Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00833

 

 Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/03164 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 343 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.П-ид холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 47 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч Б.П-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.П-той зээлийн гэрээ байгуулж, 31 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Хэдийгээр барьцаагүй гэж бичсэн боловч барьцаа болгож амины сууцанд нь гэр бүлийн хамт амьдарсан. Гэтэл тухайн байр нь агааргүй, халуун усгүй байсан учраас амьдрах боломжгүй болсон бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан боловч мөнгөө өгөөгүй.

Иймд Б.П-оос зээл 31 500 000 төгрөг, алданги 15 750 000 төгрөг, нийт 47 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тэрээр манай барилга барьсан инженертэй орж ирээд 38 мкв талбайтай байр худалдан авах санал тавьж, инженер залуу 1 660 000 төгрөгөөр тооцоод өгчих гэсэн. Тухайн үед мкв-ыг 2 000 000 төгрөгөөр зарж байсан боловч 1 660 000 төгрөгөөр тооцож 63 080 000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд байрны 50 хувь 31 500 000 төгрөгийг ХААН банкнаас одоо авч өгөөд үлдэгдлийг нь 3 сарын дотор өгөхөөр тохирсон. Ингээд нотариатад очиход нотариатч мөнгөө бэлэн аваагүй бол батлахгүй гэсэн бөгөөд Б.Д- та бэлэн авсан гээд хэлчих, би банкнаас мөнгө аваад өгнө гэхээр нь итгээд гарын үсэг зурсан. Энэ л миний буруу болсон. Маргааш нь ХААН банкнаас мөнгө авах гэж очсон боловч мөнгө нь ороогүй байна гэсэн. Ингээд хэд хоног хүлээчих, Эрдэнэтээс орж ирэх мөнгө жилийн эцэс гээд хойшлоод байна, манай ээж, аавыг байрандаа оруулаач, удахгүй өгнө гээд гуйгаад байхаар нь 2015 оны эхээр оруулсан. Надад мөнгө зээлүүлээгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/03164 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бадамсүрэнгийн Пүрэвдоржоос 47 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн Баттөрийн Дорждэрэмийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 343 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/03164 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.П-оос 47 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж” гэж, “үлдээж” гэсний дараа “хариуцагч Б.П-оос 394 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгосугай” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Д- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Бодит байдалд нэхэмжлэгч нь надаас орон сууц худалдан аваад бид хоорондоо гэрээ хэлцэл хийхдээ хуулийн мэдлэг дутуу, мөн миний зарж буй орон сууцны гэрчилгээ гараагүй тул арга буюу худалдах-худалдан авах би зээлийн гэрээ байгуулан Б.Д-д итгэн гарын үсэг зурсан миний алдааг нэхэмжлэгч тал ашиглаж байгаа нь үндэслэлгүй юм. Худалдаж авсан байрандаа 30 сар амьдраад мөнгөө төлөхгүй болохоор нь гаргасан байтал энэ байдалд ямар ч дүгнэлт хийсэнгүй.

Нэхэмжлэгч нь надад зээлүүлсэн гэх мөнгөө хаанаас гаргасан талаар нотлох баримтынхаа эх сурвалжийг зааж чадахгүй байгаад анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн. Мөн гэрээнд дурдсан Хаан банкны данснаас нь мөнгө гараагүй. Хэрэв би байраа зараагүй бол яах гэж түүний аав, ээжийг нь оруулж олон сар, жил үнэ төлбөргүй амьдруулах билээ. Ийнхүү бидний хооронд байгуулагдсан гэрээ нь бодит байдлыг нуун, дүр үзүүлж хийсэн хэлцэл байгаа нь олон зүйлээр харагдаж байхад Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх Дорждэрэм, Пүрэвдорж нарын хооронд зээлийн гэрээг бичгээр хийсэн боловч, зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхээр тохирсон ХААН банкан дотор бэлнээр хүлээлгэж өгөөгүй, үүрэг бодитой гүйцэтгэгдээгүйгээс гэрээ байгуулагдаагүй байхад, түүнийг мөнгө хүлээлгэж өгсөн, гэрээ байгуулсан гэж ташаа дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”, 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 207 дугаар зүйлийн 207.1-д хууль болон гэрээгээр үүргийг гүйцэтгэх газрыг тогтоож болохыг тус тус хуульчилсан байдаг. Үүний авч үзвэл Пүрэвдорж, Дорждэрэм нарын хооронд хийгдсэн гэх зээлийн гэрээний 11-д “31 500 000 төгрөгийг ХААН банкны байранд бэлнээр өгнө” гэж зээлдүүлэгч мөнгөө шилжүүлж өгөх үүргээ гүйцэтгэх газрыг ХААН банкан дотор гэж гэрээндээ тодорхой зааж, тодорхойлж өгсөн байна. Гэтэл Дорждэрэм гэрээнд заасан энэ үүргээ, заасан газарт нь хугацаандаа шударгаар биелүүлээгүй болох нь баримтаар хангалттай нотлогдож байгаа юм.

...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлдүүлэгч Дорждэрэм нь зээлдэгч Пүрэвдоржид мөнгө бодитой шилжүүлж өгсөн нь нотлогдохгүй байгаа учир тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх нь зээлийн гэрээ, түүний ард бичигдсэн мөнгө хүлээж авсан гэх гарын үсэгтэй бичвэрийг, хариуцагчийн хүсэлтээр ХААН банкнаас гаргуулсан дансны хуулгын баримт, зохигчдын тайлбар, бусад баримтууд зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзэхгүйгээр, хэт нэг талыг барьж, зөвхөн мөнгө авсан гэсэн гарын үсэг зурсан гэх эх сурвалж нь тодорхойгүй, бусад баримтаар нотлогдоогүй эргэлзээтэй баримтыг үнэлж, үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасан заалтуудыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтыг зөрчсөн албажаагүй, хувь хүний гомдлын өргөдлөөр хэргийг хянан хэлэлцэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3-т заасныг зөрчсөнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдол гаргаагүй, гагцхүү нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргасан гэх боловч уг гомдол нь өмгөөлөгчийн албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр бичигдээгүй, өмгөөлөгчийн хувийн тэмдэг дарагдаж албажаагүй, өмгөөлөгч хүн гаргасан албан ёсны өргөдөл, гомдол гэдэг нь нотлогдоогүй байх бөгөөд мөн давах гомдол гаргасан гэж хэн нэгэн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй байхад хувь хүний гарын үсэгтэй бичвэр бүхий албан бус гар бичгийн баримтыг өмгөөлөгчийн гаргасан гомдол гэж үзэж, уг гомдлоор хэргийг хянан хэлэлцэж гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан гомдол гаргах эрх бүхий этгээд гомдол гаргаагүй байхад хүлээн авч хянан хэлэлцэж, мөн хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3-т заасныг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 343 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.П-оос зээлийн гэрээний үүрэгт 47 250 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Хариуцагч Б.П- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс огт мөнгө зээлээгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээнд зааснаар Б.Д- нь 31 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүйгээр Б.П-ид зээлдүүлсэн, зээлдэгч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

Зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны талаар ямар нэг заалт байхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Д- нь зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын Дилав хутагт Жавзандамбын гудамж дахь амины сууцын 53 тоотод  гэр бүлийн хамт амьдарсан гэж тайлбарласан бол хариуцагч Б.П- нэхэмжлэгчийг уг орон сууцыг 63 080 000 төгрөгөөр худалдаж авсан боловч мөнгөө төлөөгүй гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтыг баримтлан эсрэг шийдэл гаргасан нь маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй байдалтай холбоотой гэж үзэхээр байна.

Зохигч нь бичгээр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний ард хариуцагч мөнгийг хүлээн авсан гэж тэмдэглэсэн байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хангахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг буруутгах боломжгүй юм. Харин зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар талууд эрс зөрүүтэй тайлбар гаргаж байгаа нөхцөлд дээрх бичмэл нотлох баримт нь бусад баримтаар давхар нотлогдсон тохиолдолд маргаантай харилцааны талаар эцэслэн дүгнэлт хийх хууль зүйн үндэслэл бүрдэх юм.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төрсөн дүү Б.Алтансүх, хариуцагчийн эхнэр Л.Батмөнх гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Шүүх гэрчүүдээс мэдүүлэг авахдаа тэдгээрийг хэргийн оролцогчтой ямар харилцаатай болохыг тодруулаагүйгээс гадна тэдгээрт өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан эрхийг тайлбарлаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7.-д заасан зохигчийн эхнэр, нөхрийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчээр мэдүүлгийг авч, гэрчийн эрх эдлүүлж, үүрэг хүлээлгэх журмыг зөрчсөн байна.

Нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх хуульд заасан журмын дагуу явуулаагүй тохиолдолд энэхүү нотлох баримтыг нотолгооны хэрэгсэл гэж үзэх, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй учир шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох бармт бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7., 168.3.-т зааснаар хуулийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх дутуу гүйцэтгэж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу болжээ. 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д зааснаар өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох эрхтэй ба нэхэмжлэгч Б.Д- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр төлөөлөгч оролцуулсаныг буруутгах үндэслэлгүй болно. Гагцхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргааны үйл баримтын талаар тодорхой мэдээлэлгүй, шүүхийн олон асуултад “мэдэхгүй” гэж хариулсан байгааг анхаарч, талуудын мэтгэлцэх эрх хангалттай хэрэгжиж буй эсэхийг зохицуулах шаардлагатай байна.

Эрх зүйн маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/03164 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 343 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 394 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН