Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оросоогийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 135/2019/00428/и |
Дугаар | 110 |
Огноо | 2019-12-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 110
Б.Ц-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2019/00428/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, Л.Амарсанаа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1025 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Л-И” ХХК-д холбогдох
"Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10б байрны 51 тоот 71.46 м.кв 2 өрөө орон сууц болон В1 давхарт байрлах автомашины зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээг болон байрны засварын зардлын үнэ 1.492.250 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,
“Б.Ц-ыг орон сууцнаас албадан гаргуулах тухай” гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн
2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Ц-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Ц- миний бие 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Л-И” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ болон автомашины зогсоол худалдан авах тухай гэрээ байгуулж, байрны болон зогсоолын төлбөрт 90.606.000 төгрөгийг “Л-И” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 464004610 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулан 2 өрөө орон сууц болон автомашины зогсоол худалдаж авсан. Мөн байрны цахилгаан, сангийн холболт, дотор засал хийлгэх зэрэг нийт 1.492.250 төгрөгийг бидний зүгээс зарцуулсан. Тухайн үед дээрх орон сууцыг улсын комисс хүлээн аваагүй байсан тул улсын бүртгэлийн гэрчилгээг комисс хүлээн авсны дараа олгоно, тэр болтол хүлээж бай гэж хэлсэн. 2017 оны үед улсын комисс дээрх орон сууцыг албан ёсоор хүлээж авсан боловч янз бүрийн шалтгаан хэлж гэрчилгээг гаргаж өгөөгүй. Бидний зүгээс гэрчилгээг гаргуулах талаар удаа дараа шаардсан одоо болтол улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөлгүй биднийг хохироож байна. Иймд 2 өрөө орон сууцны болон автомашины зогсоолын гэрчилгээ, анх байранд орохдоо байрны засварт зарцуулсан 1.492.250 төгрөгийг “Л-И” ХХК-аар дамжуулан Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах, засварын зардлын мөнгийг “Л-И” ХХК-аас гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л-И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө биш юм. Б.Ц- гэрчилгээг гаргуулна гэж байгаа болохоос биш өмчлөгчөөр тогтоолгоно гээгүй. Улсын комисс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уг байрыг хүлээж авсан байсан. Б.Ц- 2016 оны 12 дугаар сарын 25-нд орсон гэж байна. Тэгээд засвар хийсэн гэж байна. Гэтэл захиалгын гэрээндээ ямар засвар хийснээ тусгах ёстой байсан одоо тусгаагүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Ц- 71.46 м.кв, 2 өрөө орон сууц, автомашины зогсоол гэж захиалсан гэж байна. Гэтэл захиалгын гэрээгээ өөрөө улсын бүртгэлийн газар очиж бүртгүүлэх ёстой байсан тэгээгүй, бас намайг ажил авснаас хойш ирж уулзаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө биелүүлээгүй. Компани бол 3 хөрөнгө оруулагчдадаа байраа хувааж өгсөн. Урдны захирал нягтлан нараас ямар ч баримт бичиг хүлээлгэж өгөөгүй, тамга өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Гуравдагч этгээд Д.Болормаа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр нар шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Л-И” ХХК-тай 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, хамтран ажилласан. “Л-И” ХХК-аас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул “Л-И” ХХК-аас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Л-И” ХХК нь гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн болно. Түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэлд дурдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 10Б блокын 51 тоот орон сууц нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д.Болормаагийн барьцаанд бүртгэгдсэн. Гэтэл хариуцагч “Л-И” ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн ...талууд аливаа гэрээ хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна гэснийг болон Д.Болормаатай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, Б.Ц- гэгч хүнтэй 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Д.Болормаагийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг Орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна. “Л-И” ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч Д.Болормаагийн эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар Д.Болормаа нь Хан-Уул дүүргийн Эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор “Л-И” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай Эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан.
Иймд хариуцагч Б.Ц-ыг Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 10Б байрны 51 тоот орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
Сая Б.Ц- “Л-И” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж яриад байна. Гэрчилгээ гараагүй байхад яаж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах вэ?, ийм учраас бүх зүйл захиалгын гэрээгээр байгуулагдах ёстой. Б.Ц- төлбөрөө бүрэн шилжүүлсэн, маргааш нь байрандаа орсон гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 1025 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 -д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ыг Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10б байрны 51 тоот 71,46 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон тус байрны В1 давхарт байрлах 15 тоот 17,9 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоож, хариуцагч “Ласти-Интернешнл” ХХК-аас 1.310.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-т олгож, үлдэх 181.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10б байрны 51 тоот 71,46 м.кв 3 өрөө орон сууц болон тус байрны 15 тоот 17,9 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ласти-Интернешнл” ХХК-аас 176.319 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5.226 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гомдлын үндэслэл:
Нэг. Орон сууц худалдах, худалдан авах болон орон сууц захиалгаар бариулах гэрээ нь татвар, тухайн хөрөнгийг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах, өмчлөх эрх шилжих, тухайн гэрээ байгуулахад тавигдах шаардлага зэргээр тус тусын үр дагавартай гэж ойлгож байна. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд энэ талаар үүссэн эрх зүйн харилцааг зөвөөр тодорхойлж чадаагүй байдаг нь хууль хэрэглээний алдаа гаргах үндэслэл болсон.
Хоёр. Гуравдагч этгээд Д.Болормаа нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй талаар хэд хэдэн үндэслэлийг нэрлэн зааж, холбогдох баримтыг хавсаргасан боловч анхан шатны шүүх эдгээр үндэслэлийн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой, үндэслэл баримтаар няцаагаагүй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 19 дүгээр зүйлийн 19.1.1-т тус тус зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болох ёстой. Энэ шаардлагыг хангаагүй хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 05 сарын 08-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Болормааг бүртгэснийг мэдсэн боловч өнөөдрийг хүртэл бүртгэлийн байгууллагад ямарваа нэг гомдол гаргаагүй, ийнхүү гомдол гаргаагүй болохоо шүүх хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад шүүх тухайн үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй.
Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу нэхэмжлэгч Б.Ц- нь бүртгэлийг эсэргүүцээгүй тул түүний шүүхэд гаргасан “...улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах...” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломж байхгүй бөгөөд Д.Болормааг өмчлөгч гэж үзнэ. Гэтэл шүүх “...хууль ёсны өмчлөгч нь Б.Ц- болохыг тогтоож, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар дээрх орон сууц...-ын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй...” гэх ойлгомжгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан.
Гурав. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдоос шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад ... Б.Ц- нь ... байрыг эзэмшилдээ аваад 3 жил амьдарч байгаа үндэслэлээр орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах шаардлага гаргасан...” гэж дүгнээд Б.Ц-ын маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчсөн.
Нэхэмжлэгч Б.Ц- нь дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагадаа 174.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн байдаг. Нийт 610,980 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар урьдчилан төлүүлсний үндсэн дээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан.
Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагчаар албан ёсоор татаагүй этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
Шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримтуудыг бүхэлд нь ирүүлэх ёстой байсан боловч 29 хуудас баримт ирүүлсэн. Эдгээр баримтад барилга хэзээ ашиглалтад орсон, улсын комисс хэзээ хүлээж авсан, хэзээ анх гэрчилгээ гарсан, анх мэдүүлэг гаргахад ямар хөрөнгө оруулагч нар байсан, үл хөдлөх эд хөрөнгө хэн хэний барьцаанд байгаа талаарх баримтууд байхгүй байсан. Шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулан хүсэлтийг хангасан атлаа холбогдох баримтуудыг бүрэн гаргуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Ц- шүүхэд “Л-И” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу 2 өрөө орон сууц болон автомашины зогсоолыг өмчлөх эрхийг шилжүүлэн авах, өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлд даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулсан байна.
Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д нийцсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргахдаа нэхэмжлэгч захиалгын гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ өөрөө биелүүлээгүй байна. Компани 3 хөрөнгө оруулагчдаа байраа хувааж өгсөн байгаа Д.Болормаа гэдэг хүнд маргаан бүхий байрны өмчлөл нь шилжсэн тул тэр хүний эрх ашиг энэ маргаанаас хөндөгдөх учир шүүх түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хэрэгтэй байх.
Засварын зардлын тухайд захиалгын гэрээндээ ямар засвар хийснээ тусгаагүй мөн надтай ирж уулзаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.Болормаа нь нэхэмжлэгчид холбогдуулан маргаан бүхий орон сууцыг Б.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Л-И” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан уг гэрээний үндсэн дээр барилгын ажилд хөрөнгө оруулалт хийж тодорхой хувийн ашиг авах, гүйцэтгэгч тал буюу “Л-И” ХХК баригдсан барилгаас түүний зөвшөөрөлгүй орон сууцыг бусдад худалдаж захиран зарцуулах эрхгүй энэ талаар гэрээгээр тохиролцсон, гэрээний энэ үүргээ зөрчиж Б.Ц-т орон сууцыг худалдсан, мөн дээрх компанитай холбоотой өр авлагын асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж шүүхийн шийдвэрийн үндсэн дээр тухайн маргаан бүхий орон сууц болон бусад сууцнуудыг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн гэсэн үндэслэл дурдаж шүүхэд бичгийн баримтууд гаргаж, мөн шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх ажиллагаа хийлгүүлжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд орон сууц захиалгын гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан боловч гэрээний агуулга, хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч “Л-И” ХХК-иас ашиглалтанд орсон барилгын 2 өрөө болон автомашины зогсоол худалдан авсан үйл баримт тогтоогдсон тул талуудын дунд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.
Худалдах худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлагыг Иргэний хуульд тодорхойлоогүй хэдий ч үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авч байгаа тохиолдолд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх баталгаажих тул гэрээг бичгээр үйлдэж нотариатаар гэрчлүүлэн бүртгүүлэх шаардлагатай болдог.
Харин гэрээг нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгааг гэрээ байгуулаагүй эсхүл гэрээ хүчин төгөлдөр бус гэж шууд дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Тухайлбал Иргэний хуулийн худалдах худалдан авах гэрээний тусгайлсан зохицуулалтад дээрх гэрээг хүчин төгөлдөр буст тооцох зохицуулалт байхгүйн дээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 -д хуульд тухайлан зааж өгсөн гэрээний хэлбэрийн шаардлага байхыг ойлгоно.
Бодит байдал дээр талуудын дунд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч гэрээний үндсэн үүрэг болох гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлэх худалдагч үнээ төлөх үүргээ биелүүлсэн байна.
Харин худалдагч тал гэрээний үүргийн салшгүй хэсэг болох өмчлөх эрхийг зохих журмын дагуу шилжүүлэн, бичиг баримтыг бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлүүлэхээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч энэ талаар шаардаж байсан талаар нэхэмжлэлдээ дурдаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.
Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед Б.Ц-ын худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр хэн нэгэн бүртгэгдээгүй , Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг 13 дугаар хороололд барлах 8170 м.кв талбайтай орон сууцны барилга нь 2014 оны 9 сарын 3-ны өдөр 50 хувийн гүйцэтгэлтэйгээр “Л-И” ХХК-ийн нэр улсын бүртгэлд бүртгэгдсэн байжээ. /хх-44/.
Бие даасан гуравдагч этгээд нь үг маргаан бүхий байрны өмчлөгчөөр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлсэн баримт хэрэгт авагдсан бөгөөд үүнээс өмнө тус 2 өрөө орон сууны өмчлөх эрхийг “Л-И” ХХК эзэмшиж байжээ.
Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээ хийх үед байрны өмчлөгчөөр Д.Болормаа бүртгэлтэй байгаагүй мөн тухайн барилгын тодорхой хувь, тухайлбал мараан бүхий 51 тоот орон сууцны 2 өрөөг өмчилж авах давуу эрхтэй талаар улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийгдээгүй байгаа тохиолдолд худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа бүртгэлийн үнэн зөв байдлыг нягтлах үүрэгтэй байсан гэж худалдагчийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
“Л-И“ ХХК иргэн Б.Ц-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа Д.Болормаатай байгуулсан хамтран ажиллах зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүй , гэрээний энэ үүргээ зөрчсөн байдалд худалдан авагч буруугүй юм.
Бие даасан гуравдагч этгээд дээрх этгээдүүдийн дунд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм.
Талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ нэг тал буюу “Л-И” ХХК зөрчсөн нь тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийг дүгнэхэд л ач холбогдолтой.
Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөл гэсэн нь” энэ зөвшөөрөл авах талаар хуулиар тодорхойлсон байхыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл хуульд энэ талаар заасан байх шаардлагатай.
Хамтран ажиллах гэрээний талуудын хувьд хэн нэгнийхээ зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийхгүй байх тухай Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-ийн агуулгад нийцсэн тохиролцоо нь дээрх гэрээний талуудын хоорондын гэрээний үүрэг зөрчсөн эсэх маргаанд ач холбогдолтой юм.
“Л-И” ХХК болон иргэн Д Болормаа нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 11-нд баригдаж дууссан 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгаас 1 м.кв талбайг 750 000 төгрөгөөр тооцон нийт 2.667,22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалуулах гэрээ байгуулагдаж 2016 оны 04 сарын 11-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Дээрх 46 айлын орон сууцанд маргаан бүхий 51 тоот 71.46 м.кв 2 өрөө орон сууц багтжээ.
Гэхдээ талуудын байгуулсан гэрээний заалтаар уг орон сууцыг бусдад худалдахгүй байх үүргийг барьцаалуулагч талд хүлээлгээгүй.
Харин гэрээний 2.2-т “барьцаалуулагч нь барьцаалагчийн барьцаанд шилжүүлсэн, гэрээний хавсралтад заасан орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор бусдад худалдан борлуулах үүргийг хүлээх бөгөөд орон сууц худалдан борлуулсан тухай бүртээ төлбөрийг нь барьцаалагчид бүрэн хэмжээгээр төлөх, төлбөрийг төлж дууссанаар тухайн худалдагдсан орон сууцыг нэн даруй барьцаанаас чөлөөлүүлэх , барьцаалагч барьцаанаас чөлөөлөх үүрэгтэй гэжээ.
Энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй бөгөөд дээрх гэрээний заалтаас худалдагч талд барьцааны зүйлийг худалдан борлуулах эрхийг олгосон тул худалдагч нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн гэж дүгнэхээр байна.
Хэрэгт цугларсан дээрх баримтуудаар гуравдагч этгээд нь”Л-И” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж уг гэрээний үндсэн дээр тухай барилгыг бариулсны ашгаас тодорхой хувийг авахаар тохиролцсон нь тогтоогдож байна.
Энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй тул Д.Болормаа шүүхэд нэхэмжлэл гарган ашгаа шаардсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр баригдсан орон сууцнуудаас шийдвэр гүйцэтгэлийн журмаар 46 айлын орон сууцыг өмчлөх эрхтэй болж улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл явдал нь Б.Ц-ын дээрх компанитай байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс хожим болжээ.
Иймд маргаан бүхий байрыг 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдөр бүртгүүлсэн өмчлөх эрхийн бүртгэлийг үндэслэн нэхэмжлэгчийн буюу Б.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.
Улсын бүртгэл түүнийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ нь гуравдагч этгээдийн хувьд бүртгэл үнэн зөв гэж тооцогдох хэдий ч шүүхэд өмчлөх эрхийн талаар маргаан гарсан тохиолдолд шүүх бүртгэлийг үнэн зөв баримт гэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
Иймд Б.Ц- нь худалдах худалдан авах гэрээний дагуу 2 өрөө орон сууц, байрны доорх зогсоолын өмчлөх эрхийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд уг эрхийг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Мөн худалдах худалдан авах гэрээний зүйл нь эд хөрөнгийн доголдолтой байсан зайлшгүй нэмэлт засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан талаар хариуцагч маргаж нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Харин анхан шатны шүүх засварын зардлыг гаргуулахдаа дээрх харилцааг нарийвчлан зохицуулсан худалдах худалдан авах гэрээний зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зөв гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулан шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 1025 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ыг Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10б байрны 51 тоот 71,46 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон тус байрны В1 давхарт байрлах 15 тоот 17,9 м.кв талбай бүхий авто зогсоолын худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхтэйг тогтоож, түүнийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст уг байрны өмчлөгчөөр бүртгэхийг даалгасугай. гэж,
2 дугаар заалтыг,
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар “Ласти-Интернешнл” ХХК-аас 1.310.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-т олгож, үлдэх 181.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
3 дугаар заалтыг,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгч Б.Ц-т холбогдуулж гаргасан тухайн байрнаас албадан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
О.НАРАНГЭРЭЛ