Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2017/02605

 

 

 

 

 

 

 

 

    2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2017/02605

                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Ногоон талбайн 4-10 тоотод оршин суух И.М овогт П.Б /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  . . . . . . . . . байрлах З.Т.Н ОНӨААТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Б нь Зорчигч тээврийн нэгтгэлийн 3 дугаар баазад 2002 онд автобусын жолоочоор ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. 2015 онд тэрээр Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт үүрэг хүлээн 3 дугаар баазынхаа орон тооны бус хороон даргаар ажиллах болсон. Үүнээс хойш ажилчдынхаа зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд ажил олгогчтойгоо үл ойлголцон маргах болсон. Тус байгууллагын дарга солигдон Г.Т ирснээс хойш захиргаанаас үзүүлэх дарамт их болсон. Иймд зүрх өвдөх болсноор 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байгаад зүрх нь өвдөн 3 дугаар эмнэлэгт 103 дуудлагаар хүргэгдэн очиж, цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Гэвч захиргааны зүгээс эмнэлгийн магадалгаагаар чөлөөтэй байхад ажил тасалсан гээд ажлаас халсан, магадалгаагаа сунгах гэхэд хүлээж авахгүй, ажлаас халсан тухай мэдэгдсэн тул энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс нийт 49 хоног ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд өмнө нь эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалин буюу ажлаас халсан өдөр болох 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажлын 88 хоног байгаа. Нэхэмжлэгчийн мөнгийг хамгийн сүүлд ажиллаж байсан 1,2,3 сарын цалингийн дунджаар тооцсон. А00105902 гэсэн дугаартай нийгмийн даатгал дээр бичилт хийсэн. Нэг өдөр 75 394 төгрөгийг 88 хоногоор үржүүлэхээр 6 634 672  төгрөг гарч байгаа. Үүнийг ажил олгогчоос гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч П.Б нь 2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаар тушаалаар жолоочоор ажилд орж ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1868 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. 2015 оны 10 дугаар сарын 14-ний Б/1501 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа орох хүсэлт гаргасны дагуу жолоочоор ажилд авсан.

Тэрээр 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх зүрх гэсэн оноштойгоор 2 удаа 16 хоногийн акт авч, лист оруулсан. Харин 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 49 хоног хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.17 хэсэг, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн тушаал гаргасан. Энэ заалтуудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш ажил тасалсан гэж заалтыг баримталсан. н.Баттулгыг Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ямар нэгэн байдлаар дарамт үзүүлсэн гэж байна. Энэ бол үндэслэлгүй зүйл байна. Үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга хийж байсан. Дээрх дурдсан тушаалаар хороон даргаас чөлөөлж намайг ажилд аваач гэсэн хүсэлтийн дагуу бид үүргээ биелүүлж ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 дугаар хэсэгт автобусны жолоочоор ажил үүргээ гүйцэтгэж байсан. Эхний 2 удаагийн лист хуулийн дагуу байсан. Листийн дагуу мөнгийг олгосон. Үүнээс хойш нэхэмжлэгч 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш нэхэмжлэгч би үргэлжлүүлээд өвчтэй байгаа, акт листээ өгнө гэж яриагүй. 77002255 гэсэн дугаартай утсаар хүний нөөцийн албанаас залгаж тодруулж байсан. 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ирэхгүй байхаар нь ажлаас халсан. Бид 49 хоногийн дараа халах тушаалыг гаргасан. Хүний нөөцийн албанаас болон хэсгийн даргаас ажилдаа ирэхгүй байгааг тодруулж байсан. Иймд Зорчигч тээврийн нэгтгэлийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/648 тоот тушаал нь хуулийн үндэслэлтэй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхиийг хүсэж хариуцагч З.Т.Н ОНӨААТҮГ шаардлагыг эс зөвшөөрчээ.

Дараах нөхцөл  байдал тогтоогдлоо:

Нэхэмжлэгч П.Б нь 2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Автобус-3 компанийн захирлын тушаалаар тус жолоочоор анх ажилд орж байсан бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б нь 3 дугаар баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийхээр ажлаас гарах хүсэлт гаргасны дагуу чөлөөлөгдөж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, ажилд орох хүсэлт гаргасан тул ажиллуулсан байна. /30-33-р хуудас/

Нэхэмжлэгч П.Б-ын ажиллаж байсан Автобус-3 баазын үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан Нийслэлийн Зорчигч тээвэр нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийлүүлж, улсын бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд 2017 оны 7  дугаар сарын 28-ны өдрийн З.Т.Н ОНӨААТҮГГ-ын Захирлын Б/648 дугаартай тушаалаар түүнийг ажлаас халсан байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага дахь үндэслэлээ тус компани намайг Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргаар ажилладаг болохоор хавчин дарамталж, улмаар өвчтэй байх хугацаанд хууль зөрчиж ажлаас халсан гэж тайлбарлаж байгааг хариуцагч талаас нэхэмжлэгч Б нь дээрх сонгуульт ажлаас чөлөөлөгдсөн тул ажилдаа эргэн орсон бөгөөд өвчтэй байсан талаарх эмнэлгийн магадлагааг ажил олгогчид ирүүлээгүй, хэрэгт байгаа магадалгаа нь хууль бус байна гэж мэтгэлцжээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.Б нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өвчний улмаас ажилдаа очих боломжгүй болж 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Санколл өрхийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн хуудас авсан /хх-ийн 23-р хуудас/,  5 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл дүүргийн нэгдсэн эмнэлгээс эмнэлгийн хуудас авч ажил олгогчид өгсөн /хх-ийн 24-р хуудас/ байна. Харин түүнээс хойш буюу 6 дугаар сарын 2-оос 6  дугаар сарын 18 хүртэл мөн 19-өөс 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус эмнэлгийн магадлагаатай байсан /хх-ийн 75-76-р хуудас/ гэснийг шүүхээс өвчтэй байсан гэж үзэх үндэслэл болохгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, ажил тасалсан тул ажлаас халах үндэслэл болсон” гэсэн тайлбарыг үнэн зөв гэж тооцлоо.

Учир нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт Эмнэлгийн хуудас олгох зааврын 3.6-д “Эмчлэгч их эмч амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид эмнэлгийн хуудсыг нэг удаад 5 хүртэл хоног, нийтдээ 14 хоногоос илүүгүй хугацаагаар олгоно”. 3.7-д “Амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид 14-өөс дээш хоногоор эмнэлгийн хуудас олгох шаардлага гарвал тухайн эмнэлгийн байгууллагын эмч нарын зөвлөгөөнөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Энэ нөхцөлд уг өвчтөний биеийн байдал түүнд хийсэн шинжилгээний дүнг эмчилгээ чанарын алба 7 хоног тутамд хэлэлцэж эмнэлгийн хуудас бичих хугацааг сунгуулж болох боловч нийтдээ ердийн өвчнөөр өвчлөхөд 30 хоног, ахуйн осол, үйлдвэрлэлийн осол, хорт хавдар, сүрьеэгээр анх өвчлөхөд 90 хоногоос хэтрэхгүй байна” гэсэнтэй нийцэхгүйгээр эмчлэгч эмчийн магадалгааг гаргуулан авсан нь түүнийг хууль журмын дагуу ажлаас чөлөөлөгдөх шалтгаанаа нотлож чадсангүй гэж дүгнэж байна.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ыг үйлдвэрчний эвлэлийн орон тооны бус хорооны даргаар ажилладаг тул ажил олгогчоос байнга дарамталж, улмаар зүрх нь өвдсөн ажилдаа очих боломжгүй байхад ажлаас халсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй, ажлаас халсан явдалд хариуцагч буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч З.Т.Н ОНӨААТҮГГ-ын захирлын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/648 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх тайлбар нь хэрэгт өгсөн цагийн бүртгэлээр нотлогдож байх тул нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар З.Т.Н ОНӨААТҮГГ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА