Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01833

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01054 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1636 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч В.О-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 79 906 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.С-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, гуравдагч этгээд П.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Сансартуяа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

В.О-тэй 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 380 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч нь зээл авсан өдрөөсөө зээл болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлж байгаагүй ба 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн хугацаа дууссан.

Хариуцагч нь нийт 313 500 000 төгрөгийг хүүгийн хамт төлж барьцаа хөрөнгийг суллаж авсан боловч үлдэх 66 500 000 төгрөгийг, хүүгийн хамт төлж барагдуулаагүй байна. 66 500 000 төгрөгийн үндсэн зээл болон хүү, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хуримтлагдсан хүү 13 406 000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч В.О-гээс нийт 79 906 400 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Ц.Б-өөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 8 сарын хугацаатай зээл авсан нь үнэн. Уг нэхэмжилсэн 79 906 400 төгрөгийг барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахад татгалзах зүйлгүй болно. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ямар нэг төлбөр, зээлийн хүү, үндсэн зээлээс төлж чадаагүй. Энэ мөнгийг Г.Сүрэнгийн дүү н.Лхагвасүрэн авч хэрэглэсэн. Н.Лхагвасүрэн нэг ч төгрөг өгөөгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.С  шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний хүү С.Мөнхбаяр “Алтан-Эг ББСБ” ХХК-иас 4 500 000 төгрөгийн зээл авсан ба П.С би хамтран зээлдэгчээр орж, үүргийн гүйцэтгэлд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. П.С би өөрийн төрөл А.Лхагвасүрэнд түр хугацаагаар 5 000 000 төгрөг зээлдүүлэх арга байна уу гэхэд В.О-тэй уулзуулсан. Тэрээр таны зээлийг төлж барагдуулъя, одоо нотариатаар итгэмжлэл хийлгэнэ гэсний дагуу 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэл хийлгэн бидний зээл болох 4 816 665 төгрөгийг “Алтан-Эг ББСБ” ХХК-д төлж барагдуулсан. Итгэмжлэлийн хугацаанд бид В.О-д 4 816 665 төгрөгийг төлөх юм байна гэж ойлгосон. В.О-дитгэмжлэл хийж өгөхдөө 4 816 665 төгрөгт итгэмжлэл өгч байгаа гэж ойлгон гарын үсэг зурсан. В.О Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг зөрчин намайг хуурч мэхлэн төөрөгдүүлсэн байна.

Иймээс Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бусаар барьцаанд тавьсан тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүсье. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4, 56.1.8-д зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01054 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар В.О-гээс 77 140 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 766 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч В.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2202023654 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 197 958 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч В.О-гээс 543 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-өд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1636 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01054 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан В.О-гээс 77 140 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 766 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд П.С-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.С-гээс В.О-д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж маргалдсан зүйл байхгүй. Харин П.С би В.О-д итгэмжлэл хийж өгөхдөө, миний зээлсэн мөнгийг “Алтан-Эг ББСБ ХХК-д 4 816 665 төгрөгийг төлж барагдуулаад түүний оронд барьцаа болгон миний өмчлөлийн орон сууцанд итгэмжлэл хийлгүүлэн авч үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг В.О гардан авсан. Гэтэл В.О цаашаа гуравдагч этгээд Ц.Б-тэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч В.О нар миний өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьж зээл авах тухайгаа урьдчилан надад мэдэгдээгүй нь хууль зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж миний өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч В.О-гээс нийт 79 906 400 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Хариуцагч В.О нь 79 906 400 төгрөгийг барьцаа хөрөнгөөр буюу П.С-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахад татгалзахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон П.С нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бусаар барьцаанд тавьсан тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж, шаардлагын зарим хэсгийг хангахаар шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал тодорхой бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн байгааг анхаараагүй байна.

Аливаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахын тулд барьцаагаар хангагдаж буй үүрэг, түүний хэмжээ тодорхой тогтоогдсон байх учиртай. Зээлийн гэрээний үүргийн талаарх нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, мэтгэлцээгүй тохиолдолд шаардлагын хэмжээ ямар тооцоонд үндэслэгдсэн болохыг тодорхойлох боломжгүй юм.

Тухайлбал, хариуцагч В.О нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б-өөс бизнесийн зориулалтаар 380 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 7 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар мөн өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээний дагуу зээлдэгч буюу хариуцагч В.О хэдий хэмжээний төлбөрийг гүйцэтгэсэн, нэхэмжлэлийн шаардлага болох 79 906 400 төгрөгөөс бусад хэсгийг хариуцагч төлсөн эсэх нь тодорхой бус, улмаар нэхэмжлэгч дээрх төлбөрийг зөвхөн П.С-ийнөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахаар шаардаж буй нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ анхны шаардлага болох 68 468 400 төгрөгийг дээрх 2 өрөө орон сууцаар хангуулах шаардлага гаргаж, “үлдэх зээлийн төлбөрийг жич нэхэмжилнэ” гэж заасан байна. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн үлдэх төлбөр төлөгдсөн гэж тайлбарлажээ.

Зохигчийн барьцааны гэрээнд зээлийн үүргийн хэмжээг хувааж тодорхойлсон, үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийг тодорхой хэмжээний үүрэгт хуваасан нөхцөл байхгүй байна.

Нөгөө талаар, зохигч барьцааны гэрээнд заасан 7 үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүгдийг нь, эсхүл зөвхөн П.С-ийн өмчлөлийн орон сууцыг бүртгүүлсэн болох нь тодорхой бус байна. Гэрээнд заасан улсын бүртгэлийн тэмдэглэгээ нь зөвхөн тухайн орон сууцны хэсэгт байгааг шүүх анхаараагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба тэрээр ийнхүү шаардлагыг нэмэгдүүлсэн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх нь тодорхой бус байна.

Шүүх П.С-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан боловч П.С нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан ба түүний шүүхэд гаргасан тайлбарыг нь бие даасан шаардлага гэж үзэхээр байгааг шүүх анхаараагүй нь алдаатай болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг илрүүлэх, залруулах арга хэмжээ аваагүй нь буруу болжээ.

Иймд гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01054 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1636 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН