Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2019/00575/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .......... аймаг, ........ сум, ............ баг, ...... байр, ........ тоотод оршин суух С овогт Ч-ийн М /утас: .........../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............ аймаг, .......... сум, ......... баг, ................. хороолол, ..... байр, ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ........ сум, ........ баг, ......... тоотод оршин суух Б овогт О-ын С /утас: ............./,

 

Хариуцагч: ......... аймаг, ............. сум, .......... баг, ...... хороолол, ...... байр, ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ....... сум, ........ баг, ....... тоотод оршин суух Бо овогт Р-ийн М /утас: ............./ нарт холбогдох

 

“82,319,480 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Миний бие уг асуудлыг 2018 оны 05-р сараас хойш Цагдаа болон шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байгаа. 2016 онд хариуцагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж мөнгө зээлсэн. Энэ тухайгаа тухай бүр Цагдаа, шүүхийн байгууллагад мэдүүлж байсан. Хариуцагч нарт 111,600,000 төгрөгийг хадгаламж барьцаалсан зээл авч өгсөн. Түүнээс хойш мөнгийг маань өгөхгүй явж байгаад Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд 116,600,000 төгрөгийг хариуцагч нар надад цувуулж төлсөн. Өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээгээ буруу байгуулснаас үүдээд хүү алданги авах эрхээ алдаж би хохирсон. Одоо миний нэхэмжилж байгаа 82,319,480 төгрөг яаж гарч ирсэн бэ гэхээр өнгөрсөн хугацаанд хариуцагч нарт мөнгөө өгөхгүйгээр хадгаламжид хийсэн бол тодорхой хэмжээний ашиг олох байсан, мөн би банканд 15,618,676 төгрөгийн хүү төлсөн, өмнөх шатны шүүх дээр 1,319,480 төгрөг тэмдэг хураамж төлсөн. Ингээд нийт 82,319,480 төгрөгийг хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа. Гэр бүлийн болон ах дүү нарынхаа хамтын хүчээр цугларсан хадгаламжийн мөнгөөр хариуцагч нарын зээлсэн мөнгийг төлсөн. Үүнээс болж ямар ч орлогогүй болж, энэ хугацаанд олох ёстой байсан хадгаламжийн хүүний орлого орж ирээгүй, үүнийгээ би хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. 3-т юу гэж заасан бэ гэхээр “...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно...” гэж байгаа үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаа. 227.3-т заасан хохирлыг 232.7-т зааснаар шаардаж байгаа. Энэ нь “...Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй...” гээд хохирлыг шаардах эрхийг зааж өгсөн байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн татгалзал дээр энэ асуудлаар өмнө шүүхийн шийдвэр гарсан гээд тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 431 дүгээр шийдвэрийг ярьдаг. Энэ шийдвэр ямар учиртай вэ гэхээр тухайн үед нэхэмжлэгч шүүхэд хандахдаа хариуцагч нарт зээлсэн мөнгөний хүү алданги гэдэг агуулгаар гаргаж 186 сая төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Гэтэл шүүх тухайн гэрээнд алданги хүүний хэмжээг зохицуулаагүй учраас хүү алданги авах эрхээ алдана гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр 232.7-д хэдийгээр хүү алданги авах эрхээ алдсан ч гэсэн хохирлоо авах эрхтэй гэж заасан. Тийм учраас 227.3-т заасан хохирлын асуудлаар бид нэхэмжлэл гаргасан.

Юуг хохирол гэж үзэж байна гэхээр 82 сая төгрөгийг заавал 2 удаагийн банкны тодорхойлолтоор өмнөх болон сая сүүлд шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтоор хариуцагч нарт зээлсэн мөнгөндөө тухайн банканд бодитоор төлсөн 15,618,676 төгрөгийн хүү төлсөн. Энэ хүү бол 227.3-т заасан зардал гэдэг агуулгад орж байгаа. Мөн нийт авсан 111,600,000 төгрөг бол Мөнхбаярын өөрийн хадгаламж буюу хадгаламжийн гэрээгээр эзэмшиж байсан 5447046598 гэсэн хэргийн 57 дугаар хуудсанд байгаа хадгаламжийн гэрээгээр эзэмшиж байсан хадгаламжаасаа буцааж энэ мөнгийг төлсөн. Үүнтэй холбоотой Х банкны тодорхойлолт буюу дансны хуулийг баримтаар гаргаж өгсөн. Энэ мөнгө хэрвээ ямар нэгэн байдлаар хариуцагч нар тухайн үед үүргээ хугацаандаа гүйцэтгээд мөнгөө төлсөн, эсвэл энэ асуудал үүсээгүй бол дээрх хадгаламжийн мөнгөнд 65,664,745 төгрөгийн хүү хуримтлагдах байсан. Энэ нь Иргэний хуулийн 227.3-т заасан орох ёстой байсан орлого гэж үзэж байгаа. Энэ орлого орох ёстой байсан боловч хариуцагч нар үүргээ зөрчсөний улмаас алдагдлыг хүлээсэн гэдэг утгаар хохиролд тооцсон.

Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,090,260 төгрөгийг мөн зардал гэж үзэж байгаа. 82 сая төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилж шүүхэд хандсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч яг ямар үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа, мөн нэхэмжлэгч хариуцагч нарийн хооронд эрх зүйн ямар харилцаа үүсэн бэ? гэдгийг тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байгаа, хэргийн 59-61-р хуудас хүртэл талуудын хооронд хийсэн 3 удаагийн гэрээ байдаг. Хэдийгээр энэ нь хамтран ажиллах гэрээ гэж байгуулагдсан хэдий ч талуудын хооронд мөнгөн хөрөнгийг бие биерүүгээ шилжүүлж, тодорхой хугацаа зааж буцааж төлөх үүргийг гүйцэтгэсэн. Иргэний 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой.

Гэхдээ хүү алданги авах эрхээ хэдийгээр алдаж байгаа ч зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байна гэдэгтэй маргах үндэслэл болохгүй. Учир нь энэ 3 гэрээг нотлох баримт буюу өмнө нь Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байхдаа тухайн үед нэхэмжлэгч хариуцагч нарийн өгсөн мэдүүлэг болон тайлбарт энэ мөнгийг зээлж авсан, хүүг нь тусд нь Ч.М-тай тохиролцож төлнө гэсэн агуулгаар ярьсан мэдүүлгүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Тэгэхээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тухайн үед мөнгөө өгөхгүй байсан учраас Цагдаагийн байгууллагад хандаад Цагдаагийн байгууллага шууд хохирол, бодит хохирлыг хохиролд тооцдог учраас 111,600,000 төгрөгийг шалгагдах явцдаа хэд хэдэн удаа хувааж өгсөн байдаг. Үндсэн мөнгө нь хэдийгээр өгөгдсөн ч 82 сая төгрөгийн хохирол учирсан байгаа учраас хохирол гэдэг агуулгаар шүүхэд нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Давж заалдах шатны шүүхэд энэ асуудал гомдол гаргаад шийдвэрлэгдсэн. Хэргийг шийдвэрлэх гэсэн боловч баримт дутуу байна, тэр баримт нь М-ын хадгаламжнаас дээрх зээл төлөгдсөн эсэхтэй холбоотой баримт дутуу байсан учраас анхан шатны шүүхэд хэргийг буцаасан. Үүний дагуу сүүлд 3 хуудас баримт гаргаж өгсөн. Энэ баримтаар Х банкны тодорхойлолтыг дэлгэрэнгүй, тодорхой болгож гаргаж өгсөн, мөн хадгаламжаас мөнгө гарсан дансны дугаарыг бичүүлж авсан байгаа. 5447046598 гэдэг данс Х банкны хадгаламжийн данстай таарч байгаа. Энэ данснаас ийм гүйлгээ гарсан байна гэдэг нь нотлогдож байгаа. Дээрх баримтаар 82 сая төгрөг Мөнхбаярын хадгаламжийн данснаас гарч зээл төлөгдсөн гэдгийг нотолж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах боломжтой гэж үзэж байна.

Хариуцагч талын шүүх хурал дээр болон удаа дараа гаргасан тайлбарууд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаад байгаа тайлбарууд үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь 111,600,000 төгрөгийг зүгээр хүнд тус болъё гэдэг байдлаар ямар ч хүүгүй өгөх боломжгүй. Хэрвээ тийм боломжтой байсан бол энэ хүн ямар нэгэн байдлаар хадгаламжаа барьцаалж эрсдэл үүсгэх шаардлага байхгүй. Гэтэл энэ мөнгийг хүүтэй авъя гэдэг байдлаар хүүг тохиролцсон боловч бичгийн хэлбэрээр буухдаа зээлийн гэрээ биш хамтран ажиллах гэрээ гэдэг хэлбэрээр хийгдсэнээрээ алдаа гарсан.

Өөрийн амьдралын баталгаа болсон, өөрийн гэр бүлийн гишүүдийн цуглуулж бий болгосон хадгаламжийг барьцаалж зээл авч өгөөд байна гэдэг нь энэ хүн тодорхой хэмжээнд өөрийнхөө өмчлөх эрх буюу хадгаламжийг өмчлөх эрхээ эрсдэлд оруулж байгаа. Хэрвээ хариуцагч нар үүргээ цаг тухайд нь биелүүлж мөнгөө өгсөн бол хадгаламжийн гэрээ цуцлагдахгүйгээр өнөөдрийг хүртэл мөнгөө хадгалуулаад хүүгээ авч орлогоо олох боломжтой байсан. Гэтэл хариуцагч нар үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид хүүгийн төлбөр, хадгаламжийн хүүгийн орлого, улсын тэмдэгтийн хураамж 82 сая төгрөгөөр хохирсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна...” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...Нэхэмжлэгчийн нэхэмжлээд буй банкны хүү болох 20,106,493 төгрөг бол хариуцагч нарт хамааралгүй мөнгө юм. Учир нь:

1. “Х банк” ХХК-наас нэхэмжлэгч өөрөө мөнгө зээлж авсан, банктай өөрөө гэрээ байгуулсан тул өөрөө хүүгээ төлөх ёстой.

2. Нэхэмжлэгч сая хадгаламжид мөнгөө хийх байсан гэж хийсвэрээр дүгнэн өөр байдал үүсгэж, ирээдүй цаг дээр бодон хүнийг өрөнд оруулж, хүү тооцож болохгүй юм.

3. Нэхэмжлэгч өөрөө хариуцагч нарт би та хоёрыг дэмжье, хүүгүй байсан ч хамаагүй мөнгө зээлье хэмээн хуурай ах, дүү болчихоод одоо цагдаа шүүхэд өгөөд явж байгаа нь үндэслэлгүй юм. Өнөөдрийн байдлаар хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө төлчихсөн байхад дахин дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад, зээлийн гэрээ нь дуусчихаад байхад дахин дахин ийм асуудал үүсгээд байна. Энэ асуудал хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь Цагдаагийн газар хариуцагч нарыг өгсөн боловч тохиролцоод мөнгө зээлсэн, иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргаан гээд хэргийг хаасан. Цагдаагийн газар байхад буюу 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч нар мөнгийг нь төлөөд дууссан. Өөрөөр хэлбэл Цагдаагийн газарт өгсөн байх үед 111,600,000  төгрөгийг О.С-, Р.М- нар өгсөн. Нэхэмжлэгч сая 150,000,000 төгрөг нэхэмжилсэн гэж байна, тэгэхээр үндсэн мөнгө 111,600,000 төгрөгийг уг мөнгөнөөс нь хасаад тооцохоор 34,000,000 төгрөг болж байна. Яаж 82,319,480 төгрөг гараад байна вэ?, тодорхойгүй байна.

О.С-, Р.М- нар бол хөгшин настай хүмүүс, ашигт малтмалын газраа зарсан. Нэхэмжлэгч нар өөрөө тусалъя гэж тусалчихаад одоо яагаад нэхээд байгааг ойлгохгүй байна. Хариуцагч нар одоо биеийн эрүүл мэндийн байдал муу, нэхэмжлэгчтэй уулзах боломжгүй байна. Энэ маргаан бол өмнө нь шийдэгдсэн зээлийн гэрээтэй холбоотой маргаан бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бий. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бүх зээлсэн мөнгийг нь төлөөд дууссан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.М- нь хариуцагч О.С-, Р.М- нарт холбогдуулан “гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 82 319 480 төгрөг  гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...бидний хооронд хамтран ажиллах гэрээ гэх нэртэйгээр зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээтэй холбоотой маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. 116,000,000 төгрөг зээлж авснаа үгүйсгээгүй, мөнгийг төлж барагдуулсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Ч.М- нь хариуцагч О.С-, Р.М- нарт 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 84,000,000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 27,600,000 төгрөгийг, нийт 111,600,000 төгрөгийг зээлсэн талаар Х банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд хэрэгт авагдсан, хариуцагч О.С-, Р.М- нар нь 2018 оны 07 дугаар сарын 31-нээс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн шилжүүлгээр, төлбөрт нийт 112,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.М-т өгсөн, талууд энэ талаар маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр “...нэг талаас Ч.М- /хөрөнгө оруулагч/, нөгөө талаас О.С-, Р.М-/ хамтран ажиллагч нар харилцан тохиролцож, хөрөнгө оруулалтыг 100,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр хөрөнгө оруулалтыг 30,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хамтран ажиллах нэмэлт гэрээний сунгалтаар хөрөнгө оруулалтыг 130,000,000 төгрөг гэж, нэхэмжлэгч  Ч.М- шаардлагатай байгаа хөрөнгө оруулах, хариуцагч О.С-, Р.М- нар  оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан төлөх үүрэг хүлээхээр, гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 17 хүртэл гэж харилцан тохиролцжээ.

Дээрхи гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзэн нэхэмжлэгч Ч.М- хариуцагч О.С-, Р.М- нарт холбогдуулан үлдэгдэл төлбөр 124,308,129 төгрөг, алданги 62,154,065 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 431 тоот шийдвэрээр Иргэний хуулийн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “...хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана...”, 232 дугаар зүйлийн 232.2-т “...анзын гэрээг бичгээр хийнэ...” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Ч.М- нь хариуцагч нараас зээлийн хүү болон, алдангийг шаардах эрхгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Талуудын нэрлэсэн Анхан шатны шүүхийн 431 тоот шийдвэрт зээлийн гэрээ гэж дүгнэсэн, Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нэхэмжлэгч Ч.М- 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 84,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 27,600,000 төгрөг, нийт 111,600,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Дээрхи гэрээгээр хүлээсэн үүрэг болох хөрөнгө оруулалт буюу гэрээний зүйл нэхэмжлэгч Ч.М- хуулиар хориглоогүй аргаар, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх эрхтэйн хувьд Иргэдийн тусгай хугацаатай хадгаламжийн гэрээг Х банктай 2016 оны 03 дугаар сарын 14-нөөс 1 жилийн хугацаатай, жилийн 17,10 хувийн хүүтэйгээр дансанд заавал байлгах доод үлдэгдэл 140,000,000 төгрөг байхаар хийсэн гэрээний дагуу хадгаламж эзэмшигч тул Х банкнаас 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 85,000,000 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн үйлчилгээг авч бүрдүүлж, шилжүүлжээ. /хэргийн 7, 37, 67, 68 дугаар хуудас/

Х банктай байгуулсан Иргэдийн тусгай хугацаатай хадгаламжийн гэрээний 2.20-т зааснаар гэрээний хугацааг хадгаламж эзэмшигчийн хүсэл зоригоор сунгахаар, өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусахад банк шууд сунгах үүрэг хүлээгээгүй байна.

             Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар гэрээний хугацаанд мөнгөн төлбөрийг эгүүлэн төлөх үүргээ хариуцагч О.С-, Р.М- нар хэтрүүлсэн болох нь 2018 оны 07 дугаар сарын 31-нээс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн шилжүүлгээр төлбөрт нийт 112,000,000 төгрөг шилжүүлснээр нотлогдож байна.

Иргэний хуулийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “...үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй...”, 227 дугаар зүйлийн  227.3-т “...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно...”, 232 дугаар зүйлийн 232.7-д “...Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй...” гэж тус тус хуульчилжээ.

            2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 85,000,000 төгрөгийг шилжүүлснээс хойш гэрээг сунган, үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг 2017 оны 05 дугаар сарын 17 хүртэл гэж тооцож байсан тул үүргээ гүйцэтгээгүй гэх хугацааг 2017 оны 05 дугаар сарын 17-ноос тооцох үндэслэлтэй.

            Гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь буцаан төлөх үүрэг хүлээсэн хариуцагч О.С-, Р.М- нар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир нэхэмжлэгч Ч.М-ын хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний үүрэгт банк хадгаламжаас зээлийн төлбөрт 131,500,000 төгрөг, хүү 15,618,676.03 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр түүний 5447046598 тоот хадгаламжийн данснаас төвлөрүүлж дуусгавар болгосон нь Х банкны Дархан салбарын 075, 22 тоотоор /хэргийн 6, 136 хуудас/, зээлийн үүрэгт 78,802,536.01 төгрөг төлсөн нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар /хэргийн 138 хуудас/ тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Ч.М- Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Иргэдийн тусгай хугацаатай хадгаламжийн гэрээг Х банктай 2016 оны 03 дугаар сарын 14-нээс 1 жилийн хугацаатай, жилийн 17.10 хувийн хүүтэйгээр, дансанд заавал байлгах доод үлдэгдэл 140,000,000 төгрөг байхаар хийсэн хадгаламж эзэмшигчийн хувьд банкнаас хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний үүргээ 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хадгаламжаас бүрэн төлж дуусгаснаар дансанд заавал байлгах доод үлдэгдэл хүрэлцэхгүй болсон, мөн гэрээний хугацаа дуусгавар болсон байна.

            Иймд хариуцагч О.С-, Р.М- нар мөнгөн төлбөрийн үүргээ гэрээний дагуу хугацаанд нь төлөөгүйгээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүүд төлсөн 15,618,676.03 төгрөг, гэрээг цаашид сунгах боломж алдагдуулсан гэж үзэн тухайн гэрээний хугацаагаар өөрөөр хэлвэл 2017 оны оны 04 дүгээр сарын 14-нөөс 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 111,600,000 төгрөгийг ашигласан хугацаанд зээлийн хүүгээр тооцоолон 20,106,493 төгрөгийн хүүгийн орлого олох байсан гэж үзэн үүнийг хохирол гэж тооцох үндэслэлтэй байна.

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.М- нь хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, хадгалуулах мөнгөн хөрөнгийн дүн, хүү тооцох журам, мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах нөхцөл, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн төлөө талуудын хүлээх хариуцлагыг заасан мөнгөн хадгаламжийн гэрээг зөвшөөрөл бүхий банктай дахин байгуулах эсэх нь өөрийх нь эрх байсан тул 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 2019 оны 05 дугаар сарын 28 хүртэлх хугацааны хохирол шаардах эрхгүй.

            Иймд дээрх үндэслэлээр хариуцагч О.С-, Р.М- нараас хохиролд 35,725,169.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-т олгон төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар  төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 569,548 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 35,725,169.03 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 336,575.85 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,  227  дугаар зүйлийн 227 .3 -д зааснаар хариуцагч О.С-, Р.М- нараас 35,725,169.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-т олгож, 46,594,310.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Х банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 589,548 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-, Р.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 336,575.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ