Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1930

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК--ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01462 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г ХХК--ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө буцаан шилжүүлэх, газрын эзэмших эрхийг буцаан авах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг А ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгаж, албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК- нь анх 2001 онд 1 үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдаж, улмаар 2007 онд үүсгэн байгуулагчийн тоо дөрвөөр нэмэгдэж нийт таван үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчтэй болсон. 2017 оны 4 сарын 14-ний өдөр хувь нийлүүлэгчийн тоо 4 болж, 2017 оны 4 сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн оноосон нэрийг Г ХХК- болгон өөрчилж, ОӨУБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт зохих бүртгэлийг хийлгэн гэрчилгээ, дүрмийг шинээр авсан болно. Тус компанийн хувь нийлүүлэгч, захирал Ц.Б нь Монгол Улсын Иргэний хууль болон Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэгт заасан хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэснийг зөрчин зохих этгээдийн зөвшөөрөлгүй /бусад

 хувь нийлүүлэгчдээс зөвшөөрөл аваагүй/ дур мэдэн Г ХХК--ийн аж ахуйн зориулалтаар эзэмшдэг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, хуучнаар Оросын нефтийн агуулахын хойно байрлах 6000 мкв газар, уг газарт байрлах агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектыг зарах ямар ч санаа зорилгогүйгээр А ХХК-ийг зээл авахад нь туслах зорилгоор 2012 оны 5 сарын 24-ний өдөр газар түр эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний 2 дах хэсэгт заасны дагуу газар түр эзэмшигчид газар эзэмших гэрээний нэрийг шилжүүлэхийн тулд дүр үзүүлэн хийсэн хэлцлүүд болох газар түр эзэмшүүлэх гэрээ, газар худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус 2012 оны 7 сарын 05-ны өдөр байгуулж, А ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл А ХХК нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж аваад зогсохгүй уг газар дээр манай компанийн барьсан агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ өөрийн нэр дээр гаргуулан авч хохирол учруулсан. Иймд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объектын хууль ёсны өмчлөгчөөр Г ХХК--ийг тогтоож, компанийн хувь нийлүүлэгчдэд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр хувь нийлүүлэгчдийн хурлаас гаргасан компанийн хөрөнгийг захиран зарцуулах талаарх ямар нэгэн шийдвэргүйгээр дээрх гэрээнүүдийг хийсэн буюу эрх олгогдоогүй этгээдийн хийсэн хэлцэл тул Ц.Бат-Эрдэнийн А ХХК-тай 2012 оны 7 сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын зориулалттай болон вакум цонх хаалганы үйлдвэрийн зориулалттай 2 объект болон мөн хаягт байрлах 6000 мкв газар эзэмших эрхийг Г ХХК--д тус тус буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь 2012 оны 01 сарын 04-ний өдөр Ктай жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн төслийн зээлийн гэрээг байгуулан нийт 960 000 000 (есөн зуун жаран сая) төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл Г ХХК--ний хувьцаа эзэмшигч Ц.Б нь 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихээр ажиллаж байна, сонгуулийн сурталчилгааны ажилд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг яаралтай шаардлагатай байна, мөн “Бэрх зараа” ХХК-ний ажилчдын цалинд 80 000 000 төгрөг хэрэгтэй байна, хорин хоёрын замын ажлаас болж сонинд “Бэрх зараа” ХХК нь үнэхээр бэрх компани юм аа гэсэн нийтлэл гараад сонгуулийн сурталчилгаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс хэл амыг хурдан дармаар байна, туслаач Г ХХК- болон “Бэрх зараа” ХХК-иуд Улаанбаатар банк болон Худалдаа хөгжлийн банкинд өндөр дүнтэй муу зээлүүдтэй тул зээл авч болохгүй байна. Тиймээс зээлийг танай компанийн нэр дээр авмаар байна, авсан зээлээ зохих хүүгийн төлбөрийн хамтаар гэрээнд заасан хугацаанд төлнө гэж удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн. Ц.Бын хүсэлтийн дагуу А ХХК нь Г ХХК--ийн эзэмшлийн гэх боловч ямар ч гэрчилгээгүй хөрөнгүүдийг гэрчилгээжүүлснээр Кинд нэмж барьцаалан өөрийн авсан 960 000 000 төгрөгийн зээлээс олон удаагийн давтамжтайгаар нийт дүнгээр 320 400 000 /гурван зуун хорин сая дөрвөн мянган/ төгрөгийн зээлийг “Г ХХК”-ийн хувьцаа эзэмшигч Б.С, Ц.Эрдэнэбат болон Г ХХК--д бэлнээр олгосон. Г ХХК- нь 2000 оноос хойш Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Оросын нефтийн агуулахын хойно байрлах аж ахуйн зориулалттай 6000 мкв газрыг ашиглаж эхэлсэн гэх боловч тухайн үеийн байдлаар газар эзэмших гэрчилгээгүй, улмаар Газрын тухай хуульд заасны дагуу газар ашигласны төлбөрийг огт төлөөгүй байсан. Гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан ч тус компанийн хувьцаа эзэмшигчийн гаргасан хүсэлтийн дагуу Кны зээлийн барьцаанд тухайн хөрөнгүүдийг бүгдийг зээлийн барьцаанд барьцаалсан болно. Энэ талаар тус компанийн хувьцаа эзэмшигчид бүгд мэдэж байгаа болно. /ЧД-ийн Ард кино театрын хажууд байрлах 04 тоот нотариатч Дашцэдэнгийн нотариат дээр Г ХХК--ийн захирал Ц.Б өөрийн биеэр ирж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, худалдах худалдан авах гэрээг хийсэн болно. Манай компани 2016 он хүртэл газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан. Газрын төлбөрийн баримтыг Баянгол дүүргийн газрын албанаас гаргуулан авч болно. Г ХХК--ийн хувьд газрын болон зээлийн төлбөрийг огт төлөөгүй болно. Энэ талаар тус компанийг маргахгүй гэж үзэж байна. Г ХХК--ийн хувь нийлүүлэгч болох Ц.Б, Ц.Бын охин Б.С, Ц.Э, Ц.Б, /Ц.Бын дүү/ нар нь Кнаас авсан зээл болон зээлийн хүүгийн төлбөрөө огт төлж барагдуулаагүй бөгөөд энэ хугацаанд зээл болон зээлийн хүү нь нийтдээ 704 500 000 төгрөг болсон байгаа. А ХХК нь өөрийн авч хэрэглэсэн зээл, зээлийн хүүгийн хамтаар хугацаанаасаа өмнө бүрэн төлж дуусгавар болгосон. К нь гүйцэтгээгүй зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг бүрэн хангаж, улмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар уг захирамжид дурдсан. Нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгөнүүд нь Г ХХК--ийн хувьцаа эзэмшигчдийн Кнаас авсан зээлийн барьцаанд барьцаалагдсан, улмаар гүйцэтгэгдээгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхээс захирамжилсан тул хөрөнгийг шилжүүлэх боломжгүй юм. Г ХХК--ийн хувьцаа эзэмшигчид Кнаас авсан зээлээ бүрэн төлсөн нөхцөлд тухайн хөрөнгө болон газрыг Г ХХК--ийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК дах банкны эрх хүлээн авагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байна. “К” ХХК-ийг 2019 оны 4 сарын 08-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн А96 тушаалаар татан буулгахаар шийдвэрлэж, А97 тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилсон. Ингэснээр банкны эрх хүлээн авагч, банк түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх шилжсэн. Өнөөдрийн байдлаар банкны хөрөнгийг худалдан борлуулах, зээл авахыг төлөөлж нөгөө талд харилцагч хадгаламж эзэмшигч төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажиллагааг 1 жилийн хугацаанд гүйцэтгэсэн. Банкны эрх хүлээн авагчийг хүлээн авсан тэнцэлд А ХХК-д холбогдох зээл тусгагдсан. Одоогоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэгдээгүй, хүчинтэй хэвээр явагдаж байна. Өнөөдөр шүүхийн шийдвэр ямар ч байдлаар гарсан К буюу Банкны эрх хүлээн авагчийг шударга барьцаалагч гэж үзэх үндэстэй гэжээ.

 

Хариуцагч А ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А ХХК нь 2012 оны 7 сарын 05-ны өдөр Г ХХК-, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Бтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Орос нефтийн агуулахын хойно байрлалтай, аж ахуйн зориулалттай 6000 мкв талбайтай эзэмших эрхтэй газар болон уг газар дээр байрлах агуулахын зориулалттай 432 кмв болон 473мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хамт худалдан авсан. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах үед Г ХХК- нь газрын төлбөрөө төлөөгүй байсан тул худалдан авагч тал газрын төлбөр болох 25 879 500 төгрөгийг 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн газрын албанд төлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр А ХХК-ийн нэр дээр гаргуулан авсан. Уг газар дээр байрлах агуулахын зориулалттай 432 кмв болон 473мкв талбайтай үл хөдлөх хөрөнгүүд нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй байсан учир үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж хүсэлт гаргасны дагуу улсын бүртгэлийн Ү-2205045476, Ү-2205045477 дугаарт А ХХК-ийн өмчлөлд бүртгэж гэрчилгээ олгосон. Худалдагч тал болох Г ХХК--ийн эзэмшил өмчлөлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, автомашин болон бусад эд хөрөнгүүд манай компанийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Орос нефтийн агуулахын хойно байрлалтай, аж ахуйн зориулалттай 6000 мкв талбайтай эзэмших эрхтэй газарт өнөөдрийг хүртэлх хугацаанд байсаар байна. А ХХК-ийн зүгээс худалдан авсан газрын төлбөрийг жил бүр гэрээний дагуу төлж ирсэн бөгөөд уг газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг Г ХХК- нь өнөөдрийг хүртэл эзэмшилдээ байлгаснаар манай компани худалдан авсан газраа эзэмшиж, ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу А ХХК нь өөрийн эзэмшил, өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Орос нефтийн агуулахын хойно байрлалтай, аж ахуйн зориулалттай 6000 мкв талбайтай эзэмших эрхтэй газар болон уг газар дээр байрлах агуулахын зориулалттай 432 кмв болон 473 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Г ХХК--ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлөхийг Г ХХК--д даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: А ХХК нь Г ХХК--д холбогдуулан газар болон агуулахын барилгыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжпэлийг 2013 оны 10 сарын 14-ний өдөр гаргаж байжээ. Улмаар нэхэмжлэгч А ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг гаргасан бөгөөд 2015 оны 9 сарын 25-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/Ш32016/25455 дугаар захирамжаар нэхэмжпэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон “Аринсарнай” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г ХХК--д холбогдох газар болон агуулахын барилгыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжпэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, Г ХХК--д холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж дурджээ. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г ХХК--ийн нэхэмжлэлттэй А ХХК-д холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд А ХХК нь уг хэрэгт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл уг сөрөг нэхэмжлэл нь газар болон агуулахын барилгыг чөлөөлүүлэх шаардлагатай байна. 2015 оны 9 сарын 25-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/Ш32016/25455 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагатай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ижил бөгөөд уг сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаарх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа юм. А ХХК-ийн сөрөг нэхэмжпэлд 2012 оны 7 сарын 05-ны өдөр Г ХХК-, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Бтэй маргаан бүхий газар уг газар дээрх агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан гэж дурджээ. Гэтэл Г ХХК--ийн зүгээс гүйцэтгэх захирал Ц.Б нь компанийн хувь нийлүүлэгчдийн зөвшөөрөлгүйгээр дүр үзүүлэн хэлцэл хийсэн тул уг хэлцлийг хүчингүйд тооцож, маргаан бүхий газар болон түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжпэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Анхнаасаа А ХХК нь маргаан бүхий газар объектийг хууль бус хэлцлийн замаар өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх үндэслэлүүдээр А ХХК-иас Г ХХК--д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч А ХХК-аас Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1 хаягт байрлах 473 мкв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2205045476/, уг гудамжны 85/2 хаягт байрлах 432 мкв талбайтай вакум цонх, хаалганы үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2205045477/-ийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК--ийн өмчлөлд шилжүүлэн, нэхэмжлэлийн бусад шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1 845 984 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 798 150 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А ХХК-аас 2 657 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК--д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч Г ХХК--ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.  Анхан шатны шүүх Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/1 болон 5/2 тоот хаягт байрлах агуулахын зориулалттай 473 болон 432 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч Г ХХК- хэмээн үзэж хариуцагчаас дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Шүүх ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дах хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн үндсэн бүрдэл гэж үзэхгүй, харин бие даасан үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх нь зүйтэй. Энэ ч үндэслэлээр эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх тохиолдолд бие даасан хэлцэл байгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж хариуцагч талаас үзэж байна. Учир нь дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, хуучнаар Оросын нефтийн хойно байрлах аж ахуйн зориулалттай 6000 м.кв талбай бүхий газар дээр баригдсан, А ХХК-ийн нэр дээр анх удаа өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь “К” ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байхын сацуу эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь Г ХХК--ийн өмчлөлд байсан болон өмчлөх эрхтэй болох нь аливаа нотлох баримтаар тогтоогдоогүй байхад уг эд хөрөнгийг буцаан шилжүүлэх хууль зүйн боломжгүй юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө тодорхойлох эрхтэйн сацуу 2012 оны 7 сарын 05-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг, 2012 оны 7 сарын 05-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон эсэх нь тодорхойгүй, шүүх нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан төдийгүй гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай тусдаа нэхэмжлэлийн шаардлага байх хууль зүйн боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд учир дутагдалтай дүгнэлт болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжид буруу тооцоолол хийсэн гэж үзэхийн сацуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага тус бүрд улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Шүүх хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлд бүрэн гүйцэт дүгнэлт өгөөгүй, ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болсноор сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдана гэж үзэж байх тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01462 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК- нь хариуцагч А ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1 хаягт байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг гудамжны 85/2 хаягт байрлах вакум цонх, хаалганы үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө буцаан шилжүүлэх, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжинд байрлах нэгж талбарын 8009-5034 дугаартай 6000 мкв хэмжээтэй газрын эзэмших эрхийг буцаан авах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг А ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах, албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК- нь хариуцагч А ХХК-тай 2012 оны 7 сарын 05-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г ХХК- нь өөрийн эзэмшлийн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, 6000 мкв газрыг хариуцагч А ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, мөн өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, газрын эрхийг 5 000 000 төгрөгөөр худалдахаар талууд харилцан тохиролцсон байна. /1хх-ийн 12-13-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн газар, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэсэн бол хариуцагч нь татгалзалдаа дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр Кнаас авах зээлийн барьцаанд барьцаалах зорилгоор хариуцагч А ХХК нь өөрийн эзэмшил, өмчлөлд авсан, банкнаас авсан зээлийг буцаан төлсөн тохиолдолд нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхэд татгалзахгүй гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгч Г ХХК- нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Оросын нефтийн агуулахын хойно байрлах, 6000 мкв газрыг эзэмшдэг байсан бөгөөд тухайн газрын 85/1, 85/2 тоот хаягт байрлах агуулахын зориулалттай вакум цонх, хаалганы үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр бий болгосон талаар зохигчид маргаагүй байна. Улмаар нэхэмжлэгч Г ХХК- зээлийн харилцааны үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 6000 м.кв газрын эзэмших эрхийг хариуцагч А ХХК-д шилжүүлжээ.

 

Хариуцагч А ХХК нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн, Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 7 сарын 19-ний өдрийн А/301 тоот шийдвэрийн дагуу дээрх газар эзэмших эрхийг олж авсан боловч нэхэмжлэгч Г ХХК--ний өмчлөлийн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо /16030/, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоот агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А ХХК нь аливаа хэлцэлгүйгээр өөрийн өмчлөлд бүртгүүлсэн байна. /1-р хх-ийн 159-162-р тал/

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжүүлэх бөгөөд хариуцагч А ХХК хууль буюу гэрээнд заасны дагуу Г ХХК--ийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн болохоо нотлоогүй байх тул Баянгол дүүргийн 4 дүгээр хороо /16030/, Тээвэрчдийн гудамж, 85/1, 85/2 тоотод байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г ХХК--ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Тодруулбал шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Г ХХК- нь өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байна.

 

Талуудын маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх, тухайн газрыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагуудын хувьд нэхэмжлэгч Г ХХК- нь 2012 онд газар эзэмших эрхээ хариуцагч А ХХК-д шилжүүлсэн, хариуцагч А ХХК нь газрыг 2012 оноос 5 жилийн хугацаатай эзэмшиж байгаад 2017 оноос хойш газар эзэмших эрхээ сунгуулаагүй, тухайн газрыг эзэмших эрхтэй болохоо талууд нотлоогүй, энэ төрлийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй байх тул газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэл болон тухайн газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хариуцагч А ХХК нь 2012 оны 01 сарын 03-ны өдөр “К” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргааны зүйл болсон Баянгол дүүргийн 4 дүгээр хороо /16030/, Тээвэрчдийн гудамж, 85/1 тоотод байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 11 сарын 29-ний өдрийн гэрээгээр барьцаалсан байна. /1-р хх-ийн 156-158-р тал/

 

“К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байх бөгөөд хариуцагч А ХХК-ний “К” ХХК-тай байгуулсан зээлийн  болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, талуудын барьцааны эрх үүсгэсэн хэлцэл нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хамгаалагдсан байх тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч солигдсон ч барьцааны эрх хэвээр үлдэх талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “ ... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь Г ХХК--ийн өмчлөлд байсан болон өмчлөх эрхтэй болох нь тогтоогдоогүй, мөн шүүх газар худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцоолсон...” гэсэн үндэслэлүүдийг заажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг Г ХХК- барьж байгуулсан талаар “Ариун сарнай” ХХК маргаагүй, анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үүрэг үүсээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө буцаан шилжүүлэх шаардлагын үндэслэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.  Мөн А ХХК-иас улсын бүртгэлийн байгууллагад өгсөн албан бичгийг үндэслэн хоёр үл хөдлөх эд хөрөнгийг нийт 500 000 000 төгрөгт тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 2 657 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай тус тус нийцсэн байна. /1-р хх-ийн 174, 236-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                              ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

Г.ДАВААДОРЖ