гэж заасан бөгөөд талуудад байгаа гэрээ зөрүүтэй бол зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн зээлийн гэрээний ар талд “31 500 000 төгрөг бэлнээр хүлээн авлаа гэж бичиж, Б.П гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх боловч нотариатч гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөнгө хүлээлцснийг хараагүй, гэрээг гэрчилсэн талаар мэдүүлжээ.

Зээлийн гэрээний 11-д “...мөнгийг ХААН банкин дээр өгнө...” гэж заасан ба гэрээний дээрх тохиролцоо болон мөнгийг хэрхэн шилжүүлсэн талаар дүгнэх шаардлагатай. Гэрч Алтансүх нь Б.Дд бэлэн мөнгө  өгсөн гэж мэдүүлсэн боловч Алтансүхэд уг мөнгө хэрхэн байсан, эх сурвалжийг тодруулах нь ач холбогдолтой байжээ.

Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар талууд зөрүүтэй тайлбар гаргасан тул шүүх ач холбогдол бүхий байдлыг тодруулж, зохигчдыг мэтгэлцүүлэх замаар маргааны үйл баримтыг дүгнэх нөхцөл бүрдэнэ.

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тул хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03465 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 120 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315 450 төгрөг, нэхэмжлэгчээс 236 700 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА