Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0654

 

 

 

 

 

 

 

 

    2023          08          29                                      128/ШШ2023/0654

    

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч С.Ганбат, Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Д.Буянхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: иргэн Чулуунбатын Батчимэг /РД:УШ73121208/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга,

Гуравдагч этгээд: Батчулууны Энхтөр /РД:МК88022010/,

Маргааны төрөл: орон тоо, чиг үүрэг хэвээр үндэслэлээр ажилд үргэлжлүүлэн ажиллуулаагүй чөлөөлж өөр албан тушаалд томилсон, шилжүүлэн томилсон, төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрүүдтэй маргаж, урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, цалингийн зөрүү, нэмэгдэл, урамшуулал гаргуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Батчимэг, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, гуравдагч этгээд Б.Энхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын Ч.Батчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр ажлын хэсэг байгуулсан тушаал, ажлын хэсгийн шалгаруулалтын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудсын Ч.Батчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

3. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох,

4. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

5. Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчийн орон тоо, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилж ажиллуулахыг даалгуулах,

6. 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/64 дугаар “Үр дүнгийн урамшуулал олгох тухай" тушаалаар олгогдсон 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын зөрүү 216,168 төгрөг, 2020 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 401,059 төгрөгийг гаргуулах,

7. 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн А/211 дугаар "Зэрэг дэвийн нэмэгдэл олгох тухай” тушаал, 2020 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн А/09 дугаар "Цалин шинэчлэн тогтоох тухай" тушаалуудаар зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь байх ёстой байхад 30 хувиар тооцсоноос үүссэн зэрэг дэвийн нэмэгдлийн зөрүү 290,012 төгрөгийг гаргуулах,

8. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар цалин хөлс, нэмэгдлийг олгоогүйгээс үүссэн зөрүү 548614 төгрөгийг гаргуулах,

9. 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 тушаалаар албан тушаал бууруулж дүүрэгт томилсноос хойш олгогдоогүй цалин хөлсний бүрэлдэхүүн болох унаа, хоолны нэмэгдэл 305,000 төгрөгийг гаргуулах,

10. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 46,955,081 төгрөг гаргуулах, уг хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Татварын ерөнхий газрын даргад даалгах.

Хоёр. Процессын үйл баримтууд.

1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн "Албан тушаалаас чөлөөлөх, томилох" тухай А/37 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үндэслэлээр Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагч Ч.Батчимэгийг чөлөөлж, Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчаар томилсон.

2. Нэхэмжлэгчээс уг тушаалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор гомдлыг хангаагүй тул 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар "Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах" ажлын хэсэг байгуулагдаж, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн маргаж буй ажлын байранд сонгон шалгаруулалт хийгдсэнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч ажлын хэсгийг байгуулсан тушаал, гаргасан дүгнэлт, үнэлгээний хуудсын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

4. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Татварын ерөнхий газрын Татварын төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчаас чөлөөлж, Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар томилсон, тэрээр энэ шийдвэрийг мөн эс зөвшөөрч тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

5. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа суралцах үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар түүнийг төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон, уг шийдвэрийг мөн эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

6. Нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг албан тушаалд томилж үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгуулахаар, үр дүнгийн урамшууллын зөрүү гаргуулах, зэрэг дэвийн нэмэгдлийн зөрүү гаргуулах, унаа хоолны нэмэгдэл гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Татварын ерөнхий газрын даргад даалгах шаардлагыг нэмж тодруулсан байдлаар шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байна.

Гурав. Маргаж буй үндэслэлүүд.

1. Нэхэмжлэгч нь “түүний эрхэлж байсан албан тушаалын орон тоо, чиг үүрэг хэвээр байхад үргэлжлүүлэн ажиллуулаагүй, албан тушаал бууруулан томилсон нь, улмаар уг орон тоонд шалгаруулалт явуулсан нь үндэслэлгүй, цаашлаад шилжүүлэн томилсон нь илт хууль бус, мөн албан тушаалын зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв, улирлын үр дүнгийн урамшууллыг үндэслэлгүйгээр бууруулсан, улмаар төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байхад төрийн албанаас чөлөөлж, улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон нь хууль бус” гэж маргасан бол,

2. Хариуцагч нь “татварын албаны зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөөр татварын улсын ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн учир татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд шалгаруулалт явуулж томилгоо хийсэн, энэ хүртэл улсын байцаагчаар томилсон, нэхэмжлэгч уг сонгон шалгаруулалтад оролцоогүй тул татварын улсын байцаагчаар шилжүүлэн томилсон, тэрээр түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу төрийн албанаас чөлөөлсөн, одоо татварын албатай эрх зүйн харилцаа дууссан тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй” гэж тайлбарлажээ.

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалаар албан тушаалын зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулснаар Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам"-ын 2.9 дэх хэсэгт "Төрийн захиргааны албан хаагчаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаал буурсан тохиолдолд тухайн төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын зэрэг дэвийг бууруулахгүй" гэж заасныг зөрчсөн. Энэ зөрчлийг Төрийн албаны зөвлөлийн 79 дүгээр тогтоолоор баталгаажуулсан. Албан тушаалын зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулах шийдвэр гаргахдаа мэдэгдээгүй, санал гаргах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг, тушаалыг танилцуулаагүй нь 43 дугаар зүйлийг зөрчсөн. Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй шийдвэр гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг санаатайгаар зөрчсөн.

А/37 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг үндэслэн гаргаснаар "Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах" гэж заасны дагуу үргэлжлүүлэн ажиллуулах эсвэл шалгаруулж авах байтал шууд албан тушаал бууруулж чөлөөлсөн нь дээрх заалтыг зөрчсөн.

А/37 дугаар тушаалыг анх гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62.1.3 дахь заалтыг баримтлан гаргасан атал 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар цалинг Төрийн албаны тухай хуулийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн буцаан олгохоор шийдвэрлэсэн. Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-д ахлах түшмэлийн ангилалд ТЗ-10, ТЗ-9 хамаарч, дэс түшмэлийн ангилалд ТЗ-8 хамаарахаар зохицуулсан. Засгийн газрын агентлагийн улсын ахлах байцаагч нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын ангилалд ТЗ-8 д хамаарч байгаа тул албан тушаалын ангилал хэвээр үлдэхээр байна. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолын 2.2-т "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлнэ", 2.4-д "Төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвшүүлэхэд албан тушаалын ангилал алгасуулахгүй" заалтуудыг зөрчиж шатлан дэвших эрх боломжийг хаасан, шатлан дэвших боломжийг олгоогүй.  Улсын Их Хурлын 2019 оны "Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай" 21 дүгээр тогтоолын 2.10-т зэрэг дэвийн нэмэгдэл /хувиар/-ийг тогтоосон ангилал дахь зэргийн нэмэгдлийг албан тушаалын зэрэглэлээр олгохгүй ТЗ-8-5 батлагдсанаар 32 хувийн нэмэгдлийг олгох ёстой боловч 30 хувь буюу ТЗ-8-4 зэрэглэлийн хувиар олгож зөрчлийг үргэлжлүүлэн гаргасаар байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хооронд хариуцагч Татварын ерөнхий газрын дарга нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны хууль зөрчин Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалтыг зохион байгуулж нэхэмжлэгч миний ажлын байранд өөр албан хаагчдыг томилох ажиллагаа явуулан миний эрхийг зөрчсөн бөгөөд уг ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ахлах байцаагчийн албан тушаалын шалгаруулалттай холбоотойгоор хамт олны санал авсан, надтай хамт ажиллаж байгаагүй хүмүүсээс миний талаар санал авч оноо доошлуулах үйл ажиллагаа явуулсан. Улмаар хариуцагч Татварын ерөнхий газрын дарга нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалыг гаргаж намайг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар томилсон бөгөөд эдгээр тушаалууд нь ажлын байрны чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэн томилох замаар Төрийн албаны тухай хуулийг илт зөрчсөн тушаал болсон.

Татварын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар тушаалаар шинэчлэн баталсан Татварын ерөнхий газрын орон тоо, бүтцэд нэхэмжлэгчийн албан тушаал болон албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байгаа тул хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн томилж ажиллуулах үүрэгтэй байсан гэж үзэж байна. Уг тушаалаар батлагдсан бүтцээс үзэхэд нэхэмжлэгч миний өмнө нь эрхэлж байсан Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын чиг үүрэг нь Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, ийнхүү үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүйгээс Төрийн албаны тухай хууль болон миний өмнө нь эрхэлж байсан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ч.Батчимэг миний бие Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Удирдлагын академид докторын зэрэг хамгаалахаар суралцах болсон тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасны дагуу суралцахаар түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан билээ. Гэтэл Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар намайг төрийн албанаас бүр мөсөн чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү тушаалыг надад албан ёсоор танилцуулаагүй, миний бие хуулбар хувийг олж мэдсэн болно.

Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор татварын байцаагчийн ангилал бууруулсан боловч зэрэг дэвийг хэвээр үлдээсэн. Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор ахлах түшмэлийн ангилалд ТЗ-9, ТЗ-10 зэрэглэл хамаарахаар болж, ТЗ-8 зэрэглэл нь дэс түшмэлийн ангилал болж буурсан. ТЗ-8 буюу ахлах түшмэлийн ангилалд багтаж байсан бүх ахлах байцаагч нар дэс түшмэлийн ангиллаар томилогдсон байгаа. Албан тушаалын зэрэглэл буурсан бол дээшилсэн ангилалд албан тушаалтныг оруулах ёстой гэсэн шийдлийг өгсөн гэх мэдээлэл бидэнд байсан. Ажлын үр дүнг харгалзахгүйгээр албан тушаалын ангилал зэрэглэл бууруулсан нь үндэслэлгүй юм.

Зэрэг дэвийн нэмэгдлийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тогтоодог. Татварын ерөнхий газрын дарга Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэж тушаал гаргадаг. 2019 оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурлын 21 дүгээр тогтоолоор миний зэрэг дэв нэмэгдсэн. Дэд ангиллаар зэрэг дэвийн нэмэгдэл 30 байсныг тэргүүн ангиллаар 32 хувьтай болох ёстой байсан боловч 01 дүгээр сараас эхэлж миний зэрэг дэвийн нэмэгдлийг нэмээгүй байсан. Татварын ерөнхий газрын дарга Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэж тушаал гаргахдаа ахлах түшмэлийн ангилалд байсан ахлах байцаагч нарыг орхисон нь шударга ёсонд нийцэхгүй байна. Татварын ахлах байцаагч нарын зэрэг дэвийн нэмэгдлийг нэмээгүй талаар бидэнд мэдэгдээгүй учраас гомдол гаргах боломж байгаагүй.    

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны 64 дүгээр үр дүнгийн урамшууллын тушаал дээр миний урамшууллыг 20% болгож бууруулсан. А/37 дугаар тушаалаар ТЗ-7-оор албан тушаал буурсан цалингаас 20% бууруулж тооцсон байсан. Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 19-ний 5 дугаар тогтоолын 3 хавсралтаар Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.2 дахь хэсэгт дээд хэмжээ сарын үндсэн цалингийн 40%-иас хэтрэхгүй байхаар заасан байдаг. Мөн журмын 2.4 дэх хэсэгт Засгийн газрын баталсан төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн мэргэжлийн түвшинд үнэлэх нөхцөл, шаардлагыг баримтална гэж заасан байдаг. Энэ шалгуур нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны 38 дугаар тогтоолоор батлагдсан. Энэ журмын 1.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэхдээ нотолгоонд суурилагдсан, шударга, ил тод байдлыг баримтална гэж заасан байдаг. Мөн журмын 3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хянаж үнэлгээнд гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан байдаг. Хариуцагч талаас гарын үсэг зуруулж баталгаажуулсан үнэлгээний үр дүнгийн урамшууллыг нотлох  баримтаар гаргаж өгөхгүй байгаа. Тэр хуудсан дээр 40%-иар урамшуулал олгохоор үнэлсэн байсан ч Татварын ерөнхий газрын дарга 64 дүгээр тушаалаар  20%-иар бууруулж 20%-ийн урамшуулал олгосон. Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.9 дахь хэсэгт хувийн хэрэг, үр дүн дүгнэсэн үнэлгээтэй танилцах, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгт нэмэлт тайлбар хийх эрхийг зааж өгсөн байхад урамшууллыг 20% болгож бууруулсан дээр тайлбар өгөөгүй. Үндэслэлгүйгээр бууруулсан үр дүнгийн урамшуулал болох 216,168 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

2 дугаар улиралд Татварын ерөнхий газарт 4, 5 дугаар сард ажилласан, 6 дугаар сард намайг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс рүү томилсон. 6 дугаар сард дүүрэг рүү томилогдоод Татварын ерөнхий газарт ээлжийн амралтын тушаалаа гаргуулчихсан, түүнийхээ дагуу ээлжийн амралтаа авсан. Тиймээс би Татварын ерөнхий газарт ажилласан гэж үзэж байгаа тул миний 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг Татварын ерөнхий газар олгох үүрэгтэй. Засгийн газрын 2018 оны 38 дугаар тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 4.14 дэх хэсэгт заасны дагуу үр дүнгийн урамшууллаа тооцож байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 4.14 дэх хэсэгт зааснаар зааснаар 6 дугаар сард ээлжийн амралтаа авсан учир Татварын ерөнхий газар миний 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал тооцож олгох ёстой. Энэ журмын дагуу 40%-иар бодоход 401,059 төгрөгийг нөхөж авах ёстой. Өмнө 1 дүгээр улирлын урамшууллыг бууруулсан ТЗ-7 цалингаар бодсон,  2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг өмнөх ТЗ-8 цалингаар бодуулж гаргуулна.

Зэрэг дэвийн зөрүү олгуулах шаардлагын хувьд. Төрийн албанд миний бие 20-иод жил ажилласан байдаг. Ахлах албан тушаал дээр төрийн албанд томилогдсоноос хойш 10 жил, Татварын ерөнхий газрын ахлах байцаагчийн албан тушаал дээрээ дээрээ 3 жил ажилласан байхад ТЗ-8-5 буюу ахлах зэрэглэлээс дээгүүр байгаа. Намайг томилогдож байхад ахлах түшмэлийн зэрэгтэй байсан. Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор ахлах түшмэлийн зэрэглэлийг дэс түшмэл болгож бууруулсан. Хүний нөөц хэлэхдээ та нар ахлах түшмэлийн зэрэг дэв дээр ахлах байцаагч байсан учир та нарын албан тушаалыг буруулахгүй, шинээр томилогдсон ахлах түшмэлүүд дэс түшмэлээр томилогдох юм гэсэн. Энэ тайлбарынхаа дагуу ахлах түшмэлийн ахлах зэрэглэлдээ ТЗ-8-5 гэсэн шатлалаар миний цалин Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны  Б/124 дүгээр тушаалаар ТЗ-8-5 гэсэн шатлал дээр ажиллаж байсан. Ахлах түшмэлийн зэрэгтэй ажиллаж байсан атал миний цалинг олгохдоо ТЗ-8-5 биш ТЗ-8-4 өөр оруулсан байна. Миний цалинг яагаад ингэж олгож байгаа юм гээд асуудал тавихаар Төрийн албаны салбар зөвлөлийн тушаал гараагүй учраас ТЗ-8-5 аар биш ТЗ-8-4 өөр олгож байгаа юм. Ялгаа нь юу вэ гэхээр миний яриад байгаа зэрэг дэвийн нэмэгдэл 32% байх ёстойг 30% болгосныг яриад байгаа юм. Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдсан, 2019 оны 4 дүгээр тогтоолоороо миний зэрэг дэвийн нэмэгдлийг 32% болгож баталсан. Ажилласан жил, албан тушаал бүх зүйл шаардлага хангаж зэрэг дэвийн нэмэгдэл 32% болж байгаа. Улсын Их Хурлын 21 дүгээр тогтоолоор зэрэг дэвийн нэмэгдэл 30% байсан нь 32% болж нэмэгдсэн. Тэгтэл миний зэрэглэлийг Татварын ерөнхий газрын дарга санаатайгаар салбар зөвлөлийн шийдвэрийг эс хэрэгжүүлсэн. Гомдол гаргасан 5 ажилтныг цалин урамшууллыг нэмээгүй.

Төрийн албаны зөвлөлийн 179-р тогтоолоор “А/37 тушаалаар 21-р тогтоолыг зөрчсөн” 2 дахь хэсэгт Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/74 дүгээр тушаалаар цалин хөлсийг хэвээр олгохоор шийдвэрлэсэн зөрчил арилсанд тооцсон. Үүн дээр нэмэлт ерөөсөө оруулаагүй зэрэг дэвийн тал дээр зөрүү үүсгэсэн. Зэрэг дэв нь үндсэн цалинд тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Хөдөлмөрийн дотоод журмын 7.6 дахь хэсэгт зэрэг дэвийн нэмэгдлийг Төрийн албаны салбар зөвлөл жил бүр шинэчлэн тогтоож Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлуулна гэж заасан байдаг. Салбар зөвлөлийн 4-р тогтоолын хавсралтад заасны дагуу миний зэрэг дэвийг 32 хувиар тогтоосон боловч Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажихдаа 30 хувь болгож орхигдуулж тогтоосон. Эндээс үүссэн 292,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ албан тушаал бууруулсантай холбоотой үүссэн зөрүү. Албан тушаал бууруулаад Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс рүү явуулахдаа 548,600 төгрөгийн зөрүү үүссэн. Хариуцагч “Таны албан тушаал хэдий дүүргийн Татварын хэлтэс татварын улсын байцаагч ч гэсэн цалин хөлс хэвээр авч байгаа та хохироогүй” гээд байгаа. Дүүрэг явуулахад миний албан тушаалд олгогдох цалин урамшуулал буурчихаж байгаа. Ингэж 350,000 төгрөгийн зөрүү үүссэн. Тиймээс үүнийг нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Энэ нь Татварын ерөнхий газрын 2020 оны А/37, А/74, А/221, Б/336 дугаар тушаалуудтай холбоотой.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу 11 дүгээр сарын 3-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын Б/737 тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан. сургалтын түр чөлөө авъя гэсэн хүсэлтийг маань ажлаас бүр чөлөөлөөд татварын байцаагчийн эрхийг маань хүчингүй болгосон учраас ажилгүй байсан хугацааны  цалинг нэхэмжилж байгаа юм. Өнөөдрийг хүртэл 719 өдөр болж байна. 719 өдрөөр бодохоор Нийгэм хамгааллын яамны баталсан дундаж цалин бодох журамд зааснаар тооцвол 58,734,000,000 төгрөгийн нөхөн олговор авахаар байна. Дээрээс нь ажилгүй байх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан.” гэв.          

1.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Батчимэг нь 2018 оны 4 дүгээр сард Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар томилогдон Т3-8 зэрэглэл шатлалаар цалин авч ажилласан, энэ үед уг газарт ахлах байцаагчийн 1 орон тоо байсан. 2019 оны 7 дугаар сард Я.Батжаргал, 2019 оны 4 дүгээр сард н.Болдбаатар улсын ахлах байцаагчаар томилогдож, Ч. Батчимэг 1 орон тоонд нэмж томилогдсон 2 улсын ахлах байцаагчид өөрийн гүйцэтгэж байсан ажил үүргээсээ хуваарилаад ажиллаж байсан.

2020 оны 02 дугаар сард Татварын ерөнхий газрын даргын Б/64 дүгээр тушаалаар Татвар төлөгчтэй харилцах газрыг Татвар төлөгчид үйлчлэх газар болгон нэрийг нь өөрчилж, Сургалтын төвд ажиллаж байсан н.Төгсөө, н.Даваадэмбэрэл, н.Жавзансүрэн нарыг Татвар төлөгчид үйлчлэх газарт улсын ахлах байцаагчаар нэмж томилсон. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б/37 дугаар тушаалаар Татвар төлөгчид үйлчлэх газар 1 татварын улсын ахлах байцаагчийн орон тоотой болж орон тоо цөөрсөн гэж тайлбарлан 6 ахлах байцаагчийг  улсын байцаагчаар томилсон.

Зэрэг дэв буурсантай холбоотой нэхэмжлэгч Ч.Батчимэг Төрийн албаны зөвлөлд гомдол гарган, шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаан үүсээд явж байх хугацаанд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар "Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах" ажлын хэсэг байгуулагдаж, сонгон шалгаруулалт явуулж 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр  Я.Батжаргал гэх хүнийг улсын ахлах байцаагчаар томилсон. Энэ хугацаанд уг сонгон шалгаруулалтыг нэхэмжлэгч Ч.Батчимэгийн зүгээс шүүх дээр маргаан үүссэн, миний албан тушаалын чиг үүрэг, бүтэц орон тоо цөөрөөгүй, албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн учир уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхтэй гэж маргаж байгаа учир сонгон шалгаруулалтыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр гаргасан боловч үүнийг нь шийдвэрлэхгүйгээр шууд сонгон шалгаруулалт явуулж улсын ахлах байцаагчийг томилсон. Ч.Батчимэг улсын байцаагчийн зэрэг дэвтэйгээр үлдсэн.

Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн бичил татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч гэх албан тушаалд шилжүүлсэн байдаг. Энэ тушаалыг хууль бус гэж маргасан. Гол маргааны үндэслэл нь хариуцагчийн маргаан бүхий актад баримталж байгаа гол зүйл болох Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд "төрийн албан хаагчийн ажлын байрны орон тоо цөөрсөн бол уг орон тоон дээр ажлын байрны сонгон шалгаруулалтыг үндэслэн шалгарсан албан хаагчийг томилно" гэж заасан зохицуулалтын дагуу 6 байсан ахлах байцаагчаа нэг болгож цөөрүүлсэн.          

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаал гарсан. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргаараа дамжуулж Удирдлагын академийн докторын сургалтанд сууж байгаа учраас суралцах хугацаагаар тү чөлөө олгохыг хүсэж хүсэлт гаргасан боловч Захиргаа удирдлагын газраас 3 сар, 6 сараас дээш гэсэн хугацаа байдаг учраас өргөдөл дээрээ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг тусгаж өг гээд бичүүлээд өргөдөл авсан. Гэтэл төрийн албанаас шууд чөлөөлсөн байсан. Энэ тушаалыг нэхэмжлэгч мэдээд чөлөө олгох биш чөлөөлөх тушаал гаргажээ гээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Төрийн албаны тухайн хуулийн 62 дугаар зүйлд заасан Төрийн албан тушаалын орон тоо цөөрөх гэсэн ойлголт байгаа.

Орон тоо цөөрөх гэдэг бол тухайн байгууллагын бүтцэд шинээр батлахдаа өмнө нь батлагдсан байсан бүтэц орон тооны дагуу тухайн албан тушаалын орон тоог цөөрүүлэх тухай ойлголт. Шүүх 2 удаа үзлэг хийсэн, маш олон удаа шүүх хариуцагчаас шаардсан, давж заалдах шатны шүүхээс 2 удаа энэ хэргийг дахин хэлэлцэхээр буцаахдаа ганцхан нотлох баримтыг тодруул гэж шаардсан байдаг. Ямар нотлох баримт вэ гэхээр 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн албан тушаалаас чөлөөлж томилох тухай Б/37 дугаар тушаал гарахаас өмнө нэхэмжлэгч Ч.Батчимэгийг 2018 онд Татварын ерөнхий газарт улсын ахлах байцаагчаар томилогдох үед ямар шийдвэрээр Татварын ерөнхий газрын албан тушаалын бүтэц, орон тоо, татвар төлөгчид үйлчлэх газрын орон тооны хязгаарыг хэрхэн яаж хэд байхаар тогтоож байсан бэ? тэрийг нь тогтоож байж Ч.Батчимэгийн орон тоог тогтоосон уу үгүй юу гэдгийг тогтоох хэрэгтэй байна гэдэг байдлаар. Гэтэл хэрэгт Сангийн сайдын 3068 гээд сүүлд батлагдсан бүтэц орон тооноос өмнө нэхэмжлэгчийг ажиллаж байх үеийн Татварын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарын тоог заагаад доторх бүтцийнх нь задаргааг хийсэн тушаал байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд маргаан бүхий Б/37 дугаар тушаалын агуулгыг харахаар өмнө 6 болгож баталсан байсан бүтцээ 1 болгож цөөрүүлээд, цөөрүүлсэн нь өөрөө бүтэц орон тоо шинэчлэн батлах тушаалаар тогтоогдоод явж байгаа юм шиг 6 албан хаагчийг бүгдийнх нь албан тушаалыг нь бууруулж байгаад сонгон шалгаруулалт явуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч ажлын байрны чиг үүрэг, орон тоо хэвээр хадгалагдан үлдэж байгаа төрийн албан хаагчийн хувьд уг албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй. Энэ эрхийг нь зөрчөөд хариуцагч үндэслэлгүйгээр 5 албан хаагчийг явцын дунд нэмж томилоод ямар ч 6 орон тоо байхгүй нэг орон тоо байхад механикаар 5 албан хаагч нэмж томилоод буцаагаад нэг орон тоо болгож байгаа байдал нь нэхэмжлэгчийн эрхэд халдаж байгаа нь нэмэгдэл баталгааг зөрчиж байгаа юм. Төрийн албаны тухайн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.15 дугаар хэсэгт зааснаар маргаан үүссэн байгаа албан тушаал дээр ямар нэгэн томилгоо хийхийг хориглоно. Ажлын хэсгийн А/91 дүгээр тушаалаар ажлын хэсэг байгуулаад, сонгон шалгаруулалт явуулаад дүгнэлт гаргаж байгаа процесс нь бүхэлдээ нэхэмжлэгчийн эрхийн зөрчсөн.

Хан-уул дүүрэг рүү шилжүүлсэн тушаалын хувьд нэхэмжлэгч илт хууль бус бол болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагчаас улсын байцаагч болоод албан тушаал буурчихсан, албан тушаал хэвээр хадгалагдаж байхад ахлах байцаагчийн орон тоо дээр томилогдохоор маргаж байхад илт хууль бус тушаал гаргаад нэхэмжлэгчийг 2 шатлал бууруулаад дүүрэг рүү томилчихсон. Захиргааны ерөнхий хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, албан тушаалыг нь бууруулах үндэслэл огт байхгүй байхад дүүрэг рүү шилжүүлсэн тушаал гарсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хууль бус байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.15 дахь хэсэгт заасан хориглох зүйл зөрчигдөөд нэхэмжлэгчийн ажил мэргэжил чөлөөтэй сонгох, өмнө нь томилогдоод, тангараг өргөөд 20-иод жил шахуу ажиллаж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах, цалин урамшууллаа авах эрх зөрчигдөж байгаа учир эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан албан тушаал буюу Татварын ерөнхий газрын, татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаал дээр үргэлжлүүлэн ажиллуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, өмнө нь эрхэлж байсан албан тушаал буюу Татварын ерөнхий газрын, татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаал дээр эгүүлэн тогтоох шаардлагатай. Тэгж байж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргээгдэх боломжтой.

Хариуцагч 2020 оны  1 дүгээр улирлын урамшуулал 40 хувиар олгох үндэслэлгүй гэсэн хариу тайлбар ирүүлсэн байсан. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны 64 дүгээр үр дүнгийн урамшууллын тушаал дээр урамшууллыг 20% болгож бууруулсан. Ингэж бууруулсан үндэслэл нь Б/37 дугаар тушаалд албан тушаал бууруулахтай холбоотой алдаа гарсан. Урамшуулал олгохдоо албан тушаал бууруулсан ТЗ-7-оор урамшууллыг маань бодоод тэрний дүнгээр 20% хасаж тооцсон. Албан тушаал буурсан цалингаас 20% бууруулж тооцсон байсан. Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний 5 дугаар тогтоолын 3 хавсралтаар Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.2 дахь хэсэгт дээд хэмжээ сарын үндсэн цалингийн 40%-иас хэтрэхгүй байхаар заасан байдаг.

Мөн журмын 2.4 дэх хэсэгт Засгийн газрын баталсан Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн мэргэжлийн түвшинд үнэлэх нөхцөл, шаардлагыг баримтална гэж заасан байдаг. Энэ шалгуур нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны 38 дугаар тогтоолоор батлагдсан. Энэ журмын 1.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэхдээ нотолгоонд суурилагдсан, шударга, ил тод байдлыг баримтална гэж заасан байдаг. Мөн журмын 3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хянаж үнэлгээнд гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан байдаг. Хариуцагч талаас гарын үсэг зуруулж баталгаажуулсан үнэлгээний үр дүнгийн урамшууллыг нотлох  баримтаар гаргаж өгөхгүй байгаа. Тэр хуудсан дээр 40%-иар урамшуулал олгохоор үнэлсэн байсан. Үүнийх нь дараа Татварын ерөнхий газрын дарга 64 дүгээр тушаалаар  20%-иар бууруулж 20%-ийн урамшуулал олгосон. Тэгэхээр журмын дагуу газрын даргын баталгаажуулсан үнэлгээгээр 40 % урамшуулал авахаар байхад яагаад 20%-иар бууруулсан бэ? гэдэг талаар нотлох баримтыг Татварын ерөнхий газар гаргаж өгөхгүй байна. Энийгээ Татварын ерөнхий газрын даргын эрх хэмжээнд халдсан гэсэн байдлаар тайлбар өгсөн байна. Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.9 дахь хэсэгт хувийн хэрэг, үр дүн дүгнэсэн үнэлгээтэй танилцах, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгт нэмэлт тайлбар хийх эрхийг зааж өгсөн байхад урамшууллыг 20% болгож бууруулсан дээр тайлбар өгөөгүй. Үндэслэлгүйгээр бууруулсан үр дүнгийн урамшуулал болох 216,168 төгрөгийг гаргуулах шаардлага ийм  үндэслэлүүдээр гарч ирж байгаа.

2 дугаар улиралд Татварын ерөнхий газарт 4, 5 дугаар сард ажилласан, 6 дугаар сард намайг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс рүү томилсон. 6 дугаар сард дүүрэг рүү томилогдоод Татварын ерөнхий газарт ээлжийн амралтын тушаалаа гаргуулчихсан, түүнийхээ дагуу ээлжийн амралтаа авсан. Тиймээс би Татварын ерөнхий газарт ажилласан гэж үзэж байгаа тул миний 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг Татварын ерөнхий газар олгох үүрэгтэй. Засгийн газрын 2018 оны 38 дугаар тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 4.14 дэх хэсэгт заасны дагуу үр дүнгийн урамшууллаа тооцож байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 4.14 дэх хэсэгт зааснаар зааснаар 6 дугаар сард ээлжийн амралтаа авсан учир Татварын ерөнхий газар миний 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал тооцож олгох ёстой. Энэ журмын дагуу 40%-иар бодоход 401,059 төгрөгийг нөхөж авах ёстой. Өмнө 1 дүгээр улирлын урамшууллыг бууруулсан ТЗ-7 цалингаар бодсон,  2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг өмнөх ТЗ-8 цалингаар бодуулж гаргуулна.

Зэрэг дэвийн зөрүү олгуулахтай холбоотой Татварын ерөнхий газрын тайлбар ирсэн байна. Тайлбарт ангилал зэрэглэлээс дээгүүр зэрэг дэвийн нэмэгдэл авах, түүнийг олгуулахыг шаардах нь захиргааны байгууллагыг хууль тогтоомж зөрчихийг шаардахгүй гэж тайлбар өгсөн байна. Төрийн албанд миний бие 20-иод жил ажилласан байдаг. Ахлах албан тушаал дээр төрийн албанд томилогдсоноос хойш 10 жил, Татварын ерөнхий газрын ахлах байцаагчийн албан тушаал дээрээ дээрээ 3 жил ажилласан байхад ТЗ-8-5 буюу ахлах зэрэглэлээс дээгүүр байгаа. Намайг томилогдож байхад ахлах түшмэлийн зэрэгтэй байсан. Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор ахлах түшмэлийн зэрэглэлийг дэс түшмэл болгож бууруулсан. Хүний нөөц хэлэхдээ та нар ахлах түшмэлийн зэрэг дэв дээр ахлах байцаагч байсан учир та нарын албан тушаалыг буруулахгүй, шинээр томилогдсон ахлах түшмэлүүд дэс түшмэлээр томилогдох юм гэсэн. Энэ тайлбарынхаа дагуу ахлах түшмэлийн ахлах зэрэглэлдээ ТЗ-8-5 гэсэн шатлалаар миний цалин Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны  Б/124 дүгээр тушаалаар ТЗ-8-5 гэсэн шатлал дээр ажиллаж байсан. Ахлах түшмэлийн зэрэгтэй ажиллаж байсан атал миний цалинг олгохдоо ТЗ-8-5 биш ТЗ-8-4 өөр оруулсан байна. Миний цалинг яагаад ингэж олгож байгаа юм гээд асуудал тавихаар Төрийн албаны салбар зөвлөлийн тушаал гараагүй учраас ТЗ-8-5 аар биш ТЗ-8-4 өөр олгож байгаа юм. Ялгаа нь юу вэ гэхээр миний яриад байгаа зэрэг дэвийн нэмэгдэл 32% байх ёстойг 30% болгосныг яриад байгаа юм. Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдсан, 2019 оны 4 дүгээр тогтоолоороо миний зэрэг дэвийн нэмэгдлийг 32% болгож баталсан. Ажилласан жил, албан тушаал бүх зүйл шаардлага хангаж зэрэг дэвийн нэмэгдэл 32% болж байгаа. Улсын Их Хурлын 21 дүгээр тогтоолоор зэрэг дэвийн нэмэгдэл 30% байсан нь 32% болж нэмэгдсэн. Тэгтэл миний зэрэглэлийг Татварын ерөнхий газрын дарга санаатайгаар салбар зөвлөлийн шийдвэрийг эс хэрэгжүүлсэн. Гомдол гаргасан 5 ажилтныг цалин урамшууллыг нэмээгүй.

Төрийн албаны зөвлөлийн 179-р тогтоолоор “А/37 тушаалаар 21-р тогтоолыг зөрчсөн” 2 дахь хэсэгт Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/74 дүгээр тушаалаар цалин хөлсийг хэвээр олгохоор шийдвэрлэсэн зөрчил арилсанд тооцсон. Үүн дээр нэмэлт ерөөсөө оруулаагүй зэрэг дэвийн тал дээр зөрүү үүсгэсэн. Зэрэг дэв нь үндсэн цалинд тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Хөдөлмөрийн дотоод журмын 7.6 дахь хэсэгт зэрэг дэвийн нэмэгдлийг Төрийн албаны салбар зөвлөл жил бүр шинэчлэн тогтоож Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлуулна гэж заасан байдаг. Салбар зөвлөлийн 4-р тогтоолын хавсралтад заасны дагуу миний зэрэг дэвийг 32 хувиар тогтоосон боловч Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажихдаа 30 хувь болгож орхигдуулж тогтоосон. Эндээс үүссэн 292,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ албан тушаал бууруулсантай холбоотой үүссэн зөрүү. Албан тушаал бууруулаад Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс рүү явуулахдаа 548,600 төгрөгийн зөрүү үүссэн. Хариуцагч “Таны албан тушаал хэдий дүүргийн Татварын хэлтэс татварын улсын байцаагч ч гэсэн цалин хөлс хэвээр авч байгаа та хохироогүй” гээд байгаа. Дүүрэг явуулахад миний албан тушаалд олгогдох цалин урамшуулал буурсан. Ингэж 350,000 төгрөгийн зөрүү үүссэн. Тиймээс үүнийг нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Энэ нь Татварын ерөнхий газрын 2020 оны А/37, А/74, А/221, Б/336 дугаар тушаалуудтай холбоотой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Татварын шинэчлэлийн хүрээнд Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр татварын багц хуулиуд шинэчлэн батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Татварын албаны шинэчлэлийн хүрээнд татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, албаны үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахтай холбоотойгоор Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан. Татварын ерөнхий газрын харьяа Сургалтын төв, Татварын үйлчилгээний төв татан буугдсантай холбоотойгоор тус төвүүдэд ажиллаж буй ажилтан, албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс Татварын ерөнхий газар, хэлтсүүдэд 2020 оны Б/64 дүгээр тушаалаар харилцан зөвшилцсөний үндсэн дээр шилжүүлэн томилсон.

Улмаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь хэсэгт зааснаар "албан тушаалын тодорхойлолт"-ыг шинэчлэн батлуулахаар Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх хуулийн шаардлага бий болсон. Төрийн албаны зөвлөлөөс "албан тушаалын тодорхойлолт” -ыг батлаагүй байхад шинэ бүтцээр ажиллах хууль зүйн боломжгүй байсан тул албан тушаалын тодорхойлолт батлагдах хүртэл төрийн алба тасралтгүй явагдах зарчмын дагуу хуучин бүтцээрээ ажилласан. Төрийн албаны зөвлөлийн  02 дугаар сарын 12- ны өдрийн 44 дүгээр тогтоол 02 дугаар сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж /газар/ тус бүрд нэг татварын улсын ахлах байцаагчийн орон тоотой байхаар болсон.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын нийт ажилтан, албан хаагчийг чөлөөлж, буцаан томилохдоо татварын улсын байцаагчаар томилсон бөгөөд тушаалын 2 дахь заалтаар "татварын улсын ахлах байцаагч"-ийн орон тоо 23-аас 8 болж цөөрсөнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтаар 1 дүгээр улиралд багтаан татварын улсын ахлах байцаагчийг сонгон шалгаруулахаар болсон. Гэвч Улсын онцгой комиссын шийдвэрээр шинэ корона вирусын халдвараас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаа сунгасан тул Татварын ерөнхий газраас үл хамаарах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ахлах байцаагчийн сонгон шалгаруулалтыг нэгдүгээр улиралд багтаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Сонгон шалгаруулалт удааширсан тул төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дүгээр тушаалаар нэр бүхий албан хаагчдын урьд эрхэлж байсан татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр хэвээр олгох, зөрүү цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгохоор шийдвэрлэсэн.

Төрийн албаны зөвлөл нь Ч.Батчимэгийн гомдлыг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд 179 дүгээр тогтоолоор Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/37 дугаар тушаалаар авсан арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд явуулсан арга хэмжээ гэж үзсэн. Мөн татварын улсын ахлах байцаагчийн орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор 8 татварын улсын ахлах байцаагчийг шалгаруулж томилох арга хэмжээг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг чанд баримтлан явуулахыг зөвлөж, тогтоолын биелэлтийн талаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор хариу мэдэгдэхийг Татварын ерөнхий газрын даргад үүрэг болгосон.

Татварын ерөнхий газар нь Төрийн албаны зөвлөлийн 179 дүгээр тогтоолын биелэлтийг хангуулж, 8 татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар байгуулж, удирдамжийг баталж, бэлтгэл ажлыг ханган зохион байгуулсан. Нийт 8 татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын шалгаруулалтад оролцохыг татварын улсын ахлах байцаагчаас чөлөөлөгдөж татварын улсын байцаагч болсон бүх албан хаагч нарт мэдэгдсэн. Үүний дагуу газар, хэлтсийн нэр бүхий алба хаагч нар шалгаруулалтад орох хүсэлт, холбогдох материал, тайланг ажлын хэсэгт ирүүлсэн бөгөөд ажлын хэсэг бүх албан хаагчдыг байлцуулан биечлэн уулзаж, танилцуулсан боловч нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Татварын ерөнхий газрын даргад хандан шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр шалгаруулалтыг хойшлуулах, оролцох боломжгүй гэдгийг мэдэгдсэн хүсэлтийг ирүүлсэн. Ажлын хэсгийн дарга бөгөөд Татварын ерөнхий газрын даргын дэд дарга нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад шалгаруулалт эхлэхээс өмнө буюу 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/1767 тоот албан бичгээр шалгаруулалтыг хойшлуулах хууль зүйн боломжгүй тухай албан бичгээр, сонгон шалгаруулах ажлын хэсгээс 05 дугаар сарын 26-ны өдөр уулзалт зохион байгуулж зөвлөсөн боловч нэхэмжлэгч шалгаруулалтад оролцоогүй. Шалгаруулалт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр явагдсан бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа албан хаагч нарыг Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар татварын улсын ахлах байцаагчаар томилсон. Төрийн албаны зөвлөлийн 179 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулж, шалгаруулалтын материалыг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/1869 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Татварын улсын ахлах байцаагчийг шалгаруулах үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтад нийцсэн, хуулийн дагуу явагдсан болно.

Засгийн газрын агентлагийн татварын улсын байцаагч /ахлах/ нар нь Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 7.7, мөн Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хавсралт, Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 18 дугаар зүйлийн 18.5-д зааснаар “дэс түшмэл"-ийн ангилалд хамаарна. Гэтэл нэхэмжлэгчид хууль, тогтоомж зөрчиж "ахлах түшмэл"-ийн дөтгөөр, дэд, тэргүүн зэрэг дэвийг олгосон байдаг. Гэхдээ удирдлагын зүгээс урьд нь нэгэнт гарсан шийдвэрийг хүндэтгэн зэрэг дэвийг буулгаагүй, хэвээр нь олгосон. Өөрөөр хэлбэл маргаан бүхий А/37 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг татварын улсын ахлах байцаагчаас чөлөөлж татварын улсын байцаагч болгосон нь урьд авч байсан дэс болон ахлах түшмэлийн дөтгөөр, дэд, тэргүүн зэрэг дэвийг бууруулсан гэсэн үг биш, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15- ны өдрийн А/09 дүгээр тушаалаар цалинг шинэчлэн тогтоосон тушаалын хавсралтаар авч байсан зэрэг дэвийг бууруулаагүй.  Төрийн албаны тухай хуулийн 21.2.3-т зааснаар ахлах болон дэс түшмэлийн зэрэг дэвийг ... Монгол Улсын сайд... төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан олгоно", 21.3-т "зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзана" гэж заасан. Нэхэмжлэгчийн ажилласан хугацаа болон албан тушаалын зэрэг дэвийг хамгийн сүүлийн байдлаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар тогтоосон бөгөөд тухайн үед 32 хувиар олгох ёстой байтал 30 хувиар олгож байгаа асуудлаар санал, хүсэлтээ гаргаагүй атлаа маргаан бүхий А/37 дугаар тушаалаар 32 хувь авах ёстой байсныг 30 хувь болгон бууруулсан мэтээр энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй асуудлыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан байна.

Татварын ерөнхий газрын ажилтан албан хаагч нар нь Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр тушаалын дагуу албан тушаалын тодорхойлолт батлагдахаар чөлөөлж, томилно гэдгийг мэдэж байсан бөгөөд газар хэлтсийн шуурхай хуралдаан дээр ч танилцуулагдаж байсан. Нийтийн эрх ашиг, төрийн алба тасралтгүй явагдах зарчмын үндсэн дээр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд дээрх үндэслэлээр сонсох ажиллагаа хийгдээгүй нь тушаалыг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй. Нөгөөтээгүүр Татварын ерөнхий газар нь хууль тогтоомжийг хэрэгжүүлж шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу чөлөөлж, томилсноор хэн нэгний буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхгүй. Маргаан бүхий А/37 дугаар тушаалаар чөлөөлж, томилогдоход урьд хийж гүйцэтгэж байсан чиг үүрэг бүхий ажилд нь буцаан томилсон бөгөөд чиг үүрэг нь огт өөрчлөгдөөгүй. Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг авахгүй. Авлигатай тэмцэх газар чиг үүрэг огт өөрчлөгдөөгүй бол урьдчилсан мэдүүлэг гаргуулах, хянах шаардлагагүй гэж үздэг.

Шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын тодорхойлолтоор Татварын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газарт 1, нийт 8 татварын улсын ахлах байцаагч байхаар батлагдсан бөгөөд Татварын ерөнхий газрын хэмжээнд 23 татварын улсын ахлах байцаагч шалгаруулалт явуулсны дараа чөлөөлж, томилох нь цаг хугацаа, процесс дарааллын хувьд эрх зүйн чадамжгүйд тооцогдох үр дагавартай. Өөрөөр хэлбэл Сангийн сайдын 04 дүгээр тушаал 2020 оны 01 дүгээр сард гарч, албан тушаалын тодорхойлолт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр батлагдсанаас хуучин бүтэц, нэр томьёогоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, аливаа эрхийн акт нь эрх зүйн чадамжгүйд тооцогдох тул албан тушаалын тодорхойлолт Татварын ерөнхий газарт ирсэн даруйд бүх ажилтан, албан хаагчийг шинэ бүтэц, зохион байгуулалтын чиг үүргийн дагуу томилсон нь аливаа хуулийн процессыг зөрчөөгүй, харин ч хуулийн дагуу болсон. Энэхүү үйл ажиллагаа нь хуульд нийцсэн талаар Төрийн албаны зөвлөлийн 179 дүгээр тогтоолд дурдсан болно.

Татварын ерөнхий газрын даргын А/74 дүгээр тушаалаар Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам"-ын 2.9-д "Төрийн захиргааны албан хаагчаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаал буурсан тохиолдолд тухайн төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасны дагуу орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр цалин хөлс нь буурсан албан хаагчдын урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг хэвээр олгох, цалин хөлс буурсан хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн олгосон нь хуульд нийцсэн ажиллагаа юм. Татварын ерөнхий газрын даргын А/74 дүгээр тушаал нь маргаан бүхий А/37 дугаар тушаалд завсар, өөрчлөлт оруулсан тушаал биш тул маргаан бүхий А/74 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.    

Татварын албаны хэмжээнд батлагдсан шинэ болон хуучин Татварын ерөнхий хууль болон түүнийг үндэслэн гарсан "Татварын улсын байцаагчийн эрх олгох" журамд Татварын улсын ахлах байцаагч гэх нэршил, албан тушаал байхгүй байхад тухайн үеийн удирдлагууд хууль тогтоомжид байхгүй татварын улсын ахлах байцаагч гэх албан тушаалыг хавтгайруулан олгож, ажлын хийдэл, давхардал үүсгэж байсан буруу жишиг тогтсон байсныг хууль тогтоомжид нийцүүлэх үүднээс дээрх арга хэмжээг авсан. Шинэчилсэн албан тушаалын тодорхойлолтоор газарт 1, нийт 8 татварын улсын ахлах байцаагч байхаар шинэчлэн батлагдсаны дагуу сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд нэхэмжлэгчийг оролцохыг мэдэгдсэн боловч оролцоогүй, сонгон шалгаруулалт хууль журмын дагуу явагдаж, нэр бүхий 8 байцаагчийг татварын улсын ахлах байцаагчаар томилсон нь Төрийн албаны тухай хууль 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтад нийцсэн болно. Нэхэмжлэгчийн хувьд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалин хөлс, нэмэгдлийг авч байгаа бөгөөд огт буураагүй тул A/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулснаар зөрчигдсөн гэж үзэж буй ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл хянаад 2020 оны 179 дүгээр тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06/965 тоот албан бичгээр уг тогтоолыг Татварыг ерөнхий газарт ирүүлж, тогтоолын биелэлтийг хангуулж, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг үүрэг болгосон. Төрийн албаны тухай хуулийн 65.6-д “зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ" гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар дэд даргаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй "Татварын улсын ахлах байцаагч"-ийг шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Энэхүү тушаал нь шалгаруулалтад оролцогчдод бус, сонгон шалгаруулалт явуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдэд хамаарах дотогшоо чиглэсэн акт бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гадагш чиглэсэн акт гэж үзэх үндэслэлгүй.

Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулсан шалгаруулалт болон ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Ажлын хэсгээс татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах шалгаруулалтад оролцохыг мэдэгдсэн зарыг татварын улсын ахлах байцаагч нарт 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор дотоод сүлжээ болон албаны цахим хаягаар албан ёсоор хүргүүлж, ажлын хэсгийн даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу А/91 дүгээр тушаал болон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг шалгаруулалтад оролцохыг хүсэгч нарт Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Орхон 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутад Татварын ерөнхий газрын 7 дугаар давхрын хурлын танхимд өгсөн. Нэхэмжлэгч нь дээрх уулзалтад биечлэн оролцсон бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Татварын ерөнхий газрын даргад хандаж "захиргааны хэргийн шүүхэд хандсан үндэслэлээр татварын улсын ахлах байцаагчийн сонгон шалгаруулалтыг хойшлуулах, уг шалгаруулалтад оролцох боломжгүй” талаарх хүсэлт ирүүлснийг удирдлагын зүгээс танилцаад 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/1767 тоот албан бичгээр шалгаруулалтыг хойшлуулах үндэслэлгүй тул шалгаруулалтад оролцохыг дахин мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч Ч.Батчимэг нь шалгаруулалтад оролцоогүйн дээр хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулгыг ирүүлээгүй. Мөн дээрх шалгаруулалтыг зарлах болон явагдаж байх хугацаанд Захиргааны хэргийн шүүхээс шалгаруулалтыг түдгэлзүүлсэн мэдэгдэл ирүүлээгүй. Ажлын хэсэг удирдамжид заасны дагуу ирүүлсэн материал, хамт олны үнэлгээ, ярилцлага зэргийг үндэслэн шалгаруулалтыг явуулсны үндсэн дээр 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр оролцогчдын үнэлгээ дүгнэлтийг гаргаж, Татварын ерөнхий газрын даргад танилцуулж, улмаар шалгаруулалттай холбоотой баримтыг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/1869 тоот бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь нэгэнт сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзсан, материал, танилцуулга ирүүлээгүй атлаа татварын улсын ахлах байцаагчийн шалгаруулалт болон ажлын хэсгийн дүгнэлтийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөөтээгүүр шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дүгнэлтийг хүчингүй болгуулах 2 шаардлага гаргасан эрх зүйн үр дагавар, үндэслэл тодорхойгүй. Мөн шалгаруулалт болон дүгнэлтийг бүхэлд нь эсхүл өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа зэрэг нь ойлгомжгүй байна.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Энэ тушаалаар Ч.Батчимэгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд томилсон. Нэхэмжлэгч илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ "Ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан, төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахыг хориглох заалтыг ноцтой зөрчсөн" гэж тодорхойлсон байна. Захиргааны актын зөрчил буюу харагдах байдал нь хэлбэрийн хувьд хэн ч харсан илэрхий зөрчилтэй, алдаа нь тодорхой бөгөөд түүнтэй хэн ч маргахгүй тохиолдолд илт хууль бус бөгөөд тэрхүү акт нь гарсан цагаасаа эрх зүйн ямар нэгэн үйлчлэлгүй, үр дагавар үүсгэхгүй. Энэ тохиолдолд маргаан бүхий тушаал хэлбэрийн хувьд эрх бүхий этгээдээс бичгээр гаргасан, нэхэмжлэгчийг Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, дүүргийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасагт томилсон нь ямар нэгэн илэрхий алдаатай, зөрчилтэй биш бөгөөд асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэсэн нь ойлгомжтой, тодорхой, шинээр томилогдсон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн цалин хөлс авч байсан тул илэрхий алдаатай, илт хууль бус буюу бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй. Мөн Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж маргаж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн аль зүйл заалтыг, хэрхэн яаж зөрчсөн гэж буй нь тодорхойгүй. Нөгөөтээгүүр хуулийг зөрчсөн зөрчил нь өөрөө илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлд бус, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн төрөлд хамаарна.         

2020 оны 2 дугаар сард А/28 тушаалаар нийт 179 албан хаагчтай байхаар батлагдсан. Нэг газар, хэлтэс дээр нийт 19 хүн байхаар заасан хэдий ч 2020 оны 6-р сард Засгийн газрын тогтоолоор Татварын ерөнхий газрын орон тооны хязгаарлалтад өөрчлөлт орж нийт 110 хүн байхаар баталсан. Үүгээр нэг газар, хэлтэс дээр 19 хүн байсан бол 13 болж буурсан. Татварын улсын ахлах байцаагчийн орон тоо хасагдсантай холбоотойгоор  2020 оны 06 сарын 2-ны өдөр Б/336-р тушаалаар орон тоо багассан шалтгаанаар нэхэмжлэгчийг Хан-Уул дүүрэг рүү татварын улсын байцаагч болгож шилжүүлэн томилсон. Б/336 тушаалд Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар орон тоо багассан гэх үндэслэлийг барьсан. Нэхэмжлэгчийг шилжүүлж томилоогүй Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т  зааснаар бүтэц өөрчлөгдсөн биш, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан. Энэ нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах шаардлагын тухайд: Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн  4 дүгээр тогтоолоор орон тооны хязгаарыг 110 байхаар баталсан хязгаарт багтаан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/103 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын болон харьяа нэгжийн орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор татварын улсын ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн учир ахлах байцаагчдыг сонгон шалгаруулж томилсон. Нэхэмжлэгч уг шалгаруулалтад оролцоогүй атлаа өөрийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь ахлах байцаагчийн албан тушаалд шууд шилжих хадгалагдан үлдсэн гэж маргаж буй нь үндэслэлгүй байна. Гэхдээ А/64-р тушаалаар бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой 3 ахлах болсон үйл баримттай маргаагүй. Яг тухайн газарт 3 ахлахын орон тоо байгаагүй. Нэг газарт 1 ахлах байцаагчийн орон тоо байгаа учраас 3 хүн дээр сонгон шалгаруулалт явуулсан. Энэ албан тушаал дээр шууд Ч.Батчимэг ажиллаж байсан учраас ахлах байцаагчаар шууд томилно гэж тогтоохгүй. Үүнд үргэлжлүүлж ажиллуулаагүй эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна.

2020 оны 6/737 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Ч.Батчимэг нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн Татварын хэлтсийн даргад хандан "Удирдлагын академийн 2020-2023 оны докторын сургалтад хамрагдан суралцаж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтыг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт"-ийг гаргасан байна. Улмаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/1767 тоот албан бичгээр татварын улсын байцаагч Ч.Батчимэгийн хүсэлт, сургуулийн тодорхойлолтыг ирүүлснийг хүлээн авч, судалсны үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 46.5 дахь хэсэг болон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/98 дугаар тушаалаар баталсан "Татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох журам"-ын 4.1.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь "түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байхад бүр чөлөөлсөн, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн" үндэслэлээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас 46.1-ээр түр төлөөлөх, 46.2-оор бүр мөсөн чөлөөлөх харилцааг зохицуулсан бөгөөд эрх зүйн үр дагаврын хувьд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлж байгаа нэг л харилцаа юм. Гагцхүү 46.1-д зааснаар түр чөлөөлөгдсөнөөр мөн хуулийн 46.6-д зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогддог. Маргаан бүхий тушаалаар Ч.Батчимэгийг Төрийн албаны тухай хуулийн 46.1, 46.1.2-т зааснаар чөлөөлж, нөөцөд бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөр тухайн ажил, албан тушаалд заавал буцаж томилогдох ёстой гэсэн үг биш бөгөөд статусын хувьд төрийн албанд эргэж орох эрхийг хязгаарлахгүй талаар зохицуулалт юм. Ч.Батчимэг нь өөрийнх хүсэлт гаргасныг үндэслэн чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд маргаан бүхий 2020 оны Б/737 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, тушаалыг хүчингүй болгуулснаар зөрчигдсөн гэж үзэж буй эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч “үр дүнгийн урамшуулал олгох” тушаалаар 40%-ийн урамшуулал олгох ёстой байтал надад 20%-ийн урамшуулал олгосон” гэж ярьдаг. Энэ тал дээр шүүхээс үзлэг хийсэн. Гүйцэтгэлийн үр дүнгээр урамшууллыг 40 хувь олгоно гэж заасан боловч заавал 40 хувь олгоно гэж заагаагүй. Тухайн улирлын ажлыг хэрхэн яаж дүгнэснээр шалгаруулж байгаа. Энэ нь захиргааны эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Татварын ерөнхий газарт нэхэмжлэгчийн 2 дугаар улирлын ажлыг дүгнээгүй.  4 болон 5 дугаар сард энэ хүн Татварын ерөнхий газар ажиллаж байсан. Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс рүү 6 дугаар сарын 2-ны өдөр шилжсэнээр тухайн дүүрэгт харьяалагдаад ажлын гүйцэтгэлээ үнэлүүлнэ. Харьяа дүүргийн төсөвт тохируулж олгодог.

Нэхэмжлэгчийн тухайд 2020 оны 9-р тушаалыг цалин шинэчлэн тогтоох тухайн үед мэдсэн. Энэ тушаалыг 2020 оны 1-р сард гаргаад албан хаагч нарт хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд зэрэг дэвийн нэмэгдлийг 30 хувиар тогтоосон. Тушаал дээр заагдаагүй 32 хувиар авна гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн А/37 тушаалаар улсын ахлах байцаагчид ажиллаж байгаа албан тушаалтнуудын цалинг буулгасныг Төрийн албаны зөвлөлийн тогтоолын дагуу Татварын ерөнхий газрын дарга тушаал гаргаж буцаагаад авч байсан цалинг нь олгож байсан. Үүн дээр манай зүгээс зөрүү үүснэ гэж бодохгүй байна. ТЗ-7 буюу татварын улсын байцаагчийн албан тушаал дээр ажиллаж байгаа хэдий ч ахлах байцаагчийн цалин олгож байсан. Хоол унааны нэмэгдэл буурсан гэж байна. Тухайн байгууллага өөрийн төсвийн хэмжээнд хоол унааны мөнгийг баталдаг. Татварын ерөнхий газар хоол унааны мөнгө 10000 төгрөг, нэхэмжлэгчийн ярьж байгаагаар дүүрэгт 8000 төгрөг гэж байна. Нэхэмжлэгч тухайн дүүргээсээ хоол унааны мөнгө авсан.” гэв.

 3.1 Гуравдагч этгээд Б.Энхтөр шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/519 дүгээр тушаалаар Татвар төлөгчид үйлчлэх газарт "Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт" хариуцсан татварын улсын байцаагчаар шилжин ажиллаж эхэлсэн. Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагч Я.Батжаргал нь 2021 онд гавьяаныхаа амралтанд гарсан учир Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2 дахь заалтын дагуу Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/282 тушаалаар Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилогдон өдийг хүртэл ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн 25.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно" 27.1.1-д "төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас.....", 27 дугаар зүйлийн 27.1.2-т "төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас" томилох гэж заасны дагуу томилогдсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу урьдчилсан мэдүүлэг хянуулсан дүгнэлт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2 дахь заалтыг үндэслэн томилогдсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

4.1 Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч бичгээр гаргасан дүгнэлтээ: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хуулийн дагуу тул нэхэмжлэгчийн талд шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн

1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын Ч.Батчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр ажлын хэсэг байгуулсан тушаалыг болон, ажлын хэсгийн шалгаруулалтын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудсын Ч.Батчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

3. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох,

4. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

5. Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг албан тушаалд томилж ажиллуулахыг даалгуулах,

6. 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/64 дугаар тушаалаар олгогдсон 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын зөрүү 216,168 төгрөг, 2020 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 401,059 төгрөгийг гаргуулах,

7. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр, 2020 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн А/09 дүгээр тушаалуудаар зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь байх ёстойг 30 хувиар тооцсоноос үүссэн зөрүү 290,012 төгрөгийг гаргуулах,

8. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар цалин хөлс, нэмэгдлийг олгоогүйгээс үүссэн зөрүү 548614 төгрөгийг гаргуулах,

9. 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 тушаалаар албан тушаал бууруулж дүүрэгт томилсноос хойш олгогдоогүй цалин хөлсний бүрэлдэхүүн болох унаа, хоолны нэмэгдэл 305,000 төгрөгийг гаргуулах,

10. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 46,955,081 төгрөг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэг. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын Ч.Батчимэгийг Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, тус газарт татварын улсын байцаагчаар томилсон холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

1. Үйл баримтын хувьд,

1.1. Нэхэмжлэгч Ч.Батчимэг татварын албанд 2008 оноос ажиллаж байгаа бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар томилогдон[1] ажилласан байна.

1.2. Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталсаны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын орон тоо, харьяа татварын албадын орон тооны дээд хязгаарыг баталсан, улмаар “татварын улсын ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн” гэсэн үндэслэлээр шалгаруулалт зохион байгуулж томилгоо хийхээр 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалаар Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ч.Батчимэгийг Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчаар албан тушаал бууруулан томилжээ.

2. Нэхэмжлэгч нь "түүний ажиллаж байсан нэгжийн ахлах байцаагчийн орон тоо 1 хэвээр, нэгжийн нэр Татвар төлөгчтэй харилцах газар байсан нь Татвар төлөгчид үйлчлэх газар болж өөрчлөгдсөнөөс өөрөөр зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөөгүй, ахлах байцаагчийн чиг үүрэг, орон тоо хэвээр тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар үргэлжлүүлэн ажиллуулж төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах байсан” гэж маргаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар үндэслэлтэй байна. Тодруулбал,

2.1. Нэхэмжлэгч нь 1999 онд төрийн албаны шалгалт өгч тэнцэн, 2000 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, 2008 оноос татварын албанд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд,

2.2. Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллах үед тухайн нэгжид 1 ахлах байцаагчийн орон тоонд ганцаараа ажиллаж байсан /2019 оны ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалд тусгагдсан[2]/, үүнээс хойш орон тоо өөрчлөгдөөгүй байхад тухайн ахлах байцаагчаар ажиллах ажлын байрны 1 орон тоог нэмэгдүүлсэн шийдвэргүйгээр 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Я.Батжаргал, М.Болдбаатар гэсэн 2 албан хаагчийг ахлах байцаагчаар нэмж томилон чиг үүргийг хуваарилан[3] ажиллуулсан, цаашлаад 2020 оны 2 дугаар сард Сургалтын төвд ажиллаж байсан 3 албан хаагчийг ахлах байцаагчаар нэмж томилж, 1 орон тоонд 6 алба хаагч ажиллуулсан, үүнийг 2020 оны А/28 дугаар тушаалаар 6 орон тоог 1 болгож цөөрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

2.3. Энэ шаардлагад хамаарах А/37 дугаар тушаалд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл нь төрийн албан хаагчийг чөлөөлөх, томилох зохицуулалт бишийн дээр 62.1.3 дахь заалт нь “төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах зохицуулалт юм.

3. Энэ маргаанд хамаарах зохион байгуулалтын бүтцийг баталсан шийдвэрүүдээс үзвэл,

3.1. Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалаар[4] Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрыг Татвар төлөгчид үйлчлэх газар болгон нэрийг өөрчилсөн, ингэхдээ өмнөх зохион байгуулалтын бүтцийг баталсан 2016 оны 301 дүгээр тушаал болон уг тушаалд хэсэгчлэн өөрчлөлт оруулсан 2017 оны 290 дүгээр тушаалаа хүчингүй болгосон байдаг.

3.2. Тэгвэл өмнөх зохион байгуулалтын бүтцийн хувьд Сангийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 301 дүгээр тушаалаар[5] Татварын ерөнхий газарт Татвар төлөгчтэй харилцах газар батлагдсан, Сангийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 290 дүгээр тушаалаар[6] өөр бусад чиг үүргийн газар, хэлтсийн /Хуулийн хэрэгжилтийг хангах газар, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн/ нэрийг өөрчилж, улмаар зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан, үүнд Татварын ерөнхий газарт Татвар төлөгчтэй харилцах газар бүтэц, чиг үүрэг хэвээр батлагдсан.

3.3. Үүнээс өмнөх бүтцээр, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх газар 1 ахлах байцаагчийн орон тоотой[7] батлагдсан байдаг.

3.4. Тэгвэл Сангийн сайдын дээрх 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалаар батлагдсан бүтцийн хүрээнд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар тушаалаар[8] Татвар төлөгчид үйлчлэх газарт улсын ахлах байцаагчийн 1 орон тоо батлагдсан. Өөрөөр Татвар төлөгчтэй харилцах газрын орон тоог өөрчилж тогтоосон шийдвэр гараагүй нь хариуцагч байгууллагын зохион байгуулалтын шийдвэрүүдийн дугаар олголтын бүртгэл болон архивын бичиг баримтуудад шүүхээс удаа дараа хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож[9] байна.

4. Ажлын байрны тодорхойлолтоос үзвэл Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчийн чиг үүрэг буюу ажлын байрны зорилго, зорилтууд Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн чиг үүрэгт хадгалагдан шилжсэн[10].

Иймд нэхэмжлэгчийг 2018 оны Б/124 дүгээр тушаалаар ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллах үед тухайн нэгжид 1 ахлах байцаагчийн орон тоо батлагдсан байсан, тэрээр уг орон тоонд томилогдон ажилласан, орон тоо нэмсэн шийдвэргүйгээр бусад албан хаагчдыг нэмж томилон ажиллуулсан болох нь, маргаанд хамаарах бүтцийн өөрчлөлтөөр уг газар нь Татвар төлөгчид үйлчлэх газар болж нэр нь өөрчлөгдсөнөөс өөрөөр чиг үүрэг өөрчлөгдөөгүй, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ахлах байцаагчийн 1 орон тоо хэвээр батлагдсан, түүний гүйцэтгэж байсан чиг үүрэг хадгалагдан үлдсэн нь тогтоогдож байна. Иймд “бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр уг албан тушаалд ажиллаж буй албан хаагчдын дунд шалгаруулалт зарлахаар нэхэмжлэгчийг чөлөөлж, татварын улсын байцаагчаар томилсон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын түүнд холбогдох хэсгийг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр “ажлын хэсэг байгуулсан” тушаал, ажлын хэсгийн шалгаруулалтын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудсын Ч.Батчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаал нь тодорхой чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан, шалгаруулалт зохион байгуулахыг тухайн ажлын хэсэгт даалгасан буюу  байгууллагын дотоод зохион байгуулалтын шинжтэй, гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх харьяалан хууль зүйн үндэслэлийг нь дүгнэх шаардлагагүй акт байна.

Иймд уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн энэ шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр  хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

2. Харин уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгаруулалтын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудсын Ч.Батчимэгт холбогдох хэсгийг[11] дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2.1 А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Татварын ерөнхий газрын 8 нэгжид тус бүр 1 ахлах байцаагчийн орон тоонд 17 албан хаагчийг өрсөлдүүлсэн, тухайлбал  Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн 1 орон тоонд 5 албан хаагчийг өрсөлдүүлэн шалгаруулалт явуулсан бөгөөд энэ маргаанд уг орон тоонд улсын ахлах байцаагчийг шалгаруулсан хэсгийн зөвхөн нэхэмжлэгч Ч.Батчимэгт өгсөн үнэлгээ, дүгнэлт хамаарна.

2.2 Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” зохицуулалтын урьдач нөхцөл нь “тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын байрны орон тоо цөөрсөн” байхыг шаардах бөгөөд дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо цөөрөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо цөөрсөн үндэслэл үүсээгүй байхад уг орон тоонд нэмж томилогдсон албан хаагчдыг оруулан тэдгээрийн дунд шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн А/37 дугаар тушаалыг хүчингүй болгосон, нөгөө талаар дээрх үндэслэл үүсээгүй байхад Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд шалгаруулалт явуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг болон уг албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

2.3 Албан хаагчдын сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гүйцэтгэлийн үнэлгээ болон “дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвар”-ын талаарх хамт олны санал асуулга, ажлын танилцуулгыг үзүүлэлт болгон 60 хүртэлх оноо бүхий нийтлэг шаардлага, мөн боловсрол, мэргэжил, мэргэшил, ажлын туршлагыг үзүүлэлт болгон 40 хүртэлх оноо бүхий тусгай шаардлагыг хэрхэн хангаж буйд үнэлгээ өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Батчимэг нь Төрийн албаны зөвлөлд гомдол, шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа гэсэн үндэслэлээр шалгаруулалтад оролцоогүй, ажлын танилцуулгаа хүргүүлээгүй байхад энэ талаар ажлын хэсгийн шалгаруулалтын үед хэлэлцсэн байх ч түүнд үнэлгээ хийсэн нь бодит үнэлгээ болоогүй, тухайлбал 20 хүртэлх оноо бүхий ажлын танилцуулгыг огт дүгнээгүй байна.

2.4 Уг шалгаруулалтын дүнгээр “Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон” үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар Ч.Батчимэгийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсон нь өмнөх хууль бус захиргааны актын үр дагавар төдийгүй, уг шалгаруулалтын дүн ийнхүү хууль зүйн үр дагавар үүсгэж байх тул шалгаруулалтын дүгнэлтийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрх сэргэж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа хангагдахаар байна.

            Иймд Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд шалгаруулалт явуулах үндэслэл үүсээгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг болон уг албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж шалгаруулалт явуулж, бодит үнэлгээ өгөөгүй байх тул Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгаруулалтын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудсын Ч.Батчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Гурав. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд.

Энэ тушаалаар[12] татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилох алба хаагчийн шалгаруулалтын үнэлгээг үндэслэн томилгоо хийсэн үндэслэлээр Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчийн албан тушаалаас нэхэмжлэгч Ч.Батчимэгийг чөлөөлж, дүүргийн татварын хэлтэст Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсон байдаг. Энэ тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсанаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” заалтыг баримталсан, дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй, цөөрөөгүй хэвээр, чиг үүрэг хэвээр байгаа нөхцөлд энэ заалтыг баримтлан ерөнхий газрын татварын улсын байцаагчийн ажлын байрнаас чөлөөлж, дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар томилсон нь хууль зүйн үндэслэлгүй ч нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэл болгосончлон “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь “утга агуулгын алдаатай”, “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, “бодит байдалд хэрэгжих боломжгүй” гэх илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны акт илт хууль бус болох нөхцлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, тухайлбал 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь заалтаар тодорхойлсон, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалын хувьд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэснээс биш "утга агуулгын илэрхий алдаатай",  “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" гэх илт хууль бус гэж үзэх үндэслэл биш юм.

Тиймээс тухайн актыг хууль буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх нэмэгдэл баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах агуулгаар энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Дөрөв. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Батчимэг 2020-2023 оны хичээлийн жилд Удирдлагын академийн докторын сургалтад суралцах шалтгаанаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т зааснаар түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байхад Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар уг заалтыг баримталсан атлаа түүнийг төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хасаж, мөн зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үр дагавар үүсгэсэн нь хуульд нийцээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9-д заасан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцах нийтлэг эрх, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх нэмэгдэл баталгааг зөрчсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас  чөлөөлөх нь тодорхой үндэслэлүүд шаардах бөгөөд эдгээрт суралцах зорилгоор түр чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэх үндэслэл хамаарахгүйн дээр ийнхүү төрийн албанаас чөлөөлсөн нь төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох 46.6-д заасан үр дагавар үүсгэхгүйгээрээ нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа юм.

Тав. Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчийн орон тоо, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилж ажиллуулахыг даалгуулах шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1. Бүтэц орон тоо баталсан шийдвэрүүдээс үзвэл, Сангийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар тушаалаар баталсан Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын нэгжийн бүтэц, орон тооны хүрээнд Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх газар 1 ахлах байцаагчийн орон тоо баталсан, улмаар Сангийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 301 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын бүтцийг батлахад тухайн нэгжийг Татвар төлөгчтэй харилцах газар болгон нэрийг өөрчилсөн, харин Татварын ерөнхий газар  тухайн нэгжийн орон тоог өөрчилсөн шийдвэр гаргаагүй, Татвар төлөгчтэй харилцах газрын ахлах байцаагчийн 1 орон тоонд нэхэмжлэгч Ч.Батчимэг нь 2018 оны Б/124 дүгээр тушаалаар томилогдон ажилласан, үүнээс хойш уг нэгжид орон тоо нэмж тогтоосон аливаа шийдвэр гараагүй, Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалаар батлагдсан бүтцийн хүрээнд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар тушаалаар Татвар төлөгчид үйлчлэх газрын улсын ахлах байцаагчийн 1 орон тоо хэвээр батлагдсан тул орон тоо хасагдсан, цөөрсөн, чиг үүрэг өөрчлөгдсөн нөхцөл байдал үүсээгүй байна.

2. Тиймээс дээр дүгнэсэнчлэн бүтцийн өөрчлөлтөөр нэгжийн нэр өөрчлөгдсөнөөс өөрөөр чиг үүрэг өөрчлөгдөөгүй, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ахлах байцаагчийн 1 орон тоо хэвээр батлагдсан, түүний гүйцэтгэж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” зохицуулалтаар төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах байжээ. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагын “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар үргэлжлүүлэн ажиллуулж төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах байсан” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Гэтэл Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчийн хэвээр хадгалагдан үлдсэн орон тоо, чиг үүргийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус, улмаар энэ хууль бус үйлдлээс улбаалж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үр дагавар бүхий бусад шийдвэрүүд гарсан байх тул нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдсан нь тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл болж байна. 

3. Татварын ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар тушаалаар Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн 1 орон тоог баталсанаас[13] хойш энэ бүтэц, орон тоо хэвээр байх тул Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилж ажиллуулахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгааг гуравдагч этгээд эдлэх бөгөөд энэ хуулиар шүүхийн шийдвэрээр эргэж томилогдсон ажилтны орон тоонд ажиллаж байгаа албан хаагчийг чөлөөлөх зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгчийг Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилж ажиллуулахыг даалгасан энэ шийдвэрээр гуравдагч этгээдээр татагдсан Б.Энхтөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хууль бусаар зөрчигдөхгүй гэж үзсэн.

Зургаа. Ийнхүү Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчийн орон тоо, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилж ажиллуулахыг даалгаж, мөн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг хууль бусаар чөлөөлсөн болохыг тогтоож, уг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул эдгээр үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг ажлын байранд нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр эгүүлэн тогтоосон бол урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд түүнд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т “төрийн албан хаагчийн цалин хөлс нь төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн ... нэмэгдлээс бүрдэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш хариуцагч түүнийг эргүүлэн томилж ажлаар хангах хүртэл ажилгүй байсан хугацаанд түүний ийнхүү чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан, эргүүлэн томилогдох албан тушаалын дэс түшмэл ангиллын ТЗ-8-5 зэрэглэл, шатлалаар үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлийг тооцон нөхөж олгуулахаар шийдвэрлэлээ.

Долоо. Нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдээс түүний 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнг 40 хувийн урамшуулал олгохоор үнэлсэн байхад Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/64 дугаар тушаалаар 20 хувиар олгосон, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй хэмээн 1 дүгээр улирлын урамшууллын зөрүү 216,168 төгрөг, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 401,059 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

7.1 Төрийн жинхэнэ албан хаагч ажлын гүйцэтгэлээ үнэлүүлэх, ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр урамшуулал авах нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалтаар түүнд олгосон эрх, баталгаа юм. 

7.2 Хэдий тийм ч ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, ажлын үр дүнгээр олгох урамшууллын хэмжээг тогтоох нь захиргааны байгууллагын дотоод эрх хэмжээний хүрээнд гаргах шийдвэр бөгөөд үүнд шүүх оролцож ажлын гүйцэтгэлийн дүнг үндэслэлтэй эсэхийг, түүнд олгох урамшууллын хэмжээг дүгнэж тогтоох боломжгүй юм. Тодруулбал, захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгах байдлаар шүүхийн шинжлэн шалгах эрх хэмжээ хязгаарлагдана.

7.3 Нэхэмжлэгчийн 2020 оны 1 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийг Татварын ерөнхий газарт үнэлснээр түүнд үр дүнгийн урамшууллыг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар 20 хувиар олгосон байх тул 40 хувиар олгох байсан гэх ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр олгох урамшууллын хэмжээнд шүүх дүгнэлт хийхгүй.

7.4 Харин 2020 оны 6 дугаар сарын 02-ныг хүртэл Татварын ерөнхий газарт, мөн өдрөөс Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст ажилласан түүний 2 дугаар улирлын ажлын гүйцэтгэлийг ажил олгогч үнэлээгүй нь, улмаар тухайн улиралд урамшууллыг тогтоож олгоогүй нь ажилтнаас үл хамаарах шалтгаан бөгөөд ажлын гүйцэтгэлийг үнэлэх этгээд урамшууллын хувь хэмжээг тогтоож олгохоор байна.

7.5 Ч.Батчимэг нь мөн оны 2 дугаар улирлын 4, 5 дугаар сард Татварын ерөнхий газарт ажилласан байх тул 6 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээг оруулан тооцож улирлын үр дүнгийн урамшууллыг олгоогүй, нэхэмжлэгчийн урамшуулал авах эрхийг зөрчсөн эс үйлдэхүйд хариуцагчийг буруутгахаар байх тул 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг 1 дүгээр улирлын урамшууллын хувь хэмжээгээр буюу 20 хувиар тогтоон нөхөн олгуулах агуулгаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэсэгчлэн хангалаа.   

Найм. Нэхэмжлэгч нь “2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн А/211 дугаар "Зэрэг дэвийн нэмэгдэл олгох тухай” тушаал, 2020 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн А/09 дугаар "Цалин шинэчлэн тогтоох тухай" тушаалуудаар зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь байх ёстойг 30 хувиар тооцсоноос үүссэн зэрэг дэвийн нэмэгдлийн зөрүү 290,012 төгрөгийг гаргуулах”, “2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар цалин хөлс, нэмэгдлийг олгоогүйгээс үүссэн зөрүү 548614 төгрөгийг гаргуулах”, “2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 тушаалаар албан тушаал бууруулж дүүрэгт томилсноос хойш олгогдоогүй цалин хөлсний бүрэлдэхүүн болох унаа, хоолны нэмэгдэл 305,000 төгрөгийг гаргуулах” шаардлагыг 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр нэмэгдүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр эдгээр шаардлагыг мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Ес. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн бичгээр гаргасан “нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хуулийн дагуу тул нэхэмжлэгчийн талд шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 57 дугаар зүйлийн 57.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын Ч.Батчимэгт холбогдох хэсгийг,  2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалыг тус тус, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгаруулалтын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудсын Ч.Батчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулаагүй, 2020 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг тогтоож олгоогүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилж ажиллуулахыг, 2020 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг 20 хувиар тогтоож олгохыг тус тус Татварын ерөнхий газрын даргад даалгаж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш урьд эрхэлж байсан албан тушаалд томилж ажлаар хангах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг албан тушаалын дэс түшмэл ангиллын ТЗ-8-5 зэрэглэл, шатлалаар үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлийг тооцон нөхөж олгуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас “2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын зөрүү 216,168 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8 дахь заалтын дагуу нэхэмжлэлийн “2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/211, 2020 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн А/09 дүгээр тушаалуудаар зэрэг дэвийн нэмэгдлийг 30 хувиар тооцсоноос үүссэн зөрүү 290,012 төгрөгийг гаргуулах, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар цалин хөлс, нэмэгдлийг олгоогүйгээс үүссэн зөрүү 548614 төгрөгийг гаргуулах, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 тушаалаар албан тушаал бууруулж дүүрэгт томилсноос хойш олгогдоогүй цалин хөлсний бүрэлдэхүүн болох унаа, хоолны нэмэгдэл 305,000 төгрөгийг гаргуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА

 

                                                       ШҮҮГЧ                               С.ГАНБАТ

                                                    

    ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ

 

 

 

[1] Хэргийн 3 дугаар хавтсын 211 дүгээр хуудас

[2] Хэргийн 3 дугаар хавтсын 220, 221 дүгээр хуудас

[3] Хэргийн 3 дугаар хавтсын 97 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 47 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 43-44 дүгээр хуудас

[6] Хэргийн 3 дугаар хавтсын 13, 25, 26, 27 дугаар хуудас

[7] Хэргийн 3 дугаар хавтсын 204, 207 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 244-245 дугаар хуудас

[9] Хэргийн 3 дугаар хавтсын 204-250, 4 дүгээр хавтсын  3-48 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 211-212, 217-220 дугаар хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 82-84 дүгээр хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 216 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 201 дүгээр хуудас