| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 106/2018/0151/Э |
| Дугаар | 570 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 17.2.3.2., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 570
Н.А, Б.Н, Л.А, М.А, Д.А, Н.Б, С.Г
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч Д.Очирдорж, шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч Г.Батбаяр, шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 908 дугаар магадлалтай, Н.А-, Б.Н-, Л.А- М.А-, Д.А-, Н.Б-, С.Г- нарт холбогдох 201625022453 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч Л.А-ийн өмгөөлөгч Д.Очирдорж, шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч Г.Батбаяр, Н.Өлзийбаяр, шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Г.Даваахүү нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух,
Улаанбаатар хотын шүүхийн 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нутгаас зайлуулахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгэж, 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Улаанбаатар хотын Октябрийн районы шүүхийн 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 276 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Нийслэлийн шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 198 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 23 жил хорих ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 400 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийг журамлан уг 3 жилийн хорих ялыг өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 23 жилийн хугацаагаар хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 23 жил хорих ялаар тогтоосон,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 144 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 3 жил хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 18 жил 12 сар 13 хоногийн хорих ялаас 18 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг бүгд 21 жилийн хорих ялаар тогтоосон,
Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 748 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил, 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, жинхэнэ оногдуулах ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 16 жил 5 сар 16 хоног хорих ялын зарим болох 15 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 20 жил хорихоор тогтоосон,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 14 жил 3 сар 26 хоногийн хорих ялаар шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон,
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 51а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жил 3 сар 26 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 8 сар 9 хоногийн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг бүгд 9 жил 9 хоногийн хорих ялаар тогтоож, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Т овогт Н-н А,
2. Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 4, хадам эх, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 249 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Х овогт Л-н А,
3. Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д аж ахуйн албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух,
Нийслэлийн шүүхийн 2002 оны 04 дүгээр 22-ны өдрийн 40 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2003 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 8 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Н овогт Б-н Н,
4. Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “***” ХХК-д Аюулгүй байдлын албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М-н А,
5. Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт *** тоотод оршин суух, Ха овогт Д-н А,
6. Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч *** тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Н-н Б,
7. Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт *** тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт С-н Г.
Н.А-, Л.А-, М.А-, Н.Б-, С.Г-, Б.Н- нар нь бүлэглэн, шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоот орон сууцанд нэвтэрч, Я.Ц-, Б.Г-, А.М-, Ж.Н-, В.Э-, М.Э-, Ж.П-, А.Ч-, П.Т-, Д.Л-нарыг “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “буу, хутга” зэрэг зэвсэг хэрэглэн, дээрх 10 хохирогчийг хүч хэрэглэн зодож, Б.Г-, А.М-, Ж.Н-, М.Э-, Ж.П-, А.Ч-, П.Т-, Д.Л-нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан бэлэн мөнгө болон эд зүйлсийг нь дээрэмдэж, бусдад 57,496,120 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Л.А- нь байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу 7.62х39 мм калибртай, 11 ширхэг сумыг хууль бусаар 2015 оноос хойш 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл өөрийн гэр болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байрны 38 тоотод хадгалсан, 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө дээрх сумнуудыг 49-20 УБӨ дугаартай, “Тоёота Кроун” загварын автомашинаар хууль бусаар тээвэрлэсэн,
М.А-, Д.А- нар нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Пүрэвдэлгэр, төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Гансүх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.Мөнхболд, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Цэдэн-Иш нарыг албан үүргээ гүйцэтгэж байх үедээ өөрсдийн албаны үнэмлэхийг ашиглан гэрт нэвтрэх үед нь гартаа 2 ширхэг заазуур, 2 ширхэг хутга тус тус барьж, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
Н.Б- нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх Монгол” ХХК-ийн хашаан дотор, 2017 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр О.Т-г хутгалж буюу зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.А-, Л.А- нарыг бусадтай бүлэглэн зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн гэм буруутайд, М.А-, Н.Б-, С.Г-, Б.Н- нарыг бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.А-, Д.А- нарыг бүлэглэн цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Л.А-ийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Н.Б-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Н.А-ийг 8 жилийн хугацаагаар, Л.А-ийг 7 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Б.Н-ийг 6 жилийн хугацаагаар, С.Г-ыг 6 жилийн хугацаагаар, М.А-г 6 жилийн хугацаагаар, Н.Б-ыг 6 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар М.А-, Д.А- нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Н.Б-ыг 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.А-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
М.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 жилийн хугацаагаар хорих ялаар,
Н.Б-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 11 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А-ийн 8 жилийн, Л.А-ийн 7 жилийн, М.А-гийн 7 жилийн, Н.Б-ын 11 жил 2 сарын, Б.Н-ийн 6 жилийн, С.Г-ын 6 жилийн хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад, Д.А-ын 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон Н.А-ийн 389 хоног, Б.Н-ийн 311 хоног, С.Г-ын 358 хоног, М.А-гийн 365 хоног, Л.А-ийн 365 хоног, Н.Б-ын 356 хоног, Д.А-ын 3 хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд нь оруулан тоолох,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.А-т мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдаж ирсэн “Вепрь” загварын буу 1 ширхэг, шаргал өнгийн гэрний хамт, магазин 1 ширхэг, байлдааны зориулалттай сум 5 ширхэг, галт зэвсгийн үнэмлэх, сумны хошуу, хонгио зэргийг Цагдаагийн Ерөнхий газарт, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бэлэн мөнгө 15,905,100 төгрөг, 851 ам.долларыг тус тус улсын орлогод оруулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан М.А-гийн эзэмшлийн 64-02 УНА дугаартай, “Тоёота Истима” загварын, Б.Бодьцэцэгийн эзэмшлийн 49-20 УБӨ улсын дугаартай, “Тоёота Кроун” загварын тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолуудыг, М.А-гийн ХААН банк дахь 5175008083 тоот төгрөгийн харилцах дансны захиран зарцуулах эрх хязгаарласныг, Б.Н-ийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 103 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011611 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож,
Н.А-, Б.Н-, С.Г-, Л.А-, М.А-, Н.Б-, Д.А- нар нь энэ хэрэгт төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... Л.А-ийн 7 жилийн, ...” гэснийг “... Л.А-ийн 8 жилийн, ... ” гэж;
5 дахь заалтад “... М.А-гийн 365 хоног, ...” гэснийг “... М.А-гийн 368 хоног, ... ” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.А-, Н.Б-, Н.А-, шүүгдэгч С.Г-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Н.Өлзийбаяр, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.А- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Би гэм буруутай болохоор гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Харин дээрмийн гэмт хэрэг үйлдсэн дээр маргахгүй. Энэ хэрэг нийтийн зориулалттай, олон нийтийн орон сууцанд бусдыг амарч байх үед, амгалан тайван байдлыг алдагдуулж, үйлдэгдсэн учраас, ял оногдуулсан зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.2 болгон өөрчилж өгнө үү. Энэ хэргийг шалгаж эхлэхдээ дээрмийн гэмт хэрэгт холбогдсон талыг тогтоолгохыг урьтал болгосон болохоос биш, нийтийн хэв журмын эсрэг зөрчсөн эсэхийг давхар шалгаагүй. Хавтаст хэрэгт байгаа гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Миний алдаж эндэж явсан муу нэрийг улам тодруулах ажиллагаа хийсэн ба хэт нэг талыг барьж хэргийг шийдсэн. Энэ бүгдийг үнэн зөвөөр шалгуулах хүсэлтэй байна.
Миний эхнэрийн биеийн байдал муу, хорт хавдрын 4 дүгээр үедээ орсон, бүх эрхтэндээ нөлөөлсөн, хоногоо хүлээж байгаа, би ганц хүүтэй болсон түүндээ очих чин эрмэлзэл ухамсар байгаа. Амьдралдаа олон удаа алдаж, эндэж байсан боловч энэ удаагийн үйлдэл эцсийнх болог. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүйгээр шударгаар амьдрах болно. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч М.Хувцагаан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийн зарим заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Н.А-ийн тухайд дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн дээр маргадаггүй. Энэ хэрэг олон айл оршин суудаг нийтийн байранд бусдыг унтаж амарж байхад үйлдэгдсэн бөгөөд дуу чимээнээс болж бусдын амгалан тайван байдал алдагдсан байдаг. Тухайлбал гэрч О-ы 2хх-23, Г-н 81-82 талд, Э нарын мэдүүлгээс үзэхэд олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан нь тодорхой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг хуульчилж өгсөн. Гэтэл шүүх уг зүйлийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал, хэзээ, хаана, яаж үйлдсэн гэдгийг харгалзаж үзээгүй. Үүнийг анхааран үзэж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.2 болгон өөрчилж өгнө үү.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-г удирдлага болгон холбогдогч нараас хурааж авсан бэлэн мөнгө 15,905,100 төгрөг 851 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн. Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж хууль тогтоогч заажээ. Гэтэл шүүх гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ хохирлоос илүү гарсан гэж үзэж шийдвэрлэсэн нь буруу. Учир нь мөрдөн байцаалтын шатанд дээрх хөрөнгийг хохирогч нарт өгүүлэхээр бичгээр болон амаар удаа дараа хүсэлт тавьсан боловч шүүх шийднэ гэсэн хариуг өгдөг байсан. Н.А-ийн хувьд өөрийн хөрөнгөнөөс бүх хохирлыг төлсөн. Хохирлын хэмжээг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан тогтоосон. Хохирогч нар хохирлын хэмжээн дээр маргаагүй. Энэ хөрөнгө бол хохирлын хэмжээнээс илүү гарсан хөрөнгө биш. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарт өгсөн бол Н.А- ийм их хэмжээний хөрөнгөөр хохирохгүй байсан.
Гэм буруугаа хүлээн урьдчилан хохирлыг бүрэн төлсөн байхад хууль буруу хэрэглэн шүүхээс энэ хөрөнгийг Н.А-д өгөлгүй улсын орлого болгосон нь хууль хэрэглээний хувьд буруу шийдсэн. Ийм учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн гомдол гаргаж байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч С.Г- нь нийт хохирогч нарт бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэх ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгдээгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар, тухайн цаг хугацаанд объектын гадаа бусдыгаа хүлээж гадаа зогсож байсан, тухайн үйлд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх орон байранд нэвтэрч ороогүй, болсон үйл явдлын талаар огтын ямар нэгэн ойлголт байхгүй байсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн хуулийн зүйл заалтад хамаарагдахгүй юм.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно. Мөн хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн зүйл заалтуудыг зөрчиж мөрдөгч мэдүүлэг авахдаа нийт яллагдагч нараас гэмт хэрэг үйлдсэн талаар өөрийгөө болон бусад яллагдагч нарыг үйлдсэн талаар нотлох үүргийг хүлээлгэж, дээрх байдлаар мэдүүлэг өгвөл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж гадуур байлгана гэх мэтээр хуурч мэхлэх арга хэрэглэсэн. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн.
Прокуророос шүүгдэгч С.Г-ыг яллаж дүгнэлтийг гаргахдаа прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан хууль зөрчиж мэдүүлэг авсан яллагдагч нарын мэдүүлгийг уншиж сонсгож, шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэж нотлох баримтын хэмжээнд үнэлэн ял халдаасан нь огт үндэслэлгүй байна.
Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөх ажиллагаа дуусч хавтаст хэргийн материалыг танилцуулсны дараа тодорхой ажиллагаа явуулж хохирогч А.М-аар таньж олуулах ажиллагаа хийсэн нь дээрх процессийн ажиллагаа нь ноцтойгоор зөрчигдсөнөөс гадна хохирогч А.М- нь яллагдагч С.Г-ыг хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ” Шаамий эрүүтэй, хөнхөр нүдтэй, шар царайтай, өтгөн үстэй шар булцгар залуу байсан гэж мэдүүлсэн нь бодит байдлаас зөрсөн нь дээрх байдлыг нотолж чадаагүй гаднаас хүмүүс орж ирэх үед сандраад доошоо хараад хэвтсэн хэн орж ирсэнийг мэдээгүй, Н.А-ийн дууг л таньсан гэж мэдүүлснээс дүгнэж үзэхэд яллагдагч С.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн байдлыг нотолж чадаагүй байхад шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлж ял халдаасан болох нь үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч С.Г- нь бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн хуулийн зүйл заалтад хамаарахгүй юм.
Шүүгдэгч С.Г- нь гэмт хэрэг үйлдэхэд ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгдээгүй хамтран үйлдэх санаа зорилго байгаагүй, тухайн гэмт хэрэг гарсан талаар ямар ойлголт мэдээлэл байхгүй байхад шүүхээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэн гэж үнэлж дүгнэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял халдаасан болох нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар мөрдөгч болон прокуророос мөрдөх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт хэт яллах талын нотлох баримтыг цуглуулж түүнийг шүүх мөн яллах болон хүндрүүлэх талыг барьж үнэлж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн зүйл заалт зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдож байна.
Энэ нь шүүгдэгч С.Г-ад бусадтай бүлэглэн хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй байхад 06 жил хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчжээ.
Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шүүгдэгч С.Г-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч Д.Очирдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүхээс түүний гэмт хэрэгт оролцсон оролцоог бодит байдлаас зөрүүлэн дүгнэж, дээрмийн гэмт хэргийг зохион байгуулсан /ЭХ-ийн 3.3/ гэж үзсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Шүүгдэгч Л.А- болон бусад холбогдогч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн тайлбар, мэдүүлэгт Н.А-ийн ятгалга, санаачилгаар энэ гэмт хэргийг үйлдэхэд оролцсоноо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг. Гэвч анхан шатны шүүхээс Л.А-ийн ямар үйлдэл оролцоог нь онцлон зохион байгуулагч гэж байгаа тухай тодорхой дүгнэлт гаргаагүй, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.А-ийн 2016 оны 11 сарын 11-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт дурдсан “ ... мөнгийг нь аваад өгчихмөөр байна гэж Укад хэлэхэд “ахаа, би аваад өгчихье л дөө, тэрэнд ядаад байх юу байхав зүгээр аваад өгчихнө шүү дээ” гэсэн мэдүүлэгт үндэслэн зохион байгуулагч гэж дүгнэсэн байна. Н.А-ийн уг мэдүүлэг нь бүхэлдээ хэргийн бодит байдлаас зөрүүтэй, өөрийгөө оролцоогүй, А-т аваад өг гэж хэлсэн мэтээр худал мэдүүлсэн нь бусад нотлох баримтуудаар тогтоогдсон атал дээрх үнэн эсэх нь тодорхойгүй, нотлогдоогүй мэдүүлгийн хэсгийг үнэлж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна.
Шүүгдэгч Н.А- болон бусад шүүгдэгч нар 2018 оны 06 сарын 14-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн тайлбар, мэдүүлэгтээ Л.А- уг хэргийг зохион байгуулаагүй, санаачлаагүй тухай мэдүүлдэг ба өмгөөлөгч энэ талаар тодруулж асуухад Л.А-ийг энэ дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, өөрсдийнх нь үүрэг, оролцоог хуваарилсан үйлдэл гаргаагүй болохыг мэдүүлсэн байдаг. Энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.
Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ‘‘Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг зохион байгуулагч гэнэ.” гэж заасан байдаг ба миний үйлчлүүлэгч Л.А-ийн үйлдэлд дээрх зохион байгуулагчийн үйлдлийн шинжүүд байхгүй болно. Тухайн гэмт хэргийг зохион байгуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэсэн явдал биш бөгөөд зөвхөн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог буруу дүгнэсэн гэж үзэж байгаа юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүй шүүгдэгч Л.А-ийг зохион байгуулагч хэмээн буруу дүгнэж, ялгамжтай ял ногдуулсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу эргэлзээгүй, үнэн бодитой талаас нь үнэлж, миний үйлчлүүлэгчийн оролцоог зөвөөр тогтоож өгнө үү.
Шүүгдэгч Л.А- нь өөрийн үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан гэмшиж байгаа илэрхийлсэн, нийт шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, тайлбар, мэдүүлгээр нь тогтоогдож байгаа нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” үндэслэлд хамаарах боломжтой ба Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах ” гэж заасан нөхцөлөөр ял хөнгөрүүлэх боломж байх тул шүүхээс харгалзан үзэж Л.А-ийн биеэр эдлэх хорих ялыг багасгаж, дэглэмийг өөрчилж өгнө үү.
Л.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд зааснаар торгох болон хорих ялын аль нэгийг сонгож оногдуулж болохоор заасан. Мөн Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилсан байдаг тул түүний үйлдсэн “Хууль бус галт хэрэгсэл хадгалсан, тээвэрлэсэн” үйлдэлд хорихоос өөр төрлийн ял буюу торгох оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч Г.Батбаяр, Н.Өлзийбаяр нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “...Шүүх М.А-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2, 5.1 дугаар зүйлийн 5, 6.1 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар шийтгэл оногдуулсан нь буруу бөгөөд хэргийн үнэн зөв бодит байдалтай нийцэхгүй, хууль буруу хэрэглэсэн байгааг харуулж байна. М.А- нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хэн нэгэн этгээдийн амь нас, эрүүл мэндэд халдсан үйлдэл хөдөлгөөн хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулж чадаагүй. Дээрмийн гэх гэмт үйлдэл үйлдэгдээд дууссан хойно М.А- нь тухайн газарт ирж, үүдэн дээр зогсож байгаад гарахдаа газарт тарсан, унасан мөнгийг авч гарсан үйлдэл нь өөр нөхцөл байдлыг үүсгэж зүйл ангийн өөр объектив шинжийг хангаж байгааг харуулж байна.
Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдэх нь зөв юм. Бусдын өмч хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь эд юмс, түүнийг эзэмшиж хамгаалж байгаа иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нэгэн зэрэг заналхийлж довтолдгоороо бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс ялгагддаг. Хүч хэрэглэхээр довтолгооныг эхлүүлсэн үеэс дээрэмдэх гэмт хэрэг төгсдөг. Хууль тогтоогчид хүний амь нас, эрүүл мэнд рүү хандсан, дотогшоо чиглэгдсэн довтолгооныг эхлүүлээгүй тохиолдлыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр хуульчилсан байгааг шүүх анхаарч үзээгүй. М.А-гийн үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болсон хүч хэрэглэхээр заналхийлсэн үг хэллэг, хэлбэр хөдөлгөөн ч байхгүй байгаа нь нотлогдож байхад шүүх “бүлэглэн үйлдэх” гэсэн гэмт үйлдлийн олонлогт хамаатуулан ял оногдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчсөн байгааг харуулж байна.
М.А-д ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байхгүй байхад 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчин хорих ялыг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглээгүй нь буруу байна.
ЭХ-ийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “..тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үгсэн хуйвалдсан шинж тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1.2-т “..учруулсан хохирлыг төлсөн” хохирогчдын нэхсэн хохирол гэх хууль бус орлого, хохирлыг илүү төлсөн, 6.5 дугаар зүйлийн 1.4-т “ хохирогчийн хууль бус үйл ажиллагааны улмаас гэмт хэрэг үйлдсэн” буюу хохирогч 2002 оны Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж “мөрийтэй тоглоом байнга тоглуулдаг байсан нь гэмт хэрэг гарахад гол нөлөөлсөн хүчин зүйл болсон зэргийг шүүх харгалзан үзээгүй байна. Гэмт хэрэг 2016 онд үйлдэгдсэн тул хохирогч нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасан гэмт үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулаагүй нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж, тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан. Энэ нь хохирогч нарын гэмт үйлдлийг өөгшүүлж тэдэнд ял завшуулж байгаа үйлдэл болсон. Гэмт хэрэг гарах болсон бодит шалтгаан, нөхцөл байдлыг тогтоох боломжийг шүүх алдагдуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 16.2 дугаар зүйлийн 1.6-д заасныг ноцтой зөрчсөн байгааг харуулж байна.
Шүүх ял оноохдоо ЭХ-ийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заагдсан байдал үүссэн нь мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан “..ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэснийг хэрэглэх боломжтой байгааг хэрэглээгүй. Мөн ял оногдуулахдаа ЭХ-ийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан нөхцөл тогтоогдвол хүндрүүлэх болохоос бусад этгээдийн үйлдсэн үйлдлийг М.А-гийн үйлдэлтэй холбон хүндрүүлж ойлгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэхдээ хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна. Давж заалдах шатны шүүх М.А-гийн үйлдэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй байна. М.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасныг хэрэглэхдээ 1 жил хорих ял оногдуулсан. Ингэхдээ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн гэх боловч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн “...албадан ажил хийлгэх...’’ гэсэн сонгох санкцыг хэрэглээгүй. М.А- нь бага насны 2 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг эрүүл мэндийн байдал маш муу болох нь урьдчилан хорих төвд эмчлүүлж байсан баримтуудаар тогтоогдож байгаа.
Хэдийгээр эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байх боловч М.А-д /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.2/ оногдуулсан 7 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2, 6.5\ дугаар зүйлийн 1.4 болон хүч хэрэглэхээр заналхийлээгүй, хүч хэрэглээгүй байдлыг харгалзан /6.5 дугаар зүйлийн 3/ үзэж, 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан 4 жил найман сар болгон, 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг “албадан ажил хийлгэх” болон өөрчлөх, хаалттай хорих ангид эдлүүлэх /36.8 дугаар зүйлийн 1.3/ гэснийг нээлттэй гэж өөрчлөх нь шүүхийн шударга энэрэнгүй ёсны зарчимд нийцэж, Эрүүгийн хуулийн хүнийг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх зорилттой тохирч байна.
Иймд шийтгэх тогтоол, магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч Г.Батбаяр хэлсэн саналдаа “М.А-д оногдуулсан ялын зүйлчлэлийг хөнгөрүүлэн үзэх нь зүйтэй боловч оногдуулсан ялыг 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан гаргасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оролцсон оролцогчдын үүрэг оролцоог ялгамжтай оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг ижил төсөөтэй хэрэглэхгүй байх зарчмыг алдагдсан гэж үзэж байна. Дээрэмдэх гэмт хэрэг нь дотогшоо буюу амь нас руу, эд хөрөнгө рүү чиглэгдсэн хоёр объекттой. М.А-гийн үйлдэл зөвхөн эд хөрөнгөнд чиглэсэн. Үүнийг шүүх анхаарч үзэлгүй ял оногдуулсан. Учир нь миний үйлчлүүлэгч шалан дээр тарсан мөнгийг аваад л гараад явсан байдаг. Энэ нь зөвхөн хууль бус аргаар хүч хэрэглэхгүйгээр үйлдсэн үйлдэл учраас тэнсэн харгалзаж өгнө үү. Хохирогчийн хууль бус ажиллагаа буюу мөрийтэй тоглоом тоглох үйлдлээс болж гэмт хэрэг гарсан. Гэмт хэргийг шийдвэрлэхдээ хохирогч нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг зөрчлийн тухай хууль руу оруулсан бол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрдэх байсан. М.А-гийн хувьд гэмт хэрэгт анх удаа холбогдсон, хохирлыг бүрэн төлсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Тийм учраас эрүүл мэндийн байдал болон ар гэрийг нь харгалзан үзэж хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн асуудлаар: Анхан болон давж заалдах шатны шүүх 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох хураагдаж ирсэн бэлэн мөнгө 15,905,100 төгрөг, 851 ам.долларыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон орлого нь хохирогчийн мэдүүлсэн, түүний мэдүүлэг бусад байдлаар тогтоогдсон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг улсын орлого болгохоор хуульчилсан байна. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээг 57,496,120 төгрөг гэж тогтоосон бөгөөд үүнээс 7,097,400 төгрөг нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан эд зүйлийн үнэлгээ бөгөөд үлдэх 50,398,720 төгрөг нь бэлэн мөнгө гэж тодорхойлсон болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 15,905,100 төгрөг, 851 ам.доллар нь мөнгөн дүнгээрээ гэмт хэргийн улмаас учирсан бэлэн мөнгөний хохирлоос (50,398,720 төгрөгөөс) бага тогтоогдсон байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос илүү гарсан мөнгө гэж үзэж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөв шилжүүлнэ.” гэж заасныг хэрэглэн улсын төсөв шилжүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3.1-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна.” гэж заасан байхад эд мөрийн баримтаар хураан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлөхөд зарцуулаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн болно. Ийнхүү хураан авсан эд хөрөнгийг хохирлыг нөхөн төлөхөд зарцуулаагүй нь холбогдогч нарт үйлдсэн гэмт хэрэгт заасан ял шийтгэлээс гадна хуульд заагаагүй санхүүгийн хариуцлага тооцож байгаа хэлбэр гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шилжүүлэх талаар хуульчилсан. Үүнээс үзэхэд эд мөрийн баримтыг эзэмшигчдэд нь буцааж өгөх боломжгүй тохиолдолд уг эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 2017.06.30-ны өдрийн 36, А/68 дугаар хамтарсан захирамж, тушаалын дагуу шийдвэрлэхээр байгаа юм.
Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч Т.Оргил-Очир дээрх хамтарсан тушаалын дагуу хурааж байгаа талаар мэтгэлцдэг, гэтэл уг тушаал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дахь хэсэгт заасан ажиллагаанд хамаарч байгаа тул манай хэргийн нөхцөл байдлаас өөр асуудал болсон нь ойлгомжтой байна. Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 15,905,100 төгрөг, 851 ам долларыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн үндэслэлтэй гэж дүгнэсэн мөртлөө хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт буцаан олгох шаардлагагүй гэх логикийн хувьд 2 өөр дүгнэлт өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэтэл хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15,905,100 төгрөг, 851 ам.долларыг эзэмшигчдэд буцаан өгөх ажиллагааг хийхгүйгээр, эзэмшигчдэд буцаан өгөх боломжгүй эд мөрийн баримтыг 21.5 дугаар зүйлийн 1-д заасан 4 байдлаар шийдвэрлэхээр заасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй арга хэлбэрээр буюу улсын орлого болгохоор шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн талаар: Хэргийн бодит байдлыг үнэн, зөв, бодитой талаас нь тогтоогоогүй нь холбогдогч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байдлаар зүйлчлэхэд алдаа гарсан гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гэдэг бол: Эрүүгийн хуульд заасан байх, нийгэмд аюултай буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд тооцох боломжгүй хор уршиг, хохирол учруулсан байх үйлдэл, эс үйлдэхүй байх, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх гэсэн 3 шинжийг тус тус агуулсан байхыг хэлнэ. Эдгээр шинжийг хэрхэн хангаж байгаагаас хамаарч зөв зүйлчлэн, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогч нар Н.А-ийн үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл авсан гэх мэдүүлгүүд, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр холбогдогч М.А- хэргийн газраас хохирогч нарын мөнгө, эд зүйлсийг авч гарсан гэж мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад баримтуудаар Б.Н-ийн хувьд бусдын бие махбодид халдаж, эд зүйлсийг хүч хэрэглэн авсан үйлдэл гаргаагүй болох нь тогтоогдож байна.
Харин Б.Н-ийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд заасан Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг, 2002 оны Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлд заасан Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэмт хэргийн объектив талын шинж тодорч байна.
Субъектив талын хувьд Б.Н-ийн хувьд бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт санаа байгаагүй бөгөөд дээрэмдэх гэмт санаа байсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй.
Б.Н- нь бусдын эд хөрөнгийг өөрөө авахаар заналхийлсэн асуудал огт байхгүй бөгөөд Н.А-ийг өөрийн мөнгийг бусдаас авахад нь туслах зорилготой байсан болно. Харин хэргийн газарт нэвтрэн орсны дараа Н.А- нь өөрийнхөө бус бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж хохирогч нарын биед халдаж байхыг харсан боловч хэргийн газрыг орхиж гараагүй нь, хэргийн газар хамт байсан зэрэг нь бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн гэмт санаа шууд бусаар бий болсон буюу тэрхүү нөхцөл байдалд үйлдлээрээ нэгдсэн.
Өөрөөр хэлбэл орхиж гарах санаа төрөх боломжтой боловч орхиж гараагүйгээр хэргийн газар байснаараа бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх үйлдлийн субъектив талын шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хэргийн хохирогч нар ихэнх нь Н.А-ийн үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан гэж мэдүүлдэг бөгөөд харин Л.А-, Н.Б-ын үйлдлээс гэмтэл тогтоогдсон эсэх нь тодорхой тогтоогдоогүй боловч Л.А-, Н.Б- нар нь хохирогч нарын биед халдаж довтолсон гэдгээ өөрсдөө хүлээн мэдүүлдэг боловч хохирогч нарын биед учруулсан гэмтлийг хэн учруулсан гэдгийг нарийвчлан тогтоогоогүй байдаг нь хэргийг зүйлчлэхэд бэрхшээлтэй байдлыг бий болгосон байна. Гэвч хохирогч Ж.П-, Б.Г-, А.Ч-, П.Т- нарын мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр дээрх хохирогч нарт Н.А- гэмтэл учруулсан болох нь хохирогч нарын дараах мэдүүлгээс харагдана.
Хохирогч А.М-ын мэдүүлгээс үзэхэд А.М-ын хохирлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч нар хуваан барагдуулсан хэдий ч дээрх мэдүүлэгт дурдсан эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан үйлдэл хийсэн этгээд буюу Л.Батбаярын үйлдэл холбогдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэтэл Б.Н-, холбогдогч С.Г- нар хохирогч нарын биед ямар нэг байдлаар халдаагүй байхад хэргийн газар нэвтрэн орсон гэдэг үйлдлээр анхан шатны шүүхээс ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг алдагдуулж байгаа үйлдэл юм.
Дээрхээс үзэхэд Н.А- нь дээрмийн гэмт хэрэг үйлдэх талаар мэдэж төлөвлөж байсан, харин бусад оролцогч нар нь дээрмийн бус бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх үйлдэлдээ шууд бус санаатай бөгөөд гэмт хэрэг болсон байр руу санаатай нэвтрэн орсон байж болзошгүй гэж үзэхээр байна. Харин Л.А-, Н.Б- нарын үйлдэл нь бусдын бие махбодь руу халдсанаар зөрчиж гүйцэтгэсэн үйлдэл гаргасан болно. Иймээс холбогдогч нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж зүйлчилсэн тул холбогдогч нарын гэмт хэрэгт хэрхэн оролцсон байдлыг холбогдогч тус бүрээр нарийвчлан гаргаж зүйлчлэх, мөн гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг зөв тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна.
Гэмт хэргийн шинжийг шалгасан байдлаас үзэхэд миний үйлчлүүлэгч Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Б.Н- нь бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй үйлдэл нэгдэх гэмт санааны хүрээнээс түүний үйлдэл халиагүй байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа бөгөөд харин түүний бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй байна. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцнэ гэж үзэж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруу тооцсон талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын хэмжээг буруу тогтоосон тул хохирлын нарийвчлан тогтоох талаар нэмэлт ажиллагаа хийлгэх, эсхүл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хохирлыг багасгах хүсэлт гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс хохирлын хэмжээг тогтоосон хууль зүйн үндэслэлийг тодорхойлохгүйгээр “үнэн зөв” тогтоосон гэх дүгнэлтийг удаа дараа хийж байгаад гомдолтой байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоохдоо зөвхөн хохирогч нарын мэдүүлгийг үнэлж тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
В.Э-, А.М-, П.Т-, Б.Г-, Д.Л-нарт учирсан гэх бэлэн мөнгөний нийт 50,398,720 төгрөгийн хохирол туйлын эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг холбогдогч нарын өгсөн мэдүүлгийн хүрээнд багасгах нь зүйтэй гэж үзэж байна.
Хэргийг шийдвэрлэхэд явцад гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг засуулан эд мөрийн баримтаар өгсөн орлогыг шүүгдэгч нарт эсхүл Н.А-д буцаан өгөх ажиллагааг хийлгүүлэх, мөн хохирлын хэмжээг тогтоох ажиллагааг үнэн зөв тогтоож өгнө үү. Хэргийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй учраас прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэх саналтай байна” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Г.Даваахүү гаргасан гомдолдоо “...Дээрэмдэх гэмт хэргийн хувьд Н.Б-ыг хутга болон өөр ямар нэгэн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг хэргийн хохирогч нарын хувьд хэн ч нь Н.Б-ыг танихгүй, өөрөөр хэлбэл хохирогч нарын мэдүүлгээр Н.Б-ыг хутгатай байсан гэж мэдүүлэг өгөх үндэслэл байхгүй, мөн хохирогч нарын хувьд хэний ч царай зүсийг анх харсан явдал нь 2017 оны 4 дүгээр сард мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хавтаст хэрэгтэй танилцах үед хавтаст хэрэг дотроос сэжигтнүүдийн фото зургийг харснаар тухайн үед ямар ямар хүмүүс байсан, ямар царай зүстэй болох, мөн хэн гэдэг нэртэй болох талаар анх олж мэдсэн байдаг. Гэтэл ийнхүү хавтаст хэрэгтэй танилцуулснаас хойш ойролцоогоор нэг сарын дараа буюу 2017 оны 04 сарын 29-ний өдөр зургаар таньж олуулах ажиллагаа хийж улмаар уг ажиллагаагаар Н.Б-ыг хохирогч Б.Г- таньж олсон, улмаар хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь Н.Б-ыг үндэслэлгүйгээр огт хийгээгүй үйлдлүүдийг хийсэн мэтээр буруутгах үр дагаварт хүргэсэн байна.
Тодруулбал Б.Г-н түрийвчийг авах үйлдэл огт хийгээгүй, мөн тухайн үед хутга мэс хэрэглэх, гартаа барих үйлдэл мөн хийгээгүй. Өөрөөр тухайн хэрэг үйлдэгдэх үед хохирогч нарын хэн нь ч сэжигтнүүдийн нүүр царайг тогтоож харж авах боломж төдийлөн байгаагүй бөгөөд яг Н.Б-ыг хутгатай байсан гэж нотлох ямар нэгэн баримт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хутга зэвсэг хэрэглэсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3-ын 3.2 буюу “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж зүйлчилж ял шийтгэснийг зөвшөөрөхгүй.
Тамирыг хутгалсан тухайд: Н.Б-ын хувьд энэ хэргийг үйлдээгүй, ямар нэгэн гэм буруу байхгүй болно. Шүүх хуралдаан дээр хохирогч О.Т өөрт нь гэмтэл учруулаагүй гэдгийг өөрөө мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд О.Т үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, учир нь тухайн үед түүнийг согтуу байсан гэдэг нь гэрч Д.Н (16 дугаар хавтасны 101-102)-ийн мэдүүлгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл О.Т бусдад хутгалуулж гэмтэх үедээ согтуу байсан учраас тухайн үед яг ямар үйл явдал болсон талаар бүрэн гүйцэт болон үнэн зөв ойлголт авах, дүгнэлт хийх чадваргүй байсан болов уу. Иймд тэрээр өөрийг нь Н.Б- хутгалсан гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн байсан мэдүүлэг нь үнэн зөв биш учраас шүүх хуралдаанд Н.Б- гэм буруугүй болохыг мэдүүлсэн юм.
Эдгээрээс гадна анхан болон давж заалдах шатны шүүх Н.Б-ыг мөрдөн байцаалтын үед үндэслэлгүйгээр хурааж авсан мөнгөн хөрөнгийг Н.Б-т буцаан олгох эсэх асуудлыг буруу шийдвэрлэсэн бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгө хөрөнгө гэж дүгнээгүй атлаа тухайн хурааж авсан мөнгийг Н.Б-т буцаан өгөх шийдвэр гаргаагүй нь хууль бусаар түүний хууль ёсны хөрөнгийг хурааж авч байгаа явдал болоод байна.
Иймд Хяналтын шатны шүүх гомдлыг хянан үзээд дээрэмдэх гэмт хэрэгт холбогдох үедээ хутга мэс хэрэглээгүй болохыг тогтоож зүйлчлэлийг хөнгөрүүлж, О.Т-г хутгалсан хэрэгт гэм буруугүй болохыг тогтоож уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоол болон магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Энэ хэргийн мөрдөн шалган ажиллагаа бүрэн гүйцэд явагдсан. Шүүгдэгч нарын үйлдэл бүрэн нотлогдсон байгаа. Уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь шүүгдэгч нар урьдчилан ярилцаж, санаа зорилго нэгдэж, бусдын эд хөрөнгийг авахаар шунахай сэдэлтээр, хууль бус аргаар орон байранд зэвсэг хэрэглэн нэвтэрч байгаа нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Нөгөө талаар Н.А-, Л.А- нар нь дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулан санаачилж, удирдсан. Мөн энэ гэмт хэргийг хамтран гүйцэтгэсэн болох нь Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа. Мөн Л.А- хэргийн газар очихоосоо өмнө гэрээсээ байлдааны сумтай буу авч очиж гэмт үйлдлийг зэвсгээр хангасан, уг буугаараа хохирогч нар руу довтолсон зэрэг үйлдлээс харахад Н.А-, Л.А- нарыг зохион байгуулан санаачилж удирдсан гэх хууль зүйн үндэслэлтэй. Мөн гэмт хэрэг үйлдэх үед шүүгдэгч нар нь санаа зорилго нэгдэж, бүлэглэж, хамтран оролцсон болох нь хохирогч нарын мэдүүлгүүд, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ Випрь загварын буу болон хутгыг ашиглаж хохирогч нарыг сүрдүүлж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж авах гэмт үйлдлээ туйлд нь хүргэсэн, тухайн үед бүгд санаа зорилго нэгдэж гэмт хэргийг үйлдсэн нь энэ хэргийг үйлдэх явцад зарим хамтран оролцсон этгээд гартаа зэвсэг бариагүй байсан нь хэргийн зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Эд мөрийн баримтаар хураагдсан 15,905,100 төгрөг, 851 ам.долларыг улсын орлого болгосон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч Л.А-ийн өмгөөлөгч Д.Очирдорж, шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч Г.Батбаяр, Н.Өлзийбаяр, шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Г.Даваахүү нарын гаргасан гомдлыг үндэслэн Н.А-, Л.А-, М.А-, Д.А-, Н.Б-, С.Г-, Б.Н- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Н.А-, Л.А-, М.А-, Н.Б-, С.Г-, Б.Н- нар нь бүлэглэн, шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоот орон сууцанд нэвтэрч Я.Ц-, Б.Г-, А.М-, Ж.Н-, В.Э-, М.Э-, Ж.П-, А.Ч-, П.Т-, Д.Л-нарыг “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “буу, хутга” зэрэг зэвсэг хэрэглэн, дээрх нэр бүхий 10 хохирогчийг хүч хэрэглэн зодож, Б.Г-, А.М-, Ж.Н-, М.Э-, Ж.П-, А.Ч-, П.Т-, Д.Л-нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан бэлэн мөнгө болон эд зүйлсийг нь дээрэмдэж, 57,496,120 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
М.А-, Д.А- нар нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Пүрэвдэлгэр, төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Гансүх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.Мөнхболд, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Цэдэн-Иш нарыг албан үүргээ гүйцэтгэж орон байранд нэвтрэх үед нь гартаа 2 ширхэг заазуур, 2 ширхэг хутга тус тус барьж, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
Н.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх Монгол” ХХК-ийн хашаан дотор О.Т-г хутгалж буюу зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Н.А-, Л.А-, М.А-, Н.Б-, С.Г-, Б.Н- нарын дээрэмдэх гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн байх боловч 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.
Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн шүүхүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 15,905,100 төгрөг, 851 ам.долларыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлогыг хураах талаарх харилцааг зохицуулсан Эрүүгийн хуулийн хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан дүгнэлт хийсэн байна.
Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.А-ийг байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуульд заасан галт зэвсэг, галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодист хамаарах ойлголтыг Галт зэвсгийн тухай хуульд заасан нэр томьёоны тодорхойлолтод заасан агуулгаар ойлгож хэрэглэх нь зүйтэй бөгөөд тухайн хуульд сум гэсэн ойлголтыг галт зэвсэг болон галт хэрэгслээс тусад нь буюу “сум” гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг хэлнэ гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, сум нь галт зэвсэг болон галт хэрэгслээс тусдаа эд зүйл гэж томьёологдсон байна.
Сум нь гагцхүү галт зэвсэг, буудлагын хэрэгслийн тусламжтайгаар хөнөөх чадварт хувирдаг, дангаар байгаа шинж чанараараа амьд болон бусад биетэд хор хөнөөл учруулах чадваргүй бөгөөд сумны хошуу нь байлдааны эсхүл иргэний зориулалттай болохыг ердийн байдлаар таних бололцоогүй, түүнчлэн байлдааны зориулалттай галт хэрэгсэлд сум багтана гэдгийг хуульд тусгайлан заагаагүй байхад уг хэм хэмжээг төсөөтэйгээр тайлбарлан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид хамруулах боломжгүй зэргээс үндэслэн сумыг галт зэвсэггүйгээр дангаар нь хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг бус харин Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар зэвсэг эзэмших” заалтад хамруулан ойлгох нь зүйтэй юм.
Иймд шүүгдэгч Л.А-ийн 7.62Ч39 мм калибрийн 11 ширхэг сумыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч Л.А-ийн өмгөөлөгч Д.Очирдорж, шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч Г.Батбаяр, Н.Өлзийбаяр, шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Г.Даваахүү нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 908 дугаар магадлалд “Прокуророос Л.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын 1, 2, 3 болон 4 дэх заалтын “Л.А-ийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, ял шийтгэсэн, ял нэмж нэгтгэсэн хэсгүүд болон магадлалын 1 дэх заалтаар өөрчлөлт оруулсан хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч Л.А-ийн өмгөөлөгч Д.Очирдорж, шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч Г.Батбаяр, Н.Өлзийбаяр, шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Г.Даваахүү нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН