Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 02544

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Б/РД: /-ын нэхэмжлэлтэй,

                                                                                                           

Хариуцагч: “З” ОНӨААТҮГ/РД: /-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч П.Б миний бие “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 3 дугаар баазад 2002 онд автобусны жолоочоор ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Миний бие хамт олныхоо илтгэлийг хүлээн 2015 онд Үйлдвэрчний хорооны сонгуульт үүрэг хүлээн 3 дугаар баазынхаа орон тооны даргаар ажиллаж байгаад орон тооны бус хороон даргаар ажиллах болсон.

Үүнээс хойш ажилчдынхаа зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд ажил олгогчтойгоо үл ойлголцон маргаснаас болоод 2017.07.24-ний өдрийн Б/648 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсаныг хүлээн зөвшөөрөөгүй тул тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргаснаар өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдэхгүйгээр явж байгаа болно.

Гэтэл 2018.08.27-ны өдрийн шүүх хурал дээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаатай танилцахад 2018.08.01-ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэл гурав гэсэн ОНӨААТҮГ-ыг шинээр байгуулаад бүртгүүлсэн байгаа тул ИХШХШТХ-ийн 28.1-д зааснаар хариуцагчаа солих хүсэлт гаргаж байна.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлэхээр гаргуулах, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү.

Үйлдвэрчний Эвлэлүүдийн Эрхийн тухай хуулийн 6-р зүйлд Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй Үйлдвэрчний Эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олны зөвшөөрөлгүйгээр ажил өөрчлөхийг хориглоно гэсэн байдаг. Мөн бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулан асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм. Бусад сүүлд өгсөн байримтуудаар хорооны дарга мөн биш эсэх нь тогтоогдоогүй байгаа тул 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Зорчигч тээврийн нэгтэл 3 баазын хороонд дарга хийж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа.” гэв.

 

Хариуцагч “З” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус дүүргийн шүүхэд иргэн П.Б нь “З” ОНӨААТҮГ-ыг хариуцагчаар татаж ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлхээр гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

П.Б нь 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс “З” ОНӨААТҮГазарт жолоочоор ажилд орсон. 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1868 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 10 дугаар сарын 14-ний 6/1501 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа орох хүсэлт гаргасны дагуу жолоочоор ажиллуулсан.

П.Б нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зүрх гэсэн оноштойгоор 2 удаа 16 хоногийн акт авч, лист оруулсан. Үүнээс хойш байгууллагатай холбоо бариагүй, өвчтэй гэдгээ нотлох баримт авчирч өгөөгүй 77002255 утсаар асууж лавласан боловч “очиж уулзана” гэсэн хариу өгсөн. 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 19 хоног шалтгаангүй ажил тасалж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан. Байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7 дугаар зүйлийн 7.6.1.17 хэсэг, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтуудыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасныг тус тус үндэслэн захиргаанаас цаашид итгэл хүлээлгэх боломжгүй гэж үзээд байгууллагын даргын тушаалаар ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд П.Баттулгын гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “З” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын Бүртгэлийн гэрчилгээнд П.Б гэдэг хүний нэрийг гэрчилгээнд тавиагүй байна үүнийг анхаарна уу. Эмнэлгийн хуудасны хувьд 42 хоногт өгсөн байна гэж хэлсэн. Нотлох баримтаа дандаа шүүх хуралдаанд гаргаж өгдөг. Хэсгийн дарга нь яав гэж асуугаад утсаар ярих үед очиж уулзана л гэсэн байдаг. Ажилд авах болон чөлөөлөх нь захирлын эрх хэмжээний асуудал байдаг. Энэ хүн шалтгаангүйгээр ажил тасалсан учраас ажлаас халсан. Манайх төрийн өмчит үйлдвэрийн газар тушаал, шийдвэр хуулийн дагуу явагдаж байгаа эсэх талаар хяналт байдаг. Бүгд хуулийн дагуу хийгддэг.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

        

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Б хариуцагч “З” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “З” ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч нийт 19/арван ес/ хоног шалтгаангүй ажил тасалж, хөдөлмөрийн гэрээ, “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нийтийн тээврийн автобусны жолоочоор ажиллаж байсан болох нь № А000105902 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/648 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Зорчигч тээврийн нэгтгэлийн Автобусны 3-р баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдсон гэх үндэслэлээр 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрийн санаачлагаар Зорчигч тээврийн нэгтгэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн П.Баттулгыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэлийн Автобусны 3-р баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдсон байх боловч тус хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Зорчигч тээврийн нэгтгэлийн 3-р баазад автобусны жолоочоор ажилласан болох нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаар тогтоолын хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/1501 тушаалын хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ХГ332 дугаар Үндсэн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Зорчигч тээврийн нэгтгэлийн Автобусны 3-р баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан болох нь баримтаар нотлогдохгүй байх ба 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Ц.Ариунбаатарыг сонгосон болох нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн № 04 тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зорчигч тээврийн нэгтгэлийг тусгаарлаж хариуцагч “З” ОНӨААТҮГ-ыг байгуулсан байх ба нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зорчигч тээврийн нэгтгэлийн Автобусны 3-р баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар бүртгэгдсэн болох нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/64 дугаар тушаалын хуулбар, 0000092700 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

Шинээр байгуулагдсан “З” ОНӨААТҮГ-ын ажилчид үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулах эсэхээ бие даан шийдэх ба 0000092700 Улсын бүртгэлийн гэрчилгээ дэх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бүртгэл нь нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Зорчигч тээврийн нэгтгэлийн Автобусны 3-р баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлд хамаарахгүй болно.

 

Хариуцагч нь Зорчигч тээврийн нэгтгэлийн эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлж аваагүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын зарим эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэн авсан болох нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/64 дугаар тушаалын болон А/64 дугаар тушаалын хавсралт 2-ын хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь 49/дөчин ес/ хоног шалтгаангүй ажил таслан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн б/648 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэлтэй байгуулсан ХГ133032 дугаар Ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.1.5-д “... Дараах зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцох бөгөөд ... хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрхтэй. Үүнд:”, 5.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл өвчтэй байсан гэж маргаж байх боловч 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн болон 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн эмнэлгийн магадлагаа нь Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А243 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн магадлагаа гаргах журмын 1-р хавсралт Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журмын 4-ийн 4.5-д заасан магадлагаад ерөнхий эмч гарын үсэг зурна гэсэн шаардлагад нийцэхгүй байх тул нэхэмжлэгч нь өвчтэй байсан болох нь тус эмнэлгийн магадлагаагаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл өвчтэй байсан болох нь эмнэлгийн карт, эмийн жор зэрэг баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагчийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн б/648 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “З” ОНӨААТҮГ-с ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх нэхэмжлэгч П.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “З” ОНӨААТҮГ-с ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх нэхэмжлэгч П.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч П.Баттулгын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ