Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 212/МА2019/00043

 

3.А ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00377 дугаар шийдвэртэй, З.А-ын нэхэмжлэлтэй, А.Б-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулан, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт оногдох хэсэг 4,037,250 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай,

 

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт оногдох хэсэг болох 28,311,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие А.Б-тэй 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гэрлэлтийн бүртгэлийн 214 дүгээрт 2006 оны 8 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлж гэрчилгээ авсан. Бид хоёр гэр бүл болоод 12 жил болсон боловч одоо хүртэл хүүхэдтэй болоогүй. А.Б нь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажилладаг, би өөрөө зах дээр автомашины запас сэлбэг зарж амьдралаа залгуулдаг. Би түүнийг зодож сэтгэл санааны дарамтад оруулсан асуудал байхгүй. Гэр орны бүх хэрэгцээт эд зүйлийг худалдан авч зохицуулдаг. А.Б нь намайг ах дүү, хамаатан саднуудаас холдуулахыг боддог, тэдний гэр орноор орж гарахыг маань хориглодог, мөн найз нөхөдтэй уулзуулдаггүй, одоо амьдарч байгаа газраас нүүхийг шаарддаг. 2018 оны 8 дугаар сарын 10-ны үеэр өдрийг нь тодорхой санахгүй байна намайг зах гарч эргэж ирэхэд гэр орон дотор байгаа төрхмөөс нь өгсөн ор, шкаф, индүү, гал тогооны хэрэгслүүд зэрэг эд зүйлсийг ачиж явсан байсан. Тухайн үед бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан үүсээгүй. Дараа нь А.Б танай шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан ба эвлэрүүлэн зуучлагч бид хоёртой уулзаад эвлэрэх боломжгүй болсон учир 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон. Цаашид бид хоёр хамтран амьдрах ямар ч боломжгүй учир миний бие түүнээс гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэлээ. Иймд бид хоёрын гэр бүлийг зохих журмын дагуу цуцалж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: “А.Б нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны үеэр гэр орноос явахдаа ар гэрээс нь инж болгож өгсөн эд зүйлээс гадна бид хоёрын дундын хөрөнгө болох 5,274,500 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг авч явсан. Би эдгээр эд зүйлсийн үнэлгээг өмнө нь хийлгэж шүүхэд өгсөн. Мөн А.Б нь 000660640 тоот газар эзэмших гэрчилгээгээр Өлгий сумын засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар захирамжийн дагуу Өлгий сумын 10 дугаар баг Хар сай гэх газар 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан үнэлгээгээр Өлгий сум буюу Алтайн таван богдын өндөр уулын тойрогт 1 м.кв талбайн үнэлгээ 4000 төгрөг бөгөөд 700 м.кв газрын үнэлгээ 2,800,000 төгрөг байна. А.Бийн авч явсан эд зүйл, газрын нийт үнэлгээ 8,074,500 /5,274,500+2,800,000=8,074,500/ төгрөг болж байна. Үүнтэй холбоотойгоор би нэхэмжлэлийн шаардлагыг А.Б-ийн авч явсан эд зүйл, А.Б-ийн нэр дээр байгаа газрын үнэлгээ нийт 8,074,500 төгрөгийн өөрт оногдох хэсэг 4,037,250 төгрөгийг А.Б-ээс гаргуулахаар ихэсгэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээ эхний удаа ихэсгэсэн шаардлагад: “Миний бие маргаан бүхий эд хөрөнгүүдийг мэргэшсэн улсын үнэлгээчнээр үнэлгээ хийлгүүлсэн. Мөн түүнчлэн үнэлгээний мэргэжилтэн миний үнэлүүлэхийг хүссэн хөрөнгүүдийг үнэлэх шаардлагатай ба үнэлэх шаардлагагүй хөрөнгө гэж 2 бүлэгт хувааж үнэлэх шаардлагатай хөрөнгүүдийг хүссэн хөрөнгийг улсын үнэлгээчин нийт 42,903,000 төгрөгөөр үнэлсэн байна. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130\ШЗ2018\02624 дугаар захирамжийн дагуу сэлбэгт хийсэн үнэлгээ 11,019,000 төгрөг болсон. \нийт 124 нэр төрлийн сэлбэг\. Би уг сэлбэгүүдийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж үүнийг нотлох баримтуудаа тус тус хэрэгт хавсаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа З.А-аас гэр бүлийн дундын хөрөнгөнөөс өөрт ноогдох хэсэг болох 26961000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулахаар ихэсгэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээ хоёр дахь удаа ихэсгэсэн шаардлагад: “Нэхэмжлэгч З.А бид хоёрын дундын өмч болох Өлгий сумын А бүсэд байршилтай 900 м.кв газрын өөрт оногдох хэсгийг нэхэмжлэн шаардлагаа дахин ихэсгэж байна. Урьд гаргасан өөрт оногдох дундын эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад З.А-ын өмчлөлийн 900 м.кв газрын өөрт оногдох хэсэг болох 450 м.кв газар буюу 1,350,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нийтдээ 26,961,000+1,350,000=28,311,000 төгрөгийн эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч З.А бид хоёр 2005 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсон бөгөөд тэрнээс хойш 2006 оны 08 дугаар сар хүртэл хадмынхаа гэрт амьдарсан. Гэрлэсэн өдрөөс хойш З.А намайг байнга дарамталдаг байсан. Тусдаа гарсны дараа 2 өдрийн нэг өдөрт намайг хардаж сэрдэн зоддог болсон. Би гэртээ нэг юм авахад намайг дарамталж зоддог байсан. Олон жил эрх маань зөрчигдсөн учраас гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Бүх хөрөнгөд миний хөдөлмөр хөлс шингэсэн. З.А 2000 оноос хойш намайг нэг ч төгрөг өгөөгүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Өөрөө олсон мөнгийг ах нарт нь байнга зээлддэг байсан. Ах нар нь сард 1 сая төгрөгөөс дээш орлоготой. Мөнгө зээлүүлж болно, гэхдээ зээлсэн мөнгөө буцааж авахгүй юм уу гэхэд бурхны буян болно гэж буцааж авдаггүй байсан. 2008 оны 8 дугаар сар хүртэл миний цалинг хурааж авдаг байсан. Тэгээд 2011 он хүртэл шөнийн 02, 03 цаг хүртэл архи ууж шоудаж ирээд намайг зоддог байсан. 2012 оноос хойш архи уухаа болиод биллиард тоглодог болсон. З.А-ын хэлж байгаа эд хөрөнгө бүгд дундын эд хөрөнгө. Зуны байшингийн хувьд мөн адил дундын хөрөнгө. З.Е манай хашаанд сууж байхдаа 2009 онд зуны байшинг ах нартай хамтарч шар шаврыг барьсан нь үнэн. Гэхдээ З.Е 2012 онд Ж-н хашаанд нүүсэн. Тэр үед аав ээжтэйгээ хань болох гэж нүүгээгүй, ах Ж нь Жана ауыл гэдэг газарт хоёр давхар байшин бариад өөрийн байшингаа З.Е-д 2,5 сая төгрөгөөр худалдсан. Тэр үед бид нар зуны байшинг З.Е-аас 2 сая төгрөгөөр худалдаж аваад засвар хийсэн. Дээврийг нь хоёр хүн хийсэн, унтлагын өрөөнд би өөрөө эмульс хийсэн. Тэгээд бүх өрөө нь хулдаас байсан бөгөөд З.А хоёр өрөөнд нь паркет шахсан, би унтлагын өрөөнд хулдаас авч хийсэн. Зуны байшинд зун, намар суудаг байсан. Цахилгаан тогны нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Анхнаасаа зуны байранд гэрчилгээ аваагүй байсан. З.Е нүүрс, модны амбаарыг би барьсан гэж үндэслэлгүй тайлбарласан. Дэлгүүрийн хувьд 2006 онд аав нь путик авч өгсөн. Хоёр хана нь хүний дэлгүүр гэдэг нь үндэслэлгүй. Дэлгүүр бид хоёрын дундын хөрөнгө. Өвлийн байшинг аав нь анх 700,000 төгрөгөөр авч өгч байсан боловч бид хоёр гэр бүл болоход улсаас 500,000 төгрөг өгөхөд тэрийг өгч байсан. Өөр зөндөө мөнгө авч байсан. Тэгээд 2007 онд Төрийн банкнаас 4 сая төгрөг зээл авч уг байшинг шинээр засварласан. Машин бол хуучин машин байсан. Гэхдээ би зөндөө зээл авч өгөөд зөндөө шинэ сэлбэг хийж, гадна талыг будуулж байсан. Манай хашаа 400 м.кв-ын гэрчилгээтэй газартай байгаа. Мөн “Жана ауыл”-аас газар авахдаа Ж-тай хамтарч авсан нь үнэн. Гэхдээ тухайн үед газар авах гэж байна гээд надаас 500,000 төгрөгийг авч байсан. 13 жилийн хугацаанд нэг ч төгрөг өгөөгүй гэдэг нь худал. Бид хоёр хүүхэдтэй болж чадаагүй, бид хоёр хэдийгээр хамт амьдарч байсан боловч З.А-ын хувьд гэр бүлээ гэсэн сэтгэл байгаагүй. З.А надаас 4 сая төгрөг нэхэмжилсэн. З.Аад өгөх нэг ч бэлэн мөнгө надад байхгүй. З.А мэргэжлийн бус хүнээр үнэлгээ хийлгүүлээд амаараа 10 сая төгрөгийн эд хөрөнгө аваад явсан гэж байгаа боловч миний авч явсан эд хөрөнгө 10 сая төгрөгт хүрэхгүй. Харин хөрөнгө авна гэвэл надад татгалзах зүйл байхгүй. Надад мөнгө өгөх боломжгүй. Би эрүүл мэндийн хувьд тааруу хүн. Намайг сэтгэлзүйн хувьд дарамталж айдас хүйдэстэй болгож сэтгэцийн өөрчлөлттэй болгосон. Би үүнд маш их харамсаж байна. Би З.А-ыг гэр бүл болсноос хойш өөрчлөгдөх байх гэж тэссэн. Би хүүхэдгүй байсан ч энэ бол миний хувь тавилан байх, хүүхэд өргөж авсан ч амьдаръя гээд тэссэн боловч З.А өөрчлөгдөөгүй. Мөн Ах дам зах дээр байдаг дэлгүүр дотор байгаа сэлбэг хуваарьт хөрөнгө гэж байна. Би цалингаасаа зөндөө мөнгө өгч байсан. 8 сая төгрөгийн хадгаламж байсан боловч тэр мөнгийг хаана зарцуулсан болохыг мэдэхгүй. Төрхмөөс ирсэн эд хөрөнгөө аваад явсан. Тухайн үед миний ээж зарим эд хөрөнгө өгөөд талыг нь мөнгөөр өгсөн. 2010 оны 01 дүгээр сард З.А бид хоёр хот орсон. Тэр үед би өөрт хэрэгтэй юмаа авна гээд 2 сая төгрөгөөр принтер, ширээний компьютер гэх мэт хөрөнгө авсан. Төрхмөөс ирсэн эд хөрөнгийг би өөртөө үлдээх саналтай байна. З.А-ын хэлж байгаа эд хөрөнгө надад хадгалагдаж байгаа. Авна гэвэл тэрийг авч болно. Явах үедээ зарим нэгэн эд хөрөнгийг аваад явсан. Иймд миний шүүхэд урьд гаргасан хүсэлтийн дагуу эд хөрөнгийг хуваарилж, гэрлэлтийг цуцалж өгнө үү.” гэв.         

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00377 дугаар шийдвэрээр:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар З.А, А.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хуулийн 127-р зүйлийн 127.1, 127.1.1, 127.1.2, 127.1.3 дахь хэсэгт зааснаар хуваарьт хөрөнгө болох Ах дам захад байршилтай 6742197 төгрөгөөр үнэлэгдсэн Дэлгүүрийн байр болон дэлгүүр доторх нийт 124 нэр төрлийн 11019000 төгрөгөөр үнэлэгдсэн машины сэлбэг зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч З.А-ын өөрт нь, мөн зурагтын тавиур, хананы цаг зэрэг эд хөрөнгийг хариуцагч А.Б-ийн өөрт нь тус тус үлдээсүгэй.

3.Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 126.2.4, 130-р зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундын хөрөнгөнөөс зуны байр буюу 13871536 төгрөг, 11-61 БӨА улсын дугаартай Уаз-452 маркийн фургон машин буюу 1500000 төгрөг, машины гараж буюу 2428189 төгрөг, 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 0067878 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 031301616 дугаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бүхий 400 м.кв газар буюу 2000000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон 000422187 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13-р баг Жана ауыл хаягт байршилтай 031306482 нэгж талбарын дугаартай 900 м.кв газар буюу 27000000 төгрөг, Монел маркийн зурагт буюу 200000 төгрөг, зурагтын кабелийн аппарат буюу 39000 төгрөг, дасгалын аппарат буюу 153000 төгрөг, хоолны жижиг ширээ буюу 15000 төгрөг, (1.20х1.50 хэмжээтэй) хивс буюу 30000 төгрөг, хөргөгч буюу 200000 төгрөг, плитканы тавиур буюу 10000 төгрөг, угаалгын машин буюу 100000 төгрөг, 2 нүдтэй плитка буюу 18000 төгрөг, зуух нэг 85000 төгрөг, нэг бүрийн үнэ 25000 төгрөгөөр үнэлсэн 5ш сандал буюу 125000 төгрөг, нэг бүрийн үнэ 19600 төгрөгөөр үнэлсэн хөшиг тогтоогч 2ш буюу 39200 төгрөг, угаалтуур буюу 15000 төгрөг, гутлын шкаф буюу 22000 төгрөг бүгд 23444391 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч З.А-д үлдээж;

хариуцагч А.Б-д гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрөө авч явсан диван кресло буюу 1200000 төгрөг, хөлдөөгч 387000 төгрөг, зуух нэг 85000 төгрөг, нэг бүрийн үнэ 19600 төгрөгөөр үнэлсэн хөшиг тогтоогч 3ш буюу 58800 төгрөг, (4х5 хэмжээтэй хятад) хивс буюу 100000 төгрөг, индүү буюу 30000 төгрөг, нэг бүрийн үнэ 50000 төгрөгөөр үнэлсэн жижиг хивс 2ш буюу 100000 төгрөг, номын шүүгээ буюу 230000 төгрөг, 40 битон буюу 80000 төгрөг, гурилын сав буюу 50000 төгрөг, нэг бүрийн үнэ 20000 төгрөгөөр үнэлсэн 2ш данх /орос/ буюу 40000 төгрөг, 6л хөнгөн цагаан тогоо /орос/ буюу 10000 төгрөг, 8л палаантай тогоо /орос/ буюу 40000 төгрөг, мебель ширээ буюу 120000 төгрөг, духов буюу 30000 төгрөг, нэг бүрийн үнэ 19600 төгрөгөөр үнэлсэн хөшиг тогтоогч 3ш буюу 58800 төгрөг, палаантай түмпэн буюу 25000 төгрөг, 8л хувин буюу 20000 төгрөг, махны машин буюу 30000 төгрөг, 40л тогоо буюу 80000 төгрөг, хутга буюу 2500 төгрөг, цахилгаан тогоо буюу 10000 төгрөг, хоолны сав буюу 20000 төгрөг, компьютерын ширээ буюу 50000 төгрөг, урт залгуур буюу 15000 төгрөг, махны таваг буюу 10000 төгрөг, хир угаадаг түмпэн буюу 20000 төгрөг, хир хатаагч төмөр буюу 20000 төгрөг, никель тогоо буюу 12000 төгрөг, хуванцар сав буюу 5000 төгрөг, дивааны бүтээлэг буюу 60000 төгрөг, зөөврийн компьютер /нотебүүк/ буюу 1100000 төгрөг, ширээний компьютер буюу 1000000 төгрөг, принтер буюу 400000 төгрөг, цахилгаан зуух буюу 500000 төгрөг, палас буюу 250000 төгрөг, тоос сорогч буюу 120000 төгрөг зэрэг нийт 20811295 төгрөгийн эд хөрөнгийг өөрт нь үлдээж;

нэхэмжлэгч З.А-аас 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон №0000210 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эхийн улсын бүртгэлийн Ү-0213032959 дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 60м.кв талбайтай 3 өрөө байшин буюу 9345784 төгрөг, махны амбаар буюу 1103722 төгрөг, нүүрс түлээний амбаар 382625 төгрөг, гүний худаг 1800000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 000660640 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар баг, Харасайд байршилтай, нэгж талбарын 031309651 дугаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бүхий 700 м.кв газар буюу 2800000 төгрөг зэрэг эд хөрөнгө болон эд хөрөнгийн зөрүү бэлэн мөнгө 829247 төгрөгийг нэхэмжлэгч З.А-аас тус тус гаргуулан хариуцагч А.Б-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 6183157 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик нь хууль бусаар, хувийн ашиг сонирхлын үүднээс нэг талыг баримтлан буруу шийдвэр гаргасан гэж үзээд гомдол гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч З.А-ын төрсөн ах болох З.Ж нь шүүгч Б.Мангиликийн нагац болох Х.Д-тай маш ойрын хамааралтай болохыг шүүх энэ хэргийг шийдвэрлэсний дараа мэдсэн. Нэхэмжлэгч З.А-ын төрсөн ах болох З.Ж-гаар дамжуулан шүүгч Б.Мангиликт нөлөөлж хууль бус шийдвэр гаргуулсан байж болзошгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд зааснаар 7 хоногийн хугацаанд бичгээр гаргах ёстой боловч 1 сарын дараа гарсан. Тэгсэн хир нь тухайн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, ойлгомжгүй, замбараагүй, үндэслэлгүй шийдвэр болсон гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хууль бус шийдвэрийн талаар дурдвал:

1. Улсын тэмдэгтийн хураамж шүүхийн зардлуудыг хууль бусаар хуваарилсан. Би гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрсөн шаардлага болох гэр бүл цуцлахтай холбоотой хэсэгт оногдох тэмдэгтийн хураамжаас 50 хувь чөлөөлөгдөх ёстой байсан боловч шүүх тухайн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас 100 хувь буюу 70200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн. Мөн миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр хариуцагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг гаргуулах хуулийн заалтыг биелүүлээгүй, мөн шүүхийн зардал болох шинжилгээ хийлгүүлэхтэй холбоотой зардлыг хууль бусаар хуваарилсан. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-ыг зөрчиж 50, 50 хувиар төлүүлж байгаа нь хууль бус байна.

2. Тирлик захад байгаа дэлгүүрийг үндэслэлгүйгээр хуваарьт эд хөрөнгөнд тооцсон. Бид 2005 оны 12 дугаар сарын 03-нд анх гэр бүл болсон ба 2006 оны 01 дүгээр сарын 20-нд гэр бүлийн баталгаа авсан. Ах дам захад байршилтай дэлгүүр болон түүний дотор байдаг сэлбэг нь бид нар гэр бүл болсны дараа бий болсон дундын эд хөрөнгө. Анх бид нар гэр бүл болсны дараа А-ын аав нь 2006 оны 5 сарын үед Ж гэдэг хүнээс жижиг путик авч өгсөн ба бага хэмжээний хэдэн сэлбэгийг өөрийн дэлгүүрээс нэмж хуваарилагдаж өгсөн. Үүний гол зорилго нь цаашид энэхүү хөрөнгийг эргэлдүүлж хоол унд болгоорой гэсэн зорилготой байсан. Тэгээд тухай дэлгүүрийг бид хоёр ажиллуулж байгаад тэр путик байгаа газарт өөрсдөө шинээр дэлгүүр барьсан. Мөн дэлгүүрийнхээ ард талд нь байгаа дэлгүүрийг мөн худалдан авч дэлгүүрийг томсгон өргөтгөж барьж байсан. Энэ нь А нарын өгсөн баримтаар нотлогдоно. Гэрлэснийхээ дараа би хэд хэдэн удаа банкнаас цалингийн зээл авч өгч байснаас гадна гартаа авсан цалингаасаа хүртэл сэлбэг авахад нэмж нэгтгэн дэлгүүрийг өргөтгөн нэмэгдүүлж ирсэн. 3.А нь гэрлэхээс өмнө зөвхөн аавдаа тусалж аавын жижигхэн путикт аавынхаа сэлбэгийг зардаг байсан. Гэвч шүүгч үүнийг З.А-ын хуваарьт хөрөнгө байдлаар шийдвэр гаргасан. Харин Т 3.А-ын төрсөн нагац ах, Х нь олон жил таньдаг хамт наймаа хийдэг хүн, мөн “Ах дам”ХХК-ний захирал Ш.А нь З.А-тай олон жил хамтран ажилласан танилаас гадна түүний ах З.Ж-тай журмын нөхөд гэдгийг аймгийн бүх хүн мэднэ. Тийм учраас эдгээр хүмүүсийн өгсөн тодорхойлолтыг үндэслэн дундын хөрөнгийг хуваарьт хөрөнгө болгож байгаа нь үндэслэлгүй. Хуваарьт хөрөнгө гэдгийг З.А нотолж чадаагүй.

3. Миний хуваарьт эд хөрөнгө болох инжийг дундын эд хөрөнгө гэж хуваарилсан нь үндэслэлгүй. Ээж Х.К нь төрхмөөс ирсэн эд хөрөнгийн талаар баримт бичиж гарын үсгийн баталгааг нотариатаар гэрчлүүлж нотлох баримтаар өгсөн ба үүнд миний төрхмөөс ирсэн эд хөрөнгийн талаар дурдсан байсан. Миний инжний талыг бэлнээр нэг талыг мөнгөн хэлбэрээр өгсөн. /Эд хөрөнгө өгснөөс гадна 2,000,000 төгрөг бэлнээр өгч байсан/ Үүнд: 1 ширхэг казах ширдэг болон аавын амьд байхдаа дэлгүүрээс худалдан авч өгсөн 2*3 монгол хивс хоёрыг З.А нь нэхэмжлэл гаргахдаа дурдсан байгаа. Гэвч шүүгч Б.Мангилик нь ээжийн өгсөн тодорхойлолт нь ямар ч хамааралгүй гэж шийдвэр гаргасан. Мөн Т, Х, Ш.А нарын дэлгүүрийн талаар өгсөн үндэслэлгүй бичмэл баримтыг хүчин төгөлдөр нотлох баримт мэтээр шийдвэр гаргасан боловч харин настай хүн миний ээжийн өгсөн нотариатаар батлуулсан баримтыг хүчин төгөлдөр биш, хэрэгт хамааралгүй гэж тайлбарласан. Энэ нь өөрөө нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргаж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл шүүгч нотлох баримтыг үнэлэхдээ хүртэл 2 нүүр гаргаж байна. Мөн 2010 оны 1 дүгээр сарын үед ээжийн өгсөн 2,000,000 төгрөгт авсан төрхмөөс ирсэн эд зүйлс болох тоос сорогч, ширээний компьютер, принтер, палас, 4 нүдтэй цахилгаан зуух миний хуваарьт хөрөнгө байх ёстой.

4. ХААН БАНК-аас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр лизингийн зэлээр өөрийн нэр дээр авсан зөөврийн компьютерын зээлийн эргэлтийн төлөлтийг сар бүр цалингаасаа байнга би өөрөө төлсөн. Энэхүү компьютерыг би багшийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхэд зайлшгүй шаардлагатай учраас худалдан авч байсан ба одоо ч гэсэн зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд ашиглаж байгаа тул миний хуваарьт хөрөнгө байх ёстой. Нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа.

5. Бид нарт нийт 4 ширхэг төмөр зуух байгаа. Үүнийг “Хөрөнгийн үнэлгээний төв”- ийн мэргэжлийн үнэлгээчнээр үнэлүүлж хавтаст хэрэгт хавсаргасан. Гэтэл мэргэжлийн үнэлгээчний үнэлгээнд дурдсан эд зүйлсийг ямар ч үндэслэлгүйгээр үгүйсгэж, нотолж чадаагүй гэж буруу дүгнэсэн. Мэргэжлийн үнэлгээчин эд хөрөнгийг харж байж үнэлгээ хийсэн

6. Би төрхмөөс ирсэн эд хөрөнгийн талаар “Мөнх-Эстимэйт” ХХК-д мэргэжлийн үнэлгээчнээр хийлгэсэн боловч үүнийг шүүгч Б.Мангилик нь хүчингүй мэтээр үзсэн ба харин З.А-ын мэргэжлийн бус үнэлгээчин Өлгий сумын МЭҮТ-ийн мэргэжилтэн Х.Б-ийн ямар ч элэгдэл хорогдол тооцохгүйгээр үнэлсэн үнэлгээг хүчин төгөлдөр мэтээр шийдвэр гаргасан нь шударга бус. Мөн ”Мөнх-Эстимэйт" ХХК-д өвөл үнэлгээ хийлгэсэн. Мөн шинжээчийн дүгнэлт гаргасан боловч дүгнэлтийг үндэслэлгүйгээр үгүйсгэж шийдвэр гаргасан.

7. Мөн миний эзэмшлийн газар болох Баян-өлгий аймгийн 10 дугаар баг Харасайд байршилтай 031309651 дугаартай 700 м2 газрыг 2,800,000 төгрөгөөр З.А-ын амаар үнэлсэн үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзэж харин миний Өлгий сумын газрын мэргэжлийн үнэлгээчнээр үнэлүүлсэн үнэлгээг хүчин төгөлдөр биш гэж үзсэн. Өөрөөр хэлбэл бүх нотлох баримтыг хууль бусаар буруу үнэлсэн.

8. Диван, кресло 1,200,000 төгрөг ба хөлдөөгч 387000 төгрөгөөр урьд нь "Хөрөнгийн үнэлгээний төв“ ХХК үнэлсэн боловч энэ үнэлгээг улсын үнэлгээчин буюу Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтаас томилсон шинжээч нарын үнэлгээнд хүчингүйд тооцож үнэлгээний тайланд- диван, кресло 550,000 төгрөг ба хөлдөөгч 350,000 төгрөг гэж тооцсон. Шүүгч Б.Мангилик нь улсын үнэлгээчний хүчингүй болсон үнэлгээг хүчинтэй гэж тооцож /диван, кресло 1,200,000 төгрөг ба хөлдөөгч 387,000 төгрөгөөр/ хууль бусаар нэг талыг баримтлан үнэлгээ хийсэн.

9. Миний төрхмөөс ирсэн эд хөрөнгө ба өөрийн цалингаараа авсан З.А 10-13 жил хэрэглэсэн хэдэн эд хөрөнгийг Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгч Бийн үнийн саналыг үндэслэн элэгдэл хоригдлыг тооцохгүйгээр заах зээлийн ханшнаас өндөр үнээр үнэлүүлсэн. Тиймээс би эдгээр эд хөрөнгүүдийг мэргэжлийн үнэлгээчин болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХКК ба ”Мөнх-Эстимэйт“ ХКК-аар үнэлүүлсэн боловч Б.Мангилик нь З.А-ын үнэлгээ хийх эрхгүй этгээд болох үнэлгээчин Б-ийн үнийн саналыг л үндэслэн шударга бус шийдвэр гаргасан.

10.Анхан шатны шүүгч Б.Мангилик нь өөрөө хэргийг нотлох баримтад тулгуурлахгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргаж, улмаар иргэн намайг илүү мөнгө нэхэмжилсэн гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй. Бидний дундын эд хөрөнгийн үнэлгээг “Хөрөнгийн Үнэлгээний Төв” ХХК-д хийлгэхэд эд хөрөнгийн нийт үнэлгээ нь 41,780,000 төгрөг үнэлэгдсэн. Тиймээс миний хийлгэсэн эд хөрөнгийн үнэлгээ нь Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн шинжээчийн дүгнэлттэй ойролцоо гарсан. Харин З.А-ын эд хөрөнгийн ”Хас үнэлгээ“ ХКК-аар үнэлүүлсэн эд хөрөнгийн үнэлгээ нь 15,977,292 төгрөгөөр зөрүүдтэй гарсан.

11. Эд хөрөнгийн үнэлгээний хувьд миний авч явсан гурилын сав, 40-ийн битон, индүү, хоолны тогоо, паалантай тогоо, хоолны халбага, цонхны хөшиг, паалантай түмпэн, хувин, тогоо-З0л, хутга, аяга-10 ширхэг, таваг-10 ширхэг, уртасгагч, махны таваг, түмпэн, хуванцар сав, хатаагч тус бүрийг “Хөрөнгийн Үнэлгээний Төв” ХКК-аар үнэлүүлэхэд эдгээр эд хөрөнгийг бага үнэтэй түргэн элэгдэх эд хөрөнгө гэж үзэж үнэлэх шаардлагагүй гэж үнэлгээний тайланд дүгнэлт гаргасан. Жижиг хивс 100,000 төгрөг, номын шүгээ 25,000 төгрөг, мебель ширээ 35,000 төгрөг, зурагтын тавиур 8,000 төгрөг, ширдэг 30,000 төгрөг цахилгаан духов 20,000 төгрөг, махны машин 10,000 төгрөг, цахилгаан тогоо 5,000 төгрөг, компьютерын ширээ 10,000 төгрөг, зөөврийн компьютер 550,000 төгрөг нийт 798,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Харин төрхмөөс ирсэн эд хөрөнгө болох ширээний компьютер, принтер, цахилгаан зуух 4 нүдтэй, палас 4х5, хивс 2х3 монгол, ширдэг, тогоо никель 1л ба 2л элэгдэл, хоригдлыг тооцож 436,800 төгрөгөөр улсын мэргэжлийн үнэлгээчин ”Мөнх-Эстимэйт“ ХКК-аар үнэлэгдсэн. Ингэхэд эдгээр эд хөрөнгийн үнэлгээг шүүгч Б.Мангилик нь Өлгий сумын МЭҮТ-ийн мэргэжилтэн мэргэжлийн бус үнэлгээчин X.Б-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн ханшнаас өндөр ямар ч элэгдэл хоригдлыг тооцохгүй 13 жил дараалан хэрэглэсэн эд хөрөнгийг З.А-ын амаар үнэлсэн үнэлгээг хүчинтэй гэж үзсэн нь шударга бус байна.

12. З.Аад өөрт нь одоо зөндөө сав суулга байгаа. Би тэрийг нэхэмжлэлд оруулаагүй. З.А-д тогоо 12л, паалантай тогоо 2л, тогоо 8л, хоолны халбага, шанага, аяга 10 ширхэг, цонхны хөшиг 2, түмпэн төмөр /орос/, хувин 8л ба 10л, паалантай таваг, жижиг таваг 10ширхэг гэх мэт зөндөө аяга таваг, сав суулга үлдсэн байсан бөгөөд би эдгээр зүйлүүдийг нэхэмжлээгүй. Тэнцүү хуваагаад авсан гэж тооцож байсан.

  1. Нийт эд хөрөнгө 38,730,000 төгрөг + 2,700,000 төгрөг +11,019,000 төгрөг +

2,246,000 төгрөг = 54,695,000 төгрөг гарах ёстой ба энд шүүгч Б.Мангилик нь эд хөрөнгийн нийт үнэлгээг 44,255,686 төгрөг гэж тооцож буруу дүгнэлт гаргасан.

14. Эд хөрөнгийн хуваарилалтад шударга бус шийдвэр гарсан. Учир нь З.Аад зуны байшин, гарааш, дэлгүүр, сэлбэг, машин, 900м2 ба 400м2 эзэмшлийн газрыг хуваарилж надад газаргүй өвлийн байшин, махны амбаар, нүүрс, модны амбаар, гүний худгийг хуваарилсан. Эднийг нүүлгэж авах ямар ч боломж байхгүй. Үл хөдлөх хөрөнгийг газраас салгаж болохгүй гэдгийг энгийн иргэн мэддэг хир нь шүүгч хүн мэдэхгүй юм шиг шийдвэр гаргаж иргэн намайг доромжилж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл газрыг З.Аад дээр нь байгаа байшинг нь надад шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй байна. Эдгээр байшингууд блок ба шар шавраар барьсан байгаа. Мөн эрүүл мэндийн хувьд ч таруу олон жил гэр бүлийн хүчирхийлэлд 13 жил дараалан өртсөн ганц бие эмэгтэй намайг басамжлан доромжилсон. Төрхмөөс ирсэн эд хөрөнгөөс гадна 400м2 газар болон зуны байр, өвлийн байшин, махны амбаар, нүүрсний амбаар, гүүний худаг, гарааш, 700м2 газар /Харасай/ авах хүсэлтэй. Учир нь эдгээр хөрөнгөнд миний 13 жилийн хөдөлмөр мөнгө шингээсэн. Зуны байр, гарааш бүгдэд миний цалин зарцуулагдсан. Хэрэв 3.А нь өгч чадахгүй бол би эд хөрөнгийн өөртөө оногдох хэсгийг мөнгөөр гаргуулах гэсэн хүсэлтэй байгаа. Учир нь газар болон дээр нь байгаа хөрөнгийг салгах ямар ч боломжгүй. Салгах юм бол ямар ч үнэ цэнд хүрэхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, өөрчлөлт оруулан, хуулийн дагуу шударга шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч З.А нь хариуцагч А.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулан, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс  А.Б-ийн авч явсан эд хөрөнгөөс нийт 8,074,500 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсэг 4,037,250 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч А.Б-ийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт оногдох хэсэг болох 28,311,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч З.А,  хариуцагч А.Б нарын гэрлэлтийг цуцалж, хуваарьт болон дундын өмчлөлийн эд хөрөнгийг зохигчдод хуваарилж шийдвэрлэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

 

            Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч А.Б, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт  зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШЗ2019/00246 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар хүсэлтэд дурдсан тусгай мэдлэг шаардах асуудлаар шинжээч томилохоор тогтоож, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын Мэргэжлийн Хариуцлагын хороонд шинжээч томилж өгөхийг хүссэн байна. Улмаар Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтээс нэр бүхий үнэлгээний тайлангуудад хийгдсэн экспертизийн дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлтүүдийг тус тус гаргасныг хэрэгт хавсаргажээ. Тус захирамжийн 4 дэх заалтаар шинжээчид Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1,2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйлтэй урьдчилан танилцах тухай заасан боловч Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын шинжээч нарт энэ талаар тайлбарлаж танилцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Шүүхийн шинжилгээний тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт шүүхийн шинжилгээ хийх нийтлэг журмыг хуульчилсан бөгөөд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх журмыг 8 дугаар зүйлд, шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх журмыг 9 дүгээр зүйлд тус тус нарийвчлан зохицуулжээ.

Шинжээч томилох тухай шүүгчийн захирамжаас үзвэл, анхан шатны шүүх шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргасны дараа шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй, тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогч нартай ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай шүүгчийн захирамжийг гардуулан, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заажээ. Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан дээрх ажиллагааг явуулаагүй байна.

 

Шинжээч томилсон шүүхийн ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд хариуцагч бөгөөд сөрөг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргах эрх бодитой хангагдаагүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Бийн төлсөн 113,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Б-ийн төлсөн 113,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

Д.КӨБЕШ