Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 1228

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 5 сарын 27 өдөр                   Дугаар 183/ШШ2019/01228                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Аийн /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: От /РД: / холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,410,000 /есөн сая дөрвөн зуун арван мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өмнө нь гэрээ байгуулахгүйгээр Д.Оын өөрийнх нь хүсэлтээр мөнгө зээлдүүлж байсан ба тухай бүрд нь зээлийн төлбөрөө цаг хугацаанд нь хийдэг байсан учраас 2013 оны 11 сарын 21 өдөр Д.Отай гэрээ байгуулж 1.6 /18 сар/ жилийн хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй 7.000.000 зээлдүүлсэн. О нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд 2017 оны 10 сарын 13-ны өдөр зээлийн хүүнд 2.000.000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээ 2018 оны 5 сарын 21-ны өдөр дууссан ч зээлийн үндсэн төлбөр 7.000.000 төгрөг болон зээлийн хүүг төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй, утсаар ярихаар өгнө, удахгүй хүүг нь өгнө хүлээж байгаарай гэсээр 6 сар өнгөрөөд байна. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөр 7.000.000 төгрөг, зээлийн хүү 2.410.000 төгрөг, нийт 9.410.000 төгрөгийг Д.Оаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 11.000.000 төгрөгийн 7.000.000 төгрөгөнд гэрээ байгуулж, сарын 3.5 хувийн хүү тохиролцсон. 4.000.000 төгрөгт гэрээ байгуулж, хүү тохиролцоогүй. 7.000.000 төгрөгөөс 3.5 хувь хүүг тооцож, үндсэн зээлээс 4.000.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 3.000.000 төгрөгтөө хүүг тооцоод 2013 оноос 2014 оны 10 сарын 21-нийг хүртэл сарын 245,000 төгрөг, жилийн 2.940.000 төгрөг болж байна. 2014-2015 он хүртэл 2,940,000 төгрөг, 2015-2016 он хүртэл 2,940,000 төгрөг, 2015 оны 11 сарын 20-нд ах нь 1.000.000 төгрөг, 2016 оны 8 сарын 12-нд дансаар 4.000.000 төгрөг төлсөн. Энэ хооронд 7 сарын хугацаанд 1.750.000 төгрөг, 7.000.000 төгрөгийн хүү 7.630,000 төгрөг болж байна. 2016 оны 08 сарын 12-нд 4.000.000 төгрөгийг төлсөн учраас 7.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөг төлөгдсөн гэж үзээд үлдсэн 3.000.000 төгрөгөөс хүү бодоход 1 сарын 3.5 хувийн хүү нь 105.000 төгрөг болж байна. Уг хүүг 2016 оны 08 сарын 12-ноос 2017 оны 10 сарын 31-нийг хүртэл гэж тооцсон.  Энэ хүртэл хугацааг 14 сараар бодоход 1.470.000 төгрөг болсон. 2017 оны 10 сарын 31-нд 2.000.000 төгрөг төлөгдсөн учраас 7.000.000 төгрөгийн үлдэгдэл 1.000.000 төгрөгийн хүүг сарын 35,000 төгрөгөөр бодоод 2017 оны 10 сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 сарын 21-нийг хүртэл 490.000 төгрөг болсон. Ингээд зөвхөн хүүг бодоход 9.590.000 төгрөг болсон. 7.000.000 төгрөгийг 3.5 хүүтэй өгчхөөд 2014 оны 03 сарын 18-нд 2 сая төгрөг, 2014 оны 4 сарын 8-нд 2 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн энэ мөнгөнд хүү бодогдоогүй энэ мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг ах нь авчирсан. Ингээд 3 сая төгрөг үлдсэн 9.590.000 төгрөгийн хүү дээр 3 сая төгрөгийг нэмэхэд 12.590.000 төгрөг болж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг 9.410.000 төгрөгөөр тооцон төлсөн тул нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.А нь өмнө 2018.08.08-ны өдөр тус дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Д.От 2013.11.21-нд бэлнээр сарын 3.5%-ийн хүүтэй, дараа нь 2014.03.08-нд 2.000.000 төгрөг 3.5%, 2014.03.18-нд 2.000.000 төгрөг 3.5% хүүтэй тус тус нийт 11.000.000 төгрөгийг 3.5%-ийн хуутэй зээлдүүлсэн. О нь 2015 онд 1.000.000 төгрөг, 2016 онд 5.000.000 төгрөг, 2017 онд 2.000.000 төгрөгийг буцааж өгсөн” гэж бичсэнээс үзэхэд 7,000.000 төгрөгийг надад өгсөн гэх он, хугацаа, буцааж өгсөн талаар эрс зөрүүтэйгээр мэдүүлсэн байна. Уг мөнгөнөөс 8.000,000 төгрөгийг буцааж өгсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан мөртлөө энэ удаагийн нэхэмжлэлдээ аваагүй гэж байгааг нь би хүлээн зөвшөөрөхгүй. Ш.А дээрх 7.000.000 төгрөгийг надад анх өгөх үед бид албан ёсоор бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, мөнгө өгсөн талаар баримт үйлдээгүй бөгөөд зөвхөн бие биедээ итгэж, туслах зорилгоор найз нөхдийн хүрээнд уг мөнгийг түр хугацаагаар өгөөд, буцааж авахаар харилцан тохиролцсон, миний зүгээс ч уг авсан мөнгөө буцааж өгсөн асуудал л бидний хооронд байснаас биш нэхэмжлэгчийн бичсэн шиг баримтыг бид огтоос үйлдээгүй, зээл авч өгөх, хүү төлөх, зүйл ч огт байхгүй бөгөөд уг нотлох баримтыг шүүхээс “хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж” дүгнэнэ гэдэгт найдаж байна. Ш.Ааас 7,000,000 төгрөгийг түр хугацаагаар авсан талаараа анхнаасаа маргаагүй, тэрээр уг мөнгийг надад өгсөн нь үнэн хэдий ч түүний баримтаар гаргаж ирүүлсэн “Зээлийн гэрээ” гэх тууш тэмдэглэлийн дэвтрийн дээд, доод нь урж тасалж авсан хуудасны хоосон хэсэгт нь бичигдсэн миний өөрийн гараар бичсэн регистрийн дугаар, гэрийн хаяг, гарын үсэгтээ хэсэгт нь “От 7,000,000 төгрөг 21/11-нд 3.5%-ийн хүүтэй шилжүүллээ, 245,0” гэж нэмж засварлаж бичсэн байна. Уг бичгэн дээрх миний өөрийн бичсэнээс бусад нэр, зээлийн гэх үнийн дүн, хугацаа, хүү ийнхүү хэн нэгэн зохиож бичсэн байна. Өмнөх шүүхэд гаргаж өгсөн бичгэн дээр энэ удаад “хар өнгийн балаар 2016, мөн өөр өнгийн балаар 1.6 жилийн хугацаатай гэж дахин нэмж бичиж ирүүлжээ. Иргэний хуулийн 451.2-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээг бичгээр хийх”, 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасныг зөрчсөн, дээрх 7.000,000 төгрөгийг бид өгч авахдаа ямар нэгэн Зээлийн гэрээ, баримтыг бичгээр огт байгуулаагүй учраас нэхэмжлэгч нь 7.000,000 төгрөгтөө хүүгийн төлбөрийг авах эрхгүй гэж үзэж байна. Миний ойлгож байгаагаар иргэд хоорондын болон банк, ББСБ-аас олгогдож буй Зээлийн гэрээг заавал бичгээр хийгддэг болохыг мэдэх бөгөөд уг зээлийн гэрээнд талууд нөхцлөө /Зээлийн дансны дугаар, зориулалт, хүү, үнийн дүн, хугацаа, эргэн төлөх хугацаа зэргийг/ урьдчилан тохиролцож, талуудын гэрээний эрх тэгш байдлыг бүрэн хангасны дээр талууд гарын үсгээ зурж гэрээг баталгаажуулдаг, гэрээний хувийг талуудад өөрт нь өгдөг. Гэтэл дээрх 7.000,000 төгрөгийг бид анхнаасаа өгч, авалцахдаа ямар нэгэн зээлийн гэрээ, энгийн хэлцлийг ч огт байгуулаагуй. Миний гэрийн хаяг, регистрийн дугаар, гарын үсгээ зурсан тэмдэглэлийн дэвтрийн цаасыг олж ашиглан хэн нэгний нөхөж бичсэн хуурамч бичгээр Зээлийн гэрээг байгуулж зээл олгосон гэж байгаа нь хууль бус баримт, шаардлага гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй. 2013 оны 11 сарын 21-нд 3,0 сая төгрөг, 2014 оны 3 сарын 18-нд 2,0 сая төгрөг, 2014 оны 4 сарын 8-нд 2,0 сая төгрөгийг төлсөн нь дансны хуулгаар нотлогдоно. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд Оын ах 1,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарласан.  Нийт 7 сая төгрөг төлсөн.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд авсан мөнгөө буцааж өгсөн нь нотлогдоно. Зээлийн гэрээг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгөхдөө 2 янзаар өөрчилсөн тухай өмнөх шүүх хуралдаанд яригдсан. 2018 оны 8 сард нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авахдаа шаардлагын 7.000.000 төгрөгийг Оаас шилжүүлсэн гэсэн. 2018 оны 12 сард дахин нэхэмжлэл гаргахдаа 2016 онд 1,6 жилийн хугацаатай гэж нэмэлт засвар орсон. Хариуцагчаас энэ баримтыг гаргаж өгөх боломжгүй. Хүү тооцох үндэслэлгүй. Зээлийн гэрээнд талууд зээлдэгч, зээлдүүлэгчээр оролцож байгаа бол зээлийн гэрээг 2-оос дээш хувь үйлдэж 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр бичгээр хийсэн хэлцэл гэж үзэх ёстой. Гэтэл уг гэрээнд зөвхөн О гарын үсэг зурсан байдаг нэхэмжлэгчээс тайлбарлахдаа зээл олгохдоо гэрийн хаягаа бичиж гарын үсэг зурсан зээлсэн зээлийн хэмжээ, хүү хугацааны асуудлыг бичээгүй гэсэн. Иймд Зээлийн гэрээ нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. О нь мөнгө зээлдэгч, зээлдүүлэгч эсэх талаар мөн хэнээс зээлж байгаа нь тодорхой биш. Нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 282, 283, 288, 196 дугаар зүйл, 42.7, 43.2.1-д заасныг тус тус зөрчиж байх тул 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл учраас нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс зээлсэн 7.000.000 төгрөгийг буцааж төлсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ш.А нь Д.От холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ эхний гэрээгээр 7,000,000 төгрөг зээлснээс тохирсон хүү 5,410,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг төлөөгүй, 2 дахь гэрээгээр 4,000,000 төгрөг зээлснээс 3,000,000 төгрөг төлөөгүй гэж тодорхойллоо.

 

Хариуцагч нь эхний гэрээгээр 3,000,000 төгрөг, 2 дахь гэрээгээр 4,000,000 төгрөг тус тус зээлсэн, 2016 онд 4,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн, ах 2015 онд 1,000,000 төгрөг өгсөн, зээлийг бүрэн төлсөн, хүү тохиролцоогүй гэж маргав.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, баримтад гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчийн хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөг зээлсэн, баримтад нөхөн бичсэн гэж маргаж байх боловч шинжээч нь нөхөн хийсэн эсэхийг тогтоох боломжгүй талаар дүгнэсэн, хариуцагч нь өөр бусад байдлаар нотлоогүй, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа 7,000,000 төгрөгийг түр хугацаагаар авснаа хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийг хариуцагчид 7,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч сарын 3,5 хувийн хүүтэйгээр тохиролцон төлж байсан гэж тайлбарладаг, хариуцагч хүү тохиролцоогүй гэж маргаж байгаа ч тухайн баримтаар сарын хүүг тохиролцсон гэж үзэх байдал тогтоогдохгүй, түүнчлэн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4-т гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө гэж зааснаар жил тутам зээлийн хүүг төлж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргах өгөх үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй байх тул хүүний төлбөрт 5,410,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс өөрийн дансаар 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус авсан, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Дээрх зээлийг нэгтгэхэд /7,000,000+2,000,000+2,000,000/ нийт 11,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлж авсан байна.

 

Үүнээс 2015 оны 11 сарын 20-нд хариуцагчийн ах 1,000,000 төгрөг, хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дансаар 4,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дансаар 2,000,000 төгрөг буюу 7,000,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлах ч нэхэмжлэгч тус шүүхэд 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч 2015 онд 1,000,000 төгрөг, 2016 онд 5,000,000 төгрөг, 2017 онд 2,000,000 төгрөг буюу 8,000,000 төгрөгийг буцааж өгсөн гэж зөрүүтэй тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар зохигч шүүхэд хэргийн талаар үнэн, зөв тайлбар гарах үүрэгтэй тул нэхэмжлэгчийг хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөгийг буцаан авсан гэж үзнэ.

 

Иймд хариуцагч нь 11,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн байх тул үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 6,410,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 165,520 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч тал энэ өдрийн хуралдаанд тооцооллын хувьд шаардлагаа дэлгэрүүлэн тодорхойлсныг хариуцагч тал нь хуульд заасан тайлбар гаргах хугацааг авахгүйгээр няцаалт хийж тайлбар гаргах боломжтой гэж тайлбарласан болно.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 283.4 дэх хэсэгт заасныг баримтлан Оаас /РД: / зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулан, Ат /РД: / олгож, шаардлагаас үлдэх 6,410,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 165,520 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ