Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

 “Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/02317 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б-” ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ө-” ХХК холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 19 958 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б-” ХХК нь 2014 онд 8 дугаар сард “Ө-” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил стар хотхоны цахилгаан дамжуулах кабель шугам /оргил стар хотхоны ХТП-3027-оос Шинэ ХТП хүртэлх 0.64км 10 кв-ын кабель шугам/-ын угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн юм. Тухайн үед Оргил стар хотхон ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авах болсон байсан тул бид 19 958 000 төгрөгийн төсөв зохиож танилцуулахад “Ө-” ХХК-ийн гүйцэттэх захирал Л.Э түүнийг хүлээн зөвшөөрч, улмаар биднээр ажлаа гүйцэтгүүлж, ажлынхаа гүйцэтгэлийг хүлээн авсан юм. Гэвч ажил хүлээн авснаас хойш баталгаат хугацаа 3 жилийн хугацаа дуусахаар төлбөрийг чинь төлнө гээд хүлээлгэж байсан, бидний зүгээс үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч төлөлгүй явсаар одоог хүрлээ. Улмаар 2019 оны 5 сард гүйцэтгэх захирал н.Э-тай уулзахад одоо дарга нар солигдсон яаралтай олгоё гэж байсан боловч одоог хүртэл өгөхгүй байх тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд 19 958 000 төгрөгийг “Ө-” ХХК-иас гаргуулж, манай компанид олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө-” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талтай барилгын ажил захиалж гэрээ хэлцэл байгуулаагүй, ажил хийлгээгүй, ажлыг хүлээлгэн өгөөгүй буюу “Б-” ХХК-иас манай компанид ажил хүлээлгэж өгсөн гэх акт юм уу холбогдох баримт материал огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч Н.Т- шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 8 дугаар сарын сүүл, 9 дүгээр сарын 01-ний өдрөөс  02-ны өдрийн хооронд “Б-” ХХК болон “Ө-” ХХК-ийн хооронд энэ ажил хийгдсэн, би тэр ажилд цахилгааны инженерээр ажилласан. Оргил стар хотхон рүү шинэ ХБ хаалттай станц барих ажлын кабел шугамын ажлыг хийсэн, гэрээ хэлцлийн талаар мэдэхгүй, Б нь ажил гарахаар дуудаж ажлууладаг, би ажил хүлээлцэхэд байгаагүй ч актад хийгдсэн ажил бол мөн, омметр гэж багажаар хэмжихэд хэвийн байсан тул актаар баталгаажуулсан юм. Гэрч Ц.А- шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: ... 1 сарын дотор хийж гүйцэтгэсэн, баталгаат хугацаа 3 жил гаргасан. Тэр үед манай компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Дорнод-1 35кв станцаас Засгийн газрын ордон руу шугам татах ажил хийж байхад “Ө-” ХХК-ийн захирал н.Э- гэдэг хүн ирээд энэ кабелийн ажлыг хийлгэе гэхэд нь би захиралтай уулзуулсан, гэрээ бичгээр хийгээгүй, “Ө-” ХХК-ийн захирал н.Э- гэрээ бичгээр хийнэ гэж хэлээд хийгээгүй, 2016 онд н.Э- захиралтай уулзсан, тэр үед ажлын чинь баталгаат хугацаа чинь дуусаагүй байна, 2017 онд ирээрэй гэсэн, 2017 оны 9 дүгээр сард очсон чинь өгнө гэдэг байсан. 2019 оны 6 дугаар сард “Альяанс Тех” ХХК дээр очсон чинь гүйцэтгэх захирал нь н.Э- болсон байсан. Тэгхээр нь би нөгөө мөнгөө асуусан чинь чи шүүхээрээ дамжуулж ав, би чамд гэрч болно гэж хэлсэн. “Ө-” ХХК-ийн инженерүүд нь ажлыг хийж байхад ч, мөн хийсний дараа нь ч гэсэн газар дээр нь ирж үзсэн. Би н.Э- захиралд 2 удаа гүйцэтгэлийн бичиг баримтаа өгсөн, харин надад зөрүүлж гарын үсэг зурж өгөөгүй, алга болсон гэж хэлдэг гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “Ө” ХХК-иас 19 958 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 258 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 257 740 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 14-ны өдрийн 181/ШШ2019/02317 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. "Ө-" ХХК нь 2007 оноос эхлэн нийслэлд хэд хэдэн томоохон бутээн байгуулалтыг бий болгож байгаа туршлагтай барилгын компани бөгөөд барилгын тухай хууль, бусад дүрэм журамд заасны дагуу барилга угсралтын бүхий л ажлыг батлагдсан зураг, төсөв, гэрээнд үндэслэн гүйцэтгэдэг. Гэтэл бид "Б-" гэх компанид ажил захиалаагүй, ямар ч хэлцэл, гэрээ байгуулаагүй байтал анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн зүгээс өгсөн хэн нь ч зохиосон нь мэдэгдэхгүй төсөв, ажлын акт зэргийг үндэслэн асуудлыг хийсвэрээр төсөөлж, учир дутагдалтай шийдвэрлэсэнд гомдолтой байна.

  1. Нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн.         

-Шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Ө-" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Э-тай Иргэний хуулийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн" гэж тодорхойлжээ. Гэвч энэ үед /2014 оны 08 сар/ Л.Э- гэгч хүн "Ө-" ХХК-ийн Гүйцэтгэх захирал байгаагүй бөгөөд тухайн үед компанййг төлөөлөх эрхгүй этгээд юм. Гэтэл анхан шатны шүүх албан ёсны ямар баримт дээр тулгуурлан Л.Э- гэгч хүнийг ийнхүү хүчээр захирал болгон дүгнэсэн нь ойлгомжгүй юм. Л.Э- нь 2015 оны 8 дугаар сарын 14-ны өдөр Гүйцэтгэх захирлаар томилогдсон тухай компанийн зүгээс шүүхэд албан ёсоор тайлбар өгсөн бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд энэ тухай бүртгэл, тэмдэглэл нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүх энэ тухай хариуцагчийн тайлбар, баримтыг огт үнэлж дүгнээгүй орхигдуулсан. Манай компани нь Хан-уул дүүргийн 11-р хороонд байрлах "Оргил стар" хотхоны барилгыг 2015 онд улсын комисст хүлээлгэн өгсөн ба бид хуулинд заасан үүргийнхээ дагуу уг барилгын бүх эх хувь баримт бичиг /барилгын ажлын зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд, зураг төсөл, ил далд ажлын акт, талбайн журнал болон бусад холбогдох баримт бичиг/-үүдийг төрийн архивын сан хөмрөгт иж бүрэн бүрдэлтэйгээр хүлээлгэн өгсөн. Үндэсний төв архивын газраас 2019 оны 09 сарын 26-ны өдөр 03/454 тоот алан бичиг ирүүлсэн нь хэргийн материалд авагдсан бөгөөд уг бичгийн утга нь "Оргил стар" хотхоны ХТП3027-оос шинэ ХТП хүртлэх 0.64 км кабель шугамын гүйцэтгэлтэй холбоотой баримт бичиг Зураг төслийн баримтын архивт огт байхгүй тухай хариуг өгсөн байдаг. Энэ нь "Оргил стар" хотхоны барилгад шинээр 0.64 км кабель шугамын ажил хийгдээгүй болохыг нотлож байна. Гэтэл анхан шатны шүүх уг албан бичгийг үнэлж дүгнээгүй орхигдуулсан. -Гэрч Ц.А-ын мэдүүлэгт: "манай захирал чи энэ асуудлыг хариуцаад хийчих, тэгээд мөнгө төгрөгийг нь чи өөрөө ав гэж хэлсэн" гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд хувь хүмүүсийн хоорондын тохиролцоо мэт харагдах бөгөөд "Б-" ХХК болон "Ө-" ХХК хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй гэдэг нь нотлогдож байна. Гэтэл энэ талаар анхан шатны шүүх судалж дүгнээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гүйцэтгэлийн баримт бичиг, ажлын акт зэрэг нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд хууль зүйн шаардлага хангахгүй бөгөөд эдгээрийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм. Тухайлбал, нэхэмжлэгчийн зүгээс өгсөн Аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээн /хх-4/ дээрх хугацаа 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай олгогдсон байх бөгөөд энэ нь 2014 оны 8 дугаар сарын үйл баримтыг тогтооход ач холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл, "Б-" гэх компани нь 2014 онд барилгын шугам сүлжээ, цахилгааны кабель угсрах зэрэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй байсан гэж дүгнэхээр байна. Төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа аж ахуйн нэгжийг барилгын шугам сүлжээ, цахилгаан дамжуулах кабель угсрах ажил эрхлэхийг хуулиар хориглодог. Нэгэнт тусгай зөвшөөрөлгүй компанийн гаргасан цахилгаан дамжуулах кабель шугамын гүйцэтгэлийн баримт бичиг, ажлын акт, төсөв зэрэг нь өөрөө хүчин төгөлдөр бус бөгөөд эдгээр баримт нь наад захын стандарт шаардлагад нийцээгүй, төлөөлөх эрхгүй хүн хийсэн зэргээр нотлох баримтын шаардлага хангаагүй баримт юм. Тухайлбал: 2014 онд гаргасан Гүйцэтгэлийн бичиг баримт гэгчид тусгай зөвшөөрөл хавсрагдаагүй, зургийн автор байхгүй, боловсруулсан “Б-” ХХК-ийн инженер Н.Т- гэх боловч уг компанийн инженер мөн эсэх, төлөөлөх эрхтэй эсэх талаарх нотлох баримт байхгүй, гүйцэтгэлийн баримт гэгчид захиалагч “Ө-” ХХК гэж бичсэн нь уг баримтыг нөхөж хийсэн гэж үзэхээр /хариуцагчийн оноосон нэр "Ө-" ХХК бөгөөд энэ нэрээр улсын бүртгэлд бүртгэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцдог хуулийн этгээд юм/, захиалагч талд танилцуулсан гэх гарын үсэг, акт баримт, хавсралт байхгүй, зүгээр л дунд сургуулийн сурагч зохиогоод хийсэн гэмээр баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулж дүгнэлээ гэхэд итгэх үндэслэл байхгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...гэрээний зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна" гэж дүгнэжээ. Нэхэмлэлд дурьдсан ажлын үр дүнг "Ө-" ХХК-ний өмчлөлд шилжүүлсэн гэх нэг ч баримт хэргийн материалд байхгүй юм. Гэрч Н.Т- би ажил хүлээлцэхэд байгаагүй гэсэн, гэрч Ц.А-ын мэдүүлэгт ажлыг хэнд, хэдийд хүлээлгэж өгсөн талаар нэг ч үг өгүүлбэр алга, ажлын гүйцэтгэлийн баримт бичиг гэгчид хэнд, хэзээ ажлыг хүлээлгэн өгсөн, танилцуулсан талаар нэг ч гарын үсэг, нэр ус алга. Зохигчийн тайлбар гэдэгт хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар яагаад орохгүй байгаа юм.

 

  1. Хуулийн заалтыг зөв хэрэглээгүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан.

 

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Хэрэв "Б-" ХХК нь Оргил стар хотхон барилгын шикз ЭШТ хүртлэх 0.64 км цахилгаан дамжуулах кабель шугам угсралтын ажлыг хшмяикш үзэх тохиолдолд уг хуулийн этгээд нь барилгын ажил гүйцэтгэгч нэгэн субьект болж таарах нь. Гэтэл яагаад захиалагч талтай гэрээ байгуулаагүй байдаг билээ. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-д зааснаар барилгын ажил гүйцэтгэгч нь захиалагчтай заавал гэрээ байгуулсан байхыг шаардсан байдаг. Хууль зөрчиж хийсэн хэлцэл нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогддог. Иймд дээрх үндэслэл, нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь дахин хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч  “Б-” ХХК  нь  “Ө-” ХХК-д  холбогдуулан  ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 19 958 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, “Б-” ХХК-иас манай компанид ажил хүлээлгэж өгсөн гэх акт байхгүй тул төлбөр төлөх үүрэггүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчээс хариуцагч “Ө-” ХХК-ийн барьсан Оргил стар хотхоны 064 км 10 кв-ын кабель шугамын ажлыг 19 958 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх төсөв зохиож, гүйцэтгэх захирал Л.Э-ад танилцуулахад хүлээн зөвшөөрч, ажлыг гүйцэтгүүлж, баталгаат 3  жилийн хугацаа дуусахаар төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж, өөрийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил стар хотхоны цахилгаан дамжуулах кабель шугамын гүйцэтгэлийн баримт бичиг, гарц ба огтлолцлын үзлэгийн акт, ажлын акт, далд ажлын акт, барилгын гадна цахилгааны кабелийг хийсэн акт, Оргил стар хотхоны цахилгаан дамжуулах кабель шугамын угсралтын төсөв зэрэг баримтуудыг ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр тухайн үед ажлыг хийж гүйцэтгэсэн гэх Н.Т-, Ц.А- нарыг гэрчээр асуулгажээ. /хэргийн 4, 8-21, 53,70-71 дүгээр тал/

Ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажлын үр дүн бодитой бий болж, захиалагчийн өмчлөл, эзэмшилд шилжсэн үйл баримт тодорхой байх нь ач холбогдолтой.

            Дээрх баримтууд нь нэхэмжлэгчийн буюу нэг талын баримт байх ба хэдэн төгрөгийн үнэ бүхий ямар хэмжээний ажлыг хаана, хэзээ хийж гүйцэтгэсэн болон уг ажил нь хариуцагч байгууллагын барилгын ажилтай хамааралтай эсэх үйл баримт тодорхойгүй байхад анхан шатны шүүх дээрх маргаан бүхий үйл баримтыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/02317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 258 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

 

                                                     С.ЭНХТӨР