Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00816

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00037 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох 

Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 4,037,250 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах, Төрийн банкны Баян-Өлгий салбараас 2018.08.24-ний өдөр авсан зээл, түүний хүүгийн төлбөр 15,223,913 төгрөгийн тавин хувь болох 7,611,956 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 33,255,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие *******тэй 2006.01.20-ны өдөр гэр бүл болж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гэрлэлтийн бүртгэлийн 214 дүгээрт 2006.08.09-ний өдөр бүртгүүлсэн. Бид хоёр гэр бүл болоод 12 жил болсон боловч одоо хүртэл хүүхэдтэй болоогүй. ******* нь аймгийн МСҮТөвд багшаар ажилладаг, би өөрөө зах дээр автомашины запас сэлбэг зарж амьдралаа залгуулдаг. Би түүнийг зодож сэтгэл санааны дарамтад оруулсан асуудал байхгүй. Гэр орны бүх хэрэгцээт эд зүйлийг худалдан авч зохицуулдаг. ******* нь намайг ах дүү, хамаатан садангуудаас холдуулахыг боддог, тэдний гэр орноор орж гарахыг маань хориглодог, мөн найз нөхөдтэй уулзуулдаггүй, одоо амьдарч байгаа газраас нүүхийг шаарддаг. 2018.08.10-ны үеэр намайг зах яваад ирэхэд гэрийн төрхмөөс нь өгсөн ор, шкаф, индүү, гал тогооны хэрэгслүүд зэрэг эд зүйлсийг ачиж явсан байсан. Тухайн үед бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан үүсээгүй. Дараа нь ******* шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан ба эвлэрүүлэн зуучлагч бид хоёртой уулзаад эвлэрэх боломжгүй болсон учир 2018.09.06-ны өдрийн 43 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон. Цаашид бид хоёр хамтран амьдрах ямар ч боломжгүй учир миний бие түүнээс гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэлээ. Иймд бид хоёрын гэр бүлийг зохих журмын дагуу цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад: Хариуцагч *******ийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан ба 2018.12.13-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 26,961,000 төгрөгөөр ихэсгэсэн байна. Үүнтэй холбоотойгоор миний бие нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхээр шийдлээ. ******* нь 2018.08.10-ны үеэр гэр орноос явахдаа ар гэрээс нь инж болгож өгсөн эд зүйлээс гадна бид хоёрын дундын хөрөнгө болох 5,274,500 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг авч явсан. Би эдгээр эд зүйлсийн үнэлгээг өмнө нь хийлгэж шүүхэд өгсөн. Мөн ******* нь Өлгий сумын 10 дугаар баг Хар сай гэх газар 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан үнэлгээгээр Өлгий сум буюу Алтайн таван богдын өндөр уулын тойрогт 1 м.кв талбайн үнэлгээ 4000 төгрөг бөгөөд 700 м.кв газрын үнэлгээ 2,800,000 төгрөг байна. *******ийн авч явсан эд зүйл, газрын нийт үнэлгээ 8,074,500 /5,274,500+2,800,000=8,074,500/ төгрөг болж байна. Үүнтэй холбоотойгоор би нэхэмжлэлийн шаардлагыг *******ийн авч явсан эд зүйл, *******ийн нэр дээр байгаа газрын үнэлгээ нийт 8,074,500 төгрөгийн өөрт ногдох хэсэг 4,037,250 төгрөгийг *******ээс гаргуулахаар ихэсгэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн хоёр дахь удаагийн нэмэгдүүлсэн шаардлагад: Би *******ээс гэрлэлт цуцлуулах, *******ийн гэр орноос явахдаа авч явсан эд зүйлсийн өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 2018.08.24-ний өдөр Төрийн банкны Баян-Өлгий салбараас 11,000,000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар авсан. Тус зээлийг 2021.12.24-ний өдөр төлж дуусах бөгөөд нийтдээ 15,223,913 төгрөг төлөх ёстой. Энэ зээлийг хүүгийн хамт би өөрөө төлж байгаа. Би дээрх зээлээр автомашины запас сэлбэг худалдан авч дэлгүүрт тавьсан ба ******* нь дээрх запас сэлбэгийг 11,019,000 төгрөгөөр үнэлүүлж өөрт ногдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Миний бие үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн банкны Баян-Өлгий салбараас 2018.08.24-ний өдөр авсан зээл, зээлийн хүүгийн төлбөр 15,223,913 төгрөгийн 50 хувь болох 7,611,956 төгрөгийг *******ээс гаргуулахаар ихэсгэж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн шаардлагын хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Бид хоёр 2005.12.03-ны өдөр гэрлэж 2006 оны 08 дугаар сар хүртэл хадмын талд байсан. 08 дугаар сараас эхэлж тусдаа гарсан. Гэрлэснийхээ дараа түүний ааш зан нь өдрөөс өдөрт өөрчлөгдөж байсан. Тэр үед би ажилд орсон ба хамт олны цайллагад очихдоо гадуур гарахдаа хүртэл хардаж, байнгын хязгаарлаж хориглодог байсан. Тусдаа гарсан өдрөөс эхэлж намайг янз бүрийн шалтгааныг далимдуулж, миний биед гар хүрч зоддог байсан. Нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлдээ эс зөвшөөрч байна. *******ын нэхэж байгаа 4,037,250 төгрөгийн эд хөрөнгөнд ихэвчлэн миний төрхмөөс ирсэн эд зүйлс хамаарагдаж байгаа. Би урьд нь шүүхэд төрхмөөс ирсэн эд хөрөнгө буюу хуваарьт эд хөрөнгө болох имжийн тухай дэлгэрэнгүй тайлбар өгсөн. ******* нь миний нэр дээр байгаа эзэмшлийн газрыг үнэлүүлж түүний тал үнийг нэхэмжилсэн байна. *******ын нэр дээр Өлгий сумын А бүст байршилтай 900 м.кв газар байгаа юм. ******* миний нэр дээр байгаа газрыг хөндөөгүй учраас би ч гэсэн түүний нэр дээр байгаа газрыг нэхэмжлээгүй байсан. Нэгэнт ******* миний нэр дээр байгаа газрыг нэхэмжилж байгаа учраас түүний нэр дээр байсан бид хоёрын дундын өмч болох Өлгий сумын А бүст байршилтай 900 м.кв газрын өөрт оногдох хэсгийг нэхэмжлэх болно. ******* нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх тухай материал нь надад ямар ч хамааралгүй. ******* нь 2018.08.24-ний өдөр Төрийн банкны Баян-Өлгий салбараас 11 сая төгрөгийн ипотекийн зээл авсан. Тухайн ипотекийн гэрээ нь хууль бус, надаас зөвшөөрөл авалгүйгээр миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авсан байна. Би 2018.08.10-ны үед гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр орноо орхиж явсны дараа 14 хоногийн дараа зээл авсан байна. Мөн энэ зээлд хамтран хариуцагчаар миний гарын үсэг байхгүй. Би үүнийг мэдээгүй, одоо л мэдэж байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д гэрлэлт цуцлах үед...хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах талаар гаргасан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно гэсэн. Нэгэнт нөхөр *******аас гэрлэлтээ цуцлуулах болсон тул гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаанаа үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ******* бид хоёр 2006 онд гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд дараах дундын эд хөрөнгөтэй болсон ба үүнийг хуваалгаж, өөрт ногдох хэсгийг авсаар байна. Үүнд: 80,000,000 төгрөгийн үнэ бүхий 60 м.кв талбайтай 3 өрөө өвлийн сууц, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий 700 м.кв талбайтай хашаа газрын хамт, 10,000,000 төгрөгийн үнэ бүхий зуны байр, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий амбаар, 200,000 төгрөгийн үнэ бүхий машины гараж, 150,000 төгрөгийн үнэ бүхий нүүрс, модны амбаар, 2,000,000 төгрөгийн үнэтэй гүний худаг, 6,000,000 төгрөгийн үнэтэй фургон машин, 4,000,000 төгрөгийн үнэтэй машины сэлбэгийн дэлгүүр, 2,000,000 төгрөгийн үнэтэй 400 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 1,000,000 төгрөгийн үнэтэй Монел маркийн зурагт, 45,000 төгрөгийн үнэтэй зурагтын кабел антений төхөөрөмж, 2,000,000 төгрөгийн үнэтэй диван кресло, 180,000 төгрөгийн үнэтэй дасгалын аппарат, 70,000 төгрөгийн үнэтэй хоолны жижиг ширээ, 50,000 төгрөгийн үнэтэй хивс 1ш, 450,000 төгрөгийн үнэтэй Фрестиш маркийн хөлдөөгч, 400,000 төгрөгийн үнэтэй хөргөгч, 10,000 төгрөгийн үнэтэй тавиур, 120,000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, 20,000 төгрөгийн үнэтэй 2 нүдтэй цахилгаан зуух, 400,000 төгрөгийн үнэтэй зуух, 30,000 төгрөгийн үнэтэй тогоонууд 3ш, 5000 төгрөгийн үнэтэй хоолны халбага 1ш, 5500 төгрөгийн үнэтэй төмөр шанага 2ш, 1ш 500 төгрөгийн аяга 10ш, 1ш 25,000 төгрөгийн үнэтэй цонхны хөшиг 2ш, 1ш 75,000 төгрөгийн үнэтэй сандал 5ш, 50,000 төгрөгийн үнэтэй 5ш хөшиг тогтоогч, 25,000 төгрөгийн үнэтэй түмпэн 1ш, 9000 төгрөгийн үнэтэй хувингууд 2ш, 20,000 төгрөгийн үнэтэй тавгууд 11ш зэрэг 70,374,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлүүдийг худалдаж авч байсан. Эдгээр хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэхэд элэгдэл хорогдол хасагдаж 30,408,000 төгрөг болж үнэлэгдсэн байна. Эдгээр зүйлүүд бүгд 13 жилд бий болсон гэр бүлийн дунд хөрөнгө болно. Энэхүү 30,408,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөнөөс би өөрт ногдох хэсэг болох 15,204,000 төгрөгийн эд хөрөнгийг *******аас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Миний бие 2018.10.18-ны өдөр тус шүүхэд хандаж нөхөр *******ад холбогдуулан 15,204,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд зарим нэгэн нотлох баримтуудыг тухайлбал эд зүйлийн үнэлгээ тогтоолгосон баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан. Ингэхдээ хэргийн 36-37 дахь талд байгаа эд хөрөнгийн үнэлгээ гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнээс үнэлгээчин зарим эд хөрөнгүүдийг буруу дутуу үнэлсэн түүнчлэн уг нотлох баримтуудыг 10 дахь мөрт байгаа сэлбэг болон сэлбэгийн дэлгүүрт огт үнэлгээ хийгээгүй байсан. Тийм учраас миний бие эдгээр эд хөрөнгүүдийг мэргэшсэн улсын үнэлгээчнээр үнэлгээ хийлгүүлсэн болно. Уг нотлох баримтаар өмнө 3,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн 60 м.кв талбай бүхий 3 өрөө өвлийн сууц бодит байдал дээр 7,500,000 төгрөгийн үнэ ханштай болох нь тогтоогдсон. Түүнчлэн мэргэшсэн улсын үнэлгээчний үнэлгээний тайлангаас үзэхэд зуны байшин 9,000,000 төгрөг, сэлбэгийн дэлгүүрийн байр 10,600,000 төгрөг, махны амбаар 1,200,000 төгрөг, автомашины гараж 1,600,000 төгрөг, нүүрс түлээний байр 450,000 төгрөг, Фургон маркийн тээврийн хэрэгсэл 4,500,000 төгрөг, Монел маркийн зурагт 950,000 төгрөг, диван 1,200,000 төгрөг, хөлдөөгч 387,000 төгрөг, угаалгын машин 100,000 төгрөг, цахилгаан плитка 23,000 төгрөг, хөргөгч 400,000 төгрөг, хивс 70,000 төгрөг, 400 м.кв талбайтай эзэмшлийн газар 2,000,000 төгрөг, гүний худаг 1,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Мөн түүнчлэн үнэлгээний мэргэжилтэн миний үнэлүүлэхийг хүссэн хөрөнгүүдийг үнэлэх шаардлагатай ба үнэлэх шаардлагагүй хөрөнгө гэж 2 бүлэгт хувааж үнэлэх шаардлагатай хөрөнгүүдийг хүссэн хөрөнгийг улсын үнэлгээчин нийт 42,903,000 төгрөгөөр үнэлсэн байна. Тус шүүхийн шүүгчийн 2018.11.07-ны өдрийн 130\ШЗ2018\02624 дугаар захирамжийн дагуу сэлбэгэнд хийсэн үнэлгээ 11,019,000 төгрөг болсон байна \нийт 124 нэр төрлийн сэлбэг\. Би уг сэлбэгүүдийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж үүнийг нотлох баримтуудаа тус тус хэрэгт хавсаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа *******аас гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 26,961,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулахаар ихэсгэж байна гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хоёр дахь удаагийн нэмэгдүүлсэн шаардлагад: Миний бие 2018.10.18-ны өдөр тус шүүхэд хандаж нөхөр *******ад холбогдуулан 15,204,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж үүнийг 2018.12.13-ны өдөр нэг удаа ихэсгэж 26,961,000 төгрөг болгож байсан. Нэхэмжлэгч ******* урьд нь эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй байсан ба сүүлд нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж миний нэр дээр байгаа газрыг нэхэмжилсэн учраас би ч гэсэн түүний нэр дээр байсан бид хоёрын дундын өмч болох Өлгий сумын А бүст байршилтай 900 м.кв газрын өөрт ногдох хэсгийг нэхэмжлэн шаардлагаа дахин ихэсгэж байна. Урьд гаргасан өөрт ногдох дундын эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Айболатын нэр дээр байгаа өмчлөлийн 900 м.кв газрын өөрт ногдох хэсэг болох 450 м.кв газар буюу 1,350,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нийтдээ 26,961,000+ 1,350,000

=28,311,000 төгрөгийн эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн гурав дахь удаагийн нэмэгдүүлсэн шаардлагад: Миний бие нөхрийнхөө гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан билээ. Би 2018.10.18-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж нийт 42 төрлийн 30,408,000 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн. 2018.12.20-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 1,350,000 төгрөгөөр ихэсгэсэн. Сүүлд шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийн дагуу эд хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон тул нийт дундын хөрөнгө 66,511,739 төгрөг болж байна. Үүний тал нь болох 33,255,000 төгрөгийг нэхэмжлэхээр болж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчаас гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох 33,255,000 төгрөгийн эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан хариу тайлбарт: *******ийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 15,204,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ******* гэр орноос явахдаа өөртөө холбогдох 7 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг ачиж явсан. Энэ дотор төрхмөөс ирсэн инж болгож өгсөн болон бид хамтран амьдарч байх хугацаанд авсан эд хөрөнгүүд байсан. ******* эдгээр эд хөрөнгүүдийг тооцоонд оруулаагүй мөртлөө надад үлдсэн эд хөрөнгийн 50 хувийг авах гэж байгаа нь үндэслэлгүй. Харин Ах дам захад байрлалтай хуучин сэлбэгийн дэлгүүр нь миний өөрийн хуваарьт хөрөнгө, түүнд *******ийн ямар нэгэн оролцоо байхгүй. *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэснийг эс зөвшөөрч байна. Түүний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараар хийлгэсэн үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, зах зээлийн үнээс хэт өндөр, үндэслэл нь тодорхойгүй учир эс зөвшөөрч байна. Үнэлгээ хийхдээ тухайн эд хөрөнгийг биечлэн үзэж элэгдэл, хорогдлыг хасаж үнэлгээ хийх ёстой. Ашид билгүүн ХХК-ийн 2020.01.29-ний өдрийн үнэлгээгээр нийт хөрөнгийн хэмжээг 55,492,739 төгрөгөөр үнэлсэн ч гэсэн эдгээр хөрөнгүүд нь бүгдээрээ дундын өмчлөлийн хөрөнгөнд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дүгээр шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Көбеген ахтай овогт Зулхарнайн Айболат, Найман овогт Аманжолын Алмагүл нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундын хөрөнгөөс зуны байр буюу 16,836,673 төгрөг, 11-61 БӨА улсын дугаартай Уаз-452 маркийн фургон машин буюу 1,555,000 төгрөг, нүүрс түлээний амбаар буюу 264,673 төгрөг, махны амбаар буюу 1,012,972 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон 000422187 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13-р баг Жана ауыл хаягт байршилтай 031306482 нэгж талбарын дугаартай 900 м.кв газар буюу 4,320,000 төгрөг, Монел маркийн зурагт буюу 150,000 төгрөг, зурагтын кабелын аппарат буюу 30,000 төгрөг, дасгалын аппарат буюу 60,000 төгрөг, хоолны жижиг ширээ буюу 15,000 төгрөг, (1.0 х1.80 хэмжээтэй) хивс буюу 30,000 төгрөг, хөргөгч буюу 200,000 төгрөг, плиткний тавиур буюу 15,000 төгрөг, угаалгын машин буюу 80,000 төгрөг, цахилгаан зуух буюу 18,000 төгрөг, зуух /4 ширхэг/ буюу 80,000 төгрөг, тогоо 3 ширхэг /2, 3 литрийн/ буюу 120,000 төгрөг, хоолны халбага 1 ш буюу 3500 төгрөг, төмөр шанага 2 ширхэг буюу 10,000 төгрөг, аяга 10 ширэг буюу 35,000 төгрөг, цонхны хөшиг 2 ширхэг буюу 50,000 төгрөг, 5 ширхэг сандал буюу 25,000 төгрөг, хөшиг тогтоогч 5 ширхэг буюу 75,000 төгрөг, түмпэн 1 ширхэг буюу 5000 төгрөг, хувингууд 2 ширхэг буюу 10,000 төгрөг, таваг 11 ширхэг буюу 38,500 төгрөг бүгд 25,046,318 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч *******ад үлдээж,

хариуцагч *******д гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт нь байгаа диван кресло буюу 500,000 төгрөг, Фрестиш маркийн хөргөгч буюу 350,000 төгрөг, компьютер /нөүтбүүк/ 1 ширхэг буюу 350,000 төгрөг, ширээний компьютер буюу 30,000 төгрөг, принтер буюу 100,000 төгрөг, цахилгаан зуух 1 ширхэг буюу 280,000 төгрөг, палас 4х5 метрийн буюу 20,000 төгрөг, хивс /монгол/ 2х3 метрийн хэмжээтэй буюу 40,000 төгрөг, хивс /хятад/ 4х2 метрийн хэмжээтэй буюу 20,000 төгрөг, индүү 1 ширхэг буюу 10,000 төгрөг, жижиг хивс 2 ширхэг буюу 40,000 төгрөг, номын шүүгээ буюу 65,000 төгрөг, 40 литрийн битон буюу 50,000 төгрөг, хөнгөн цагаан тогоо буюу 30,000 төгрөг, паалантай тогоо буюу 15,000 төгрөг, жигнүүртэй тогоо буюу 15,000 төгрөг, хоолны халбага буюу 3000 төгрөг, мебель ширээ буюу 40,000 төгрөг, зурагтын тавиур буюу 20,000 төгрөг, ширдэг 2 ширхэг буюу 30,000 төгрөг, цонхны хөшиг 3 ком буюу 60,000 төгрөг, паалантай түмпэн буюу 10,000 төгрөг, хувин буюу 10,000 төгрөг, махны машин буюу 20,000 төгрөг, 40 литрийн тогоо буюу 15,000 төгрөг, хутга буюу 5000 төгрөг, аяга 20 ширхэг буюу 70,000 төгрөг, таваг 15 ширхэг буюу 60,000 төгрөг, хоолны сав буюу 15,000 төгрөг, ханын цаг буюу 5000 төгрөг, компьютерын ширээ буюу 25,000 төгрөг, махны таваг буюу 10,000 төгрөг, түмпэн буюу 3000 төгрөг, хувцас хатаагч буюу 8000 төгрөг, никель тогоо буюу 30,000 төгрөг, хуванцар сав буюу 3000 төгрөг болон нэхэмжлэгч *******ийн нэр дээр байгаа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 000660640 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар баг, Харасайд байршилтай, нэгж талбарын 031309651 дугаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 700 м.кв газар буюу 1,260,000 төгрөг, нийт 3,675,000 төгрөгийн эд хөрөнгийг өөрт нь үлдээж,

нэхэмжлэгч *******аас 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 0067878 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 031301616 дугаартай, 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 400 м.кв газар буюу 1440000 төгрөг, 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон №0000210 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0213032959 дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 3 өрөө байшин буюу 16,459,617 төгрөг, гүний худаг 1,950,000 төгрөг, автомашины гараж буюу 2,344,644 төгрөг, нийт 22,194,261 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч *******аас тус тус гаргуулан хариуцагч *******д олгож, хариуцагч *******ийн Ах дам захад байршилтай *******ын сэлбэгийн дэлгүүр, 11,019,000 төгрөгөөр үнэлэгдсэн сэлбэгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцуулж, оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын Төрийн банкны Баян-Өлгий салбараас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр авсан зээл, түүний хүүгийн төлбөр 15,223,913 төгрөгийн тавин хувь болох 7,611,956 төгрөгийг *******ээс гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,746 төгрөгийг, 70,200 төгрөгийг, мөн өрийг хуваах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 149746 төгрөгийг, эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дутуу төлсөн 203,639 төгрөгийг *******аас гаргуулан, мөн хариуцагч З.Алмагүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 299,505 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч З.Алмагүлээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжилгээний хөлсөнд төлсөн шүүхийн зардалд нэхэмжлэгч *******аас 1,322,927 төгрөгийг, хариуцагч *******ээс 1,322,927 төгрөгийг тус тус гаргуулан Баян-Өлгий аймгийн Шүүхийн 100020005001 дугаартай дансанд оруулж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00037 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын нэхэмжлэгч *******аас 1,322,927.00 төгрөгийг гэснийг нэхэмжлэгч *******аас 554,928.00 төгрөгийг гэж, хариуцагч *******ээс 1,322,927.00 төгрөгийг гэснийг хариуцагч *******ээс 554,928.00 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.05-ны өдрийн 130\ШШ2020\00241 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 212\МА2020\00037 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь дараах нөхцөл байдлаар нотлогдож байгаа юм.

1. ******* миний хуваарьт эд хөрөнгө болох компьютер нөтбүүк 1 ширхэг үнэ нь 350,000 төгрөг, ширээний компьютер 1 ш үнэ нь 30,000 төгрөг, принтер 1 ш үнэ нь 100,000 төгрөг, цахилгаан зуух 1 ширхэг үнэ нь 280,000 төгрөг, палас 4x5 метрийн үнэ нь 20,000 төгрөг, хивс \монгол 2x3 метрийн хэмжээтэй үнэ 40,000 төгрөг зэрэг 820,000 төгрөгийн үнэ бүхий эд хогшлуудыг гэрлэгчдийн дундын өмчид ямар ч нотлох баримтгүй тооцсон явдлыг зөвшөөрөхгүй байна. Дээрх эд хогшлууд ******* миний хуваарьт өмч мөн болох нь 1-р хавтаст хэргийн 135, 201-204, 207 дугаар талд авагдсан ээж Ү.Кукайн нотариатаар баталгаажуулсан гарын баримт, иргэн А.Атгахиятын тодорхойлолт, ХААН банкнаас нөтбүүкийг лизингийн зээлээр худалдаж авсан үед үнийг тушаасан орлогын баримт, банкны лизингийн зээлийн гэрээ зэрэг бичиг баримтууд, 2-р хавтаст хэргийн 186, 187-р талд авагдсан ээж Ү.Кукай, иргэн А.Атгахият, Р.Ахылхан нарын тодорхойлолтууд, хариуцагч ******* миний удаа дараа шүүхэд гаргаж байсан тайлбар зэрэг нөхцөл байдлуудаар нотлогдож байна. Тухайлбал, ээж Ү.Кукай нь надад 2,0 сая төгрөг бэлнээр өгч түүнд ширээний компьютер, принтер, палас, цахилгаан зуухыг худалдан авч харин хивсийг ээж бэлнээр гэртээ авч ирсэн, компьютер нөтбүүкийг ХААН банкнаас 2014 онд лизингийн зээлээр худалдаж авсан юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь иргэний хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

2. Анхан шатны шүүхээс ******* миний дундын өмчлөлд үлдээсэн үл хөдлөх эд хөрөнгө болох газар, өвлийн сууц, гүний худаг, авто гаражийн үнэ 22,194,261 төгрөг, дундын өмчийн өмчийн 23,014,261 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүний учир шалтгаан нөхцөлийг дурдвал: ******* би *******ын гэрээс яваад одоо 2 жил гаруй болж байгаа ба 2018.08.17-ны өдрөөс одоо хүртэл аймгийн Багшийн сургуулийн дотуур байрны нэг өрөөг түрээслэн амьдарч түрээсийн байранд амьдарч байна.

Маргаан бүхий хашааны дотор байрлалтай зуны байшинд ******* нь өөр хүнтэй буюу Хабылхатын Амантай гэдэг эмэгтэй гэр бүл болж амьдарч байгаа нь шүүхээс үзлэг хийх үед тодорхой болсон. Зуны байрыг анхан шатны шүүх *******ад үлдээхдээ, маргаан бүхий хашааны газрыг хөндлөнгөөрөө биш уртаараа хуваарилсан нөхцөл байдал, ******* бид бид хоёр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан тул цаашид нэг хашаанд хамт амьдрах ямар ч боломжгүй болсон нөхцөл байдал, шүүхээс дундын өмчид хуваарилсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг би нурааж авья гэхэд дахин ашиглах бололцоогүй, ганц бие эмэгтэй хүн би уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөр газарт зөөж шинээр барих боломж хомс, өөр хүнд худалдъя гэхэд газар нь маргаантай, *******ын үл хөдлөх эд хөрөнгө байгаа тул худалдан авах хүн олдохгүй нөхцөл байдал, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ******* нь надад 10,0 сая төгрөг бэлэн өгнө гэж эвлэрлийн гэрээ хийж байсан, анхан шатны шүүхээс ******* надад дундын өмчид хуваарилсан 400 м.кв газар, 60 м.кв талбай бүхий өвлийн сууц, гүний худаг, автогараж, *******ад хуваарилсан амбаар нь уг хашааны хойд тал байрлалтай ба ар талын гудамж нь маш нарийхан, хашааны хойд талаас автомашин нэвтрэн орох хаалга гаргах боломжгүй байна. Ингээд би уг хашаанд байгаа өөртөө хуваарилагдсан дундын өмч болох өвлийн сууцанд ороход заавал урд талын хаалга буюу *******ад хуваарилсан газраар дамждаг нөхцөл байдалтай болж байна. ******* нь надад өш хонзонтой ба тэрээр өөрийн эзэмшилд үлдсэн хашааны хаалгаар намайг хэзээ ч оруулахгүй. ******* миний дундын өмчид үлдээсэн өвлийн сууц, гүний худаг, авто гаражны үнэ 22,194,261 төгрөг, дундын өмчид буруу оруулсан хуваарьт өмч 820,000 төгрөг нийт 23,014,261 төгрөгийг *******аас гаргуулж өгөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.05-ны өдрийн 130\ШШ2020\00231 дугаар шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд уг шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 3 дахь хэсгийг нэхэмжлэгч *******аас нэгж талбарын 031301616 дугаартай, 400,м.кв газрын үнэ 144,000 төгрөг, улсын бүртгэлийн Ү-0213032949 дугаартай, Өлгий сумын 5 дугаар багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 2 өрөө байшингийн үнэ 16,459,617 төгрөг, гүний худаг 1,950,000 төгрөг, гаражийн үнэ 2,344,644 төгрөг, нийт 22,194,261 төгрөгийг гаргуулан олгох, ******* миний хуваарьт хөрөнгө болох компьютер нөтбүүк 1 ширхэг үнэ нь 350,000 төгрөг, ширээний компьютер 1ш үнэ нь 30,000 төгрөг, принтер 1ш үнэ нь 100,000 төгрөг, цахилгаан зуух 1 ширхэг үнэ нь 280,000 төгрөг, палас 4x5 метр үнэ нь 20,000 төгрөг хивс \монгол 2x3 метрийн хэмжээтэй үнэ нь 40,000 төгрөг зэрэг 6 зүйлийн 820,000 төгрөгийн үнэ бүхий эд хогшлуудыг бид хоёрын дундын өмчид тооцсоныг хасаж, хасагдсан хэмжээгээр дундын өмчийн үнийн дүнд өөрчлөлт оруулж өгөх тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсэг 4,037,250 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах, Төрийн банкны Баян-Өлгий салбараас 2018.08.24-ний өдөр авсан зээл, түүний хүүгийн төлбөр 15,223,913 төгрөгийн тал болох 7,611,956 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч нь гэрлэлт цуцлуулахаас бусад шаардлагыг эс зөвшөөрч, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 33,255,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн дундын хөрөнгөөс 25,046,318 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч *******ад үлдээж, хариуцагч *******д мөн хөрөнгөөс нийт 3,675,000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээж, нэхэмжлэгч *******аас нийт 22,194,261 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулан хариуцагч *******д олгож, харин хариуцагч *******ийн Ах дам захад байршилтай *******ын сэлбэгийн дэлгүүр, 11,019,000 төгрөгөөр үнэлэгдсэн сэлбэгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцуулж, ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага, нэхэмжлэгч *******ын Төрийн банкны Баян-Өлгий салбараас авсан зээл, хүүгийн төлбөр 15,223,913 төгрөгийн тавин хувь болох 7,611,956 төгрөгийг *******ээс гаргуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүхийн зардалд нэхэмжлэгч *******аас 1,322,927 төгрөгийг, хариуцагч *******ээс 1,322,927 төгрөгийг тус тус гаргуулан Баян-Өлгий аймгийн Шүүхийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шүүхийн зардалд нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус 554,928 төгрөг гаргуулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

*******, ******* нар нь 2016.01.20-ны өдөр гэр бүл болсон бөгөөд гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2018 оны 8 сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй, талууд гэрлэлтийг үргэлжлүүлэх талаар санал санаачилга гаргаагүй, гэрлэлт цуцлах шаардлагын тухайд зохигч маргаагүй байх тул анхан шатны шүүх *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх гэрлэгчдийн хооронд үүссэн дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Иргэний хуулийн гэр бүлийн хөрөнгийн эрхийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулж, нийт 2,645,855 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нараар тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй буюу шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас дахин шинжээч томилсонд зохигч буруугүй гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг зөв гэж үзнэ.

Хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан дундын эд хөрөнгө болон хуваарьт эд хөрөнгийн талаарх гомдлын агуулга, үндэслэл нь давж заалдах журмаар гаргасан гомдолтой адил байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс гомдолд хийсэн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00037 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 273,021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД