Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00905

 

 

..................-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч,  Х.Сонинбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/02041 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2007 дугаар магадлалтай,

..................-ийн нэхэмжлэлтэй,

...................................... холбогдох

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт:  Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хийж байгаа гэж шийдвэр гүйцэтгэгч уулзаж төлбөрийн талаар ярилцаж байсан ч үнийн санал аваагүй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.8.20-ны өдөр ирүүлсэн 4/12960 дугаар мэдэгдлээр зээлийн барьцаанд байгаа .................... дүүрэг, 15 дугаар хороо, .............., .................. хороолол, 30-р байрны 31 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлээд дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсон тухай анх удаа мэдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууц хураан авсан акт хүлээлгэж өгөөгүй, Иргэний хуулийн дагуу орон сууцны хууль ёсны өмчлөгчөөс үнийн санал албан ёсоор аваагүй үйлдлүүд нь хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. Шинжээч томилсон тогтоолтой танилцуулаагүй, ямар шинжээч дүгнэлт гаргасныг мэдэлгүй иргэн орон байраа алдахад хүрсэн ноцтой үйлдэл болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан ч хүлээж авалгүй хөндлөнгийн шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. 2017.12.22-ны өдрийн 366 дугаар тогтоолоор “С э” ХХК-ийг шинжээчээр томилж, уг шийдвэрийн дагуу “С э” ХХК нь миний орон сууцыг үнэлсэн байдаг. Энэхүү шинжээч томилсон тогтоол болон хэрэгт авагдсан баримтаас харахад Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг огт баримтлаагүй дүгнэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай журмыг зохицуулсан байх бөгөөд энэхүү журмыг баримтлалгүй дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчиж гаргасан. “С э” ХХК-ийг шинжээчээр томилсон маргаан бүхий актад танилцсан шинжээч гэсэн хэсэгт уншигдах боломжгүйгээр таталгаж бичсэн гарын үсгийн ард .................. гэсэн нэр болон эрх, үүрэгтэй танилцав гэсэн бичээс байна. Гэтэл шинжээч .............. нь хэргийн 71-р хуудсанд авагдсан уг эрх, үүрэгтэй танилцсан гэж гарын үсэг зурснаас гадна 2018.08.20-ны өдрийн “С э” ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн үнэлгээ хийсэн тухай 115 тоот албан бичиг, хэргийн 84-р хуудсанд авагдсан баримтад тус тус гарын үсэг зурсан байдаг. Гэтэл 366 дугаар тогтоолтой, эрх, үүрэгтэй танилцсан .............-ын гарын үсэг нь илт зөрүүтэй байгаа нь шинжээч ................-ын гарын үсэг биш бөгөөд түүнд эрх, үүргийг танилцуулаагүй гэсэн үг юм. “С э” ХХК шинжээчээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулахдаа түүнд эрх, үүргийг нь огт тайлбарлаж өгөөгүй нь процессын ноцтой алдаа гэж үзэж байна. Иймд миний өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206026710 тоот дугаартай, УБ, ............, 15-р хороо, ...............хорооллын 30-р байрны 31 тоот хаягт байрлах 56.26 м.кв 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас илт доогуур үнээр буюу 108,494,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

   Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхийн 2017.3.23-ны өдрийн 645 дугаар шийдвэрээр ..............-ээс 88,304,790 төгрөг гаргуулж Ариг банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017.8.07-ны өдрийн 17290778 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2018.9.12-ны өдрийн 4/13116 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгч ..................-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ................ дүүргийн 15 хороо, ..............., .............., ............. гудамж, 30 байр, 31 тоот орон сууцыг 2017.9.26-ны өдрийн 17290778/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017.11.22-ны өдрийн 17290778/04 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгчид үл хөдлөх хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг 2017.11.24-ний өдрийн 4/28993 дугаар албан бичгээр мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу “С э” ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтооход 108,492,000 төгрөгөөр үнэлснийг 2018.8.20-ны өдрийн 4/12960 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Уг шинжээчийн дүгнэлтийн талаар ямар нэг гомдол гаргаагүй. Ингээд хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2018.9.28-ны өдөр оруулах тухай тогтоол, мэдэгдлийг ..................-ийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2019.9.28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 78,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/02041 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Шинжээч томилох тухай 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “С э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ..................-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ..................-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2007 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/02041 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ..................-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.28-ны өдрийн 183/ШШ2020/02041 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.23-ны өдрийн 2007 дугаар магадлалаар “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээч томилох тухай 2017.12.22-ны өдрийн 366 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “С э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ..................-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, ингэж шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.23-ны өдрийн 2007 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1 дэх хэсэгт “...Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана, ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн...” гэж, мөн зүйлийн 172.2.2 дахь хэсэгт “...шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэж тус тус заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар: Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно”, “...эд хөрөнгө битүүмжлэх тогтоол дахь гарын үсгүүд нь ..................-ийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байгаа тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй... ” гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нарын зүгээс ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 366 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөвхөн ..................-ийн гарын үсэгтэй холбон тодорхойлоогүй ба уг 366 дугаар тогтоолоор “С э” ХХК-ийг шинжээчээр томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт  “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана...” гэж, 9.2 дахь хэсэгт “... Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна...” гэж заасныг тус тус зөрчиж энэ тухай ямар ч үйлдэл, үйл ажиллагаа хийгээгүй гэж маргасан. Шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөндлөнгийн шинжээч томилохдоо урьдчилан ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгах ёстой хуульд тусгасан журмыг зөрчсөн эсэхэд огт дүгнэлт хийгээгүй. Шүүх хуралдааны явцад гэрчийн өгсөн мэдүүлгээс харахад “С э” ХХК болон дүгнэлт гаргасан ................ нь харин ч хариуцагчтай байнга хамтран ажилладаг, тус шинжээчийн орлогын нэлээдгүй хэсгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргаж буй үнэлгээний хөлс бүрдүүлдэг талаар дурдсан. Энэ байдал нь шинжээч хараат бус байж хэний ч нөлөөнд авталгүйгээр дүгнэлтээ гаргах ёстой гэсэн үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Эндээс харахад 366 дугаар тогтоолоор “С э” ХХК-ийг шинжээчээр томилсон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “шүүхийн шинжилгээ хийхэд хараат бус байх зарчим”-ыг ноцтойгоор зөрчсөн учраас 366 дугаар тогтоолыг хүчингүй гэж үзэж байгаа ба шүүхээс уг баримтад дүгнэлт хийлгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

Хоёр. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: “Шүүхээс нэмэгдүүлсэн шаардлагын талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна гэжээ. Уг нэмэгдүүлсэн шаардлагыг 2020.06.09-ний өдөр гаргасан боловч энэ нь үндсэн шаардлагатай холбогдож гаргасан шаардлага учир гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байгаа. Учир нь 2017.12.22-ны өдрийн 366 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээ хийх шинжээчийг томилсон бөгөөд уг хууль зөрчиж томилсон тогтоолын дагуу хийгдсэн холбогдох бүх ажиллагаа хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Мөн шүүхэд 2020.06.09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүднээс дараах хүсэлтүүдийг гаргасан. Хавтаст хэргийн 71 дүгээр хуудаст авагдсан шинжээч томилох тухай 366 дугаар тогтоолд зурагдсан гарын үсэг нь “С э” ХХК-ийн ажилтан шинжээч ................-ынх мөн эсэхийг шинжээч томилуулан тогтоолгох, мөн нэхэмжлэгчийн зүгээс шинжээч нь шинжилгээний зүйл болох орон сууцыг илт доогуур үнээр үнэлсэн гэж марган ижилхэн 2 өрөө орон сууцны үнийг үл хөдлөх хөрөнгийн зуучийн сайтуудад тавигдсан байдлыг нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр гаргасан. Үүнийгээ нотлохын тулд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зуучуудын http://marco.mn/index/index/productld/63381/page/product,http://zarmedee.mn/zar/detail/120102/1748750 гэсэн хаягт үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж талуудын тэгш эрхтэйгээр мэтгэлцэх эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.28-ны өдрийн 2041 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.23-ны өдрийн 2007 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

            Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт цугларсан баримтаар маргаан бүхий шийдвэр болох шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 2017.12.22-ны өдрийн 366 дугаар тогтоолоор “С э” ХХК-ийг шинжээчээр томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1.“Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна”; 9.2.“Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэснийг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй, харин ч эсрэгээрээ 366 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт шинжээчид хууль сануулж, шинжээч ................- гарын үсэг зурж танилцсан байгаа нь дээрх үндэслэлийг үгүйсгэж байгаа, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд, “...Шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөндлөнгийн шинжээч томилохдоо урьдчилан ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгах ёстой хуульд тусгасан журмыг зөрчсөн эсэхэд огт дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдааны явцад гэрчийн өгсөн мэдүүлгээс харахад “С э” ХХК болон дүгнэлт гаргасан ................ нь харин ч хариуцагчтай байнга хамтран ажилладаг, орлогынх нь нэлээдгүй хэсгийг бүрдүүлдэг талаар дурдсан, энэ байдал нь шинжээч хараат бус байж хэний ч нөлөөнд авталгүйгээр дүгнэлтээ гаргах ёстой гэсэн үндсэн зарчмыг зөрчсөн...” гэсэн утгатай нэхэмжлэгчийн хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Мөн анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч нь 2018.08.20-ны өдрийн “С э” ХХК-ийн үнэлгээг /тайланг/ эс зөвшөөрсөн гомдлоо 2020.06.09-ний өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэсэн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, үнэлгээг хүчингүй болгох шаардлага нь тусдаа маргаан тул “...шинжээч томилох тухай /366 дугаар/ тогтоолын дагуу хийгдсэн холбогдох бүх ажиллагаа хүчингүй болох ёстой...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

            Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/02041 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2007 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ЦОЛМОН

                      ШҮҮГЧИД                                                               Г.БАНЗРАГЧ                                                                                                                                                                                                  Х.СОНИНБАЯР

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ                                      

                                                                                                      Б.УНДРАХ