Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 215/МА2020/00009

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, шүүгч Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00052 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 дугаар баг, Оргил Жавхлант хороолол 5 дугаар байр, 2 тоотод оршин суух, Ж овогт Д.А-г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-н гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА-н БСУГ-т холбогдох,

албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай иргэний хэргийг  2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГАА-н БСУГ-ын ахлах мэргэжилтэнээр Д.А нь ажиллаж байсан. ГАА-н БСГ-ын даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар албан тушаал бууруулсан байдаг. Ингэж албан тушаал бууруулахдаа ямар ажил хийхийг нь заагаагүй. Ямар ажил хийхээ мэдэхгүй явж байгаад улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар өмнөх тушаалаа хүчингүй болгоод Газар зүйн боловсрол хариуцсан мэргэжилтнээр томилсон байдаг. Тухайн ажил дээр ажиллах гээд очтол цагийг нь бүртгээгүй гэдэг шалтгаанаар мөн ажиллаж чадаагүй. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.А нь өмнө нь эрхэлж байсан ажил буюу БСУГ-ын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоогдсон. Ингээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр мөн хэрэг шийдвэрлэгдээд, шийдвэр нь хэвээр үлдсэн.  Хариуцагч талаас Улсын Дээд Шүүхэд гомдол гаргахад, гомдлыг Улсын Дээд Шүүх хүлээж авахаас татгалзсан. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү 1.348.275 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 11.113.772 төгрөг нэхэмжилж байна. Д.А гэдэг хүн ажлаасаа үндэслэлгүй халагдсан байна гээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой дүгнэлтүүдийг бид өнөөдөр энд хийгээд суугаад байх үндэслэл байхгүй. Цалингийн зөрүү мөн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Нийгмийн даатгалын лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр хоёрыг хавсаргаж өгсөн байгаа. Яагаад лавлагааг гаргаж өгсөн гэхээр 12 дугаар сард сайн дураараа төлсөн гэдгийг лавлагаагаар батлахаар гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр Д.А-г ажилд нь эгүүлэн тогтоосон. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр байгаа. Энэ шийдвэрт бол анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсон байдаг. Гаргасан тушаалуудтай холбоотой нэмэгдүүлсэн шаардлагууд гаргаж байсныг анхан шатны шүүхээс хүчингүй болгосон байдаг. Тэр хүчингүй болгосон шаардлагыг өөрчилж давж заалдах шатны шүүхээс магадлал гарсан байдаг. Үүнтэй холбогдуулж анхан шат болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А-г албан тушаал бууруулсан үндэслэл нь өөрөөс нь хамаарсан. Төрийн албан хаагчийн тухай хуулинд захирах, захирагдах ёс байдаг үүнийг зөрчсөн. Төрийн албаны ёс зүйн дүрмийг зөрчиж архи уусан, ажил тасалж явсан. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Э гэдэг хүн БСУГ-ыг ирж шалгасан. Ирээд шалгахад ажил дээрээ байгаагүй, утсаа таслаад алга болсон гэж шалгалтын тэмдэглэл дээр тэмдэглэсэн байдаг. Төрийн албаны хууль зөрчсөн, төрийн албаны ёс зүй зөрчсөн, ахлах мэргэжилтний үүрэг даалгаврыг биелүүлээгүй учир энэ хүнийг ажил албан тушаалыг нь өөрчлөх шаардлага дээд шатны байгууллагаас ирсэн байдаг. Үүний дагуу албан тушаал бууруулсан шийдвэр гаргасан. Энэ тушаалын үндсэн дээр үр дүнгийн гэрээ байгуулах даалгавар өгөхөд биелүүлээгүй, ажлаа орхиод явсан. 4 дүгээр сарын 02 хүртэл ажил орхиж явсан. Бид ажил хийхгүй байгаа хүн дээр цалин гаргаад яваад байж болохгүй учраас ажил тасалсан шалтгаанаар 4 сарын дараа ажлаас чөлөөлсөн. Тэгээд явж байгаад эгүүлээд ажилд нь томилсон байдаг. Гэтэл Д.А Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шийдвэр гаргуулна гэсэн байдлаар явсаар 2019 оны 12 дугаар сарын 30 хүртэл явсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс буцаад ажилдаа орсон. Шүүхийн шийдвэр бол ахлах мэргэжилтний орон тоон дээр томилох гэсэн байгаа. Манай байгууллагад бүтэцийн өөрчлөлт хийгдээд энэ орон тоо нь байхгүй болсон. Тэгээд томилохгүй байсан ч болохоор байгаа юм. Би болоод манай удирдах зөвлөл бол албан тушаалын зөрүү 1.300.000 төгрөгийг шийдэж болно. Үлдсэн мөнгө нь өөрөөс нь шалтгаалсан учраас боломжгүй гэсэн байр суурьтай байна. Ажил хийхгүй байж байгаад цалингаа шүүхээр гаргуулаад авч болдог юм байна гэсэн ойлголтыг өмгөөлөгчөөсөө авсан юм шиг байна. Ажилгүй байсан хугацааны цалин нь аль ч талаасаа бодсон цалингийн асуудал нэхэмжлэх боломжгүй юм гэж үзээд байгаа юм. Төсөв захирагчийн эрх үүргийн хувьд хууль зөрчсөн, Ерөнхий сайдын захирамж чиглэлийг биш Төрийн албаны хуулийг үндэслээд албан тушаал бууруулсан. Үүнийг зөвтгөнө гэдэг бол буруу, хууль зөрчсөн асуудал болно. Ажлыг нь заагаад албан тушаал бууруулж байхад өөрөө ажлаа хаяж явсан. Ажил хийгээгүй байж цалин авсан байгаа. Үүнийг буцааж нэхэмжилнэ гэж бодож байна. Ажил хийгээгүй бүртгэл нь байгаа. Ажил хийлгүй явж байгаад цалин тогтоолгодог ийм хууль байхгүй. Ажил хийгээгүй хүнд цалин өгөх хууль эрх зүйн боломж байхгүй. Харин буцааж 1.300.000 төгрөгийн нэхэмжлэл гаргах бодолтой байгаа. Одоо бол би ажлаар хангасан. Шүүхийн шийдвэрийн хувьд бол ажлаар хангаж чадаагүй. Үүнийг бол өөрөө ойлгож байгаа. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс бүтцийн өөрчлөлт хийгээд, БСУГ-т ахлах мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болсон. Бид нарын санаачлагаар болсон зүйл биш. Өөрөө тэр хүн дахиж архи уухгүй, ёс зүйн зөрчил гаргахгүй, энэ ажлаа гүйцэтгэмээр байна гэсэн хүсэлт удаа дараа гаргасан болохоор ажилд томилсон. Эхний албан тушаал бууруулсан тушаалыг өмгөөлөгч ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан байдаг. Энэ бол ахлах мэргэжилтэн гэсэн албан тушаалаас чөлөөлсөн тушаал. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гэрээ байгуулаад хамтарч ажиллах чиглэл өгсөн боловч тушаалд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан учраас тэр тушаалд өөрчлөлт оруулаад Газар зүй хариуцсан мэргэжилтнээр томилсон. Тэр хоорондын цалингийн зөрүү гараад байгаа. Өөрөө шүүхийн шийдвэрээр ажил албан тушаалдаа орно гээд ажлаа хийхгүй яваад байсан. Ажлаа хийхгүй яваад байгаа хүнд сул цалин олгоно гэдэг хууль байхгүй. Тийм болохоор зөвхөн дээд шатны газраас энэ хүн ажлаа хийж чадахгүй байна, энэ албан тушаалд тэнцэхгүй байна, төрийн албаны ёс зүй зөрчиж байна, ажлын байранд архи ууж байна,  ажил тасалж байна гэсэн шаардлага тавьсан болохоор албан тушаал бууруулсан шийдвэр гарсан. Энэ хүнээс өөрөөс нь хамаарсан зүйл. Цалингийн зөрүүг олгож болно. Сүүлд ажил таслаад явсан байхад нь ажилгүй байсан хугацааны цалин өгөх боломжгүй. Манайд хамаагүй болсон хойноо нийгмийн даатгал төлсөн нь хувь хүнтэй холбоотой асуудал. Ийм асуудлыг энд оруулах нь зүй зохисгүй зүйл байна гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ГАА-н БСУГ-аас ажил албан тушаал бууруулсан 238 хоногийн албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүүнд  3.754.688 /гурван сая долоон зуун тавин дөрвөн мянга зургаан зуун наян  найман/ төгрөг, ажилгүй байсан хугацаа 221 хоногийн олговорт 8.648.393 /найман сая зургаан зуун дөчин найман мянга гурван зуун ерөн гурван/ төгрөг, нийт 12.403.081 /арван хоёр сая дөрвөн зуун гурван мянга наян нэгэн/ төгрөгийг гаргуулан Ж овогт Д.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Д.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ГАА-н БСУГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч ГАА-н БСУГ-аас улсын тэмдэгтийн хураамжид  213.399 /хоёр зуун арван гурван мянга гурван зуун ерөн есөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00052 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Д.А ахлах мэргэжилтний албан тушаалд БСУ-ийн салбарын шаардлага хангахгүй байсан учир албан тушаал бууруулсан.

Ажлын цагт архи ууж, Ерөнхий сайдын үүрэг даалгавар, хууль журам зөрчсөн, БСУГ-ын дарга миний шаардлага, удирдлагыг үл тоож, уландаа гишгэсэн.

Төрийн албаны шалгалт бол тэр шалгалтад тэнцэж, төрийн алба эрхлэх эрх зөвшөөрөл олгохоос ажлын цагаар архи уух, ажил тасалж болох эрх, зөвшөөрөл биш.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг нь ажилдаа тэнцэхгүй хүний албан тушаал бууруулсан цалингийн зөрүү, ажилгүй байсан олговор нэрээр төрөөс мөнгө төлүүлэх ойлголт биш юм.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль надад хамаарахгүй би бол шалгалтандаа тэнцсэн төрийн албан хаагч гэж үзэн байгууллагын даргатай гэрээ байгуулаагүй.

Аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/610 дугаар захирамж, Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний 338 дугаар тогтоолоор БСУГ-ын бүтэц өөрчлөгдсөн тул Д.А-г орон тоо байхгүй ахлах мэргэжилтний албан тушаалд томилох боломжгүй.

Авилгатай тэмцэх газрын албан бичгээр зөвшөөрөл иртэл Д.А өөрийнх нь хүсэлт, ахуй байдлыг нь харгалзан 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс БСУГ-ын санхүү, үйлчилгээний албаны даргаар түр томилон ажиллуулж байна.

Д овогтой А өөрийн нь гаргасан зан араншин, үйлдэл ахлах мэргэжилтний албан тушаалд тэнцэхгүй байгааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Э БСУГ-ын цаг ашиглалтыг шалгаж, Д овогтой А нь архи ууж байна, ажил тасалж байна гэдэг шаардлагыг амаар өгсөн.

Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэр гарч, төрийн байгууллагын ажилтан албан хаагч, ажлын байранд архи уух асуудлыг таслан зогсоо, хэрвээ ажлын байранд архи уусан төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авах шийдвэр байсан.

Д.А албан тушаал бууруулах БСГ-ын даргын шийдвэр, тушаал гарч  албан тушаал бууруулсан.

Д.А албан тушаал бууруулах шийдвэрээр байгууллагын даргатай гэрээ байгуулах, ажлын байрны тодорхойлолт батлуулах үүрэг даалгаврыг хөсөр хаяж, байгууллагын даргын шийдвэрийг үл тоож, ажил тасалж, өөрийн дураар ажилгүй явсан хүн юм.

Иймд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр албан тушаалын цалингийн зөрүү, олговор олгохыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.  

 

Нэхэмжлэгч Д.А нь ГАА-н БСУГ-ын ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад тус газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар түүний албан тушаалыг бууруулж, улмаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаартай магадлалаар Д.А-г тус газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү гаргуулах хохирлын хэмжээний талаарх маргааныг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаажээ.

 

Гэтэл нэхэмжлэгч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь Говь-Алтай аймгийн БСУГ-т холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны цалингийн зөрүү, 2018 оны 12 дугаар сараас шүүх хуралдаан болох хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч БСУГ-ын төлөөлөгч Р.Б нь  “...Д.А-г албан тушаал бууруулсан үндэслэлээ түүнийг өөрөөс нь хамаарсан. Тухайн үеийн цалингийн зөрүү 1.300.000 төгрөгийг шийдэж болох юм. Ажлыг нь заагаад албан тушаал бууруулж байхад өөрөө ажлаа хаяад явсан. Ажил хийгээгүй байж цалин авсан. Ажил хийгээгүй хүнд цалин өгөх боломжгүй...” гэж маргажээ.

 

Иргэний хэргийн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилтны ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртлэх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртлэх хугацаа мөн хамаарна гэж дүгнээд 2018 оны 4 дүгээр  сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар  сарын 27-ны өдрийг дуустал албан тушаал бууруулсан нийт 238 хоногийн цалингийн зөрүү, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажилгүй байсан нийт 221 хоногийн цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 магадлал гарснаас хойш ажил хийгээгүй, ажил тасалсан тул 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн гэж, нэхэмжлэгч нь ажил хийх боломжоор хангаагүй гэж маргаж байна.

 

Д.А-г 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийн талаар маргаагүй, энэ талаар шүүхийн шийдвэр гараагүй байхад Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ хугацааг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэг талаас Д.А Захиргааны хэргийн шүүхийн магадлал гарснаас хойш ажлаа хийгээгүй, ажил тасалсан гэх, нөгөө талаас ажил олгогч ажил хийх боломжоор хангаагүй гэх маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш бий болсон өөр төрлийн маргаан байх бөгөөд эдгээр үйл баримт нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзнэ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213.299 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.Б

                  ШҮҮГЧИД                          Ч.Э

                                                             Т.Ж