Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 06

 

А.Туулын нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2018/00291/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч:

                           Ерөнхий шүүгчийн үүргийг

                           түр орлон гүйцэтгэгч шүүгч         Б.Батзориг

                             Шүүгчид                                     Д.Буянжаргал

                                                                                 Г.Давааренчин

                             Оролцогчид

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч       Д.Номин-Эрдэнэ

                               

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 580 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч О.Мөнгөнтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор А.Туулын нэхэмжлэлтэй О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт холбогдох “20.524.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч А.Туул анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие А.Туул нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эй Би Ди И ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далангийн уурхайн ажилчдын хоолыг хийхээр харилцан тохиролцсон. Тухайн үед миний бие бага насны хүүхэдтэй байсан тул дээр дурдсан ажилчдын хоол хийх ажлыг гүйцэтгүүлэхээр өөрийн дүү Н.Саруулхангай болон түүний эхнэр О.Мөнгөнтуяа нарыг сарын 3 сая төгрөгийн хөлс өгч ажиллуулахаар тохирч, Эй Би Ди И" ХХК-тай гал тогоог тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн. Харин миний бие Улаанбаатар хотоос ажилчдын хоол хүнсний материалыг уурхайд очиж О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт хүлээлгэн өгч, ажилчдын байр болон бодит нөхцөл байдалтай танилцдаг байсан. ...Хариуцагч О.Мөнгөнтуяагийн дансанд орж ирсэн нийт 49.238.000 төгрөгөөс А.Туул надад шилжүүлсэн 13.000.000 төгрөг, мөн Н.Саруулхангай, Э.Мөнгөнтуяа нарын цалингийн үлдэгдэл болох 15.714.000 төгрөгийг суутган тооцоход хариуцагч нараас 20.524.000 төгрөгийг авах ёстой байна. ...Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь дээр дурдсан 2 компаниас ажлын хөлсөнд орж ирсэн мөнгөний үлдэгдлийг хувьдаа ашигласнаас бусад ажилчдын цалин хөлс нэхэгдэж намайг болон бусдыг хохироогоод байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...үндэслэлгүй хөрөнгөжсөн О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нараас 20,524,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан А.Туулын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр дэмжиж оролцож байгаа тул ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Мөнгөнтуяа нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...А.Туултай гэрээ байгуулаад түүний удирдлага дор ажиллаад байсан асуудал биш юм. Ажил олж өгсөн гэдэг утгаар мөнгө нэхэмжилж байвал А.Туулын хувьд зүгээр сууж байгаад хангалттай ашиг орлого олсон. Өөрөө гараа ч хөдөлгөхгүй орлогыг авна гэдэг байж боломгүй зүйл. А.Туулын зүгээс эхлэлтийн дараа зүйлс авч өгсөн асуудал байхгүй, бүгд л тухайн уурхай дээр байгууллагаас урьдчилгаа мөнгө авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэнд үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд хоолны тооцоо хийхгүй, үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй үед Н.Саруулхангай бид хоёр л бүх зүйлийг зохицуулж ирсэн. Хоолны мөнгөний тооцоотой байгууллагууд хоолныхоо мөнгийг өгөхгүй чирэгдэл учруулахад би тухайн нутгийн засаг захиргааны байгууллагын хяналтан дор суулт хийж, өлсгөлөн зарлаж байж олж авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Н.Саруулхангай нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...А.Туул өөрсдийн танил тал өөр бусад байдлаар тухайн ажлыг олж өгсөн байж болох ч яг гардан хөдөлмөр эрхэлсэн хүмүүсийг шулах нь шударга явдал гэж бодохгүй байна. А.Туулын хувьд ажил олж өгсөн гээд энэ орлогыг миний мөнгө гэдэг байдлаар хандаж байгаа нь зохимжгүй юм. Ажил олж өгөөд хамтарч ажилласан гэдэг байдлаар мөнгө авах ёстой бол А.Туулын хувьд хангалттай мөнгө төгрөг авсан. Байгууллагаас хоолны мөнгө гэж орж ирсэн мөнгийг үндсэндээ эргүүлээд хоолны түүхий эд авахад зарцуулдаг байсан. Эхнэр О.Мөнгөнтуяа бид хоёр энд ажиллах хугацаандаа цалин гэж тооцож авсан зүйл байхгүй. Одоо бидний зүгээс А.Туулд өгөх мөнгөний тооцоо байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 580 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нараас 17.424.000 төгрөгийг гаргуулан А.Туулд олгож, үлдэх 3,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.Туулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260.570 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 580 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус шийдвэрээр А.Туулын нэхэмжилсэн 20.524.000 төгрөгөөс 17.424.000 төгрөгийг хариуцагч О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай бид нараас гаргуулан олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх А.Туулын нэхэмжилж буй мөнгийг ямар учраас хариуцагч бид нараас гаргуулан олгохоор шийдвэрлэснийг ойлгохгүй байна. А.Туул нь "Эй Би Ди И" ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн мөнгийг О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай бид нараас авах ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь  үндэслэлгүй гэж бодож байна. Хариуцагч бидний хувьд тухайн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй хүмүүс мөн гэж дүгнэсэн нь эргэлзээтэй. Тухайн ажил гүйцэтгэх гэрээний дагуу А.Туул нь Эй Би Ди И ХХК-аас төлбөрөө нэхэмжилвэл А.Туул нь тэр мөнгийг авч чадахгүй гэдгийг бид итгэлтэй хэлж байна. Учир нь А.Туул нь тухайн уурхай дээр ямар ч үүрэг гүйцэтгээгүй, байдаггүй байсан учраас уурхай дээр байрлаж байсан байгууллагын албан тушаалтнууд нь ажил гардаж гүйцэтгэж байсан бид нартай тооцоо хийнэ гэдгээ анхнаасаа илэрхийлж, ойлголцож мөнгөө шилжүүлж байсан. Үнэхээр А.Туулын авах ёстой мөнгийг авч завшсан асуудал байвал Цагдаагийн байгууллагаар шалгуулахад татгалзах зүйлгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. А.Туул нь гэр оронд ирж өдөр, шөнөгүй хэрүүл хийж сүүлд залхсандаа хүчээр бичиж өгсөн бичгийг үндэслэн шүүхээс 17.424.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж хариуцагч миний хувьд үзэж байна. О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай бид нарын хувьд А.Туулын “Эй Би Ди И” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний талууд биш, тухайн гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй байхад биднээр гэрээний дагуу орж ирсэн гэх мөнгийг гаргуулан А.Туулд олгож байгаад гомдолтой байна. Шүүхэд хүрэлцэн ирсэн гэрчүүд хэлсэн байгаа "...Мөнгөнтуяа өлсгөлөн зарлаад байхаар нь төлбөрийг барагдуулсан гэж" би еөрийн хийсэн ажлын хөлсийг авах гэж өлсгөлөн зарласан болохоос биш А.Туулын мөнгийг авч өгөх гээд өөрийн эрүүл мэндээ золионд гаргасан асуудал байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Мөн шүүхийн шийдвэрт Н.Саруулхангай нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үүрэггүй гэж дүгнэсэн байна, гэтэл Н.Саруулхангайгаас мөн гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин нэхэмжлэгч талаас нэхэмжпэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн нотлох баримтыг бүрэн гүйцэд хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс 3.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж гомдолтой байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан Мөнгөнтуяа, Туул нарын хийсэн тооцоо нийлсэн баримтанд “Мөнгөнтуяа нь тооцоо гаргаж байх үед тооцоог буруу бодож гаргасан байсан” тухай тайлбар гаргаж нотлох баримт шинжлэн судлуулсан боловч шүүх үүнийг анхаарч үзээгүйгээс үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тодруулбал: Мөнгөнтуяа, Саруулхангай нар нь нийлээд сард 3 сая төгрөгийн цалинтай /нийлээд өдрийн 3.000.000 төгрөг /30 хоног=100.000 төгрөг/ ажиллаж байсан, 2017.01.02-ны өдрөөс 2017.06.16-ны өдөр хүртэл нийт 5 сар 15 хоног ажилласан, нийт 5 сарын цалин 15 сая төгрөг, 14 хоног х 100.000 төгрөг=1.500.000 төгрөг, ажилласан хугацааны цалин нийлээд нийт 16.500.000 төгрөг байна. Гэтэл Мөнгөнтуяа нь тооцоо нийлж байх үед тооцооны алдаа гаргаж 19.600.000 төгрөг гэж буруу бичсэнийг шүүх тооцоог нягтлан судлаагүй. Мөн 6 сарын 16-ны өдрөөс 10 сарын 04-ний өдрийг хүртэл ажил хийгээгүй боловч хариуцагч нарт мөн л нийлээд нийтэд нь сард 1 сая төгрөгийн цалин олгохоор харилцан тохиролцсон. Ингээд 3 сар 20 хоногийн цалин 3.666.000 төгрөг байна. Хариуцагч нарт цалинд дээрх тооцооллоор 20.166.000 төгрөгийн цалинг өгөх ёстой бөгөөд үүнээс 4.452.000 төгрөгийг нь урьдчилан өгсөн тул 15.714.000 төгрөгийг цалинд суутгаад, /орж ирсэн 49.238.000 төг-13.000.000 Туул авсан-15.714.000 цалин=20.524.000 төгрөг/ тооцоолбол 20.524.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах байтал 3.100.000 төгрөгийг үндэслэлгүйгээр хассан тул өөрчлөлт оруулж өгнө үү. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Н.Саруулхангайд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор дүгнэлт хийсэн атлаа, тогтоох хэсэгт алдаа гаргаж хариуцагч Н.Саруулхангайд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх энэхүү алдааг залруулж өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан  нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь  хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан  нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжпэгч А.Туул нь хариуцагч О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний захиалагчаас ажлын хөлсөнд авсан 20.524.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийн үйл баримтын талаар: Нэхэмжлэгч А.Туул нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр  “Кэйтринг” ХХК гэсэн нэршлээр  “Эй Би Ди И” ХХК-тай  Дорноговь аймгийн Даланжаргалант сумын Далангийн уурхайн ажилчдын хоолыг бэлтгэн нийлүүлэх гэрээг   байгуулж,  “Эй Би Ди И” ХХК- ний байгуулсан гэрээний дагуу  “Сүрлэг хангайн зам” ХХК, “Очир ням” ХХК, “Монголиан Бүүстер” ХХК-ууд мөн  “Кейтринг” ХХК -ууд  хамтран  ажилласан.

Нэхэмжлэгч А.Туул нь “Эй Би Ди И” ХХК-тай  байгуулсан гэрээний дагуу хамтран ажиллах саналыг өөрийн дүү Н.Саруулхангай, түүний энхэр О.Мөнгөнтуяа нарт гаргаснаар хариуцагч О.Мөнгөнтуяа нь “Кэйтринг” ХХК-ны ахлах тогоочоор 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн 2017 оны 06 сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан.  

 Гэрээний нэг тал  болох “Сүрлэг хангайн зам” ХХК,  “Очир ням” ХХКомпаниуд нь ажилчдынхаа хоолны төлбөр болох 49.238.000 төгрөгийг  хариуцагч О.Мөнгөнтуяагийн    дансанд шилжүүлснээр зохигчдын хооронд  хоолны төлбөрийн мөнгийг хэн  нь  авах талаар маргаан үүссэн байна.  

Хариуцагч О.Мөнгөнтуяа нь   нэхэмжлэлийн татгалзалын үндэслэлээ тухайн гэрээг байгуулахад нэхэмжлэгч А.Туул тусалсан болохоос тэрээр гэрээний дагуу компаний ажилчдын хоол бэлтгэх нийлүүлэх үйл ажиллагаанд оролцоогүй,  би өөрөө  гардан гүйцэтгэсэн тул  гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын мөнгийг авах эрхтэй гэж тайлбарладаг.

 

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл  нэхэмжлэгч А.Туул “Эй Би Ди И” ХХК-тай  ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тухайн гэрээнийхээ үүргийг биелүүлэхийн тулд хариуцагч Н.Саруулхангай, О.Мөнгөнтуул нарыг  өөрийн ажилд туслуулахаар тохиролцон  хариуцагч О.Мөнгөнтуяаг  ахлах тогоочоор ажилуулж,  ажилчдын хоол  бэлтгэн нийлүүлэх  ажлыг хариуцуулж гал тогооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр үйл ажиллагаагаа явуулсан байна. 

Ийнхүү ажиллах хугацаандаа  нэхэмжлэгч А.Туул захиалагч байгууллагуудтай  хоолны төлбөрийн тооцоо нийлж,  гал тогоонд хоолны  материал  нийлүүлж, хариуцагч Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа болон өөр бусад ажилчидад зохих хөлсийг төлсөн байна.   

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээдийг  оролцуулж болно.  Энэ тохиолдолд  ажил гүйцэтгэгч нь  захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болохоор заасан тул  хариуцагч О.Мөнгөнтуяаг нэхэмжлэгч А.Туул “Эй Би Ди И” ХХК-ны хооронд байгуулсан ажилчдын хоол бэлтгэн нийлүүлэх  гэрээнд  туслан гүйцэтгэгчээр оролцсон гэж үзнэ.

 

Харин хэргийн  зохигчдын хооронд Иргэний хуулийн  359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байгаа бөгөөд тухайн гэрээгээр хариуцагч нар нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх,  нэхэмжлэгч А.Туул нь хариуцагч нарт  гэрээнийхээ дагуу  тохирсон хөлсийг өгөх үүргийг хүлээнэ.

Гэтэл хариуцагч О.Мөнгөнтуяа нь нэхэмжлэгч А.Туулын бусадтай байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхгүй  атлаа өөрийгөө ерөнхий ажил гүйцэтгэгч хэмээн үзэн захиалагч “Сүрлэг хангайн зам” ХХК,  “Очир ням” ХХКомпаниудаас гэрээний төлбөрт 49.238.000 төгрөгийг шаардан авч,  үүнээсээ нэхэмжлэгч А.Туулд 13.000.000 төгрөгийг шилжүүлж бусад мөнгийг хувьдаа  захиран зарцуулсан байна.

Ийнхүү  хариуцагч О.Мөнгөнтуяа нь өөрт гэрээгээр олгогдоогүй эрхийг эдэлж  бусдын гэрээний үүргийг  шаардан авсан нь байх тул  түүнийг   Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар бусдын хөрөнгийг  үндэслэслэлгүйгээр  олж авсан буюу  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч А.Туул нь захиалагч компаниудаас хариуцагч О.Мөнгөнтуяад   хоолны төлбөрт шилжүүлсэн 49.238.000 төгрөгөөс өөрт шилжүүлсэн 13.000.000 төгрөг болон  хариуцагч нарт олгох  цалин 15.714.000 төгрөг хасаж хариуцагч нараас  20.524.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Туул нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нарт холбогдуулан гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийхээ дагуу  хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх үед хариуцагч Н.Саруулхангайд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Н.Саруулхангайд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн  493.6-д  “эд хөрөнгийг шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй”  зааснаар  хариуцагч  О.Мөнгөнтуяагаас  үндэслэлгүй олж авсан 20.524.000 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч А.Туулд олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр тэмдэгтийн хураамж тооцон гаргуулж  шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  

Анхан шатны шүүх  нэхэмжлэгчийн хариуцагч Н.Саруулхангайд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг хүлээн авсан атлаа шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт энэхүү хүсэлтийг шийдвэрлээгүй, мөн  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны  дагуу тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлгүй тус тус орхигдуулж хууль хэрэглээний алдаа гарсан болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 580 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1,492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар хариуцагч О.Мөнгөнтуяагаас 20.524.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Туулд олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.Туулын хариуцагч Н.Саруулхангайд холбогдуулан  гаргасан нэхэмжлэлээсээ  татгалзсан татгалзлалыг баталсугай.” гэж

2 дахь заалтыг:

“2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч А.Туулаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260.570 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч О.Мөнгөнтуяагаас 260.570   төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч О.Мөнгөнтуяа нь шүүгчийн захирамжаар давж заалдах тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН