Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/04635

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 11 03

101/ШШ2022/04635

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-гийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 77,085,723.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,741,627.00 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., өмгөөлөгч Х., нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:

 

Манай ээж Д.нь хариуцагч Т.ийн хүсэлтээр 2008 оноос эхлэн түүнд хүүтэй мөнгө зээлүүлэхээр цувуулж өгсөн нийт мөнгөн дүн 27,200 ам доллар болсон. Ингээд ээж маань хүүгийнхээ бизнест хөрөнгө оруулах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буцаан авах хүсэлтийг зээлдэгч Т.ид тавихад үүнийг хүлээн зөвшөөрч, үндсэн зээлийг 64,252,000.00 төгрөг, зээлийн хүүг 20.5 хувь байхаар тохирон нийт 7,929,943.00 төгрөг болохыг зөвшөөрч 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төлж барагдуулна гэсэн хэлцэл хийсэн.

 

Талуудын тохиролцсон ёсоор хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 36,400,000.00 төгрөгийг шилжүүлэх ёстой байснаас 5,250,000.00 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгөн дүнг 2018 оны шинэ жилийн хүүд тооцож 27,200 ам долларын үндсэн зээлийг болон зээлээс сар бүр 1.4 хувийн хүүтэй байхаар тохиролцоод төлбөр барагдуулах гэрээг хариуцагч Т.тай 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Тухайн гэрээ нь арван жилийн нэг ангид суралцаж байсны хувьд хариуцагчид итгэж зээлийн мөнгийг хэрхэн яаж захиран зарцуулахыг өөрт нь даатгаж байгуулсан иргэд хоорондын гэрээ юм.

 

Уг гэрээг байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,000,000.00 төгрөгийг зээлдэгчийн зүгээс нэхэмжлэгчийн дансанд шилжүүлснээс хойш төлбөр хийгдээгүй. Иймд, хариуцагчаас зээл 27,200 ам.доллар буюу 71,658,400.00 төгрөг, зээлийн хүүг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож 5,427,323.00 төгрөг, нийт 77,085,723.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Бид, хариуцагч Т.ид 2007 оны 12 дугаар сараас 2012 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 27,200 ам.долларыг зээлсэн болон түүний 94,827,350.00 төгрөгийг 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд буцаан төлсөн талаар маргахгүй. Гэвч эдгээр төлбөрүүд бол хариуцагчийн зүгээс зээлийн хүүнд төлсөн төлбөр гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний эхний хэсэг байхгүйгээс улбаалан зээлийн хүүг шууд хэлэх боломжгүй байгаа ч 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд өгсөн 20,000 ам.долларыг сарын 2.5 хувь, 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон 7,200 ам.долларыг сарын 3.5 хувийн хүүтэй тус тус зээлдүүлсэн. Үүнийг гэрээнд тодорхой тусгасан байхад хариуцагч нь дээрх гэрээг шүүхэд нотлох баримтаар өгөөгүй, харин нэхэмжлэгчид байхгүй, устаж алга болсон.

 

Гэвч хариуцагч Т.ийн төлбөр төлсөн баримтын утгыг сайтар үзвэл тэрээр өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг төлж байсан гэдгээ үүгээр зөвшөөрсөн. Түүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон хүмүүсийн мэдүүлгээс үзвэл хариуцагч нь зээлийг хүүтэй авсан гэдгийг нотлогддог. Хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн гарын үсэгтэй бэлэн мөнгө хүүтэй зээлэхээр хүлээн авсан тухай баримт, мөн эхний нүүр хэсэг нь байхгүй боловч хоёрдахь хэсэгт гарын үсэг зурагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-д тухайн зээлийг хүүтэй авсан гэдэг өгүүлбэр байгаагаас гадна 3,000 ам.доллар, 5,000 ам.долларыг 2.5 хувь, 7,200 ам.долларыг 2.5 хувьтай зээлсэн гэсэн тамгатай бичгээр үүнийг нотлох боломжтой юм.

 

Өөрөөр хэлбэл, 135 ам.доллар, 180 ам.доллар гэдэг нь зээлсэн мөнгөний 2.5 хувь болохыг үүгээр тогтоогдож байгаа тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Бид, хариуцагчаас 17,741,627.00 төгрөгийг илүү аваагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд тэр зээлийн хүү төлж байсан учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

Иймд, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 71,658,400.00 төгрөг, зээлийн хүү 5,427,323.00 төгрөг, нийт 77,085,723.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчид өгсөн ам.доллар болон буцаан төлсөн ам.долларын ханшийг албан ёсоор Монголбанкнаас авсан ба бид нар энэ талаар маргахгүй гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч нь анх 27,200 доллар буюу 64,252,000 төгрөгийн зээл, 7,929,043.00 төгрөгийн хүү төлөх ёстой гэдэг. Гэвч нэхэмжлэлд 77,085,723 төгрөг дээр улсын тэмдэгтийн хураамж 543,371.62 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэснийг хариуцагч нь огт зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэлд дурдсан сарын 3.5 хувь болон 2.5 хувь гэж хүүтэй мөнгө зээлээгүй, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1.4 хувийн хүүтэй гэрээ байгуулсан гээд олон зөрүүтэй зүйлийг хэлдэг боловч 27,200 долларыг 1.4 хувийн хүүтэй гэсэн гэрээнээс өөр гэрээ хэрэгт огт байхгүй.

 

Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг сарын 2.5 болон 3.5 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэж талууд тохирсон баримт хэрэгт авагдаагүй, харин хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн ба тооцоо гаргахад төлөх ёстойгоосоо илүү төлсөн байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгчид илүү төлсөн 17,741,627.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Бид, өнгөрсөн хугацаанд буюу 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид 94,827,350.00 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 71,658,400.00 төгрөгийг хасахад 17,741,627.00 төгрөгийг илүү төлсөн байна.

 

Хариуцагч Т. нь нэхэмжлэгч гаас 27,200 ам.долларыг зээлсэн үйл баримтын талаар маргадаггүй ба 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүүгүй зээлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь 94,827,350.00 төгрөгийг авчихаад нэмж 71,658,400.00 төгрөгийг шаардаж байгаа нь түүнд 150,000,000.00 гаруй төгрөгийг төлөх ёстой гэж маргаж байгааг зөвшөөрөхгүй.

 

Нэхэмжлэгч , хариуцагч Т. нар 1 дүгээр ангиасаа хамт суралцаж төгссөн, багын найзууд тул итгэлцлийн үндсэн дээр тулгуурлан хариуцагч Т. нь эрхэлж байсан бизнестээ хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор нэхэмжлэгч гаас 2007 оноос эхлэн 2012 хүртэл 7 удаагийн гүйлгээгээр 27,200 ам долларыг зээлэн авч, уг мөнгийг буцаан төлөхөөр амаар тохиролцсон. Хэрэгт авагдсан баримтуудыг шүүж үзэхэд нийт 123 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч гийн ХХК дахь , тоот төгрөгийн данс, мөн тоот ам.долларын данс болон хүү гийн эзэмшдэг ХХК дахь тоот картын дугаараар нь юаниар тус тус орлогын гүйлгээ хийсэн.

 

Үүнийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрдөг бөгөөд нийт 94,827,350.00 төгрөгийг хариуцагч Т., мөн Г., Д., Л. гэх хүмүүсээс гадна ХХК-ийн нэрээр төлсөн. Түүнчлэн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар нэхэмжлэгч гийн хүсэлтийн дагуу түүнийг ХХК-нд хуулийн зөвлөхөөр ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мэтээр хамруулахаар компанийн зүгээс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд нийгмийн даатгалын шимтгэлд 1,322,220.00 төгрөгийг тушааж, зээлээсээ хасаж байсан.

 

Гэтэл нэхэмжлэгч Д.нь аман тохиролцооноосоо буцаж зээлсэн мөнгөө хүүгийн хамт нэхэж эхэлсэн ба тухайн үед 90,000,000.00 гаруй төгрөг өгсөн байсан бөгөөд компани сүлжээний халдлагад өртөгдөж, санхүүгийн алдагдал хүлээсэн, дээрээс нь санхүүгийн хямралаас болж ашиг, орлого муудсан, дахиж мөнгө өгч чадахгүй гэхэд хүү гийн хамт ажил дээр нь олон удаа ирж, улмаар хэрүүл маргаан үүсгэж, ажлаа хэвийн явуулахад нь саад учруулж дарамталсаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах тухайн гэрээ гэх баримтад гарын үсэг зуруулж Т.ид гэрээнийхээ нэг хувийг ч өгөлгүй авч явсан.

 

Тус гэрээнд сарын 1.4 хувийн хүү төлөх тухай тусгагдаагүй байдаг. Хариуцагч нь зээлийн асуудлаар нэхэмжлэгчтэй амаар тохиролцсон ба бидний тооцоолсноор 94,827,350.00 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 77,085,723 төгрөгийг нийт төлсөн дүнгээс хасахад 17,741,627 төгрөгийг илүү төлсөн байх тул илүү төлсөн мөнгөө буцааж авах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.            2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ,

2.            гийн иргэний үнэмлэхний хуулбар,

3.            Бэлэн мөнгө хүүтэй зээлэхээр хүлээн авсан баримт гэх гар бичвэр,

4.            д зээл төлөх хуваарь,

5.            Зээлийн гэрээ,

6.            ХХК, ХХК, ХХК-иар дамжуулан хийсэн орлогын мэдүүлгийн баримтууд,

7.            2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 45/А019 тоот дугаартай Престиж пүүд ХХК-иас ХХК-нд гаргасан хүсэлт,

8.            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б7 тоот дүгнэлт,

9.            2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ХХК-иас ирүүлсэн гийн тоот депозит дансны хуулга,

10.         2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл,

11.         2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрч Г., Л., Д. нарын мэдүүлэг,

12.         Монголбанкны ханшийн мэдээ

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч гаас хариуцагч Т.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77,085,723.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн төлбөрт илүү төлсөн гэсэн үндэслэлээр 17,741,627.00 төгрөгийг шаардсан сөрөг нэхэмжлэл гаргажээ /1-р х.х-ийн 66-68, 175 хуудас/.

 

Зохигч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Т.тай төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хариуцагчийн урьд өмнө нэхэмжлэгчээс зээлсэн 27,000.00 ам.долларыг сарын 1.4 хувийн хүүтэйгээр 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна /1-р х.х-ийн 3 хуудас/.

 

Хэдийгээр тухайн гэрээнд ХХК-ийн тэмдэг дарагдсан байгаа ч энэхүү гэрээг нэхэмжлэгч , хариуцагч Т. нар байгуулсан үйл баримтын талаар маргаагүй, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 57 тоот дүгнэлтээр хариуцагч Т.ийн гарын үсгийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээ дэх гарын үсгийн загвартай нийцэж байна гэсэн /1-р х.х-ийн 49-51 хуудас/.

 

Иймд, зохигчид дээр дурдсан үйл баримтаар талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний төлбөрийг барагдуулахтай холбоотой гэрээ байгуулагдсан эсэхийг тухайлан дүгнэх шаардлагагүй юм.

 

2.            Гэвч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д.нь хариуцагч Т.ид 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2,200 ам.долларыг 1,171.8 төгрөгөөр тооцож 2,577,690.00 төгрөг, 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3,800 ам.долларыг 1,171.3 төгрөгөөр тооцож 4,450,940.00 төгрөг, 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1,200 ам.долларыг 1,429.17 төгрөгөөр тооцож 1,715,004.00 төгрөг, 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3,000 ам.долларыг 1,327.59 төгрөгөөр тооцож 3,982,770.00 төгрөг, 2011 оны 11 дүгээр сард 4,000 ам.долларыг 1,350.31 төгрөгөөр тооцож 5,401,240.00 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 5,800 ам.долларыг 1,368.21 төгрөгөөр тооцож 7,935,618.00 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 7,200 ам.долларыг 1,392.01 төгрөгөөр тооцож 10,023,120.00 төгрөг, нийт 27,200 ам.доллар буюу 36,086,652.00 төгрөгийг өгсөн байна.

 

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэгч гийн дансны хуулга, Монгол банкны ханшийн мэдээ, зохигч нарын өгсөн тооцооллоос тус тус үзвэл хариуцагч Т. нь 27.200 ам.долларын зээлийг авсан болох нь тогтоогдож байна. Иймд, зохигч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв /2-р х.х-ийн 98-220 хуудас/.

 

3.            Гэтэл нэхэмжлэгч Д.нь хариуцагч Т.тай 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулахаас өмнө түүнд 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд өгсөн 20,000 ам.долларыг сарын 2.5 хувь, 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон 7,200 ам.долларыг сарын 3.5 хувийн хүүтэй тус тус зээлдүүлсэн гэснийг хариуцагчийн зүгээс үл хүлээн зөвшөөрч, талууд хүүгийн талаар тохиролцоогүй байсан гэж маргасан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн 282.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заажээ. Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол талууд зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон бол гэрээг заавал бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.

 

Энэхүү бичгээр гэдэг ойлголтод мэдээллийг тэмдэглэсэн цаасан болон харилцаа холбооны арга хэлбэр хамаарах бөгөөд нөхөн хуулбарлах боломжтой байхыг ойлгодог. Гэвч зохигч нар 20,000 ам.долларыг сарын 2.5 хувь, 7,200 ам.долларыг сарын 3.5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон талаар бичгээр гэрээ байгуулаагүй ба харин нэхэмжлэгч нь 1 дүгээр хавтаст хэргийн 191 дүгээр талд авагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг үндэслэн зээлийг хүүтэй байхаар тохирсон гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч , хариуцагч Т. нар зээлдүүлэгч, зээлдэгч гэсэн нэр хэсэгтэй баримт бичигт гарын үсэг зуржээ. Гэтэл тухайн баримт бичиг нь хэрэгт бүтэн байхгүйгээс улбаалан агуулгыг нь бүрэн тогтоох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, тус гэрээг хэзээ, хаана, хэн, хэний хооронд байгуулсан болох нь тодорхойгүй, хэдийгээр зээлдүүлэгч , зээлдэгч Т. гэсэн байгаа ч ХХК-ийн тэмдэг дарагдсан, мөн хэдэн төгрөгийг хэдэн хувийн хүүтэйгээр ямар хугацаагаар зээлэхээр тохиролцсон эсэх нь тодорхойгүй байх тул гэрээний гол нөхцөлийг ийнхүү гагцхүү нэг талын тайлбарыг үндэслэн тогтоох нь учир дутагдалтай байна /1-р х.х-ийн 191 хуудас/.

 

Учир нь, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж зааснаар зээлийн хүү нь гэрээний үнэ болохын хувьд гэрээний гол нөхцөлд тооцогдох тул заавал талуудын хүсэл зоригт тулгуурласан байх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар нэхэмжлэгч , хариуцагч Т. нар 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд өгсөн 20,000 ам.долларыг сарын 2.5 хувь, 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон 7,200 ам.долларыг сарын 3.5 хувийн хүүтэй байхаар тус тус тохиролцсон бол тэдгээрийн хүсэл зориг нэгдэж, бичгийн хэлбэрт тусгагдах ёстой юм.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн эдгээр баримтаар нэхэмжлэгч , хариуцагч Т. нарыг 20,000 ам.долларыг сарын 2.5 хувь, 7,200 ам.долларыг сарын 3.5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон болохыг тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно гэж заасны дагуу үүнийг гэрчээр нотлох эрхээ алдах боловч өөр баримтаар нотлох үүргийг хүлээнэ.

 

4.            Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд үүнд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан, хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн, цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан цахим гарын үсэг зурсан зэрэг хэлбэрийг багтаасан байна.

 

Өөрөөр хэлбэл, бичгээр гэдэгт мэдээллийг тэмдэглэсэн зүйлийг нөхөн хуулбарлах боломжтой байх шаардлагын үүднээс зохигч нар дээр дурдсан хэлбэрээс аль нэгийг нь зохих ёсоор хэрэгжүүлсэн тохиолдолд тэдгээрийг бичгээр хийх хэлцлийн хэлбэрийг хангасан гэж үзэж болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Т. нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч гаас 26,400 ам.долларыг хүүтэй зээлсэн гэсэн бичиг баримт, мөн сар бүрийн 06-ны өдөр 135 ам.доллар, 19-ний өдөр 180 ам.доллар, 135 ам.долларыг 1,436 төгрөгөөр тооцож 194,000 төгрөг өгөв гэсэн бичиг баримтыг үйлдсэн бол 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нийт 13,000 ам.доллар дээр 4,000 ам.долларыг нэмж сарын 2.5 хувийн хүүтэй зээлдүүллээ, үүнээс 4,000 ам.долларыг буцааж авав гэсэн тэмдэглэл бүхий бичиг баримтыг тус тус үйлджээ /1-р х.х-ийн 186, 194 хуудас/.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, түүнчлэн 198.2Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж, түүнчлэн 198.4Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, 1 дүгээр хавтаст хэргийн 186, 194 дүгээр талд авагдсан бичиг баримтуудаар хариуцагч Т.ийг нэхэмжлэгч гаас 20,000 ам.долларыг сарын 2.5 хувь, 7,200 ам.долларыг сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн гэсэн маргаан бүхий үйл баримтыг бичвэрийн үгийн утга, бусад нөхцөлийг харьцуулах, гэрээний агуулгад тохирсон утга санаагаар тайлбарлан тогтоох боломжтой юм.

 

Гэтэл тус бичиг баримтуудаар зохигч нарыг зээлийг хүүтэй байхаар тохирсон гэж шууд дүгнэх боломжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь 7,200 ам.долларыг сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн гэсэн боловч 1 дүгээр хавтас хэргийн 194 дэх талд авагдсан баримтыг үзвэл 2.5 хувь гэдэг нь 5,000 ам.доллар, 3,000 ам.доллараас гадна 7,200 ам.долларт хамаатай эсэх, энэ нь 1 /нэг/ сарын, аль эсхүл 1 /нэг/ жилийн хүү эсэх, мөн сар бүрийн 06, 09-ний өдөр 135 болон 180 ам.доллар гэдэг нь хүү эсэх, хэдийгээр 7,200 ам.долларын 2.5 хувь нь 180 ам.доллар мөн боловч зөвхөн 5,000 ам.доллар, 3,000 ам.доллар болон 7,200 ам.долларт хамаарч байгаа буюу бусад зээл /27,200 ам.доллар/-д хамаарах эсэх, уг 13,000 ам.доллар дээр 4,000 ам.долларыг нэмж сарын 2.5 хувийн хүүтэйгээр ХХК-ийн Т.ид зээлдүүллээ, 4,000 ам.долларыг буцаан авах гэсэн нь иргэн-хуулийн этгээд нарын хооронд тусдаа 17,000 ам.долларын зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, үүнээс 4,000 ам.долларыг буцааж авав гэсэн нь хариуцагч Т.ийн нэхэмжлэгч гаас зээлсэн 27,200 ам.долларын зээлээс хасагдах эсэх зэрэг нөхцөл байдлыг бүрэн тодруулах боломжгүй байна.

 

Үүнээс гадна 1 дүгээр хавтаст хэргийн 186, 194 дүгээр талд авагдсан баримтууд нь нэг талын илэрхийлсэн гол нөхцөл нь ойлгомжгүй хүсэл зориг байх тул үүнийг нөгөө тал зөвшөөрсөн гэж шууд үзэх, мөн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө гэж зааснаар талууд зээлийн хүүг төлөх хугацааг ойлгомжтой тодорхой тохирсон эсэх буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулах хүртэл хариуцагч Т. нь 20,000 ам.долларт сарын 2.5 хувь, 7,200 ам.долларыг сарын 3.5 хувийн хүү төлсөөр байхыг зөвшөөрсөн эсэх нь тус тус тодорхой бус байна.

 

Түүнчлэн зохигч нарын байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.1 дэх хэсэгт заасныг хариуцагчийн урьд өмнө зээлсэн мөнгийг 27,200 ам.доллар гэж бичээд харин үүнд урьд өмнө нь хүү төлөх ёстой, төлж байсан талаар тодорхой дурдаагүй байх тул талуудыг тухайн гэрээг байгуулах үед хүүгийн харилцаа байсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

5.            Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж, мөн 43 дугаар зүйлийн 43.3Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж тус тус заасан. Энэ нь хожим талуудын хооронд маргаан гарах нөхцөлгүйгээр хэлцлийн гол нөхцөл нь нөгөө талдаа ойлгомжтой тодорхой илэрхийлэгдэж, улмаар хүлээн авсан тал хариу зөвшөөрсөн үйлдэл хийхэд хамаарах бөгөөд харин гэрээ, хэлцлийн гол нөхцөл, эсхүл түүнийг тодорхойлох арга журам тодорхой бус байх тохиолдолд талуудын хүсэл зоригийг үйлдэл, эс үйлдэхүйгээр нэгдсэн гэж тайлбарлахгүй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Т. нь нэхэмжлэгч д 94,827,350.00 төгрөгийг 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн ажээ /1-р х.х-ийн 76-169 хуудас/.

 

Энэ талаар зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаагүй боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн төлбөрүүдээс 3-4 удаагийн гүйлгээний утгад зээлийн хүү гэж бичсэн нь зээлийг хүүтэй байхаар тохиролцсон гэж маргасан. Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх төлбөрийн баримтуудад зээлийн хүүгийн хэмжээ нь тодорхойгүй, чухам ямар хугацааны, аль зээлэнд хэдэн төгрөгийн хүү тооцон төлж байгаа нь ойлгомжгүй байх тул хариуцагч Т.ийг өөрийн үйлдлээр зээлийг хүүтэй байхаар хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иймд, зохигч нар 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд зээлсэн 27,200 ам.долларыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулах хүртэлх хуцагаанд сарын 2.5 болон 3.5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно гэж зааснаар хүүгийн талаар тохиролцсон гэж үзэхгүй.

 

6.            Нэхэмжлэгч Д.нь хариуцагч Т.ид холбогдуулан үндсэн зээл 27,200 ам.доллар буюу 71,658,400.00 төгрөг, зээлийн хүүг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож 5,427,323.00 төгрөг, нийт 77,085,723.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Харин хариуцагч Т. нь үндсэн зээлийн үлдэгдэл 71,658,400.00 төгрөг, зээлийн хүү 5,427,323.00 төгрөгийг тус тус төлөх ёстой гэж хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгчид урьд өмнө төлсөн 94,827,350.00 төгрөгөөс нэхэмжилсэн 77,085,723.00 төгрөгийг хасаад илүү 17,741,627.00 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардсан.

 

Зүй нь, нэхэмжлэгч Д.болон хариуцагч Т. нар 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд зээлсэн 27,200 ам.долларыг хүүтэй байхаар харилцан тохиролцоогүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 36,086,652.00 төгрөгийг зээлээд төлбөр барагдуулах гэрээ байгуулахаас өмнө нь 94,827,350.00 төгрөгийг буцаан төлсөн байх тул зээлийн гэрээний үлдэгдэл гэх ойлголт байхгүй, зохигч нарыг төлбөр барагдуулах гэрээг байгуулахаас өмнө хариуцагч нь зээлийг буцаан төлсөн тул нэхэмжлэгч нь зээл болон зээлийн хүү шаардах эрхгүй юм.

 

Гэвч хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг үндэслэн зээлийн үлдэгдлийг 27,200 ам.доллар буюу 71,658,400.00 төгрөг, мөн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны хүү 5,427,323.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид төлсөн 94,827,350.00 төгрөгөөс илүү төлсөн зөрүү мөнгийг буцаан нэхэмжилж байна.

 

Энэ тохиолдолд шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж, мөн 26 дугаар зүйлийн 26.3-т ................Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус зааснаар хариуцагч нь төлбөр барагдуулах гэрээнээс өмнө нь зээлийг бүрэн төлсөн тул нэхэмжлэгчид хүү шаардах эрх байхгүй гэж дүгнэх эрхгүй бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх журамтай.

 

7.            Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заажээ. Тайлбарлавал, иргэний эрх зүйн субъектуудын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулах замаар, аль эсхүл хуульд заасан үндэслэл бий болсноор иргэний эрх зүйн харилцаа үүсэх ба нэхэмжлэгч , хариуцагч Т. нарын хооронд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан.

 

Гэвч хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн дүгнэвэл тэрээр нэхэмжлэгчид нийт 77,085,723.00 төгрөгийг төлөх ёстойгоос 94,827,350.00 төгрөгийг төлж, илүү 17,741,627.00 төгрөгийг төлсөн нь гэрээ, аль эсхүл хуульд заасан үндэслэлээр үүссэн буюу нэхэмжлэгчид төлбөл зохих үүрэг биш, хариуцагч нь анхнаасаа 94,827,350.00 төгрөгийг төлөх хүсэл зоригийг илэрхийлээгүй, харин 77,085,723.00 төгрөгийг төлөх ёстой байсан гэж зөвшөөрч байх тул хариуцагчийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй-ээр 17,741,627.00 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзнэ.

 

Үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492 дугаар зүйлийн 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан.

 

Тодруулбал, энэ тохиолдолд хариуцагч Т.ийг үүрэг байхгүй байхад нэхэмжлэгч д 17,741,627.00 төгрөгийг төлсөн гэж үзэх ба хэрэгт авагдсан баримт, зохигч нарын тайлбараар тус мөнгийг нэхэмжлэгчид үлдээх зөвтгөх буюу хууль зүйн үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид буцаан төлөх үүрэгтэй болно.

 

Энэ талаар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тодорхой заажээ. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч гийн гаргасан хариуцагч Т.ид холбогдох 77,085,723.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Нарантуяагаас 17,741,627.00 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.ид олгосугай.

 

3.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,378. 62 төгрөг, хариуцагчийн төлсөн 246,660.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 246,660.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР