Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01836

 

Ц.Б-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01740 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Б-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Шинжээч томилсон тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Түмэндэлгэр, Г.Ганзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00645 дугаар шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хийж байна гэж шийдвэр гүйцэтгэгч уулзаж төлбөрийн талаар ярилцаж байсан ч үнийн санал аваагүй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 сарын 20-ны өдөр ирүүлсэн 4/12960 дугаар мэдэгдлээр зээлийн барьцаанд байгаа, Хан-Уул дүүрэг, 15 хороо Хурд Рапид хороолол 30-р байр, 31 тоотын 2 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлээд дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсон тухай анх удаа мэдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууц хураан авсан акт хүлээлгэж өгөөгүй, Иргэний хуулийн дагуу орон сууцны хууль ёсны өмчлөгчөөс үнийн санал албан ёсоор аваагүй үйлдлүүд нь хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. Шинжээч томилсон тогтоолтой танилцуулаагүй, ямар шинжээч дүгнэлт гаргасныг мэдэлгүй иргэн орон байраа алдахад хүрсэн ноцтой үйлдэл болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан ч хүлээж авалгүй, хөндлөнгийн шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Иймээс Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаар шинжээч томилсон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 23-ны өдрийн 645 дугаар шийдвэрээр Ц.Б-ээс 88 304 790 төгрөг гаргуулж “Ариг” банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 сарын 07-ны өдрийн 17290778 дугаар тогтоолоор үүсгэсэн бөгөөд 2018 оны 9 сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх өгнө үү гэсэн албан бичгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, тдөлбөр төлөгч Ц.Б-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 хороо, Рапид харш, Махатма Гандийн гудамж, 30-р байр, 31 тоот орон сууцыг 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 17290778/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 17290778/04 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгчид үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 4/28993 дүгээр албан бичгээр мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу "Сэлэнгэ эстимэйт ХХК-нийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтооход 108 492 000 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 8 сарын 20-ны өдрийн 4/12960 дүгээр албан бичгээр талуудад мэдэгдсэн. Хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 9 сарын 28-ны өдөр оруулах тухай тогтоол, мэдэгдлийг Ц.Б-ийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2019 оны 9 сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 78 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох, шинжээч томилох тухай 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн Б овогтой Ц.Б-ийн /РД:ОЮ73081580/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэд төрийн байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд хариуцагч төрийн байгууллагад байгаа тохиолдолд уг харилцаа нь иргэний эрх зүйн тэгш бус субьектуудын хооронд үүссэн харилцаа болдог бөгөөд хариуцагч төрийн байгууллагын хувьд уг харилцаанд нотлох баримт бүрдүүлэх болон бусад байдлаар ямагт илүү боломжтой гэдгийг анхаарах шаардлагатай. Мөн шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа нь төрийн албадлагыг хэрэглэж хүний эрхэд халдах үйл ажиллагаа явуулж байгаа учир уг ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах ёстой. Бидний маргаж буй баримт бол шинжээч томилох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол бөгөөд уг тогтоолын дагуу шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоож, албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Миний хувьд амьдарч буй байрны үнийг шинжээч томилж дүгнэлт гаргуулсан, уг дүгнэлтийн дагуу дуудлага худалдаа явагдах гэж байгаа гэдгийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр анх мэдсэн. Үүнээс өмнө шийдвэр гүйцэтгэгч надтай уулзаж төлбөр төлөх талаар хэлж байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах ажиллагаа явагдсан талаар огт мэдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-д шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ, 54.3-т жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна гэж заасан. Гэтэл хавтаст хэрэгт шийдвэр гүйцэтгэгч уг ажиллагааг явуулсан талаарх баримт болон Ц.Б надад хаягласан мэдэгдэл гэх баримтыг хавсаргасан бөгөөд уг баримтыг хүлээн авсан, надад гардуулсан талаар огт баримт гаргаж өгөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгчид мэдэгдэх ёстой ажиллагааг надад огт мэдэгдээгүй, хууль бус явуулсан бөгөөд энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй байхад шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4/28993 дугаар мэдэгдлийг надад огт мэдэгдэж байгаагүй. Надад мэдэгдээгүй учраас би хуульд заасан үнийн саналаа гаргах боломж гараагүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт ... харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тооцон тогтоохоор зохицуулсан. Дээрх заалтаар шийдвэр гүйцэтгэгч үнийн санал өгөх боломжоор хангаж, тохиролцоогүй тохиолдолд шинжээчээр үнэ тогтоолгохыг зохицуулсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч үнэ тохиролцох боломжоор хангахгүйгээр шууд шинжээч томилж үнэлгээ тогтоолгож байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэв мэдэгдэл ирсэн бол би байрны үнийн талаар тохиролцох боломжтой байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч үндэслэлгүйгээр миний энэ эрхийг хязгаарлаж хууль бус ажиллагаа явуулсанд гомдолтой байна. Хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтуудад зурагдсан гарын үсгүүд нь Ц.Б миний гарын үсэг биш, өөр байдлаар зурагдсан гарын үсэг байсан учир уг гарын үсгийг шинжлүүлэхээр тус шүүхэд хүсэлт гаргасан. Гарын үсгийн шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шинжээч томилох тухай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаан хийсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрхийн талаар зохицуулсан бөгөөд 25.1.3 дахь хэсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргаж болохоор заасан. Нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан уг эрхээ хэрэгжүүлж шинжээч томилуулж, нотлох баримтад зурагдсан газрын үсгийг шинжлүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх хангасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 40.3 дах хэсэгт шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч баримт байж болохгүй гэж заасан. Гэтэл шүүх уг баримтуудад зурагдсан гарын үсгүүдэд эрх бүхий этгээд шинжилгээ хийгээгүй, уг баримтуудын эргэлзээ бүхий байдал арилаагүй, шүүгчийн захирамж биелээгүй байхад уг эргэлзээ бүхий баримтуудыг үнэлж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж байгаа нь үндэслэлгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд цагтаа ирж амжаагүй бөгөөд хурал эхэлсний дараа ирсэн бөгөөд нэгэнт шүүх хуралдаан эхэлсэн тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт “харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана” гэж заасан. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Дээрх заалтаар нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд буцаах, харин хариуцагчийн хүсэлтээр хэргийн нотлох баримт болон бусад байдлыг харгалзан нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж болохоор зохицуулсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын эргэлзээ бүхий байдал арилаагүй, захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хариуцагчийн саналын дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд заасан зохигчдын мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шинжээч томилсон тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 сарын 15-ны өдөр 183/ШЗ2019/05942 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэрэгт авагдсан 29-30 дугаар хуудаст байгаа эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоолуудад зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Ц.Б-ийнх мөн эсэхийг тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 106 дугаар тал/

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б шүүхэд ирж гарын үсгийн загвараа өгөөгүй гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2019/07404 дүгээр захирамжаар сэргээж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 80 дугаар зүйлийн 80.3, 80.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн буюу шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжид заасан хугацаа дуусаагүй байхад хэргийг сэргээсэн зөрчлийг гаргасан ба эдгээр нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарах тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /хх-ийн 107-109 дүгээр тал/

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01740 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА                                      

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

                                                                                                Г.ДАВААДОРЖ