Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1613

 

 

Ц.Б- н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01226 дугаар шийдвэртэй, Ц.Б нэхэмжлэлтэй, хариуцагч В.О холбогдох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.С оролцсон, зээлийн гэрээний үүрэгт 99 018 975 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

гуравдагч этгээд П.С-с гаргасан 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ц.Б, В.О нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан БГ2017/04/03 барьцааны гэрээний дээрх итгэмжлэлийг үндэслэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Т-гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.С, түүний өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Ц.Б би 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ2017/04/03 зээлийн болон БГ2017/04/03 барьцааны гэрээ байгуулж, хариуцагч В.О-д 380 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч зээлийн төлбөрийг хугацаандаа төлж байгаагүй, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Иймд зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 68 468 400 төгрөг гаргуулах, Ү-2202023654 эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоот 62.92 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулах нэхэмжлэл анх шүүхэд гаргасан.

Гэрээний хугацаа дуусахад хариуцагч 149 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10 сарын хугацаатай сунгаж, үндсэн зээл 54 244 194 төгрөг, хүү 23 691 000 төгрөг төлсөн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 сарын хугацаатай гэрээг сунгасан ба үндсэн төлбөрт 285 244 194 төгрөг, хүү 89 523 333 төгрөг төлж барьцааны 3 хөрөнгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сулласан. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 94 755 000 төгрөг, хүүд 4 263 975 төгрөг, нийт 99 018 975 төгрөгийн өртэй байгаа. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЗНГ2017/04/03 дугаар зээлийн гэрээг цуцалж, 99 018 975 төгрөг гаргуулах, уг үүргийг Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааганы гудамж, 63а-71 тоот 62,92 м.кв, БГ2017/04/03 тоот гэрээгээр барьцаалсан, 66 500 000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Нэхэмжлэлээс Баянзүрх дүүргийн 48 байрны 17 тоот 30 м.кв байраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзан багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч В.О тайлбартаа: Иргэн Ц.Б-с 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 8 сарын хугацаатай зээл авсан. Уг нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоот 62.92 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулахад татгалзах зүйлгүй. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл зээлдэгч тал ямар нэг төлбөр, зээлийн хүү, үндсэн зээлээс төлж чадаагүй. Хариуцагчийн хувьд Ц.Б-тэй танил, П.С-н дүү  Н.Л зээл авмаар байна гэж зээл олгогчид хандаж, В.О нь Н.Л-г  Ц.Б-тэй уулзуулсан. Энэ хүнд зээл өгчих, барьцаа хөрөнгөтэй гэхэд би зээл өгөхгүй, харин чи өөрөө авбал ав гэсэн. Үүний дагуу В.О  Ц.Б-с зээл авсан.

Зээл авахдаа Н.Л өөрийн ах П.С орон сууцыг барьцаанд тавихаар В.О-д итгэмжлэл олгож зээл авхуулсан. Зээлийн үлдсэн төлбөр нь П.С-н байранд ногдох хэсэг үлдэж байгаа. Бусад зээлүүд төлөгдөж, барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөн. В.О-гийн хувьд хоёр хүний дунд хохирч үлдэж байгаа. Нөгөө талаас харвал П.С өөрийн дүү Н.Л нийлж В.О-г мэхлэх гээд байна уу гэж харагдаж байна. Анх өөрсдөө зөвшөөрч байраа барьцаанд тавьж, мөнгийг П.С-ийн дүү Н.Л нь хэрэглэсэн, одоо Н.Л зээлээ төлж чадахгүй болонгуут хуурамч итгэмжлэл гэх зүйл яриад байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлага болон тайлбартаа: Нэхэмжлэгч шаардлагаа тодруулан, нэмэгдүүлж байгаагаас үзэхэд тодорхой хэмжээний зөрүү гардаг. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар В.О-гоос Ц.Б-д төлсөн зээлийн эргэн төлөлтийн нөхцөл байдлыг харахад 391 545 195 төгрөг төлсөн, нэхэмжлэгч, хариуцагч нар П.С-ийн орон сууцтай холбоотой авсан, өгсөн мөнгөний асуудалд маргахгүй байгаа. Шүүхэд нэмэлтээр гаргасан нотлох баримтаас харвал, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Нэмэлтээр байгуулсан гэрээнд барьцааны 2 хөрөнгийг нэмж бичээд, зөвхөн П.С-ийн орон сууцыг үлдээж байна. Нэхэмжлэгч яагаад зөвхөн П.С-ийн орон сууцыг шаардаад байна. Зээлийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 сарын хугацаатай сунгасан. Зээлийн гэрээнээс харахад 9 сар үндсэн зээлээс чөлөөлсөн байх хүүгийн асуудал яригдана. Нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 94 755 000 төгрөгийн шаардлага гаргахдаа сүүлд байгуулсан гэрээг үндэслэсэн атлаа нэхэмжлэлдээ 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байгуулсан гэрээгээ цуцлах гээд байгаа юм шиг ойлгомжгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг цуцлах гэж байна уу, эсхүл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээг цуцлах гэж байна уу, гэрээ цуцлах үндэслэл ойлгомжгүй, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, нотлох баримтууд илэрхий зөрүүтэй байна.

Бие даасан шаардлагын тухайд, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр миний хүү С.М  “АЭ ББСБ” ХХК-иас 4 500 000 төгрөгийн зээл авч, барьцаанд маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааган гудамж, 63а-71 тоот орон сууцыг тавьж, П.С миний бие хамтран зээлдэгчээр орсон. Гэрээний хугацаа дуусахад бид зээлээ төлж чадаагүйн улмаас хамаатан А.Л-д хандаж түр хугацаагаар мөнгө зээлэх арга байна уу гэхэд, тэрээр надад мөнгө байхгүй харин таныг мөнгө зээлдэг хүнтэй танилцуулъя гээд В.О дээр дагуулж очсон. В.О нь банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг байсан, би өөрийн төрөлдөө итгэж В.О-гоор  ББСБ-аас авсан зээлийн 4 816 665 төгрөгийг зээлж ихэд баярлаж байсан юм.

В.О нь, би танд зээлж өгсөн учраас та надад байрныхаа гэрчилгээг үлдээх ёстой, таны надад төлөх мөнгийг А.Л бид хоёр хоорондоо тохиролцоод зохицуулчихна гэсэн. Би ойлгохдоо хамаатан А.Л мөнгөтэй болонгуутаа В.О-д миний зээлсэн 4 816 665 төгрөгийг төлөх, тэр болтол зээлийн барьцаанд байраа үлдээж байгаа юм байна гэж бодоод түүнд итгэсэн. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр В.О нь С.М-ын зээлийг гар утаснаасаа төлөнгүүт намайг ажлынхаа хажууд байдаг нотариат руу дагуулж ороод “таны байрыг зээлсэн мөнгөний оронд авч үлдэж байгаа гэсэн баримт хийлгэж нотариатаар батлуулах хэрэгтэй” гэсэн. Дараа нь намайг нэг цаасан дээр гарын үсэг зурчих гэж хэлсэн, юу бичигдсэн байсныг уншилгүй баярласандаа шууд л гарын үсэг зурчихсан.

В.О-д байраа барьцаанд тавьж байна гэж бодоод итгэмжлэл хийж өгсөн байснаа сүүлд шүүхэд гуравдагч этгээдээр татагдахдаа ойлгож мэдсэн. Итгэмжлэл хийсний дараа 2017 оны 4 дүгээр сарын 10-нд тэрээр миний байрыг барьцаанд тавьж Ц.Б-с зээл авсан байжээ. Миний хувьд Ц.Б гэдэг хүнийг огт танихгүй, түүнээс нэг төгрөг ч зээлж аваагүй, В.О-гийн авсан зээлээс ч мөнгө аваагүй бөгөөд В.О-д итгэмжлэл хийж өгсөн нь түүнд баярлан хамаатандаа итгэж байраа барьцаанд тавьж байна гэж андууран ноцтой төөрөгдсөн байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж заасны дагуу В.О-д захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэл өгөхдөө байраа барьцаанд тавьж байна гэж ойлгосон учраас уг итгэмжлэл ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн П.С-с  В.О-д Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааган гудамж, 63а байр, 71 тоот орон сууцыг зээлийн барьцаанд тавиулах эрх олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож, түүнийг үндэслэн хийгдсэн зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б нь В.О-д олгосон итгэмжлэлийн дагуу зээл, барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг Иргэний хуулийн үл хөдлөх эд хөрөнгө болон барьцааны тухай заалтад нийцүүлэн барьцаанд авч Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Итгэмжлэл хуульд заасан худалдах, бэлэглэх, барьцаалах зэрэг бүх шаардлага, хэлбэрийг хангасан байсан. Төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгосон байсан учир бид үүнийг үндэслэж барьцаанд авсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд Хэлцэл гэдэг нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэжээ. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухай, төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан. Нэгэнт бичгээр олгосон итгэмжлэлийн дагуу барьцаа хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр барьцаалсан. Хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Итгэмжлэлд Ц.Б ямар нэгэн байдлаар оролцоогүй ч түүний эрх ашиг хөндөгдөж байна. Нэхэмжлэгчээс хариуцагч В.О-д зээлийн гэрээний дагуу мөнгө зээлүүлсэн. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэгт зааснаар барьцааны эд хөрөнгө нь бусдын эд хөрөнгө байж болно гэжээ. Барьцааны зүйл бусдын эд хөрөнгө байгаа тохиолдолд түүнийг захиран зарцуулах эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр тодорхой үйлдэл хийх эрхийг олж авсан байхыг шаарддаг. Үүнээс үзвэл В.О нь П.С-с хуульд заасны дагуу байрыг захиран зарцуулах, худалдах, арилжих, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээний барьцааны барьцаалбарт гарын үсэг зурах эрхийг бүрэн олгож, уг итгэмжлэл нэг жилийн хугацаанд хүчинтэй байхаар зааж, агуулгыг уншиж танилцуулан, үр дагаварыг ойлгон, бусдын шахалт дарамтгүйгээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж нотариатын тамга тэмдэгтэй, хуульд заасан төлөөлөх бүрэн эрхийг хангасан байсан учраас хууль зүйн хувьд үнэн зөв. Иймд уг итгэмжлэлийг үндэслэсэн барьцааны гэрээ мөн адил хуулийн хүчин төгөлдөр.

Талуудын хооронд төөрөгдөж, хууртсан гэх зүйлийг Ц.Б мэдэх боломжгүй. Ноцтой төөрөгдөл гэдгийг хоёр төрлөөр авч үздэг. 1. утга санааны хувьд төөрөгдсөн. Энэ нь харь үг хэллэг хэрэглэх, мэргэжлийн үг хэллэг агуулсан байхыг шаардана. Гэтэл итгэмжлэлд харь үг, мэргэжлийн үг хэллэг хэрэглээгүй. 2. агуулгын хувьд төөрөгдсөн. Энэ нь хүсэл зоригоо илэрхийлэгчид уншиж танилцуулахгүй, шууд гарын үсэг зуруулсан эсхүл буруу утга санаанд ташаарч ойлгон гарын үсэг зурсан байхыг ойлгодог.

Гэтэл итгэмжлэлд нотариатч энэхүү үйлдлийг хэн нэгний дарамт шахалтгүй үйлдсэн болохыг тайлбарлаж өгөөд, дор нь бичгээр үйлдсэн байна. Нотариатч, хувь хүн хоёрын хооронд болсон үйл явдлыг гуравдагч этгээд тайлбарлаж өгөөгүй гэдэг боловч нотлох баримтгүй. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д зааснаар үйлчлүүлэгчид эрх үүргийг тайлбарлан, өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулж байгаа эсэхийг тодруулан хууль, эрхзүйн үр дагаврыг тайлбарлан зөвлөгөө өгөх нь нотариатчийн үүрэг бөгөөд  нотариатч итгэмжлэл хийсэн. Уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол нотариатчийн үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хохиролтой гэж үзвэл нотариатын буруутай үйлдлийн улмаас хохирол учруулж, үүнийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй боловч ийм зүйл байхгүй. Нэхэмжлэгч хүчин төгөлдөр итгэмжлэлд үндэслэн барьцааны гэрээ байгуулсан, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэргүй учраас түүнийг хүчин төгөлдөр итгэмжлэлээр хийсэн гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч тал гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд төөрөгдсөн, барьцаанд тавьсан гэж ойлгосон гэжээ. Анх банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байж байгаад Н.Л, Н.О хоёроор чөлөөлүүлж авсан үйл явдал болсон. Барьцаанд эд хөрөнгө тавихад ямар үйл явдал болдог талаар П.С мэднэ, дахиад барьцаанд авч байгаа, итгэмжлэл өгч байгаа талаар бичиг үсэг тайлагдсан хүн уншаад гарын үсэг зурсан байх ба хуурч мэхэлсэн үйлдэл огт байхгүй. Дээрх тайлбаруудаас харахад энэхүү үйлдэлд хариуцагчийг буруутгах зорилготой юм шиг харагдаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч В.О-с 68 140 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 878 642 төгрөгт холбогдох хэсгийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр П.С-с В.О-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, дээрх итгэмжлэлийг үндэслэж хийгдсэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний С.С-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2202023654 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгож, барьцаанаас чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 881 195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 412 541 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох 498 651 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс 140 400 төгрөг гаргуулж П.С-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 30 878 642 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухайд, зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээ 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон байхад талууд 2018 оны 01 дүгээр сарын 22, мөн оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулсныг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үргэлжлэл гэх үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд зээлдүүлэгч хүү шаардах эрхээ алдахаар зохицуулсан тул гэрээний хугацааг талууд сунгаагүй тохиолдолд нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон боловч талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгаж, үүнийг “Нэмэлт гэрээ” гэх нэрийдлээр 2018 оны 01 дүгээр сарын 22, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бичгээр байгуулсан байдаг.

Энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дах хэсэгт зааснаар энэ хуулийн ...56.1.8 дах хэсэгт заасан буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэснийг төсөөтэй хэрэглэх боломжтой. Хариуцагч В.О 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 22, 12 дугаар сарын 06-ны өдөр сунгасныг болон нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөөр байхад шүүх талуудын хүсэл зоригийг харгалзах иргэний эрх зүйн диспозитив зарчмыг ноцтой зөрчиж, нэхэмжлэлээс 30 878 642 төгрөг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон.

Зээлийн гэрээний 1.3-т нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс 0.4 хувиар тооцохоор заасан нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй харин банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн зохицуулалт тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь талуудын гэрээний эрх зүйн чөлөөт байдлыг зөрчиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэл, тайлбараар нэмэгдүүлсэн хүү 0.4 хувийг хариуцагч хугацаандаа зээлээ төлбөл сарын 2 хувиар, хугацаандаа төлөөгүй бол сарын 2.4 хувийн хүү тохирсон талаар тодруулсан, хүүгийн ийм тохиролцоо ч байх боломжтой.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд, шүүх итгэмжлэлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн буюу ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ийнхүү дүгнэхдээ “АЭ ББСБ” ХХК-ийн “ХБ” ХХК дах депозит дансны хуулгаар /хх 29/ хариуцагч В.О нь С.М-ын зээлийг хааж, нийт 4 816 665 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байх тул П.С-ийн “..миний бие зээлээ төлүүлсний хариуд В.О-д итгэмжлэл өгч, байраа барьцаанд тавьж байна гэж ойлгосон” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчиж, бусад нотлох баримтууд, хэлцэл хийгч П.С, В.О нарын тухайн үеийн үг, үйлдэл, хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй, зөвхөн гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөнд гомдолтой байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан агуулгын төөрөгдөл нь хүсэл зоригоо илэрхийлэгч хэлсэн үгийнхээ жинхэнэ бодит агуулгын талаар төөрөгдөхийг хэлэх бөгөөд гуравдагч этгээд гэрч А.Л-тэй хамтран өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн захиран зарцуулах, барьцаалах эрхийг В.О-д олгосон, А.Л нь В.О-с зээлсэн мөнгөнөөс П.С-ийн өр төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, энэ нь гэрч А.Л-ийн “таны барьцаа хөрөнгө байгаа учраас та барьцаагаа надад ашиглуулчих, би таны барьцааг тавьж зээл аваад төлж өгье, өөр газраас авсан зээлээ төлөхдөө 5 000 000 төгрөгийн зээлтэй хамт би өөрөө төлнө, тусалсны хариуд байрыг чинь барьцаанд тавьж ашиглая гэж ярилцаж итгэмжлэл хийж авсан, хоорондоо харилцан тусалсан...” гэх мэдүүлэг /хх42-43/, итгэмжлэлийн агуулгаар тодорхойлогдоно.

П.С В.О-с зөвхөн 4 816 665 төгрөгийн зээлээ төлүүлсэн, үүнд барьцаалж байна гэж ойлгосон талаар тайлбарлах ч үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд ашиглуулах анхны тохиролцоо А.Л, П.С нарын хооронд болсон. Үүнийг гэрч А.Л мэдүүлдэг ба гуравдагч этгээд ч “...би хамаатандаа итгэсэн..” гэж удаа дараа мэдүүлсэн. П.С өөрийнх нь орон сууцыг А.Л В.О-д барьцаалах эрхийг олгох замаар 4 816 665 төгрөгөөс илүү хэмжээний мөнгө авсан, уг мөнгөнөөс дээрх зээлийг төлсөн талаар хангалттай мэдсэн буюу мэдэх боломжтой байсан нь тогтоогддог. П.С нь В.О-д олгосон итгэмжлэлээр орон сууцаа бусдад барьцаалах эрх олгоогүй, 4 816 665 төгрөгөө төлөөд байраа суллаж авна гэж бодсон гэж үзвэл одоог хүртэл уг мөнгийг төлөөгүй шалтгаан юу вэ, итгэмжлэлийг хийх үед хүү С.М хамт байсан болохоо шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлдэг. Гэтэл тэд орон сууцаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж байсан, барьцаалах процесс ямар журмаар хийгдэхийг мэдэж байсан хэрнээ В.О-с авсан гэх 4 816 665 төгрөгт байраа захиран зарцуулах эрх олгож буй П.С-ийн үйлдэл нь түүний ноцтой төөрөгдсөн гэх тайлбарыг үгүйсгэж байгаа юм.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дах хэсэгт зааснаар төөрөгдсөн этгээд нь төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй атал нэхэмжлэл гаргах хүртэл ямар нэгэн шаардлага тавьж байгаагүйгээс үзэхэд итгэмжлэлийн агуулгыг хангалттай ойлгож байсан гэж үзнэ. Аливаа баримт бичгийг уншиж танилцан, агуулгыг төсөөлж мэдэлгүйгээр гарын үсэг зурсан этгээдийг төөрөгдсөн гэж үзэх боломжгүй. Итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл, барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлээс үзвэл шүүх талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангасан боловч гэрээг байгуулах эрх олгосон итгэмжлэлийг хуульд нийцэх боломжгүй гэж дүгнэсэн нь шүүх хэрэг шийдвэрлэхдээ Иргэний эрх зүйн ерөнхий зарчим, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Учир нь итгэмжлэл нэг талд эрх олгосон нэг талын хэлцэл байх боловч тухайн хэлцлийг байгуулахдаа Иргэний хууль, Нотариатын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүсэл зоригоо илэрхийлэгчийн жинхэнэ хүсэл зоригийг баталгаажуулан нотариатаар гэрчлүүлдэг бөгөөд шүүхэд хүсэл зоригоо илэрхийлэгчийн нотолгооны хэрэгсэл болдог ач холбогдолтой. Гэтэл шүүх ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, итгэмжлэл гуравдагч этгээд П.С-ийн хүсэл зоригийн дагуу хийгдээгүй гэж үзвэл эхлээд нотариатын үйлдлийг хүчингүй болгосноор итгэмжлэл хүчингүй болох эсэхийг шийдвэрлэх ёстой. Шүүх Нотариатын тухай хуулийн 21, 31, 46 дугаар зүйлийн холбогдох заалт, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчим, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 58 дугаар зүйлийн 58.7 дах хэсэгт заасныг анхаарч үзсэнгүй.

Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч В.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 99 018 975 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн бол, гуравдагч этгээд П.С эс зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр В.О-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ц.Б, В.О нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан БГ2017/04/03 дугаар барьцааны гэрээний итгэмжлэлтэй холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах бие даасан шаардлага гаргаж, талууд уг шаардлагыг нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан эхний нэхэмжлэлдээ, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчтай байгуулсан ЗГ2017/04/03 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 66 500 000 төгрөг, хүүгийн төлбөр 1 640 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328 067 төгрөг, нийт 68 468 400 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг БГ2017/04/03 тоот барьцааны гэрээний зүйл болох П.С-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202023654 дугаартай, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж 63а байр 71 тоот 62.92 м.кв, 2 өрөө орон сууцаар хангуулна гэжээ. /1хх1/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх шаардлагаа өөрчилж, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр В.О-тай байгуулсан ЗНГ2017/04/03 дугаартай зээлийн нэмэлт гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 99 018 975 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг БГ2017/04/03 тоот барьцааны гэрээний зүйл болох                 66 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн П.С-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 48 дугаар байр 17 тоот 30 м.кв орон сууцаар хангуулна гэжээ. /2хх7/

 

Мөн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Баянзүрх дүүрэгт байрлах 48 дугаар байр 17 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан байна. /2хх44/ Хариуцагч талын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг Д.С-ийн өмчлөлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг дэмжсэн тайлбарыг гаргажээ. /1хх20, 2хх45/

 

Харин, нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгийн өмчлөгч П.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож, өөрийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч, Ц.Б, В.О нарын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ2017/04/03 дугаартай зээлийн гэрээний зээлдэгч нь түүний орон сууцыг зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгүүлэхдээ төөрөгдүүлэн итгэмжлэл авсан гэх үндэслэл зааж, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг итгэмжлэлд үндэслэсэн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг гаргасан байна.

 

Зохигчдын тайлбараас үзвэл, талууд зээлийн гэрээний үүргийн талаар маргаагүй, харин уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах эсэх талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч В.О нар нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 380 000 000 төгрөгийг, 8 сарын хугацаатай, 30 хоногийн 2 хувийн хүүтэй, 0.4 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэй зээлэх талаар харилцан тохиролцож ЗГ2017/0403 дугаар зээлийн гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГ2017/04/03 дугаар барьцааны гэрээг байгуулсан байна. /1хх9-12/

 

Дээрх гэрээ болон талуудын тайлбараас үзвэл, Ц.Б, В.О нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргасан боловч тухайн гэрээний 1.1 дэх заалт, Хавсралт А-д тусгагдсанаар гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна. Хожим талууд 2018 оны 01 дүгээр сарын 22, мөн оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг сунгаж, нэмэлт гэрээг байгуулсан байх боловч нэгэнт дуусгавар болсон 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ2017/04/03 дугаар гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүхээс хийсэн дүгнэлт зөв.

 

Түүнчлэн, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй бөгөөд гэрээний хугацаа дууссан, нэмэлт гэрээг тухайн гэрээний үргэлжлэл гэж үзэхгүй тул хэтэрсэн хугацааны хүү тооцохгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасантай нийцжээ. Иймд нэхэмжлэгч талын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дах хэсэгт заасныг төсөөтэй хэрэглэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн талуудын байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн БГ2017/04/03 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь бичгээр байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан. /1хх 51-52/ Энэхүү барьцааны гэрээгээр зээлдэгч В.О нь гуравдагч этгээд П.С болон өөр нэр бүхий иргэдийн 7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан /1хх 154/ байх бөгөөд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь эдгээр барьцааны зүйлээс П.С-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202023654 дугаартай, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж 63а байр, 71 тоот 62.92 м.кв, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарддаг. Зээлдэгч буюу хариуцагч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ П.С-ээс 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр түүнд олгосон итгэмжлэлд үндэслэжээ. /1хх7/

 

Гуравдагч этгээд П.С нь хариуцагч В.О-д олгосон дээрх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар Ц.Б, В.О нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан БГ2017/04/03 дугаар барьцааны гэрээний итгэмжлэлтэй холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахаар шаардаж, түүнийхээ үндэслэлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар ноцтой төөрөгдсөн гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “АЭ ББСБ” ХХК болон П.С, С.М нарын хооронд байгуулагдсан зээл, барьцааны гэрээгээр зээлдэгч нар нь 4 500 000 төгрөг зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар П.С-ийн өмчлөлийн буюу нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байжээ. /1хх136-140/ Энэхүү зээлийн төлбөрийг төлөх зорилгоор П.С нь бусдаар дамжуулан хариуцагч В.О-д хандсан, В.О нь түүний хүсэлтээр тухайн зээлийн төлбөрт 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 4 816 665 төгрөгийг “АЭ ББСБ” ХХК-д шилжүүлсэн /1хх29/, мөн өдөр П.С-ээс В.О-д өөрийн өмчлөлийн орон сууцтай холбоотой итгэмжлэл /1хх7/ олгосон үйл баримт тогтоогдсон болно.

 

Талуудын тайлбар, тэдгээрт хамаарах нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэвэл, гуравдагч этгээд П.С нь Ц.Б, В.О нарын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болгох зорилгоор тухайн итгэмжлэлийг олгоогүй, харин өөрийн зээлийг төлсөн төлбөрт барьцаалсан гэж ойлгож, итгэмжлэлд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа нь илүү үндэслэлтэй байна. 

 

Иймд анхан шатны шүүх хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, П.С-эс В.О-д олгосон дээрх итгэмжлэлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч талаас, нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцох талаар нэхэмжлэл гаргаагүй, шүүхийн шийдвэргүй байхад анхан шатны шүүх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцсон нь буруу гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, итгэмжлэл нь төлөөлөгч, төлөөлүүлэгчийн хоорондын хэлцэл учраас нотариатчийн үйлдэл, үйл ажиллагаатай холбогдуулан дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 452 745 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАТЗОРИГ

                                                           

                                       ШҮҮГЧИД                        Ч.ЦЭНД

 

                                                                                 Т.ТУЯА