Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 94

 

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00660/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 16-ны өдрийн 852 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “П-” ХХК,

                   Х.О-,

                   С.О-,

                   А.С- нарт холбогдох

"Зээлийн гэрээний үүрэгт нийт 245.089.689,24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Х.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золбоо, Г.Амарсайхан, Г.Ундрах, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын захирал Ж.Мөнхцацралт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарсайхан, Т.Золбоо нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

-П- ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус банктай №БД-ЗГ/RCC180214035-1 тоот Батлан даалтын гурвалсан гэрээ, №Ф/RCC180214035-1-4 тоот Зээлийн гэрээ, тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ,

-О- овогт Х-ын О-тэй №ЗБ/RCC180214035-1-1 тоот, №ЗБ/RCC180214035-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №Ф/RCC180214035-1-4 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, №ЗБ/RCC180214035-1-6 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №БГ/RCC180214035-1 тоот Барьцааны гэрээ,

-Д- овогт С-гийн О-тэй №ЗБ/RCC180214035-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №БГ/RCC180214035-2 тоот Баталгааны гэрээ,

-С- овогт А-ийн С-тай №ЗБ/RCC180214035-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаан гэрээг тус тус байгуулан 250 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,0 хувийн хүүтэйгээр, 84 сарын хугацаатай зээлж авсан.

Хариуцагч П- ХХК, Х.О-, С.О-, А.С- нараас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 245.089.689,24 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.383.398,45 төгрөгийг тус тус гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагчид нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдах, мөн хариуцагч нарын арилжааны банкуудад эзэмшиж буй дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.О-, А.С-, С.О- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х.О-, С.О- бид Худалдаа хөгжлийн банкнаас 7 жилийн хугацаатай зээл авсан нь үнэн. Тус зээлээ энэ өвөл биеийн байдлаас болоод ажилгүй байсан учир 3-4 сарын төлөлт хийгээгүй байгаа. Тус төлөлтөө сарын дотор төлж, дуусгаад эргээд графикийн дагуу төлөөд явах хүсэлтэй байгаа тул хүлээн зөвшөөрнө үү. Сая 4 сараас ажлаа хийгээд эхэлсэн тул төлөх чадвар бүрэн байгаа. Худалдаа хөгжлийн банкнаас авсан 245.000.000 төгрөгийг зээлийг төлнө гэжээ.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Худалдаа хөгжлийн банк ХХК-аас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 250.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2018 оны 10 дугаар сард санхүүгийн байдлаас болоод уг объектоо хүнд түрээсэлсэн. Санхүүгийн байдлаас болоод түрээсээ урьдчилж аваад ойр зуурын зээлээ төлж байсан. Одоо бол мөнгөө бөөнөөр авдаггүй, 2.000.000-3.000.000 төгрөгөөр хувааж өгдөг. Энэ зун ногоо цагаа тарьсан болохоор хурааж аваад зээлээ төлөх боломжтой болж байгаа учраас зээлийн гэрээг цуцлуулахгүй, төлөлтийн графикаар төлөхөөр хэвээр үлдээж өгнө үү.

Хариуцагчийн хувьд санхүүгийн жаахан догдол гарсан болон өөрийн эрүүл мэндийн байдлын улмаас зээлээ хоцроосон нь үнэн. Гэхдээ энэ бүхэн одоо арилж байгаа тулд цаашид зээлээ хугацаандаа төлөөд явах боломжтой. Х.О- нь дэлгүүрээс сардаа 5.000.000 төгрөг, мөн ломбард, түргэн хоолны газраас 700.000 төгрөг, нийт 6.000.000 гаруй төгрөгийн орлого олгодог. Үүнээс үзэхэд сард 4.400.000 төгрөгийн зээлийг төлөөд явах боломжтой. Иймд зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломж олгооч гэж хүсч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 16-ны өдрийн 852 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, хариуцагч П- ХХК-нийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч П- ХХК-аас 245.089.689,24 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт олгож, хариуцагч Х.О-, С.О-, А.С- нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Х.О-ийн өмчлөлийн Ү-2003014807 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, Үйлчилгээний төвд байрлалтай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, С.О-, Х.О- нарын өмчлөлийн Ү-2003007921 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6-р хороолол, 27-р байрны 49 тоот 4 өрөө, 50,5 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, А.С-ын өмчлөлийн, Ү-2003015904 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан сумын 1-р баг, Пионерын 3-30 тоот,60 м.кв талбайтай, хувийн сууц, Дархан сумын 1-р баг, Пионерын 3-30 тоот хаягт байрлалтай, 80 м.кв талбайтай, Ү-2003015905 эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Дархан сумын 1-р баг, Пионерын 3-30 тоот хаягт байрлалтай, 1478,86 м.кв талбайтай, Г-2003002962 дугаарт бүртгэлтэй газрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.383.398,45 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П- ХХК-аас 1.383.398,45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.О- давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О- миний бие Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна.

Би нөхрийн хамтаар ХХБанкнаас 7 жилийн хугацаатай зээл аваад. зээл төлөлтийг төлж яваад 2018 оны өвөл 3-4 сарын хугацаанд эрүүл мэндийн байдлаас болж ажлаа хийж чадахгүйд хүрч зээлийн төлж чадаагүй нь үнэн юм. Өнгөрсөн хавраас биеийн байдал сайжирч ажилаа хийж тодорхой хэмжээний орлогоо бүрдүүлж зээлийн нөхөн төлөх боломжтой болсон юм. Ингээд ХХБанкинд хандаж “графиктаа орж зээлээ хугацаанд нь хуваарийн дагуу төлөөд явъя” гэрээгээ үргэлжлүүлэх боломж олгооч гэтэл банкны зүгээс зөвшөөрөхгүй заавал гэрээгээ цуцална гэж хатуу бодлого барьж зээлдэгч намайг хохироож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4.000.000 гаруй төгрөгийг зээлийн эргэн төлөлтөндөө хийсэн. Гэтэл энэ мөнгийг банк зээл төлөлт хийсэн гэж үзэхгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-д гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлийг заасан байгаа. Хуулийн энэ заалтаас харахад ХХБанк гэрээг заавал цуцлах хууль зүйн үндэслэл үүсээгүй байхад намайг шүүхэд өгч гэрээг цуцлах шаардлага гаргасан нь хуульд нийцээгүй байх ба үүнд би гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч худалдаа хөгжлийн банк шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч “П-” ХХК, хариуцагч Х.О-, С.О-, А.С- нараас зээл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү гаргуулах мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө түүнчлэн хариуцагч нарын эзэмшиж байгаа банкны дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ банк болон “П-” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, “П-” ХХК компани болон банк, Зээлийн батлан даалтын сангийн хооронд байгуулсан батлан даалтын гурвалсан гэрээ болон барьцаалагч Худалдаа хөгжлийн банк болон барьцаалуулагч Х.О-, С, О-, А.С- нартай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, өмчлөх эрх шилжүүлсэн тухай фидуцийн гэрээ, ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлого, түүний үр шимийг барьцаалах тухай гэрээнүүд банкны Х.О- С.О- нартай  байгуулсан баталгааны гэрээнүүд зэргийг шүүхэд ирүүлжээ.

Зээлдэгч “П-” ХХК  нь нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкнаас 250.000.000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэйгээр 84 сарын хугацаатай зээлэх гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 13 -ны өдөр байгуулжээ.

2018 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар болон банкны гаргаж өгсөн бичгийн баримтуудаар нотлогдсон бөгөөд хариуцагч тал дээрх зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан үүргийн ялимгүй зөрчил гэж  үзэн банкийг хугацаанаас нь өмнө  зээлийн гэрээг цуцлах эрхгүй гэж маргаж байгаа боловч  талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.9.а-д заасан “зээлдэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг бүрэн төлөлгүй хуанлийн 90 хоног хэтрүүлсэн бол гэрээний ноцтой зөрчилд тооцох”-оор, гэрээний 10.2.2-т “зээлдэгч гэрээний 2.1.9-т заасан ноцтой зөрчлийг гаргасан бол гэрээг хугацаанаас өмнө цуцлах”-аар заасан байна.

Иймд банк гэрээг цуцалж хариуцагчаас зээл зээлийн гэрээний бусад үүргийг шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч тал хариуцагчаар “П-” ХХК-иас гадна зээлийн баталгаа гаргасан  Х.О-, С.О-, А.С- нарыг нэхэмжлэгч тал шүүхэд тодорхойлсон хэдий ч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Зээлийн батлан даалтын сантай гурвалсан гэрээ байгуулж зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд гэрээний үүргийн 60 хувийг хангахаар тохиролцсон гэрээний салшгүй нэг хэсэг болсон Зээлийн батлан даалтын санг хариуцагчаар оролцуулалгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай  байна гэж үзлээ.

Учир нь банк зээлдэгчтэй гэрээ байгуулахдаа зээлдэгчийн барьцаа хөрөнгө хангалтгүй гэж үзэн Зээлийн батлан даалтын сантай батлан даалтын гэрээ байгуулж улмаар дээрх гурвалсан гэрээний дагуу зээлдэгч Зээлийн батлан даалтын санд тодорхой хувиар шимтгэл төлөх үүрэг хүлээсэн  байна.

Дээрх гэрээний хууль зүйн болон эдийн засгийн агуулга нь  барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэрлэгчийг банкнаас зээл авч үйл ажиллагаандаа шаардагдах хөрөнгийн санхүүжилтийг авах боломжийг нэмэгдүүлэх нөгөө талаас банкны зээлийн эргэн  төлөлтийг баталгаатай болгох агуулгатай юм.

Иймд дээрх батлан даалтын гэрээ нь зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг болох бөгөөд банк үүргийн гүйцэтгэлийг  зээлдэгч болон батлан даагч, баталгаа гаргагч нараас шаардах эрхтэй.

Гурвалсан гэрээний 1.1-т Энэхүү гэрээгээр  зээлдэгч Банкны хооронд байгуулсан 2018 оны 04 сарын 13-ны өдрийн №ЗГ/RCC180214035-1 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, хэрэв зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд ЗБДС нь түүний өмнөөс энэхүү үүргийг   гүйцэтгэх бөгөөд ингэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгчээс буцаан шаардах эрх банкнаас  ЗБДС-д шилжих болно гэжээ

Энэхүү гэрээгээр ЗБДС нь зээлдэгчийн өмнөөс банкинд зээлийн гэрээний үүрэгт/ 60 хувьд / батлан даалт гаргасан байна .

            Иргэний хуулийн 458.1-д заасан батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна  гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.

Ийнхүү шаардах эрх нь ямар дараалалтай байх болон батлан даалтын гэрээний батлан даагч нь нөхөх хариуцлага хүлээх эсхүл хамтран хариуцлага хүлээх талаар гурвалсан гэрээнд тодорхой тусгаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл банк болон батлан даагч нарын хооронд үүрэг гүйцэтгэгчийн / өөрөөр хэлбэл П- ХХКийн / зээлээ төлж чадаагүй тохиолдолд ЗБДС зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх тухай тусдаа 2 талын гэрээ байгуулагдаагүй  байна.

Хэрэв ийм гэрээ байгуулагдсан бол зээлийн батлан даалтын гэрээний дагуу ЗБДС нөхөх хариуцлага хүлээх боломжтой.

Энэ талаар Иргэний хуулийн 460.1-д заасан байна.

Харин үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн  460 2-т заажээ.

Хэрэгт авагдсан 3 талын гэрээнд үүрэг гүйцэтгүүлэгч буюу Банк зээлийн гэрээний үүргийг хэд хэчнээн хувиар үүрэг гүйцэтгэгч болон батлан даагч нараас  ямар дарааллаар шаардах нь ойлгомжгүй байна.

Гэрээний 2.2-д  ЗБДС нь ЗБДС болон банкны хооронд 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээнд заасны дагуу батлан даалтын үүргийг гүйцэтгэнэ.

2.3-д ЗБДС нь ЗБДС болон банкны хооронд 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээнд заасны дагуу батлан даалтын үүргийг гүйцэтгэхээс татгалзана гэж заажээ.

            Нэхэмжлэгч тал Зээлийн батлан даалтын сантай байгуулсан “батлан даалтын ерөнхий”  гэрээг шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч тал шүүхэд зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа гаргаж банктай баталгааны гэрээ байгуулсан Х.О- нарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тэдгээрээс нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлоогүй байна.

Өөрөөр хэлбэл банктай байгуулсан баталгааны гэрээгээр Х.О- С.О- нь зээлийг болон түүнтэй холбоотой бусад хариуцлагыг хэд хэчнээн хэмжээгээр хариуцах ёстой талаар тодорхой шаардлага гаргаж түүний үндэслэл  нотолгоог шүүхэд гаргаагүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг тодорхой болгоогүйгээс зээлдэгч банкны нэхэмжлэлийг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч болон батлан даагч баталгаа гаргагч нар хэрхэн ямар хэмжээгээр хариуцах , ямар дарааллаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дуусгавар болгох зэрэг асуудлыг шүүх нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх зээл зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан фидуцын гэрээний зүйлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлүүдээр төлбөрийн үүргийг гүйцэтгүүлэхтэй холбоотой барьцааны гэрээний шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан мөн зээлийн гэрээний баталгаа гаргасан Х.О-, С.О- нарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ зааж холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн  852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.384.000  төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргаж, хариуцагчид олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

         

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                    Л.АМАРСАНАА