Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 902

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2019/00575/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .......... аймаг, ......... сум, ....... баг, ........ байр, ........ тоотод оршин суух ....... овогт Ч.М -  /утас: ............. /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... аймаг......... сум, .......... баг, ...... хороолол, ..... байр, .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ......... сум, ..... баг, ......... тоотод оршин суух ......... овогт О.С-  /утас: ........../,

Хариуцагч: ...... аймаг, ....... сум, ......... баг, .... хороолол, ........  байр, ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ........  сум, ....  баг, .... ...  оршин суух .... овогт Р.М- /утас: ..../ нарт холбогдох

 

“82,319,480 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ч.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “...Иргэн Ч.М- миний бие 2016 оны 06 сард хариуцагч нарт 111,600,000 төгрөг зээлдүүлсэн боловч 2-3 жил зээлээ төлөөгүй. Ингээд Цагдаагийн байгууллагад хандсан боловч харилцан тохиролцож мөнгө зээлсэн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгоод, би 150 сая гаруй төгрөг нэхэмжилсэн байхад 111,600,000 төгрөгийг төлүүлсэн. Зээлийн хүүгийн төлбөр огт төлөгдөөгүй. 2018 оны 09 дүгээр сарын 15-нд зээлийн хүү, алданги нэхэх эрхгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Би 3 жил гаруй хугацаагааны зээлийн хүү, алдангиар хохирсон, тухайн үед би эдгээр хүмүүст банкнаас зээл авч байж мөнгө зээлүүлсэн. Банкнаас авсан зээлийн хүүгээ би өөрөө төлж байсан. Үүнээс болоод би 80 гаруй сая төгрөгийн зээлтэй болсон. Надад 82,319,480 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг задалбал 2016 оны 06 дугаар сарын 10-нд би банкнаас 84,000,000 төгрөгөөр, 27,600,000 төгрөгөөр гээд нийт 2 удаа зээл аваад нийтдээ 111,600,000 болсон. Үүний хүү нь 20,106,493 төгрөг болсон. Хариуцагч нар тухайн үед хүүгээ төлсөн бол би  мөнгөө хадгаламжид хийгээд хэд болох байсан, эсхүл зээлийн хүүгийн төлбөрөө төлсөн бол хэд болох байсан зэргийг тооцсон. О.С- 6 удаагийн хүүгийн төлөлтөө төлсөн бол 112 сая төгрөг болох байсан. Бодит байдал дээр хариуцагч нар надад огт төлбөр хийгээгүй.

Хариуцагч нар анх надаас зээл авсан мөнгөөрөө өчнөөн бүтээн байгуулалт хийсэн, одоо ч хийгээд явж байгаа юм билээ. Өнөөдрийг хүртэл хариуцагч нар шүүх хуралдаанд огт оролцдоггүй, байнга өөр өөр хүмүүст итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, эсвэл өмгөөлөгчөөр оруулдаг. Хариуцагч нар Дарханд одоо болтол байгаа боловч надаас зугтаадаг. Одоо нэхэмжилж байгаа мөнгө маань 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тооцоод энэ мөнгийг нэхэмжилж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл бол үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч худлаа зүйлийг үнэн мэт, тухайн үед яг хажууд нь байсан мэтээр ярьж байна. Миний бие энэ хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцоод явсан, хэргийн үйл явцын хувьд мэдэж байгаа ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. Өнөөдөр бидний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь тухайн асуудлаас өөр байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь хоёр өөр асуудал юм.

Энэ маргаан бол эрх зүйн харилцаанд оролцсон этгээд үүргээ гүйцэтгээгүй талаарх маргаан ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 227 дугаар зүйлийн 227.3, 222 дугаар зүйлийн 222.5-д тус тус зааснаар зээлийн хүү нь хохирлын тодорхойлолтод орно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн. Нэхэмжлэгч хадгаламжаа барьцаалаад хариуцагч нарт зээл авч өгсөн. Нэхэмжлэгч мөнгөө хадгалаад хадгаламжиндаа хийсэн байсан тохиолдолд тэр мөнгө өсөх байсан. Ч.М- нь хариуцагч нарт авч өгсөн мөнгөний хүүнд буюу өөрөөр хэлбэл “Хаан банк”-д зээлийн хүү гэж 20,106,493 төгрөгийн хүү төлсөн, хэрвээ зээлсэн мөнгөө хадгалуулсан бол 16,376,519 төгрөгийн хүү бодитойгоор бодогдох байсан. Хариуцагч нар мөнгөө хугацаандаа төлсөн бол ийм хохирол нэхэмжлэгчид учрахгүй байсан. Хадгаламжинд хийсэн бол хэд болох байсныг Монгол банкнаас гаргасан хадгаламжийн хүү тооцох журмын дагуу тооцсон. Ингээд улсын тэмдэгтийн хураамжтай нилээд 82,319,498 төгрөгийг бидний зүгээс нэхэмжилсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая хүнд тусалсан бол тусалсан шиг тусалсангүй, гэрээ байгуулаагүй гэх утгатай зүйл ярилаа. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан, гэрээний хувьд алдаатай болсон нь үнэн боловч хариуцагч нар нь мөнгө зээлчихээд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй учраас нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо тооцсон. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгчийн нэхэмжлээд буй банкны хүү болох 20,106,493 төгрөг бол хариуцагч нарт хамааралгүй мөнгө юм. Учир нь:

1. “Хаан банк” ХХК-наас нэхэмжлэгч өөрөө мөнгө зээлж авсан, банктай өөрөө гэрээ байгуулсан тул өөрөө хүүгээ төлөх ёстой.

2. Нэхэмжлэгч сая хадгаламжид мөнгөө хийх байсан гэж хийсвэрээр дүгнэн өөр байдал үүсгэж, ирээдүй цаг дээр бодон хүнийг өрөнд оруулж, хүү тооцож болохгүй юм.

3. Нэхэмжлэгч өөрөө хариуцагч нарт би та хоёрыг дэмжье, хүүгүй байсан ч хамаагүй мөнгө зээлье хэмээн хуурай ах, дүү болчихоод одоо цагдаа шүүхэд өгөөд явж байгаа нь үндэслэлгүй юм. Өнөөдрийн байдлаар хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө төлчихсөн байхад дахин дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад, зээлийн гэрээ нь дуусчихаад байхад дахин дахин ийм асуудал үүсгээд байна. Энэ асуудал хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь Цагдаагийн газар хариуцагч нарыг өгсөн боловч тохиролцоод мөнгө зээлсэн, иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргаан гээд хэргийг хаасан. Цагдаагийн газар байхад буюу 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч нар мөнгийг нь төлөөд дууссан. Өөрөөр хэлбэл Цагдаагийн газарт өгсөн байх үед 111,600,000  төгрөгийг О.С-, Р.М- нар өгсөн. Нэхэмжлэгч сая 150,000,000 төгрөг нэхэмжилсэн гэж байна, тэгэхээр үндсэн мөнгө 111,600,000 төгрөгийг уг мөнгөнөөс нь хасаад тооцохоор 34,000,000 төгрөг болж байна. Яаж 82,319,480 төгрөг гараад байна вэ? тодорхойгүй байна.

О.С-, Р.М- нар бол хөгшин настай хүмүүс, ашигт малтмалын газраа зарсан. Нэхэмжлэгч нар өөрөө тусалъя гэж тусалчихаад одоо яагаад нэхээд байгааг ойлгохгүй байна. Хариуцагч нар одоо биеийн эрүүл мэндийн байдал муу, нэхэмжлэгчтэй уулзах боломжгүй байна. Энэ маргаан бол өмнө нь шийдэгдсэн зээлийн гэрээтэй холбоотой маргаан бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бий. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бүх зээлсэн мөнгийг нь төлөөд дууссан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.М- нь хариуцагч О.С-, Р.М- нарт холбогдуулан ...гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 82,319,480 төгрөг  гаргуулах...  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...бидний хооронд хамтран ажиллах гэрээ гэх нэртэйгээр зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээтэй холбоотой маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. 116,000,000 төгрөг зээлж авснаа үгүйсгээгүй, мөнгийг төлж барагдуулсан... гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.М- нь хариуцагч О.С-, Р.М- нарт 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 84,000,000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 27,600,000 төгрөгийг нийт 111,600,000 төгрөгийг зээлсэн талаар ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд хэрэгт авагдсан, хариуцагч О.С-, Р.М- нар нь 2018 оны 07 дугаар сарын 31-нээс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн шилжүүлгээр төлбөрт нийт 112,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.М-т өгсөн, талууд энэ талаар маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр “...нэг талаас Ч.М- /хөрөнгө оруулагч/, нөгөө талаас О.С-, Р.М-/ хамтран ажиллагч нар харилцан тохиролцож, хөрөнгө оруулалтыг 100,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр хөрөнгө оруулалтыг 30 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хамтран ажиллах нэмэлт гэрээний сунгалтаар хөрөнгө оруулалтыг 130,000,000 төгрөг гэж, нэхэмжлэгч  Ч.М- шаардлагатай байгаа хөрөнгө оруулах, хариуцагч О.С-, Р.М- нар  оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан төлөх үүрэг хүлээхээр, гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 17 хүртэл гэж харилцан тохиролцжээ.

   Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нэхэмжлэгч Ч.М- 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 84,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 27,600,000 төгрөг, 111,600,000 төгрөгийг шилжүүлсэн байхад Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар гэрээний хугацаанд эгүүлэн төлөх үүргээ хариуцагч О.С-, Р.М- нар хэтрүүлсэн болох  нь 2018 оны 07 дугаар сарын 31-нээс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн шилжүүлгээр төлбөрт нийт 112,000,000 төгрөг шилжүүлснээр нотлогдож байна.

   Иймд Иргэний хуулийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

   Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг болох хөрөнгө оруулалтыг оруулахдаа нэхэмжлэгч Ч.М- хуулиар хориглоогүй аргаар, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх эрхийн дагуу ХААН банкнаас 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр  85,000,000 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авч хөрөнгө оруулалтаа бүрдүүлжээ.

   Харин оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан төлөх үүрэг хүлээсэн хариуцагч О.С-, Р.М- нар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир зээлийг хадгаламжаас хүү 15,618,676.03 төгрөгийн хамт 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хадгаламжаас бүрэн төлж дуусгасан нь тогтоогдож байх тул хүүд төлсөн 15,618,676.03 төгрөгийг хохирол гэж тооцох үндэслэлтэй.

   Нэхэмжлэгч Ч.М- олох байсан орлого 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28 хүртэл 1075 хоногийн хугацаанд  зээлсэн мөнгө, хүүнд төлсөн мөнгийг хадгаламжид хадгалуулсан бол 2017 оны хүү 6,788,614 төгрөг, 2018 оны хүү 33,238,826 төгрөг, 2019 оны хүү 25,983,104 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,090,260 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна.

   Тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 431 тоот шийдвэрт дээрх гэрээг дүгнэн шийдвэрлэсэн тул дахин үнэлэх боломжгүй.

   Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 222.7-д үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй ч хамтран ажиллах  гэрээгээр хүлээсэн үүрэг болох хөрөнгө оруулалтыг оруулахдаа нэхэмжлэгч Ч.М- өөрийн өмчлөх эрхийг хөндөөгүй, тухайлбал ХААН банктай байгуулсан хугацаат хадгаламжийг цуцлан хадгаламжийн зүйл болох мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтад зориулан шилжүүлээгүй тул хугацаагүй хадгаламжийн дундаж хүүгээр тооцон, дахин хадгалуулбал олох байсан орлого болох хүүг шаардах эрхгүй байна.

            Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, мөн эхний хөрөнгө оруулалт гэх  85,000,000 төгрөгийг шилжүүлснээс хойш талууд гэрээг сунган, гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 17 хүртэл гэж тооцож байсан тул үүргээ гүйцэтгээгүй гэх хугацааг 2016 оны 06 дугаар сарын 17-ноос эхлэн тооцох үндэслэлгүй.

            Иймд дээрх үндэслэлээр хариуцагч О.С-, Р.М- нараас хохиролд 15,618,676.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-т олгон 66,700,803.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар хариуцагч О.С-, Р.М- нараас хохиролд 15,618,676.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-т олгож, 66,700,803.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 589,548 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-, Р.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 236,043 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-т олгосугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ