| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 137/2017/0079/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2019-03-20 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 127
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 122 дугаар цагаатгах тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр магадлалтай, Б.Б-д холбогдох 201710010020 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Ч овогт Б-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх прокуророос Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх тодорхойлох хэсэгтээ “...Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэлгүйгээр шийдвэр гаргасан байна гэж үзлээ” гэжээ.
Гэтэл уг хэргийг анхан шатны шүүхээр 4 удаа хэлэлцэж 3 удаа буцаасан, мөн давж заалдах шатны шүүхээр 2 удаа орж байгаа хэрэг билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж хуульчлан заасан байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримт болон бусад нөхцөл байдлыг нарийн тодруулаагүйгээр хэргийг буцаасан.
Анхан шатны шүүх хурал дээр хэрэгт авагдсан эд мөрийн баримтуудыг харьцуулан судалж анхан шатны шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр бүрэн дүүрэн тогтоож чадсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг авч үзвэл 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл нь бичлэгээс зөрүүтэй байна.
Мөн шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр СД-г уншуулан шинжлэн судлах байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай байна. Хохирогч Бямбаахүү, гэрч Г.Б, Э.З, н.Г, н.У, н.У, н.Б, С.Д нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр Б.Г, Б.Б нар хоорондоо зодолдсон биш, харин бусдад зодуулсан болох нь хангалттай нотлогдож байна. Мөн хэрэгт авагдсан бичлэгээр Б.Б гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ. Прокуророос хохирогч Б.Г, гэрч Б, З, Г, У, У, Т нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Б.Б-г ялласан боловч эдгээр нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэж чадаагүй, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч техникийн үзүүлэлт сайтай компьютерээр дан ганц Хаан банкны камерын бичлэгт үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй бөгөөд уг дүрс бичлэгээр хэн гэмт хэрэг үйлдсэн болохыг нягтлан шалгах шаардлагатай тул хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Норжай” караокений гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт явсан Б.Г-тай маргалдан түүний нүүр рүү гараараа цохиж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүйгээр Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Хаан банкны камерын бичлэгийг шүүх цагаатгах шийдвэрийн үндэслэл болгохдоо СД-д бичигдсэн үйл баримтыг хэрхэн дүгнэсэн, хэрэгт авагдсан яллах талын бусад нотлох баримтыг хэрхэн няцааж буйг дүгнэн тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж дүгнэхэд эргэлзээ төрүүлэхээр болжээ. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан СД-н бичлэгээс үзэхэд хохирогч Б.Г-г хэн нэгэн цохих үед хамт байсан хэд хэдэн гэрч харагдах ба тэднийг олж тогтоох нь хэргийн үйл баримтыг эргэлзээгүй зөв сэргээн тогтооход ач холбогдолтой бөгөөд шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр СД-г уншуулан шинжлэн судлах байдлаар хохирогчийг цохиж буй хүн шүүгдэгч Б.Б мөн эсэхийг шинжээчээр тогтоолгох шаардлагатай эсэхийг хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн заалтыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр магадлалын “хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлсүгэй” гэснийг “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН