Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1742

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............байрлах, НШШГГ-д  холбогдох,

Шинжээч томилсон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд .................... нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тухайн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хийж байна гэж шийдвэр гүйцэтгэгч уулзаж төлбөрийн талаар ярилцаж байсан ч үнийн санал аваагүй. Гэтэл НШГГ-ын 2018 оны 8 сарын 20-ны өдөр ирүүлсэн 4/12960 дугаар мэдэгдлээр зээлийн барьцаанд байгаа ХУД, 15 хороо Хурд, Рапид хороолол ... байрын ..... тоотын ..........өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлээд дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсон тухай анх удаа мэдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууц хураан авсан акт хүлээлгэж өгөөгүй, Иргэний хуулийн дагуу орон сууцны хууль ёсны өмчлөгчөөс үнийн санал албан ёсоор аваагүй үйлдлүүд нь хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. Шинжээч томилсон тогтоолтой танилцуулаагүй ямар шинжээч дүгнэлт гаргасныг мэдэлгүй иргэн орон байраа алдахад хүрсэн ноцтой үйлдэл болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гомдол гаргасан ч хүлээж авалгүй хөндлөнгийн шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Иймээс шийдвэр гүйцэтгэлийн албаны хуулийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаар шинжээч томилсон .............шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2017 оны 3 сарын 23-ны өдрийн ........ дугаар шийдвэрээр Ц.Б-ээс 88.304.790 төгрөг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 сарын 07-ны өдрийн ........... дугаар тогтоолуудаар үүсгэн, тус газрын 2018 оны 9 сарын 12-ны .......... дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгч Ц.Б-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн ..... хороо, Рапид харш, Махатма гандийн гудамж, ...... байр, ...... тоот орон сууцыг 2017 оны 9 сарын 26-ны өдрийн ......... дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 11 сарын 22-ны өдрийн .......... тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгчид үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2017 оны 11 сарын 24-ний өдрийн ........ дүгээр албан бичгээр мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу "С Э” ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтооход 108.492.000 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 8 сарын 20-ны өдрийн ........... дүгээр албан бичгээр талүудад мэдэгдсэн. Хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 9 сарын 28-ны өдөр оруулах тухай тогтоол, мэдэгдлийг Ц.Б-гийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2019 оны 9 сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 78,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

       Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

       Ц.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шинжээч томилсон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ үнийн санал аваагүй, орон сууц хураан авсан акт хүлээлгэж өгөлгүй дуудлага худалдаанд оруулах болсон гэж тайлбарлав.

 

 Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг талуудад мэдэгдэж хууль зөрчөөгүй гэж маргалаа.

 

Тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00645 дугаар шийдвэрээр Ц.Б-ээс 88,304,790 төгрөг гаргуулж, Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183/ГХ2017/00526 дугаар Гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэн, үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн .....хороо, Рапид харш, Махатма гандийн гудамж, ....... байр, ...... тоот орон сууцыг битүүмжилж, хураасан байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нараас авах ажиллагааг гүйцэтгэхээр зохицуулжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ...... дүгээр албан бичгээр төлбөр төлөгчид дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ирүүлэх, ийнхүү саналаа ирүүлээгүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоолгохыг мэдэгдсэн болох нь нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь үнийн саналыг ирүүлээгүйгээс хариуцагч нь Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу "С Э” ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтооход 108.492.000 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ........ дүгээр албан бичгээр Ц.Б-т мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасанд нийцжээ.

 

Дээрх үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 9 дүгээр сарын 26-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Өнөөдөр сонинд хэвлүүлж нийтэд зарласан, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дуудлага худалдаагаар 78,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна.

 

       Иймд хариуцагчийн шинжээч томилсон ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ......... дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авах арга хэмжээг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлэхээр зохицуулсан тул нэхэмжлэгчийн орон сууц хураан авсан акт хүлээлгэж өгөөгүй тайлбар нь шинжээч томилсон ажиллагаанд хамааралгүй байна.

 

      Хариуцагч нь үнэлгээг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг орлогод үлдээх нь зүйтэй.

 

      Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Шинжээч томилох тухай 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн Ц.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ