Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 37

 

С.Г-н нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 135/2018/00579/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч

                             Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                             Шүүгчид                                   Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                              Оролцогчид

                                Нэхэмжлэгч                                С.Г

                                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч     Ж.Э

                                Хариуцагч                                  Г.Б

                                Хариуцагчийн өмгөөлөгч        Б.С

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 264 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Г.Б түүний өмгөөлөгч Б.С нарын гомдлоор С.Г-н нэхэмжлэлтэй Г.Б, В.С нарт холбогдох “20.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...Миний бие Г.Б-н хүсэлтээр  мөнгө зээлүүлж байсан бөгөөд  мөнгийг бэлнээр болон банкны дансаар шилжүүлэн авдаг байсан. Г.Б нь 11.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй  зээлж авсан  тул түүнээс  2015 оны 12 сард авсан 5,860,000 төгрөг, I phone6 plus утасны үнэ 1,000,000 төгрөг,  2015 оны 11 сард авсан 4,200,000 төгрөг, нийт 11,060,000 төгрөг болон 2 жил гарны хүүгийн хамт багаар бодож 20,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй гэж ойлгож байгаа тул нийт 11.060.000 төгрөгийг л нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Б анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .... С.Г-н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би С.Г ахаас мөнгө зээлээгүй харин мөрийтэй тоглоод түүнээс  читон /хясаа/ авсныг мөнгөөр тооцож 4.200.000 төгрөг авсан гэж гарын үсэг зуруулсан мөн намайг 15,000,000 төгрөг залилан мэхэлж авсан хэмээн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 07 сарын 30-нд өргөдөл гаргаж шалгуулсан. Уг асуудал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2 гэсэн зүйл ангиар надад эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.О-с Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол үйлдэгдэж хэрэг хаагдсан. С.Г-с 15,000,000 төгрөг залилан мэхэлж авсан асуудал тогтоогдохгүй харин 6,500,000 төгрөгийн асуудал байна гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тогтоол гарсан. Би  6,500,000 төгрөгийг 2016 оны 10-р сарын 30-нд төлж барагдуулсныг нотариатаар гэрчлүүлж тооцоо дууссан тухай баримт хэрэгт байгаа.  Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш энэ хүнтэй уулзаагүй. Энэ хүнээс авсан мөнгөө 2016 оны 10 сарын 30-ны өдөр төлж барагдуулсан...гэжээ.

Хариуцагч В.С анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Тус шүүхэд С.Г гэж хүнээс нэхэмжлэл гаргахдаа миний хүү Г.Б бид хоёроос 11,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг шаардсан нэхэмжлэлтэй танилцаад ямар ч үндэслэлгүй ийм их мөнгө хүнээс нэхэж болдог юм байх даа гэж маш их гайхаж байна. Манай хүү 2016 онд нэг хэсэг болох болохгүй хүмүүстэй нийлж мөрийтэй тоглоом тоглосныг би анхандаа мэдээгүй. Тэр үед манай хүү миний банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан миний банкны карт дансыг маш сайн мэддэг хааяа мөнгө авч хэрэглэсэн байдаг ч байнга надад хэлдэг байсан. Харин миний данснаас 6,000,000 аваад найз З-н данс руу оруулж Г-д читоны өр 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. Найз И-н дансаар миний 5045357758 дансанд  5,680,000 төгрөгийг буцаагаад хийсэн байсныг би сүүлд цагдаад шалгагдахад нь мэдсэн. Цагдаа хэрэг хаагдахын өмнө хүүгийнхээ өрөнд өөрөөсөө нэг удаа 1 сая төгрөг дараа нь 500,000 төгрөгийг дансаар Г-д шилжүүлсэн. Г бид хоёрын хооронд өр авлага байхгүй, би энэ хүнээс мөнгө зээлж авч үзээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

           

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 264 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б-с 8.500.000 төгрөг гаргуулж, В.С-д холбогдох болон үлдэх 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар  шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Г.Б түүний өмгөөлөгч Б.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:... Анхан шатны шүүх Хяналтын шатны шүүхийн тогтоолд дурьдагдсан дахин хэлэлцүүлэх болсон үндэслэл бүхий дүгнэлтийг анхаарч үзээгүй. 

...1. “...Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ба хариуцагч нар уг мөнгийг аваагүй гэж маргасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт  авагдаагүй байхад нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг өмнө нь хэлэлцсэн баримтанд тулгуурлаж хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

2. Хариуцагч Г.Б ... тухайн үед мөрийтэй тоглоод энэ хүнээс читон /хясаа/ авсныг мөнгөөр тооцож 4.200.000 төгрөг авсан гэж гарын үсэг зуруулсан... гэсэн тайлбар тус тус гаргасан байхад  шүүх энэ талаар тодруулаагүй дүгнэлт хийгээгүй...

3. “... Түүнчлэн нэхэмжпэгч нь нэхэмжлэлд дурдсан 5.860.000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 

 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх хуулийн заалтыг зөрчсөн Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт:... хариуцагч Г.Б найз Б.З-н данснаас С.Г-ий дансруу 4.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн... гэж байгаа ч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан Б.З-н 5045443558 тоот дансны депозит дэлгэрэнгүй хуулгаар цаг хугацааны хувьд үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл хэлцэл хийгдэхээс өмнө буюу 2015 оны 12 сарын 19-ны өдөр хийгдсэн гүйлгээ байх тул 4.000.000 төгрөг өгсөн гэж үзэх боломжгүй байна.” гэж дүгнэжээ.

Дээрх дүгнэлт нь хэргийг бодит байдал, хэрэгт цугларсан нотлох баримттай илт зөрүүтэй дүгнэлт байх бөгөөд цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа нь чухам ямар үндэслэлээр 4.000.000 төгрөгийг төлсөн гэж үзэх боломжгүй байгаа талаар огт тайлбарлаагүй.  Тус баримт нь 2015.11.02-ны өдөр үйлдэгдсэн баримт байх бөгөөд тус баримтанд бичигдсэнээр 4.200.000 төгрөгийг 2015.12.14-ны өдрийн дотор төлнө гэх агуулгаар бичигдсэн байдаг. Харин шүүх цаг хугацааны хувьд зөрүүтэй гэж дүгнэсэн хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд байгаа 4.000.000 төгрөгийг Б.З-н дансаар дамжуулан нэхэмжлэгч С.Г-н 5007092386 тоот дансруу 2015.12.19-ны өдөр шилжүүлсэн баримтыг 2015.11.02-ны өдөр байгуулагдсан гэж үзсэн хэлцлээс өмнө хийгдсэн гүйлгээ гэж үзсэн нь огт ойлгомжгүйн дээр нотлох баримтанд тулгуулаагүй буруу дүгнэлт болсон байна.

Мөн анхан шатны шүүх хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1,  48 дугаар зүйлийн 48.4 дэх заалтууыг буруу тайлбарлан хэрэглэсэн хуулийн заалтуудыг хэрэглэх хууль хэрэглээний болон улмаар тус хэргийг шийдвэрлэх хууль зүйн мэдлэг чадвар дутагдсан байх боломжтой гэх хардлагыг төрүүлээд байна.

Иймд давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.24-ны өдрийн 264 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч  Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

             Би Г ахаас 4.200.000 төгрөгийг аваад тэр мөнгийг төлөхдөө ээжийнхээ данснаас 6.000.000 төгрөгийг найзынхаа данс руу шилжүүлж,  найзынхаа дансаар 4.000.000 төгрөгийг буцаан төлсөн.  Гар утасны мөнгийг ээж цагдаад байхад төлчихсөн.  Ээжийн данснаас авсан мөнгөө төлөхийн тулд С.Г ахаас мөнгө зээлж шилжүүлсэн. Үүнийг цагдаад шалгагдах үедээ С.Г ахад ээж 1.500.000 төгрөгийг би 3.500.000 төгрөгийг бэлнээр өгч дуусгасан. Одоо өгөх мөнгө байхгүй гэв.

 

            Нэхэмжлэгч  С.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Шүүхэд анх би 20.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Ингээд өмгөөлөгч аваад хүү нэхэмжлэх боломжгүй юм байна гэдгээ мэдээд  зөвхөн өгсөн мөнгөө л нэхэмжилж байгаа.  Г.Б түүний ээж В.С нарыг сайн танина. Бид нэг байранд олон жил амьдарч байгаа.  Г.Б-с  өгсөн 4.200.000 төгрөг, утасны үнэ 1.500.000 төгрөг, ээжийнхээ дансаар шилжүүлж авсан 5.860.000 төгрөгийг тус тус гаргуулан авна.  Г.Б нь урьд нь авсан 4.000.000 төгрөгөө буцаан өгснөө өгсөн гээд байна. Харин ээж нь цагдаа дээр хэрэг нь шалгагдаж байхад Г.Б урьд нь эрүүгийн хэрэгт холбогдоод тэнсэнтэй байгаа тул хохирлын дүнгээ багасгаад  төлсөн гээд хэлээд өгөөч гэж гуйгаад  В.С 6.500.000 төгрөгийг, Г.Б 3.500.000 төгрөгийг тус тус төлөхөөр баталгаа бичиж өгсөн. Тэгэхээр нь би цагдаад мөнгөө авсан гэж бичиж өгсөн юм. Тэр үед В.С 1.000.000 төгрөг өгсөн  түүнийг нь зөвшөөрч байгаа. Өөр мөнгө аваагүй тул нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Зохигчдын хооронд бие биетэйгээ зээлийн гэрээ удаа дараа байгуулж байсан гэдэг.  Хариуцагч  зээлж авсан мөнгөө төлсөн гэдэг боловч түүнийгээ нотлож чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх боловч  давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн зохих  дүгнэлт хийж хэргийн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Г.Б, В.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг зээл 11.000.000  төгрөг, зээлийн хүү 9.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаарлагаа багасган зээлийн хүү гаргуулах тухай шаардлагаасаа татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа  үндсэн зээл 11.060.000 төгрөг гаргуулах тухай гэж тодорхойлсон байна.

 Хариуцагч Г.Б нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын  татгалзалаа зээлийн гэрээ байгуулаагүй, харин мөрийтэй тоглоод түүнээс читон /хясаа/ авсныг мөнгөөр тооцож нэхэмжлээд байгаа юм.  С.Г нь Цагдаагийн газар өргөдөл гаргаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөнгийг нь бүрэн төлсөн, хариуцагч В.С нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэж тайлбарлажээ.  

 

Хэргийг судлан үзвэл:  Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч  С.Г-с   2015 оны 11 сарын 02-ны өдөр 4.200.000 төгрөгийг,  2015 оны 12 сарын 23-ны өдөр найз Б.Идэрцогтын ХААН банк дахь дансаар  С.Г-с 5.860.000 төгрөгийг мөн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий  IPHONE 6 plass маркын  гар утсыг тус тус зээлээр авсан болох нь  гэрч Б.З-н /хх-ийн 37/ ”...Г.Б    С.Г ахаас барьцаанд эд зүйл тавиад мөнгө зээлж авдаг байсан, .... Б надаас дансаа өгч байгаач мөнгө авах гэсэн юм.  Надад данс байхгүй гээд 1-2 удаа гуйж хэрэглэсэн, 2015 оны 12 сарын 19-ны ээжийнхээ данснаас 6.000.000 төгрөгийг миний дансруу шилжүүлэн авч түүнээсээ  4.000.000 төгрөгийг нь С.Г данс руу, шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг,  гэрч Б.И-н  /хх-ийн 38/ “ Би ХААН банкны 5055405746 дугаартай данс эзэмшдэг.   Г.Б миний банкны картыг түр хэрэглээд өгье гэж хэлээд авсан .... өдрийг нь сайн санахгүй байна нэг өдөр надтай хамт Г ахтай уулзаад мөнгө зээлсэн.  Тэгээд Г ах өөрийн ХАС банкны виза картнаас данснаас миний данс руу мөнгө шилжүүлсэн. Яг хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй. Г.Б ах миний виза картыг аваад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,  зохигчдын  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, С.Г, В.С, Б.З, Б.И нарын банкны хуулга болон бичгийн бусад  нотлох  баримтуудаар тогтоогдож байна.

 

 Дээрхи үйл баримтаар нэхэмжлэгч С.Г хариуцагч Г.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүсэж, тус гэрээний дагуу хариуцагч Г.Б нь  гэрээний дагуу нэхэмжлэгч С.Г-с 4.200.000 төгрөг, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 5.860.000 төгрөг нийт 11.060.000 төгрөгийг зээл авч үүнээс   найз Б.З-ын  ХААН Банк дахь /5045443558/ данснаас  4.000.000 төгрөгийг, түүний ээж В.С ХААН банк дахь /5045357758/ дугаартай  данснаас 1.500.000 төгрөгийг тус тус буцаан төлсөн байна.

 

Харин нэхэмжлэгч С.Г нь хариуцагчийн найз Б.З-н дансаар шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг урьд байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж тайлбарлаж байгаа боловч  урьд байгуулсан ямар гэрээний дагуу  гэдгээ  шүүхэд нотлоогүй, мөн хариуцагч нь зээлийг нэхэмжлэгчид бэлнээр төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч  энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй тул  хариуцагчийг  нийт зээлийн гэрээний үүрэг  11.060.000 төгрөгөөс  5.500.000 төгрөгийг  нэхэмжлэгчид төлсөн  гэж үзлээ.  

Мөн нэхэмжлэгч С.Г нь хариуцагч В.С-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тэдгээрийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  гаргасан давж заалдах гомдлын талаар:  Хариуцагч Г.Б нь тухайн үед мөрийтэй тоглоод  нэхэмжлэгчээс читон буюу хясаа  авсныг мөнгөөр тооцож 4.200.000 төгрөг авсан гэж гарын үсэг зуруулсан  гэж тайлбар тус тус гаргасан байхад  шүүх энэ талаар тодруулаагүй дүгнэлт хийгээгүй гэжээ.  Хариуцагч Г.Б  нь нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй харин мөрийтэй тоглоомын хясаа худалдан авсан гэж тайлбарладаг боловч гэрч Б.З-н /хх-ийн 37/ “... Г.Б “Техас”-д покер тоглох гэсэн юм. Чи хүзүүний гинж, цаг хоёроо С.Г ахад барьцаанд тавиад зээл аваад өг гэсэн. Ингээд Г ахаас 700.000 төгрөг зээлж авсан, тэр мөнгийг Б цувуулж төлсөн” гэсэн мэдүүлэгээр  нэхэмжлэгчээс читон бус  харин  тоглоом тоглохын тулд  өөрийн болон найз нарынхаа эд зүйлийг барьцаанд тавьж зээл авдаг байсан байдал тогтоогдож байх тул  хариуцагчийн дээрхи гомдол  үндэслэлгүй. 

 

  Анхан шатны шүүхээс шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ дурьдсан “Г.Б найз Б.З-н данснаас С.Г-ий дансруу 4.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн...гэж байгаа ч энэ нь... цаг хугацааны хувьд үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл хэлцэл хийгдэхээс өмнө буюу 2015 оны 12 сарын 19-ны өдөр хийгдсэн гүйлгээ байх тул 4.000.000 төгрөг өгсөн гэж үзэх боломжгүй байна” гэсэн  дүгнэлтийн хувьд шүүх  зохигчдын урьд хийсэн ямар  хэлцлийг тодорхойлсон нь ойлгомжгүй бөгөөд харин ч  цаг хугацааны хувьд  хариуцагч нь 2015 оны 11 сарын 02-ны өдөр авсан 4.200.000 төгрөгийн зээлийн төлбөрт 4.000.000 төгрөг шилжүүлсэн гэж үзэхээр байхад  үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй байна.  

Харин нэхэмжлэгчээс  5.860.000 төгрөгийг хариуцагчид  шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй гэсэн гомдлын хувьд шүүх хуралдаанд хариуцагч  Г.Б  нь С.Г-с найз Б.И-н  дансруу   шилжүүлэн авснийг  хүлээн зөвшөөрсөн тул  хариуцагчийн өмгөөлөгчийн  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  гаргасан давж заалдах гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд  давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн зохих  дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчийн давж заалдах гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 264 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

   1 дэх заалтыг:

   “1. Иргэний хуулийн 281 дүгээр  зүйлийн 281.1-т зааснаар Г.Б-с 5.560.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.500.000 төгрөгийн болон хариуцагч В.С-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж

  2 дахь заалтыг

  “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Г-с  тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас  103.910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д  олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 150.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

 

  3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                              Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН