Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1792

 

 

Б.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02030 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.О-гийн хариуцагч Ө.С-д холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18634317790056 дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэгдсэн 123 м.кв талбай бүхий газар, эдгээр хаягуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн 147 м.кв талбайтай хувийн сууцыг хариуцагч Ө.С-ын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18634317790056 дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэгдсэн 123 м.кв талбай бүхий газар, эдгээр хаягуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн 147 м.кв талбайтай хувийн сууцыг 2018 оны 7 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж чадахгүй байдалд хүрч байна. Б.О  нь уг газар болон байшинг 2015 онд Ө.Б, Б.Б нарт зээлдүүлсэн 28 000 000 төгрөгийн оронд, хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлж авсан юм. Гэтэл манай ах Б.Б, түүний эхнэр Ө.Б нарын дүү болох Ө.С нь хашаа байшинд хүнгүй хойгуур өөрсдийн дураар орж суугаад гарахгүй, өнөөдрийг хүртэл хашаа байшинг чөлөөлж өгөхгүй байна. Хариуцагч Ө.С-ыг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд түр оршин суугчийн хувьд амьдардаг хэмээн бүртгэсэн байх тул дээр дурдсан хөрөнгийг хариуцагч Ө.С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Ө.С-ын эзэмшилд байгаа Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж,0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18634317790056 дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэгдсэн 123 м.кв талбай бүхий газар, эдгээр хаягуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн 147 м.кв талбайтай хувийн сууцыг Ө.С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, дараах үндэслэлээр татгалзаж байна. Хариуцагч Ө.С нь төрсөн эгч Ө.Б болон түүний нөхөр Б.Б нарыг Австрали улс руу явахад гэр бүлийн хамтран өмчлөлийн хувийн сууц, газар, тахилтын 4 айлын газрыг зарж мөнгө өгсөн, гэвч тэдний виз гараагүй. Гэр оронгүй болсон учир тэднээс мөнгөө нэхэхэд мөнгө байхгүй, Баруун салаанд жижиг байшин, газар худалдаж авсан тэнд амьдар, хамтдаа тэнд 2 давхар байшин барья, барьж дуусгаад та нарт мөнгийг чинь өгье гэхээр нь баруун салаанд ирж амьдарч, эгч Ө.Б-ын 8 000 000 төгрөгөөр барилгын материал авч, хамаатан садангаараа байшинг хамжиж барьсан, одоо ч бүрэн барьж дуусгаагүй байгаа. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүргэн Б.Б, дүү гэх Б.О гэгчтэй ирж биднийг хашаа байшингаас зайл гэж хөөж, ах Ө.Б-ийг зодсон. Хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулж, Б.Б хуулийн хариуцлага хүлээсэн. Нэхэмжлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр Ө.С би дээрх газрын болон байшингийн өмчлөгч нь Б.О гэгч нь болсныг мэдсэн. Нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6, 6б тоот хаягт байрлах газрууд болон уг газруудад баригдсан хувийн сууцыг хүргэн Б.Б дүү нартайгаа нийлж, эгч Ө.Б-ыг хуурч мэхлэн, дарамталж, хууль бусаар хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр эрх шилжүүлэн авч, бидний гэр бүлийн хамтын өмч хөрөнгөөр барьсан байшингийн өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр гаргуулж авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Б.О биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18634317790056 дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6б тоот хаягт байрлах, нэгж талбарын 18634317790056 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэгдсэн, 123 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 26 дугаар гудамж, 6, 6б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн 147 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ө.С-ын эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.С-аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ө.С давж заалдах гомдолдоо:

... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхэд миний төлөөлөгч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо миний хууль ёсны эрх ашиг хохирол учрахаар нөхцөл байдлын улмаас өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 184/Ш32019/08999 тоот захирамжаар өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Ө.С би Ш.Б-ийг өмгөөлөгч гэдгийг мэдээгүй, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхэд хамгаалуулахаар өмгөөллийн гэрээ байгуулаагүй, түүнд зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан төлөөлөгчийн эрх хэмжээ олгосон бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар Ш.Б-ийг өмгөөлөгчөөр оролцох ямар ч хүсэлт гаргаагүй. Би Ш.Б эгчийг өмгөөлөгч гэдгийг ч мэдэхгүй бөгөөд ямар ч хууль, эрх зүйн туслалцаа авч байгаагүй. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нь маргааны зүйл болох Сонгинохайхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6, 6б тоотод байрлах 147 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн сансараас авсан зургийг Нийслэлийн газрын албанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар хэргийн хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гаргуулахаар хүсэлт тавьсан ч хүсэлтийг хангаагүй. Маргаан бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 26 дугаар гудамж, 6, 6б тоотод байрлах газар, 147 мкв талбайтай хувийн байшинг миний төрсөн эгч Ө.Б хөрөнгө гаргаж, хамаатан саднаараа байшинг хамжиж барьсан бөгөөд шударга эзэмшигч Ө.С миний амьдарч буй гэр орныг чөлөөлөх гээд байгаад маш их гомдолтой байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж, шаардлагаасаа татгалзахдаа хариуцагч Ө.Баас татгалзсан байдаг. Хүргэн Б.Б төрсөн дүү Б.О тайгаа нийлж, эгч Ө.Б-ыг хуурч мэхлэн, дарамталж хууль бусаар хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр эрх шилжүүлэн авсан бөгөөд эгч Ө.Б уг иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гаргахад шүүх ойлгохгүйгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ойлгож Ө.Б-ын ямар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа энэ хэргийг шийдвэрлэхэд гэж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 184/Ш32019/08998 тоот захирамжаар "Бие даасан шаардлагыг батлахаас татгалзаж" захирамжилсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.О нь өөрийн өмчлөлийн газар, хувийн сууц, мөн эзэмшлийн газрыг хариуцагч Ө.С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны0 тоот хаяг бүхий нэгж талбарын 18634317790056 дугаартай 200 м.кв газрыг эзэмших эрхийн 000679273 тоот  2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн  гэрчилгээ, мөн залгаа 6б хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэгдсэн 123 м.кв газрын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 000538514 тоот гэрчилгээ болон эдгээр хаягт байрлах 147 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх  эрхийн Ү-2201055122 дугаарт бүртгэлтэй 000661455 тоот гэрчилгээг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргасан, газар болон хувийн сууцны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болохоо нотолсон байна.

 

Хариуцагч Ө.С нь маргаж буй хаягт түр оршин сууж, хувийн сууцыг эзэмшиж байгаагаа үгүйсгээгүй бөгөөд  өөрийн төрсөн эгч Ө.Б болон нөхөр Б.Б нарт өгсөн мөнгөнийхөө хариуд уг газар, хувийн сууцыг авч, өмчлөх эрхтэй болсон гэж тайлбарласнаар түүний эзэмшлийг хууль ёсных гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар эзэмшил үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.О нь иргэн Ө.Б, Б.Б нартай байгуулсан 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Бэлэглэлийн гэрээний дагуу 123 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, бүртгэлээр баталгаажуулсан, улсын бүртгэгчийн шийдвэрээр уг газар дээр баригдсан хувийн сууцны анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/141 дүгээр захирамжаар 200 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон үйл баримт тогтоогджээ.

 

Б.О гийн хувьд өмчлөх эрх нь Ө.Б, Б.Б нарын нэр дээр бүртгэлтэй байсныг үндэслэн 123 м.кв газрын өмчлөх эрхийг хэлцлээр шилжүүлэн авсан  тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхээс гадна Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Ө.Б, Б.Б нарын нэр дээрх бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

 

Хувийн сууцыг Ө.Б-ын 8 000 000 төгрөгөөр барьсан гэх тайлбар нь хариуцагч Ө.С-ын эзэмшлийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд Ө.С нь газрыг Ө.Б, Б.Б нараас авлагадаа тооцож шилжүүлэн авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, түүний хууль бус эзэмшлээс газар хувийн сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэгч Б.О гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ