Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00269

 

П.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02544 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЗТГ” ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Саранцацрал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Отгонтамир нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Б миний бие Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 3 дугаар баазад 2002 онд автобусны жолоочоор ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Миний бие хамт олныхоо илтгэлийг хүлээн 2015 онд Үйлдвэрчний хорооны сонгуульт үүрэг хүлээн 3 дугаар баазынхаа орон тооны даргаар ажиллаж байгаад орон тооны бус хороон даргаар ажиллах болсон. Үүнээс хойш ажилчдынхаа зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд ажил олгогчтойгоо үл ойлголцон маргаснаас болоод 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/648 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсаныг хүлээн зөвшөөрөөгүй тул тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдэхгүйгээр явж байгаа болно. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хурал дээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаатай танилцахад 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Зорчигч тээврийн нэгтгэл гурав гэсэн ОНӨААТҮГ-ыг шинээр байгуулаад бүртгүүлсэн байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1-д зааснаар хариуцагчаа солих хүсэлт гаргаж байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлхээр гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олны зөвшөөрөлгүйгээр ажил өөрчлөхийг хориглоно” гэсэн байдаг. Мөн бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулан асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм. Бусад сүүлд өгсөн баримтуудаар хорооны дарга мөн биш эсэх нь тогтоогдоогүй байгаа тул 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэл 3 баазын хороонд дарга хийж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд иргэн П.Б  нь “ЗТГ” ОНӨААТҮГ-ыг хариуцагчаар татаж ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлхээр гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. П.Б  нь 2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс “ЗТГ” ОНӨААТҮГ-т жолоочоор ажилд орсон. 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1868 тоот тушаалаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 10 дугаар сарын 14-ний 6/1501 тоот тушаалаар Үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа орох хүсэлт гаргасны дагуу жолоочоор ажиллуулсан. П.Б  нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зүрх гэсэн оноштойгоор 2 удаа 16 хоногийн акт авч, лист оруулсан. Үүнээс хойш байгууллагатай холбоо бариагүй, өвчтэй гэдгээ нотлох баримт авчирч өгөөгүй 77002255 утсаар асууж лавласан боловч очиж уулзана гэсэн хариу өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 19 хоног шалтгаангүй ажил тасалж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.17 хэсэг, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтуудыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг тус тус үндэслэн захиргаанаас цаашид итгэл хүлээлгэх боломжгүй гэж үзээд байгууллагын даргын тушаалаар ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд П.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч ЗТГ ОНӨААТҮГ-с ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч П.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02544 тоот шүүхийн шийдвэрт хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзээд эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Шүүх “нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Зорчигч тээврийн нэгтгэлийн автобус-3 баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байх ба 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Ц.Ариунбаатарыг сонгосон болох нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 04 тоот тогтоолын хуулбараар нотлогдож байна гэжээ. Нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халагдахдаа Зорчигч тээврийн нэгтгэлийн Автобусны 3 дугаар баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргаар ажиллаж байсан болохыг дараах хэргийн материалд авагдсан нотлох баримт нотолдог. Үүнд Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаагийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 84 тоотоор тус холбооны гишүүн байгууллага болох Зорчигч тээврийн нэгтгэлийн Автобус-3 баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар ажилладаг болохыг тодорхойлсон. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11 тоотоор Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн тогтоолоор сонгууль явуулах тухай тогтоол, тооллогын комиссын тогтоолоор тогтоогддог. Дээрх баримт бол Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4.3-т "Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж холбоо байгуулах, олон улсын Үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдэлд гишүүнээр элсэх эрхтэй" гэж заасны дагуу тухайн байгууллага дээрээ байгуулагдсан Үйлдвэрчний эвлэлийн хороо нь эвлэлдэн нэгдэж холбоонд гишүүнээр элссэн холбоо бол Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо юм. Энэ нь тус хуулийн 4.1-д "Үйлдвэрчний нэгтгэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна" гэж заасныг зөрчөөгүй. Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 11.1-д зааснаар зохицуулдаг. Гэтэл шүүхийн шийдвэрт дурьдаад байгаа Үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар Ц.Ариунбаатар гэж хүн ажилладаг эсэхийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ЗТН 3-р баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлын тэмдэглэлд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 11.3-т зааснаар "... Сонгоно, сонгууль явуулах журмыг холбооны дүрэм журамд нийцүүлэн тогтооно гэж заасан байхад зөрчөөд шууд сонгууль явуулалгүйгээр дэмжин батлах гэсэн тэмдэглэлээс өөр нотолсон нотлох баримт хэргийн материалд байхгүйг шүүхээс анхаарч үзсэнгүй. Орон тооны болон орон тооны бус даргын асуудлыг энэхүү шүүх хурал дээр хэлээд байхад шүүхээс анхаарч үзсэнгүй. Энэхүү орон тооны болон бусын эрх зүйн зохицуулалт нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6.2-т "Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно" гэж заасан зохицуулалтаар тайлбарлагдана. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй гэдэг нь ажил үүргээ хийж байгаа орон тооны бус даргыг хэлж байгаа бөгөөд тэрээр Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг хийснийхээ төлөө тодорхой хэмжээний урамшууллыг авдаг бол орон тоогоор ажилладаг үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөд хийж байгаа Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга гишүүдийн татвараас цалинждагаараа ялгаатай. Ажил олгогч энэхүү хуулийн зохицуулалтыг зөрчсөн байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. Мөн тус байгууллага дээр хэдэн ч Үйлдвэрчний эвлэлийн хороо байж болох бөгөөд үүнийг тус хуулийн 2-т "Тухайн байгууллагад хоёр, түүнээс дээш Үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна" гэж заасан байгаагаар тайлбарлагдаж байхад дан ганц Үйлдвэрчний эвлэлийн хороо байх ёстой юм шиг анхан шатны шүүх шийдвэрээ гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг үндэслээд нэхэмжлэгч 49 хоног шалтгаангүй ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/648 тоот тушаалын хуулбараар нотлогдож байна” гэжээ. Нэхэмжлэгчийг ажлаас халсан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/648 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлийг үндэслэсэн байгаа. Энэхүү үндэслэлийн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.6-д 3 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан бол гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг 49 хоног шалтгаангүй ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч 49 хоног ажил таслаагүй. Эмнэлгийн хуудсаар чөлөөтэй байсан. Гэтэл энэхүү хуудсыг мөн шүүх Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А243 дугаар тушаалаар батлагдсан эмнэлгийн магадалгаа гаргах журмын 1-р хавсралт Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журмын 4-ийн 4.5-д заасан магадалгааг ерөнхий эмч гарын үсэг зурна гэсэн шаардлагад нийцэхгүй гэж үзсэнээс болж нэхэмжлэгчийг өвчтэй байсан болох нь нотлогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Учир нэхэмжлэгч бол өвчтөн эмчийн бичиж өгсөн магадалгааг авах л эрхтэй болохоос эмнэлгийн мэргэшсэн ажилтан биш байхад яагаад эмнэлгийн эмч ажилтныг магадалгаа гаргахдаа баримтлах журмыг баримтлаагүй байна гээд байгаа юм бэ. Тус журмын 1.2-т "Эмнэлгийн магадалгааны үнэн магадтай эсэхийг тухайн магадалгааг гаргасан эмч, үүнийг баталгаажуулсан эмнэлгийн байгууллагын эрх баригч, эмчилгээ эрхэлсэн орлогч, амбулатор, поликлиникийн эрхлэгч/ нар хариуцна" гэж тодоос тод заагаад байхад журмаа баримталж өвчтөндөө магадалгаагаа гаргаж өгөөгүй эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас болоод нэхэмжлэгч өнөөдөр хохирох ёстой юу. Тэгээд ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шат шатны шүүхүүд дээр акт авсан эсэхийг тус журмын 7-д “эмнэлгийн магадалгаа олгосон тухай тусгайлан бүртгэлийг дүн бүртгэгч эмч бүртгэх ба магадалгааны дугаар бүртгэлийн дугаартай тохирч байна." гэж заасан байгаа тул тус эмнэлгийн дүн бүртгэлийг шүүж үзэх тухай хүсэлтүүдийг удаа дараалан гаргахад шүүхээс хүлээж аваагүй болно. Шүүх үнэхээр нэхэмжлэгчийг ажил тасалсан бөгөөд хариуцагчийн тушаал үндэслэлтэй гэж үзсэн бол яагаад Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг тооцож үзсэнгүй вэ. Үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.6-д 3 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан бол гэж заасан. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох байгууллагын утас 77002255 дугаараас нэхэмжлэгчтэй 2017 оны 6 дугаар 06-ны өдөр нэхэмжлэгчийн гар утасны дугаар болох 96680550 тоот дугаарт залгаад 115 секунд буюу 3 минут 8 секунд ярьсан байгаа юнитель үүрэн холбооны байгууллагаас өгсөн тодорхойлолтоор нотлогддог. Үүнийгээ ч хариуцагчийн төлөөлөгч хэсгийн ахлагч нь залгаад асуухад ажилдаа очно гээд ирээгүй гэж хэлсэн гэдгээ тайлбарладаг. Энэ хугацаанаас дээрх зөрчил илэрсэн гэж үзэх бүрэн боломжтой. Мөн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан жолооч нар өөрийн дур зоргоороо ажилдаа гарах боломжгүй байгууллагаас гаргасан хуваарийн дагуу цаг минутаар шугаманд явдаг онцлогтой. Ажилдаа гарахгүй бол байгууллагын удирдлагаас гадна иргэд үйлчлүүлэгч нараас гомдол гарах асуудал үүсдэг байхад яагаад 49 хоног хүлээгээд ажлаас халахгүй байсан болж байна. Энэ нь дараах хуулийг зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2.7 "Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасныг зөрчөөд 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу нэг сар 17 хоногийн дараа ажлаас халж байгаа. Мөн ажлаас халах тушаалд заасан шиг 49 хоног биш 47 хоног байгаагаас хархад уг тушаал өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй гарсан тушаал шийдвэр гэж үзэж байна. Энэхүү хуульд яах гэж илэрсэн бол нэг сар гэж зааж өгсөн нь нэг сарын дотор л арга хэмжээ ав гэсэн болохоос хүлээж байгаад сар дамнаад сахилгын шийтгэл ногдуулаарай гээгүй байх гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үзэж байна. Иймээс анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслээд нэг талыг барьсан шүүхийн шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд тус шүүх магадлалдаа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02544 тоот шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.       

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч “ЗТГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч П.Б “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нийтийн тээврийн автобусны жолоочоор 2002 оны 1 сарын 11-ний өдрөөс хойш ажиллаж байсан бөгөөд ажил олгогчийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/648 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.5, Хөдөлмөрийн гэрээний 5.1.6-д заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 29 дүгээр тал/

Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 84 тоот тодорхойлолтоор П.Б  нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Зорчигч тээврийн нэгтгэлийн Автобус-3 баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар ажиллаж байгаа гэх боловч 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр П.Б  нь Зорчигч тээврийн нэгтгэлийн Автобусны 3-р баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр Зорчигч тээврийн нэгтгэлийн 3-р баазад автобусны жолоочоор ажилласан байна. /хх-ийн 30 дугаар тал/

Нөгөө талаар 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар Ц.Ариунбаатарыг сонгосон талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн дүгнэснийг буруутгах боломжгүй байна. /хх-ийн 150-188 тал/

Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өвчтэй байсан гэх боловч “Санколл” өрхийн эрүүл мэндийн төв, БГБХН-ийн магадалгаанд эмчлэгч эмч Ц.Даваасүрэн, Б.Булган нар гарын үсэг зурж, хувийн тэмдэг дарсан нь Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А243 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн магадалгаа гаргах журмын 1-р хавсралт Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журмын 4-ийн 4.5-д заасан шаардлагыг хангаагүй. /хх-ийн 75-76 дугаар тал/

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо эмнэлгийн эмч, ажилтан магадалгаа гаргахдаа журмаа зөрчсөн нь нэхэмжлэгчийн буруу биш гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь тухайн өдрүүдэд эмчилгээ хийлгэсэн гэдгийг нотолсон өөр баримтыг шүүхэд гаргаагүй болно.

Иймд ажил олгогч байгууллага нэхэмжлэгч П.Б-ыг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалттай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02544 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО                                        

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА                                                                                               

                                                                                                Г.ДАВААДОРЖ