Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 105

 

Ч.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00575/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 902 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.С-,  Р.М- нарт холбогдох,

          “82.319.480 төгрөг гаргуулах” тухай иргэний  хэргийг

          Нэхэмжлэгч Ч.М-, түүний өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.М-аас:

 “...Миний бие 2016 оны 06 сард хариуцагч нарт 111.600.000 төгрөг зээлдүүлсэн боловч 2-3 жил зээлээ төлөөгүй. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан боловч харилцан тохиролцож мөнгө зээлсэн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгоод, би 150 сая гаруй төгрөг нэхэмжилсэн байхад  111.600.000 төгрөгийг төлүүлсэн. Зээлийн хүүгийн төлбөр огт төлөгдөөгүй. 2018 оны 09 дүгээр сарын 15-нд зээлийн хүү, алданги нэхэх эрхгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Би 3 жил гаруй хугацааны зээлийн хүү, алдангиар хохирсон, тухайн үед би эдгээр хүмүүст банкнаас зээл авч байж мөнгө зээлүүлсэн. Банкнаас авсан зээлийн хүүгээ би өөрөө төлж байсан. Үүнээс болоод би 80 гаруй сая төгрөгийн зээлтэй болсон. Надад 82.319.480 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг задалбал 2016 оны 06 дугаар сарын 10-нд би банкнаас 84.000.000 төгрөгөөр, 27.600.000 төгрөгөөр гээд нийт хоёр удаа зээл аваад нийтдээ 111.600.000 болсон. Үүний хүү нь 20.106.493 төгрөг болсон. Хариуцагч нар тухайн үед хүүгээ төлсөн бол би мөнгөө хадгаламжид хийгээд хэд болох байсан, эсхүл зээлийн хүүгийн төлбөрөө төлсөн бол хэд болох байсан зэргийг тооцсон. О.С- 6 удаагийн хүүгийн төлөлтөө төлсөн бол 112 сая төгрөг болох байсан. Өнөөдрийг хүртэл хариуцагч нар шүүх хуралдаанд огт оролцдоггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч эсхүл өмгөөлөгчөөр оруулдаг. Одоо нэхэмжилж байгаа мөнгө маань 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тооцоод энэ мөнгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдоос:

“...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч худлаа зүйлийг үнэн мэт тухайн үед яг хажууд нь байсан мэтээр ярьж байна. Миний бие хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцоод явсан, хэргийн үйл явцын хувьд мэдэж байгаа ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. Өнөөдөр бидний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь тухайн асуудлаас өөр байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь хоёр өөр асуудал юм.

Энэ маргаан бол эрх зүйн харилцаанд оролцсон этгээд үүргээ гүйцэтгээгүй талаарх маргаан ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 227 дугаар зүйлийн 227.3, 222 дугаар зүйлийн 222.5-д тус тус зааснаар зээлийн хүү нь хохирлын тодорхойлолтод орно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн. Нэхэмжлэгч хадгаламжаа барьцаалаад хариуцагч нарт зээл авч өгсөн. Нэхэмжлэгч мөнгөө хадгалаад хадгаламждаа хийсэн тохиолдолд тэр мөнгө өсөх ёстой байсан. Ч.М- нь хариуцагч нарт авч өгсөн мөнгөний хүүд буюу “Хаан банк”-ны зээлийн хүү гэж 20.106.493 төгрөгийн хүү төлсөн, хэрвээ зээлсэн мөнгөө хадгалуулсан бол 16.376.519 төгрөгийн хүү бодитойгоор бодогдох байсан. Хариуцагч нар мөнгөө хугацаандаа төлсөн бол ийм хохирол нэхэмжлэгчид учрахгүй байсан. Хадгаламжид хийсэн бол хэд болох байсныг Монгол банкнаас гаргасан хадгаламжийн хүү тооцох журмын дагуу тооцсон. Ингээд улсын тэмдэгтийн хураамжтай нийлээд 82.319.498 төгрөгийг бидний зүгээс нэхэмжилсэн. ... Нэхэмжлэгч нь хариуцагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан, гэрээний хувьд алдаатай болсон нь үнэн боловч хариуцагч нар нь мөнгө зээлчихээд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй учраас нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо тооцсон. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагаас:

“...Нэхэмжлэгчийн нэхэмжлээд буй банкны хүү болох 20.106.493 төгрөг бол хариуцагч нарт хамааралгүй мөнгө юм. Учир нь:

  1. “Хаан банк” ХХК-иас нэхэмжлэгч өөрөө мөнгө зээлж авсан, банктай өөрөө гэрээ байгуулсан тул өөрөө хүүгээ төлөх ёстой.
  2. Нэхэмжлэгч сая хадгаламжид мөнгөө хийх байсан гэж хийсвэрээр дүгнэн өөр байдал үүсгэж, ирээдүй цаг дээр бодон хүнийг өрөнд оруулж, хүү тооцож болохгүй юм.
  3. Нэхэмжлэгч өөрөө хариуцагч нарт би та хоёрыг дэмжье, хүүгүй байсан ч хамаагүй мөнгө зээлье хэмээн хуурай ах, дүү болчхоод одоо цагдаа шүүхэд өгөөд явж байгаа нь үндэслэлгүй юм. Өнөөдрийн байдлаар хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө төлчихсөн байхад дахин дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад, зээлийн гэрээ нь дуусчхаад байхад дахин ийм асуудал үүсгээд байна.

Нэхэмжлэгч нь Цагдаагийн газар хариуцагч нарыг өгсөн боловч иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргаан гээд хэргийг хаасан. 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч нар мөнгийг нь төлөөд дууссан. Өөрөөр хэлбэл Цагдаагийн газарт өгсөн байх үед 111.600.000 төгрөгийг О.С-, Р.М- нар өгсөн. Нэхэмжлэгч 150.000.000 төгрөг нэхэмжилсэн гэж байна, тэгэхээр үндсэн мөнгө 111.600.000 төгрөгийг уг мөнгөнөөс нь хасаад тооцохоор 34.000.000 төгрөг болж байна. Яаж 82.319.480 төгрөг гараад байна вэ? тодорхойгүй байна.  ...Энэ маргаан бол өмнө нь шийдэгдсэн зээлийн гэрээтэй холбоотой маргаан бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бий. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бүх зээлсэн мөнгийг нь төлөөд дууссан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 902 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар хариуцагч О.С-, Р.М- нараас хохиролд 15.618.676.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-т олгож 66.700.803.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хаан банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 589.548 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-, Р.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 236.043 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд нар давж заалдсан гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 161, 162 дугаар зүйлийг баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий зарим нотлох баримтыг ИХШХШТХ-ын 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас дараах байдлаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн дүгнэлт шийдвэр гаргасан.

           1. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон тухай: Шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч бодит байдал дээр талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болох Дархан-Уул аймгийн Прокурорын газраас нотлох баримтаар гаргуулж авсан хариуцагч нарын болон нэхэмжлэгчийн хэд хэдэн удаагийн мэдүүлэг, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогддог.

2. "... Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг болох хөрөнгө оруулалтыг оруулахдаа нэхэмжпэгч Ч.М- өөрийн өмчлөх эрхийг хөндөөгүй, тухайлбал Хаан банктай байгуулсан хугацаат хадгаламжийг цуцлан хадгаламжийн зүйл болох мөнгөн хадгаламжийг хөрөнгө оруулалтад зориулан шилжүүлээгүй тул хугацаагүй хадгаламжийн дундаж хүүгээр тооцон, дахин хадгалуулбал олох байсан орлого болох хүүг шаардах эрхгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь Хаан банкин дахь өөрийн хадгаламжтай байсан бөгөөд тус хадгаламжаа 2016.06.17-ны өдрийн “Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ”-г байгуулж 85 000 000 төгрөгийг, 2016.08.22-ны өдөр “Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ”-г байгуулж 30 000 000 төгрөгийг тус тус зээлж авсантай холбогдох нотлох баримт мөн Хаан банкны 2019.05.17-ны өдрийн 5119/01/075 дугаартай шүүхэд ирүүлсэн албан тоотуудаар нэхэмжлэгчийн мөнгөн хадгаламж өмчлөх эрх хөндөгдсөн болох нь тодорхой нотлогдож байх бөгөөд дээрх гэрээнүүдийн дагуу орж ирсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлсэн болох нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүх мөнгөн хадгаламжийг цуцлаагүй гэх үндэслэлээр хүүг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. ... нэхэмжлэгч Ч.М-ын Хаан банкин дахь хадгаламжаас “Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 2018.04.14-ний өдөр 78.802.536 төгрөгийн дутуу төлөгдсөн зээлийн үлдэгдэл төлбөрийг шууд татаж заалыг хаасан болох нь хавтаст хэрэгт авагдсан Ч.М-ын Хаан банкны 5119029226 тоот зээлийн дансны хуулгаар нотлогдож байгаагаас харагдана.

Хоёр. Анхан шатны шүүх хуулийн холбогдох заалтууд болох ИХ-ийн 222.5, 222.7, буруу тайлбарлан хэрэглэсний улмаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

                 1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, мөн эхний хөрөнгө оруулалт гэх 85,000,000 төгрөгийг шилжүүлснээс хойш талууд гэрээг сунган, гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 17 хүртэл гэж тооцож байсан тул үүргээ гүйцэтгээгүй гэх хугацааг 2016 оны 06 дугаар сарын 17-ноос эхлэн тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтээс ИХ-ийн 222.5 дахь заалтыг нэхэмжлэлийн шаардлагыг шийдэх шаардах эрхийн үндэслэл мөн, харин хугацааг хэзээнээс тоолох тал дээр шүүх өөрийн дүгнэлтийг хийж байгаа мэт ойлгогдож байгаа боловч тус байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдээгүй, нэхэмжлэгч хүү авах эрхтэй эсэх асуудал дээр эцсийн байдлаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй дутуу орхигдуулсан байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүх тус хуулийн заалтыг зохих ёсоор, бүрэн дүүрэн, зөв тайлбарлан хэрэглэж дүгнэлт гаргасан гэж үзэх боломжгүй хоёрдмол утгатай дүгнэлт болсон байна. Тус хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах боломжтой байсан.

            2. “... Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 222.7 -д үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг шаардах эрхтэй ч ... хугацаагүй хадгаламжийн дундаж хүүгээр тооцон, хүүг шаардах эрхгүй  гэж ИХ-ийн 222.7 дахь заалтыг хэрэглэхдээ энэхүү гомдлыг гурав дугаар үндэслэлд заагдсан хохирлын талаар буруу тайлбар хийсний улмаас тус хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Гурав. Анхан шатны шүүх дараах хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг хэрэглээгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй. ИХ-ийн 227.3. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж хууль тогтоогч хохирлын талаарх тодорхойлолтыг хуульчилж өгсөн байх бөгөөд анхан шатны шүүх хуулийн энэхүү хохирлын тодорхойлох заалтыг хэрэглээгүйн улмаас нэхэмжлэгчийн хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүй шийдвэрлэсэн нь буруу.

Учир нь нэхэмжлэгч хариуцагч нараас нэхэмжилсэн 82.319.480 төгрөгийг дараах агуулгаар нэхэмжилсэн. Үүнд:

  • Хадгаламж барьцаалсан зээлийн хүүд бодитоор төлсөн хүү буюу ИХ-227.3-Т заасан зардал гэх агуулгаар 15.618.676 төгрөг,
  • Хариуцагч нар үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас Хадгаламжийн хүү буюу ИХ-227.3-т заасан орох ёстой байсан орлого 65.661.745 төгрөг,
  • Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.090.260 төгрөг нь мөн ИХ-227.3-т заасан зардал гэх агуулгаар нэхэмжлэгдэж байгаа болно.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцсэн, хохирол гэх хуулийн заалтын шалгуурыг хангасан шаардлага байхад анхан шатны шүүх хохирол гэж үзэхгүй хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

            Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалт болох ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь заалтыг хэрэглээгүй.

ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өмнө нь 2018 онд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн тус шүүхийн 2019.05.10-ны өдрийн 431 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, анзын хэмжээг тохироогүй” гэх үндэслэлийг шүүх заасан байдаг. Энэ нь нэхэмжлэгч ИХ-ийн 232.7-д зааснаар хохирлоо нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй болох нь харагдаж байна.

Ийнхүү анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлж, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн заалтуудыг хэрэглэсэн бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах боломжтой байсан.

Иймд ИХШХШТХ-ын 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.М- хариуцагч О.С-, Р.М- нарт холбогдуулж, гэрээний улмаас учирсан хохирол 82.319.480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ маргааны талаар гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, 116.000.000 төгрөг зээлсэн нь үнэн боловч бид тэрхүү мөнгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.     

Тухайлбал: Талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үнэн зөв тодруулаагүй буюу шаардах эрхийн эрх зүйн агуулгыг тодорхойлоогүй, хэрэгт авагдсан баримт болон хэргийн болсон үйл баримтаас харвал нэхэмжлэгч Ч.М- тус банкинд эзэмшиж буй хадгаламжаа барьцаалж, 2 удаагийн гэрээгээр нийт 115.000.000 төгрөг зээлж, хариуцагч нарт шилжүүлсэн бөгөөд талуудын хооронд”Хамтран ажиллах гэрээ” нэртэй зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад буруу дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч Ч.М-ын банктай байгуулсан хадгаламжийн гэрээ цуцлагдсан эсэх, зээл эргэж төлөгдсөн эсэх, өөрөөр хэлбэл уг зээлийг хэн, хэрхэн, хэзээ, ямар арга журмаар барагдуулсан эсэх зэрэг нь тодорхойгүй байхад хэргийн  нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Дээрх нөхцөл байдлыг тодруулж, тодорхойлолгүйгээр хэргийг эцэслэн үнэн зөв шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ.

Шийдвэрийн ТОГТООХ хэсэгт хуулийг буруу хэрэглэж буюу Иргэний хуулийн ерөнхий ангийн зүйл, заалтыг хэрэглэж шийдвэрлэсэнийг дурьдаж байна.

Эдгээр зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэх хуулийн боломжгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491.455 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                  ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ                             

                                                                                                                     Л.АМАРСАНАА