Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2020/02041

 

 

2020 07 28

183/ШШ2020/02041

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ.холбогдох,

Шинжээч томилсон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

  

Нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тухайн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хийж байна гэж шийдвэр гүйцэтгэгч уулзаж төлбөрийн талаар ярилцаж байсан ч үнийн санал аваагүй. Гэтэл НШШГГ-ын 2018 оны 8 сарын 20-ны өдөр ирүүлсэн 0/00000 дугаар мэдэгдлээр зээлийн барьцаанд байгаа ХУД, 00 хороо, Хурд, Рапид хороолол, 00 байрын 00 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлээд дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсон тухай анх удаа мэдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууц хураан авсан акт хүлээлгэж өгөөгүй, Иргэний хуулийн дагуу орон сууцны хууль ёсны өмчлөгчөөс үнийн санал албан ёсоор аваагүй үйлдлүүд нь хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. Шинжээч томилсон тогтоолтой танилцуулаагүй ямар шинжээч дүгнэлт гаргасныг мэдэлгүй иргэн орон байраа алдахад хүрсэн ноцтой үйлдэл болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гомдол гаргасан ч хүлээж авалгүй хөндлөнгийн шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Иймээс шийдвэр гүйцэтгэлийн албаны хуулийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000  дугаар шинжээч томилсон Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаснаа дэмжиж байна. Бидний маргаж буй 2017 оны 12 сарын 22-ны өдрийн №000  тоот тогтоолоор С ХХК-ийг шинжээчээр томилж уг шийдвэрийн дагуу С  эстимейт ХХК нь миний орон сууцыг үнэлсэн байдаг. Энэхүү шинжээч томилсон тогтоол болон хэрэгт авагдсан баримтаас харахад Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг огт баримтлаагүй дүгнэлт гаргасан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай журмыг зохицуулсан байх бөгөөд энэхүү журмыг баримтлалгүй дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчиж гаргасан дүгнэлт болсон байна. Учир нь С  эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон маргаан бүхий актад танилцсан шинжээч гэсэн хэсэгт уншигдах боломжгүйгээр таталгаж бичсэн гарын үсгийн ард О  гэсэн нэр болон эрх үүрэгтэй танилцав гэсэн бичээс байна. Гэтэл шинжээч О  нь хх-ийн 71-р хуудсанд авагдсан уг эрх үүрэгтэй танилцсан гэж гарын үсэг зурснаас гадна 2018 оны 08 сарын 20-ны өдрийн С  эстимейт ХХК-ийн НШШГГ-т ирүүлсэн үнэлгээ хийсэн тухай 000 тоот албан бичигт, мөн хэргийн 84-р хуудсанд авагдсан баримтанд тус тус гарын үсэг зурсан байдаг. Гэтэл 000  тоот тогтоолтой, эрх үүрэгтэй танилцсан О ын гарын үсэг нь илт зөрүүтэй байгаа нь шинжээч Г.О ын гарын үсэг биш бөгөөд түүнд эрх үүргийг танилцуулаагүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс С  эстимейт ХХК шинжээчээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулахдаа түүнд эрх үүргийг нь огт тайлбарлаж өгөөгүй нь процессийн ноцтой алдаа гэж үзэж байна. Иймд иргэн Ц.Б  миний өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-000000000 тоот дугаартай, УБ, ХУД, 15-р хороо, Рапид харш хорооллын 00-р байрны 00 тоот хаягт байрлах 56.26м.кв 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас илт доогуур үнээр буюу 108.494.000 төгрөгөөг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2017 оны 3 сарын 23-ны өдрийн 645 дугаар шийдвэрээр Ц.Б ээс 88 304 790 төгрөг гаргуулж А банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 сарын 07-ны өдрийн 17290778 дугаар тогтоолуудаар үүсгэн, тус газрын 2018 оны 9 сарын 12-ны 4/13116 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгч Ц.Б ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 хороо, Рапид харш, Махатма гандийн гудамж, 30 байр, 31 тоот орон сууцыг 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 17290778/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 17290778/04 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгчид үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 0/00000  дүгээр албан бичгээр мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу "С ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтооход 108 492 000 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 8 сарын 20-ны өдрийн 0/00000 дүгээр албан бичгээр талүудад мэдэгдсэн. Уг шинжээчийн дүгнэлтийн талаар ямар нэг гомдол гаргаагүй. Ингээд хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 9 сарын 28-ны өдөр оруулах тухай тогтоол, мэдэгдлийг Ц.Б ийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2019 оны 9 сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 78 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  Шүүх шинжээчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ц.Б  хариуцагч НШШГГ..газарт холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ шинжээч томилсон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 000  дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн С ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...эд хөрөнгө битүүмжлэх болон хурааж авах тогтоолуудад зурсан гарын үсэг нэхэмжлэгч Ц.Б ийнх биш бөгөөд үнийн санал аваагүй, орон сууц хураан авсан акт хүлээлгэж өгөлгүй дуудлага худалдаанд оруулсан, түүнчлэн үнэлгээ тогтоох шинжээчээр ажилласан С ХХК нь мэргэшсэн, хөндлөнгийн байж чадаагүй, үнэлгээний дүгнэлт болон шинжээч томилсон тогтоол дээр зурагдсан шинжээчийн гарын үсэг зөрүүтэй гэж тайлбарлав.

  Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох ба нэхэмжлэгч нь 2018 оны 08 сарын 20-ны өдрийн үнэлгээний тайланг эс зөвшөөрсөн гомдлоо 2020 оны 06 сарын 09-ний өдөр буюу хуулийн хугацааг хэтрүүлэн гаргасан байна. /хх-ийн 183/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00645 дугаар шийдвэрээр Ц.Б ээс 88 304 790 төгрөг гаргуулж, Ариг банкинд олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ./хх-ийн 6-8/

Төлбөр төлөгч Ц.Б  нь 88 304 790 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 05 сарын 17-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2017 оны 08 сарын 07-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна./хх-ийн 55, 65/

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ц.Б ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 хороо, Р харш, Махатма гандийн гудамж, 00 байр, 00 тоот орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 00000000 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 17290778/04 тоот тогтоолоор тус тус хураасан байна. /хх-ийн 152-153/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал дээрх тогтоолуудад зурагдсан Ц.Б ийн гэх гарын үсэг өөрийнх нь биш гэж маргаж, улмаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба 2020.5.04-ний өдрийн 2074 дугаар Шинжээчийн дүгнэлтэд 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 00000 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2017 оны 11 сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол гэх баримтын арын нүүрний Ц.Б  гэсний дараа зурагдсан шинжилж байгаа гарын үсгүүд нь Ц.Б ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна. гэснээр нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. /хх-ийн 159-169/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нараас авах ажиллагааг гүйцэтгэхээр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0/00000  дүгээр албан бичгээр төлбөр төлөгчид дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ирүүлэх, ийнхүү саналаа ирүүлээгүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоолгохыг мэдэгдэх ажиллагааг хийсэн байна.

  Нэхэмжлэгч нь үнийн саналыг ирүүлээгүйгээс хариуцагч нь Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу "С ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтооход 108 492 000 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 0/00000 дүгээр албан бичгээр Ц.Б т мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 9 дүгээр сарын 26-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Өнөөдөр сонинд хэвлүүлж нийтэд зарласан, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дуудлага худалдаагаар 78 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон байна.

  Эдгээрээс дүгнэхэд хариуцагчийн шинжээч томилсон ажиллагаа нь хууль зөрчсөн гэх үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000  дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

  Түүнчлэн хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх, үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргасан байгаа нь төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул ...шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн... гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГ…газарт холбогдох, Шинжээч томилох тухай 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000  дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн С ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Б ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

ДАРГАЛАГЧ                                Б.МӨНХЖАРГАЛ