Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/03164

 

 

 

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/03164

Улаанбаатар хот

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б.П-дхолбогдох зээлийн гэрээний үүрэгт 47 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хурцбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч Б.Пүрэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, гэрч Б.Алтансүх, Л.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хурцбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь 2014 оны 12-р сарын  28-ны өдөр Б.П-той зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 31 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Хэдийгээр барьцаагүй гэж бичсэн боловч, барьцаа болгож амины орон сууцанд нь гэр бүлийн хамт амьдарсан. Гэтэл тухайн байр нь агааргүй, халуун усгүй байсан учраас амьдрах боломжгүй болсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлсэн мөнгөө авахыг шаардсан боловч өгөөгүй. Иймд Б.Пүрэвдоржоос зээлсэн 31 500 000 төгрөг,  алданги 15 750 000 төгрөг нийт 47 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

 

Хариуцагч Б.Пүрэвдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12-р сарын  28-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. Б.Д манай барилга барьсан инженертэй орж ирээд 38 м.кв талбайтай байр худалдан авах санал тавьж, инженер залуу 1 660 000 төгрөгөөр тооцоод өгчих гэсэн. Тухайн үед м.кв-ыг 2 000 000 төгрөгөөр зарж байсан боловч 1 660 000 төгрөгөөр тооцож 63 080 000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд байрны 50 хувь 31 500 000 төгрөгийг ХААН банкнаас одоо авч өгөөд, үлдэгдлийг нь 3 сарын дотор өгөхөөр тохирсон. Тэгээд хуучин Тээврийн товчооны тэнд нотариатад очсон, тэгэхэд нотариатч нь мөнгө төгрөгөө бэлэн аваагүй бол батлахгүй гэсэн. Тэгсэн чинь Б.Д “та бэлэн авсан гээд хэлчих, би банкнаас мөнгө аваад өгнө” гэсэн. Би итгээд гарын үсэг зурсан. Энэ л миний буруу болсон. Маргааш нь Улаанбаатар их дэлгүүрийн замын хойно Пийс төвийн ХААН банкнаас мөнгө авах гэж очсон, гэтэл мөнгө нь ороогүй байна гэсэн. Ингээд “хэд хоног хүлээчих, Эрдэнэтээс орж ирэх мөнгө жилийн эцэс гээд хойшлоод байна, манай ээж, аавыг байрандаа оруулаач, удахгүй өгнө” гээд гуйгаад байхаар нь 2015 оны эхээр оруулсан. Гэтэл мөнгөө ч өгөөгүй байж 30 сар гаруй манай байранд үнэгүй байлгасан. Тэгээд мөнгө төгрөгөө өгөхгүй бол гар гэж хэлээд гаргасан. Надад мөнгө зээлүүлээгүй тул гомдолтой байна, зөвшөөрөхгүй гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгүүдийг шинжлэн судлаад                                               

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь Б.П-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 47 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Б.Д нь Б.П-той 2014 оны 12-р сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 31 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүй, барьцаагүйгээр зээлүүлэх, зээлдэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирчээ. /хх 4/

 

Иргэний хуулийн 281-р зүйлд заасан “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд гэрээгээр тохирсон мөнгө буюу эд зүйлийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүргийг хүлээдэг, 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог байна.

 

Нэхэмжлэгч нь зээлдэгч 31 500 000 төгрөгийг буцааж төлөөгүй гэж маргаж алдангийн хамт гаргуулахаар шаардсан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “надаас байр худалдан авахаар тохирсон, мөнгө зээлүүлээгүй, энэ мөнгийг аваагүй” гэж тайлбарлажээ.

 

Зээлийн гэрээний 11-т “Зээлдүүлэгч нь 31 500 000 төгрөгийг зээлдэгчид 2014 оны 12-р сарын 28-ны өдөр ХААН банкны байранд бэлнээр өгнө” гэж тохирчээ.

 

Иргэний хуулийн 206-р зүйлд зааснаар талууд хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд гэрээгээр зээлдүүлэгч нь 31 500 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ ХААН банкны байранд гүйцэтгэхээр тохирсон байна.

 

Харин талууд нь ХААН банкны  Пийс төвд дэх салбарт мөнгө авахаар очсон боловч дансанд нь мөнгө ороогүй байсан гэх хариуцагчийн тайлбар, Б.Д-ийн ХААН банкны 5043036474 дансны дэлгэрэнгүй хуулгаар 31 500 000 төгрөгийн зарлага гараагүй  /хх 28/ зэрэг баримтаас дүгнэвэл зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон газарт үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэлээ. 

Түүнчлэн гэрээний ар талд “...31 500 000 төгрөг бэлнээр хүлээн авлаа” Б.Пүрэвдорж гэж гарын үсэг зурсан нь гэрээг нотариатаар гэрчлүүлэхдээ дээрх мөнгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсныг нотлоогүй, гэрч Б.Алтансүх “...ах 2014 онд Дарханаас мөнгө аваад бизнес хийнэ гээд явсан, ирэхдээ зээлийн гэрээ бариад ирсэн, байранд нь түр амьдарч байсан” гэж мэдүүлсэн нь Б.П-д мөнгө зээлүүлсэн, мөнгийг бэлнээр шилжүүлснийг гэрчлээгүй, гэрч Л.Батмөнхийн “...манай байрыг худалдаж авна гэсэн гээд 2 залуутай орж ирсэн, нотариат орж гэрээ хийнэ гэхээр нь мөнгөө өгөөгүй байхад гэрээ битгий хийгээрэй гэж хэлж байсан, гэтэл маргааш банкнаас мөнгө авч өгнө гээд мөнгөгүй ирсэн, гэнэт ээж аав нь гэр орноо ачаад ирсэн, өвлийн хүйтэнд яаж чадахгүй оруулсан, Дорждэрэм бутлуур зараад өгнө, барилгын зөвшөөрөл зараад өгнө гэж хэлсээр байгаад нэг ч төгрөг өгөөгүй” гэж мэдүүлснийг нэхэмжлэгч няцаагаагүй байна.

 

Нөгөө талаас, хариуцагчийн “...38 м.кв талбайтай байрыг м.кв-ыг 1 660 000 төгрөгөөр тооцож 63 080 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 50 хувь 31 500 000 төгрөгийг өгөхөөр болсон, гэрчилгээ гаргаж өгөхгүй болох, эсхүл мөнгөө өгч чадахгүй болох, урьдчилгаанд өгөх мөнгөө хэрхэн буцааж авахаа баталгаажуулж зээлийн гэрээ хийе” гээд ийм гэрээ хийсэн гэсэн тайлбар, хариуцагчид хадгалагдсан гэрээний хувь дээр мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар гарын үсэг зурагдаагүй /хх 16/ зэрэг нөхцөл байдлуудаас хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.П-оос 47 250 000 /дөчин долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Б.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.      

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 200 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.   

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА