Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2021

 

“И Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02020 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Иххар сүлд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С Б” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 121 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 6 081 000 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 6 081 000 төгрөг, нийт 12 162 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ууганбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Нарангуа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Отгонжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Баттогтох,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С Б” ХХК нь манай компанитай 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийт 12 162 000 төгрөгийн хамгаалалтын тусгай хэрэгсэл худалдан авсан. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаа 50 хувь болох 6 081 000 төгрөгийг төлсөн ба манай байгууллага 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хамгаалалтын тусгай хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Уг эд зүйлсийг ашиглаж байсан гэдгийг гэрч Б.Ариунболд мэдүүлсэн.

Гэтэл хариуцагч үлдэгдэл төлбөр 6 081 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд төлбөрийг төлөх талаар албан бичгийг удаа дараа “С Б” ХХК-д явуулсан боловч хариу ирүүлээгүй. Манай байгууллага гэрээний үүргээ биелүүлж, эд зүйлсийг зохих газарт нь хүлээлгэж өгсөн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

Иймд “С Б” ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 6 081 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож 3 040 500 төгрөг, нийт 9 121 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С Б” ХХК, “Иххар сүлд” ХХК нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээнд заасан үүргийн дагуу гэрээний нийт үнэ 12 162 000 төгрөгийн 50 хувь болох 6 081 000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “И Х” ХХК-д төлсөн.

Гэтэл “Иххар сүлд” ХХК нь гэрээний ерөнхий нөхцөл болон гэрээний хавсралтад заасан тусгай хэрэгслийг захиалагчид актаар хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл гэрээний 1.1-д заасан “актаар хүлээлгэн өгч, өмчлөлд шилжүүлэх, хүргэлт үйлчилгээг гүйцэтгэх” үүргээ биелүүлээгүй бөгөөд хугацаа хэтрүүлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Манай байгууллага гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 6 081 000 төгрөгийг буцаан гаргуулах, талуудын байгуулсан гэрээний 5.1-д зааснаар гүйцэтгээгүй үүргээс алданги 6 081 000 төгрөгийн хамт, нийт 12 162 000 төгрөгийг “Иххар сүлд” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С Б” ХХК-аас 9 121 500 төгрөгийг гаргуулан “Иххар сүлд” ХХК-д олгож, хариуцагч “С Б” ХХК-ийн гэрээнээс татгалзаж, 12 162 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Иххар сүлд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 000 төгрөгийг, хариуцагч “С Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 161 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Иххар сүлд” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “С Б” ХХК-ийн захирал М.Батбилэг нь “Софт секьюрити" ХХК ийн удирдлага болон ажилтанд “С Б” ХХК нь “Иххар сүлд” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ”-гээр тохиролцсон тусгай хэрэгслүүдийг хүлээн авах зөвшөөрөл, эрхийг олгоогүй.

"Иххар сүлд" ХХК нь гэрээнд заасан тусгай хэрэгслийг захиалагчид актаар хүлээлгэн өгч, өмчлөпд нь шилжүүлэх үүргээ одоо болтол биелүүлэхгүй.

Гэтэл шүүх "Софт секьюрити" ХХК-ийн холбогдох хүмүүсийг гэрчээр асууж, гэрчийн мэдүүлгийг үндэслэн “С Б" ХХК-ийг тусгай хэрэгсэл хүлээн авсан гэж дүгнэж шийдвэрлэж байгаа нь үйл баримтыг буруу тогтоож, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн “С Б” ХХК нь “Иххар сүлд” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж гэрээнд заасан үүргийн дагуу гэрээний нийт үнийн 50 хувь болох 6 081 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Иххар сүлд” ХХК-ийн Капитал банкин дахь руу шилжүүлсэн.

Гэтэл “Иххар сүлд” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул “С Б” ХХК нь гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болон гэрээнд заасан алдангийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж шаардахад шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “С Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Иххар сүлд” ХХК нь хариуцагч “С Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 081 000 төгрөг, алданги 3 040 500 төгрөг, нийт 9 121 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 6 081 000 төгрөг, алданги 6 081 000 төгрөгийн хамт, нийт 12 162 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

“Иххар сүлд” ХХК “С Б” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “Иххар сүлд” ХХК нь 12 162 000 төгрөгийн үнэ бүхий 11 нэр төрлийн тусгай хэрэгслийг худалдан авагч “С Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, “С Б” ХХК нь урьдчилгаа төлбөр 6 081 000 төгрөгийг төлөх, 11 нэр төрлийн тусгай хэрэгслийг 100 хувь хүлээлгэн өгсний дараа акт үйлдэж, нэхэмжлэх ирүүлснээс хойш ажлын 3 хоногт багтаан үлдэгдэл төлбөр 6 081 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

“С Б” ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 6 081 000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “И Х” ХХК-д төлсөн, тухайн үед “С Б” ХХК нь Зайсан хилл цогцолборын Еон диско клубыг ажиллуулж байсан, уг клубийн хамгаалалтыг “Софт секьюрити” ХХК хариуцан ажиллуулж байсан талаар талууд маргаагүй.

 

Тусгай хэрэгсэл хүлээлцэх акт гэх 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр “Иххар сүлд” ХХК-ийн албан дээр үйлдсэн баримтад 11 төрлийн тусгай хэрэгсэлийг хүлээлгэн өгсөн менежер Д.Даваасүрэн, хүлээн авсан ээлжийн ахлах Б.Чулуунбаатар, Үлдэгдэл чихэвч хүлээлцэх акт гэх 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн баримтад 22 ширхэг чихэвч /гар станц спираль/-ийг хүлээлгэн өгсөн менежер Д.Даваасүрэн, хүлээн авсан ээлжийн ахлах Б.Ариунболд гэж тус тус гарын үсэг зуржээ. /хх12, 13/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Софт секьюрити” ХХК-ийн хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан У.Дөлгөөний гэрчээр өгсөн мэдүүлэгт: ”Софт секьюрити” ХХК-ийн хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан, “С Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Батбилэгтэд тусгай хэрэгсэл ирсэн талаар утсаар мэдэгдэхэд та нар хүлээж аваад, хадгал гэсэн. Би ээлжийн ахлах Б.Чулуунбаатарт ирсэн бараа материалыг тоолж хүлээж ав гэж үүрэг өгсөн. Зайсан хиллийн операторын өрөөнд тоо ёсоороо байсныг ажлаа өгөхдөө ээлжийн ахлах Б.Ариунболдод үлдээсэн” гэж,

“Софт секьюрити” ХХК-ийн ээлжийн ахлахаар ажиллаж байсан Б.Чулуунбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...хамгаалалтын албаны дарга У.Дөлгөөн над руу яриад тусгай хэрэгслийг хүлээж авсан гэсэн. Жижиг тусгай хэрэгслийг хүлээж аваад акт үйлдээд нэг хувийг нь “Софт секьюрити” ХХК, нэг хувийг нь “Иххар сүлд” ХХК авсан. Тусгай хэрэгслийг Еон клубд “Софт секьюрити” ХХК-ийн хамгаалагч нар ашиглаж байсан” гэж,

“Иххар сүлд” ХХК-ийн менежер Д.Даваасүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: “2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр надад манай байгууллага тусгай хэрэгслийг “С Б” ХХК-ийн Еон клубд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа “Софт секьюрити” ХХК-ийн албаны даргад хүлээлгэж өгөх үүрэг өгсөн. Тухайн үед “Софт секьюрити” ХХК-ийн албаны дарга нь гадуур ажилтай, ээлжийн ахлах Б.Чулуунбаатарт хүлээлгэж өгч болно гэсэн учраас ээлжийн ахлах Б.Чулуунбаатарт хүлээлгэж өгсөн” гэж,

“Софт секьюрити” ХХК-ийн ээлжийн ахлах Б.Ариунболдын гэрчийн мэдүүлэгт: “2018 оны 8 дугаар сарын дундуур өдрийг сайн санахгүй байна, Албаны дарга яриад “Иххар сүлд” ХХК-аас засуулж ирсэн 22 ширхэг чихэвчийг хүлээж ав гэж утсаар үүрэг өгсний дагуу актаар хүлээж авсан” гэсэн мэдээлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримт болох юм.

Энэ нотлох баримтыг хариуцагч тал татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзсныг баримтаар нотлох үүрэгтэй, уг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн захиалагч “Си би си эйжа” ХХК-ийн дэд захирал И.Сэлэнгэ нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Иххар сүлд” ХХК-д явуулсан цахим захидалд “Манай түрээслэгч байгууллагын хамгаалалтын ажилтан гарын үсэг зуран хүлээж авсан акт байна, барааг шалгаж үзэхэд задлаагүй, ирсэн байдлаараа байгаа ба манай шаардлага болон хэрэгцээнд нийцэхгүй бүтээгдэхүүн байна, ... иймд бүтээгдэхүүний зах зээлийн бодит өртгийг дахин тооцоолох, ...эсхүл манай байгууллагын үйл ажиллагаанд хэрэг болж болзошгүй бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөрийн үнийн дүнд тооцон хүлээн зөвшөөрч, бусад барааг буцаах...” гэжээ.

 

Анхан шатны шүүх дээрх бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлэгийг талуудын тайлбартай харьцуулан үнэлж “С Б” ХХК-ийг гэрээний зүйл болох хамгаалах хэрэгслийг хүлээж авсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үнэд төлөгдөөгүй 6 081 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, энэ хэмжээгээр анхан шатны шүүх “Иххар сүлд” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Талууд гэрээний 5.2-т: “хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор” тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод, нэхэмжлэгч алдангийг гэрээний үлдэгдэл төлбөр 6 081 000 төгрөгийн 50 хувиар тооцон 3 040 500 төгрөгөөр тодорхойлсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

“С Б” ХХК нь “Иххар сүлд” ХХК-аас хамгаалалтын хэрэгсэл актаар хүлээж аваагүй, “Иххар сүлд” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх гэрээнээс татгалзаж гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг алдангийн хамт гаргуулах тухай “С Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                   ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                Э.ЗОЛЗАЯА