Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00789

 

П.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02605 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00303 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “З” ОНӨААТҮГ-т холбогдох,

“З” ОНӨААТҮГ-ын 3 дугаар баазын Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 3 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.Б-а нь Зийн 3 дугаар баазад 2002 онд автобусын жолоочоор ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй. 2015 онд тэрээр Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт үүрэг хүлээн 3 дугаар баазынхаа орон тооны бус хорооны даргаар ажиллах болсон. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байхдаа зүрх нь өвдөж 3 дугаар эмнэлэгт 103 дуудлагаар хүргэгдэн очиж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Нэхэмжлэгчийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс нийт 49 хоног ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан.

Иймд өмнө нь эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалин буюу ажлаас халсан өдөр болох 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажлын 88 хоногийн цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч П.Б-а нь 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаар тушаалын дагуу жолоочоор ажилд орж, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1868 дугаар тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/1501 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа орох хүсэлт гаргасны дагуу жолоочоор ажилд авсан. Тэрээр 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зүрхний өвчтэй гэсэн оноштойгоор 2 удаа 16 хоногийн акт авч, лист бичүүлсэн. Харин 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 49 хоног хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.17, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасныг тус тус үндэслэн тушаал гаргасан. П.Б-ыг Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ямар нэгэн байдлаар дарамт үзүүлсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй. Түүнийг өөрийн хүсэлтийн дагуу ажилд эгүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 дугаар хэсэгт автобусны жолоочоор ажиллуулсан. Эхний 2 удаагийн лист хуулийн дагуу байсан учир листийн дагуу цалинг нь олгосон. Нэхэмжлэгч 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш үргэлжлүүлээд акт, листээ өгөөгүй. Түүнийг 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ирэхгүй байхаар нь ажлаас халахдаа хүний нөөцийн алба болон хэсгийн даргаас ажилдаа яагаад ирэхгүй байгааг тодруулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02605 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар “З” ОНӨААТҮГ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-а улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00303 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-а нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Эрүүл мэнд нийгэм хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын нэгдүгээр хавсралт буюу “Эмнэлгийн магадалгаа гаргах журам”-ын 2.1.1-д “Хувь хүн өвчин, осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдах, эмчлүүлэх, сувилуулах, жирэмслэх, амаржих, хиймэл эрхтэн хийлгэх, хөл хоригдох, өвчтөн асрах зэрэг асуудалтай холбогдуулан гаргах магадалгаа”, 4.1-д “Энэ журмын 2.1.1-д заасан асуудлаар эмч дангаар магадалгаа гаргаж болох ба энэ тохиолдолд өөрийн албан тушаал, овог нэрийг бичиж, гарын үсгээ зурж, хувийн тэмдгээ дарж баталгаажуулна” гэж заасан байгааг нэхэмжлэгч зөрчөөгүй.

Нэхэмжпэгч өөрөө өөртөө магадалгаа бичин гаргах эрхгүй бөгөөд эмчийн өгснийг л аваад ажил олгогчид өгсөн болно. Монгол улсын хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаал “Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журам” -д эмнэлгийн хуудас олгох хугацааг тус журмын 4.1-д “...шаардлагатай бол магадалгааг олгоно” гээд заасан байгааг 2 шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Хариуцагчаас энэхүү магадалгааг хууль бусаар авсан гэж маргаагүй байхад шүүх шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. “Эмнэлгийн магадалгаа гаргах журам”-ын 4.7-д “Эмнэлгийн магадалгаа олгосон тухай тусгайлан бүртгэлийг дүн бүртгэгч эмч бүртгэх ба магадлагааны дугаар бүртгэлийн дугаартай тохирч байвал журмын дагуу авсан гэдгийг харуулна.

...2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж хэрвээ үзэж байгаа бол хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт болох “З” ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/25 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт болох Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1-д заасныг зөрчин тухайн нэгжийн хурлаар хэлэлцээгүй, 2010-2012 онд хэрэгжүүлэх “Автобус-3 НӨҮГ-ын хамтын гэрээний 8.5-д ҮЭ-ийн гишүүний хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх аливаа шийдвэрийг гаргахдаа ҮЭ-ийн хороонд танилцуулж саналыг нь тусгаж байна” гэдгийг зөрчин танилцуулаагүй бөгөөд тайлбар өгөх боломжоор хангаагүй.

Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох “З” ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/25 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт болох Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.2, 8.1.3-т зааснаар жолооч нарын ажил зохицуулагдах бөгөөд 8.1.5-д зааснаар ажлын хуваарийг нь хэсгийн дарга гаргах гэж зааснаар нэхэмжлэгчийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй гэдгийг илрүүлсэн байна. Нэхэмжлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.6-д 3 буюу түүнээс дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдгээс үзэхэд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний хооронд 3 хоног таарч байгаа бөгөөд энэ өдрүүд нь ажлын өдрүүд буюу лхагва, пүрэв, баасан гарагууд байна. Иймд хариуцагч нэхэмжлэгчид сахилгын шийтгэл тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасан хугацаа буюу 2017.06.09-ний өдрөөс 2017.07.09-ний хооронд ногдуулан ажлаас халах тушаалаа гаргах ёстой атал уг хугацааг 19 хоногийн дараа гаргаснаар тус хуулийг ноцтой зөрчсөн.

...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн үндэслэл болсон хүчингүй эрх зүйн акт барьсан эсэхэд ач холбогдол өгөөгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч хуулийн дагуу л эмнэлгийн хуудас болон магадалгааг авсан бөгөөд байгууллага буюу хариуцагч түүнийг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь өмнөх эмнэлгийн хуудсуудаар нэг л өвчнөөр үргэлжлүүлээд чөлөөтэй байсныг мэдэж байсан болно. Гагцхүү ЗТН-ийн хороон дарга нар даргынхаа хууль бус талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэлийн бага хурал зарласантай холбоотойгоор түүнийг ажлаас халсан гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан үйл баримт арилаагүй албан тушаал нь хадгалагдаж байхад ажлаас халсан тушаал нь хуульд нийцээгүй гарсан байхад шүүхээс зөв гэж дүгнэж байгааг үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Б-а хариуцагч ­­“З” ОНӨААТҮГ-т холбогдуулан автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх ажилтны ажил тасалсан үйл баримт, эмнэлгийн чөлөө олгосон хуудас зэрэг хэрэгт ач холбогдол бүхий асуудлаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийсэн байна.

Харин хэрэгт нэхэмжлэгч П.Б-а нь Нийслэлийн З ОНӨААТҮГ-ын автобусны 3 дугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилладаг болохыг Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооноос 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тодорхойлсон баримт байгааг шүүх анхаараагүй байна. Нэхэмжлэгч П.Б-а урьд өмнө байгууллагынхаа үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны даргаар ажиллаж байсан талаар нэхэмжлэлийн өргөдөлд тусгагдсан ба одоо орон тооны бус байдлаар үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажил хийж байгаа эсэхийг тодорхой болгох шаардлагатай байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны эрхийн баталгааг тусгахдаа “үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг  өөрийн болон сонгосон хамт  олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэж заасан байна.

Хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд хоёр атны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэхийг дүгнэх боломжгүй  байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02605 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00303 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН