Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00022

 

Ч.Мөнхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар магадлалтай,

Ч.Мөнхбаярын нэхэмжлэлтэй,

О.Сайнбаяр, Р.Мөөгөө нарт холбогдох 

82,319,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Мөнхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

1.Нэхэмжлэгч Ч.Мөнхбаяр нь хариуцагч О.Сайнбаяр, Р.Мөөгөө нарт холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол гэж 82,319,480 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, өмнө нь шийдэгдсэн зээлийн гэрээтэй холбоотой маргаан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бий, ...зээлсэн мөнгийг нь төлөөд дууссан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч О.Сайнбаяр, Р.Мөөгөө нараас 35,725,169.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Мөнхбаярт олгож, 46,594,310.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 589,548 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Сайнбаяр, Р.Мөөгөө нараас улсын тэмдэгтийн хураамжид 336,575.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Мөнхбаярт олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 30 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс "...хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс 2017.04.14-ний өдөр хүүд төлсөн 15,618,676.03 төгрөг, цаашид хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ сунгах боломж алдсан байх тул гэрээний хугацаа буюу 2017.04.14-ний өдрөөс 2018.04.14-ний өдрийг хүртэл хугацаанд 111,600,000 төгрөгийг ашигласны хүү 20,106,493 төгрөгийн орлого олох байсан гэж үзэн нийт хохиролд 35,725,169.03 төгрөг гэж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4- т заасныг зөрчиж шийдвэрлэсэн. Учир нь Ч.Мөнхбаяр нь О.Сайнбаяр, Р.Мөөгөө нарт холбогдуулан үндсэн зээл, хүү, алданги нийт 186,462,194 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.10-ны өдрийн 431 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "... 2016.06.17, 2016.08.22, 2017.04.24-ний өдрийн гэрээг тус тус байгуулагдаагүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь 2016 .06.17, 2016.08.22, 2017.04.14-ний өдрийн гэрээнүүдийн дагуу шаардлага гаргах эрхгүй байна" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээнүүд байгуулагдаагүй болохыг шүүхээс нэгэнт тогтоосон. Гэтэл шүүхээс 2016.06.17, 2016.08.22, 2017.04.24-ний өдрийн гэрээнүүдийн үүргийг 2017.05.17-ны өдөр хүртэл буцааж өгөх үүрэг хүлээжээ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх байгуулагдаагүй гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй байна. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.10-ны өдрийн 431 тоот шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд нэхэмжлэгч нь уг шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 -д заасныг зөрчиж хариуцагч нар нэхэмжлэгчээс 111,600,000 төгрөгийг авсан байхад шүүхээс ... хадгаламж барьцаалсан зээлийн төлбөрт банк хадгаламжаас зээлийн төлбөрт 131,500,000 төгрөг, хүү 15,618,676.03 төгрөг ...хадгаламжийн данснаас төвлөрүүлж дуусгавар болгосон гэж дүгнэж, нэхэмжлэгчийн илүү авсан 19,900,000 төгрөгт ногдох хүүг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг анхаарч үзнэ үү.

Гурав. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "өнгөрсөн хугацаанд хариуцагч нарт мөнгөө өгөхгүйгээр хадгаламжид хийсэн бол тодорхой хэмжээний ашиг олох байсан" гэж тайлбарладаг. Энэ мөнгөө өгөөгүй байсан ч удаан хугацаанд хадгалуулах эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байнга хадгалуулна гэх гэрээ ч, хууль ч байхгүй болно. Нэхэмжлэгч Ч.Мөнхбаярын ХААН банктай 2016.03.14-ний өдрөөс 1 жилийн хугацаатай, жилийн 17.10 хувийн хүүтэй, дансанд заавал байлгах доод үлдэгдэл 140,000,000 төгрөг байхаар хийсэн хадгаламжийн хугацаа 2017.04.14-ний өдөр дахин сунгагдаагүй нь хариуцагч нарын гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй биш, шалтгаант холбоотой биш байна. Мөн нөгөөтэйгүүр Нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу мөнгөн хадгаламжийн гэрээ дахин байгуулах эсэх нь нэхэмжлэгчийн өөрийнх эрх байх тул 2017.04.14-ний өдрөөс 2018.04.14-ний өдөр хүртлэх хадгаламжийн хүүгийн орлогыг зайлшгүй орох байсан орлого гэж тооцох нь буруу юм. Нөгөө талаас нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзвэл эрх бүхий байгууллагад хандан эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй 2019 онд шаардлага гаргасан байдаг. Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 30 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Ч.Мөнхбаяр хариуцагч О.Сайнбаяр, Р.Мөөгөө нарт холбогдуулж, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 82,319,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, энэ маргааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, зээлсэн 116,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нар гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж дүгнээд хариуцагч О.Сайнбаяр, Р.Мөөгөө нараас 35,725,169.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Мөнхбаярт олгож, 46,594,310.97 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

7. Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2016.06.17-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-гээр нэг талаас хөрөнгө оруулагч Ч.Мөнхбаяр, нөгөө талаас хамтран ажиллагч О.Сайнбаяр, Р.Мөөгөө нар харилцан тохиролцож, хөрөнгө оруулалтыг 100,000,000 төгрөг гэж, мөн 2016.08.22-ны өдөр хөрөнгө оруулалтыг 30,000,000 төгрөг, 2017.04.24-ний өдөр хөрөнгө оруулалтыг 130,000,000 гэж, хөрөнгө оруулагч Ч.Мөнхбаяр шаардлагатай байгаа хөрөнгө оруулах, хамтран ажиллагч О.Сайнбаяр, Р.Мөөгөө нар гэрээнд заасан хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан төлөх үүрэг хүлээж, гэрээний хугацааг 2017.05.17 хүртэл гэж харилцан тохиролцжээ.

Түүнчлэн хөрөнгө оруулагч талаас оруулсан хөрөнгө оруулалтын дүнд тохирох барьцаа, баталгааг Дархан сумын 5 дугаар баг Үйлдвэрийн районд байрлах 648.0 м.кв талбай бүхий 2 давхар конторын зориулалттай барилга, газрын хамт, Дархан сумын 13 дугаар хороололд Ласти компани барьж ашиглалтад оруулах орон сууцны барилгаас нийт 3 орон сууцны байраар хангуулахаар тохиролцсон байх боловч гэрээ хуульд заасан шаардлага хангаагүй буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Гэрээний дагуу хөрөнгө оруулагч Ч.Мөнхбаяр 2016.06.17-ны өдөр 84,000,000 төгрөг, 2016.08.22-ны өдөр 27,600,000 төгрөг, нийт 111,600,000 төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр шилжүүлсэн. Ч.Мөнхбаяр нь ХААН банктай 2016.03.14-ний өдөр байгуулсан, 1 жилийн хугацаатай, 17.10 хувийн хүүтэй, дансанд заавал байлгах доод үлдэгдэл 140,000,000 төгрөг байхаар хийсэн гэрээний хадгаламж эзэмшигч байх бөгөөд тэрээр дээрх мөнгийг шилжүүлэх бүртээ ХААН банкны Дархан бизнес төвтэй хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, шилжүүлж байсан гэжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нэртэй хэлцэл нь утга агуулгын хувьд хамтран ажиллах биш харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний утга агуулгыг илүү илэрхийлсэн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заасныг зөрчөөгүй, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

9. Хариуцагч О.Сайнбаяр, Р.Мөөгөө нар 2018.07.31-ээс 2018.10.09-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 112,000,000 төгрөг буцаан шилжүүлсэн талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн хугацаандаа үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан буюу өөрөөс гарсан зардлыг хохирол гэж тодорхойлсон байна.

10. Анхан шатны шүүх ...хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь 2017.04.14-ний өдөр хүүд төлсөн 15,618,676.03 төгрөг, цаашид хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг сунгах боломж алдагдсан байх тул гэрээний хугацаа буюу 2017.04.14-ний өдрөөс 2018.04.14-ний өдрийг хүртэлх хугацаанд 111,600,000 төгрөгийг ашигласны хүү 20,106,493 төгрөгийн орлого олох байсан гэж үзэн нийт хохирлыг 35,725,169.03 төгрөг гэж тооцсоныг буруутгах үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн Ч.Мөнхбаярын ХААН банктай байгуулсан иргэдийн тусгай хугацаатай байгуулсан хадгаламжийн гэрээгээр хугацааг хадгаламж эзэмшигчийн хүсэл зорилгоор сунгахаар зохицуулсан бөгөөд гэрээг банктай дахин байгуулах эсэх нь нэхэмжлэгчийн эрх тул 2018.04.14-ний өдрөөс 2018.05.28 хүртэлх хугацааны хохирол шаардах эрхгүй, 46,594,310.97 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

11. Анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 431 тоот шийдвэрээр ...нэхэмжлэгчийг хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь зээлийн хүү, алдангийг шаардаагүй, хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байх тул хоёр шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

12. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 336,575.85 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД