Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 205/МА2019/00016

 

П.Лх-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны

Даргалагч шүүгч:

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхийн шүүхийн шүүгч Б.Намхайдорж

Бүрэлдэхүүнд:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүхийн шүүгч Ч.Энхтөр

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхийн шүүхийн шүүгч Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч/Говь-Алтай аймгийн шүүхээс онлайнаар/: П.Лх-

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч П.Лх- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие П.Лх- нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай гомдол гаргаж Захиргааны хэргийн шүүхээд шийдвэрлүүлэн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан билээ. Уг шийдвэр гарсанаас хойш тухайн албан тушаалтан одоо хүртэл шүүхийн шийдвэр биелүүлээгүй байгаа бөгөөд биелүүлэх боломжгүй тухай албан бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсэн байна. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тасалбар болгон тогтоож өгнө үү. 2017 оны 02 дугаар сарын 21-нд ажлаас чөлөөлөгдсөн. Энэ ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаа үндэслэлгүй гэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гарч ажилд томилогдсон байгаа. Ингээд тухайн 07 дугаар сарын 16-ны өдөр миний цалинг тасалбар болгон олгогдохоор заасан байсан. Үүнээс хойш захиргааы хэргийн давж заалдах шат, хяналтын шатны шийдвэр гаргаад үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох бичиг баримтаа өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгүүлж өгөөч гэхэд одоо хүртэл ажилдаа аваагүй. Үүний дагуу 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл өдрийн цалингаа нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү? гэсэн нэхэмжлэл гаргасан. Миний ажлын байрны талаар ярьлаа. Эхнээсээ манай байгууллагын бүтцэд байгаагүй гэдэг тайлбар яриад байна. Анхнаасаа намайг Засгийн газрын 55 дугаар тогтоолоор тээврийн авто замыг татан буулгаад Тамгын газарт шилжүүлсэн. Тухайн үеийн даргад удирдлагууд энэ газрын ажилтан гэж намайг тийшээ шилжүүлээгүй. Одоо байгаа бичиг баримтад танай бүтцэд оруул гэсэн юм биш. Удирдлагаар нь хангаад адил чиг үүрэг хэрэгжүүлж байгаа хүнтэй адил цалин тамгын газраас олгож байсан. М.******* даргын шийдвэр тамгын газрын ажилтанг хамаагүй хүн халчихсан. Заавал бүтцэд байх гээд байгаа юм биш. Зүгээр чиг үүргээр нь хангаад тэнд нь ажиллаад багаж тоног төхөөрөмж аймгийн нөөц бололцоог ашиглаад ажиллуулж байгаа хувилбар. Харин цалинг тэнд ажиллуулаад захиалагчийн хяналтын зардлаас Тамгын газрын шийдвэрээр гаргаад явж байсан. газрын харилцаа барилга хот байгуулалтын үндсэн бүтцээс геодиз зураг зүйн газраас ирдэг санхүүжилтээс нь нэг ч удаа цалин авч байгаагүй. Тэгэхээр үүн дээр бүтцийн талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа 2 үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт Засгийн газрын тогтоолоор татан буугдсан байгууллагын ажилтныг Тамгын газрын мэдэлд шилжүүлсэн тогтоолын заалт байгаа, Тамгын газар тогтоолоос илүү тушаал гаргаад манайх руу шилжүүлсэн. Цалингийн сан нийгмийн даатгал бусад асуудлуудыг шийдсэн байх гэж ойлгож байгаа боловч тийм зүйл байхгүй. Хоёрдугаарт тус газарт энэ хүнийг ажиллаж байсан гэж байгаа орон тоо байхгүй. Энэ талаар гарсан тушаал шийдвэр орон тоо бүтцийн холбогдолтой зүйлүүд хэргийн материалд байна. Энэ 2 үндэслэлээр үндэслэлгүйгээр томилж цалин олгож байсан гэж тухайн үеийн томилж байсан асуудлуудыг зөвшөөрөхгүй. Нөхөн олговрын хувьд орон тоо үндсэн ажилтнаар ажиллаагүй учраас цалин, нөхөн олговор өгөх асуудал байхгүй гэв.

Анхан шатны шүүх:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 416 хоногийн олговорт 15.068.768 /арван таван сая жаран найман мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол овогт Пүрэвдоржийн Лх-т олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.Лх-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 15.068.768 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 233.294 /хоёр зуун гучин гурван мянга хоёр зуун ерөн дөрвөн/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Иргэн П.Лх-ын нэхэмжлэл нь анхнаасаа тус газарт хамаарахгүй үндэслэлээр гарсан байна. Тухайлбал П.Лх- нь тус газрын орон тооны бус ажилтан байсан болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2014 оны А/32, 2015 оны А/65, 2018 оны А/138 дугаартай орон тоо бүтцийг баталсан тушаалуудаар нотлогдож байна.

Иймд иргэн П.Лх-ын нэхэмжлэлтэй сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2019/00065 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давж заалдах хүсэлтэй байна.

Жич:

1. Манай байгууллагад тухайн албан тушаалын орон тоо байхгүй.

2. Иргэн П.Лх-ын нэхэмжилсэн 13.820.768 төгрөгийг гарган олгох төсөв мөнгө хүрэлцэхгүй олгох боломжгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Лх- /Говь-Алтай аймгийн шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь ажлын байр, цалин хөлс байхгүй гээд тайлбарлаад байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилж цалинг нь олго гэсэн шийдвэр гарсан байхад одоо болтол надад цалинг олгоогүй байгаа. Тийм болохоор би цалингаа авахын тулд нэхэмжлэл гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлж, дүгнэн талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36, 69 дүгээр зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Лх- нь хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар ажил олгогч нь нэхэмжлэгч П.Лх-ыг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар Говь-Алтай аймгийн Газрын харилцаа хот байгууллалтын газрын тээвэр авто замын асуудал хариуцсан мэргэжилтэний ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, уг шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн магадлал гарснаар хүчин төгөлдөр болж, П.Лх- нь үндэслэлгүй халагдсан нь тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан ажилгүй байсан бүх хугацаа... гэдэгт ажилтныг үндэслэлгүйгээр халснаас хойш түүнийг ажилд эгүүлэн авах хүртэлх хугацааг ойлгох ба ажилтан нь ажил олгогчийн хууль бус тушаалын улмаас энэ хугацаанд цалин, хөлсөөр хохирч байгаа учраас хохирлыг арилгах үр дагаврыг хуулиар зохицуулсан байна.

Гэтэл ажил олгогч нь өнөөдрийг хүртэл энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй учраас шүүх ажилгүй байсан бүх хугацааг Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрийн маргаашнаас буюу 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-нийг хүртэл 416 хоног гэж тооцон, 3.820.728 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор тогтоосоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР