Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2019/02317

 

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

нэхэмжлэгч: “БТ” ХХК -ийн нэхэмжлэлтэй, 

хариуцагч: “ӨБ” ХХК -д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 19,958,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъяндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир, гэрч Н.Тэгштөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БТ ХХК нь 2014 онд 8-р сард ӨБ ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил стар хотхоны цахилгаан дамжуулах кабель шугам /оргил стар хотхоны ХТП-3027-оос Шинэ ХТП хүртэлх 0.64км 10 кв-ын кабель шугам/-ын угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн юм.

Тухайн үед Оргил стар хотхон ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авах болсон байсан тул бид 19,958,000 төгрөгийн төсөв зохиож танилцуулахад ӨБ ХХК-ийн гүйцэттэх захирал Л.Эрдэнэбат түүнийг хүлээн зөвшөөрч, улмаар биднээр ажлаа гүйцэтгүүлж, ажлынхаа гүйцэтгэлийг хүлээн авсан юм. Гэвч ажил хүлээн авснаас хойш баталгаат хугацаа 3 жилийн хугацаа дуусахаар төлбөрийг чинь төлнө гээд хүлээлгэж байсан, бидний зүгээс үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч төлөлгүй явсаар одоог хүрлээ.

Улмаар 2019 оны 5 сард гүйцэтгэх захирал н.Эрдэнэбаттай уулзахад одоо дарга нар солигдсон яаралтай олгоё гэж байсан боловч одоог хүртэл өгөхгүй байх тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд 19,958,000 төгрөгийг ӨБ ХХК-иас гаргуулж, манай компанид олгуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөр буянт холдинг ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талтай барилгын ажил захиалж гэрээ хэлцэл байгуулаагүй, ажил хийлгээгүй, ажлыг хүлээлгэн өгөөгүй буюу БТ ХХК-иас манай компанид ажил хүлээлгэж өгсөн гэх акт юм уу холбогдох баримт материал огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гэрч Н.Тэгштөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 8-р сарын сүүл, 9-р сарын 01-нээс 02-ны өдрийн хооронд БТ ХХК болон ӨБ ХХК-ийн хооронд энэ ажил хийгдсэн, би тэр ажилд цахилгааны инженерээр ажилласан. Оргил стар хотхон рүү шинэ ХБ хаалттай станц барих ажлын кабел шугамын ажлыг хийсэн, гэрээ хэлцлийн талаар мэдэхгүй, Баянмөнх нь ажил гарахаар дуудаж ажлууладаг, би ажил хүлээлцэхэд байгаагүй ч актад хийгдсэн ажил бол мөн, омметр гэж багажаар хэмжихэд хэвийн байсан тул актаар баталгаажуулсан юм гэв.

Гэрч Ц.Атарболд шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: ... 1 сарын дотор хийж гүйцэтгэсэн, баталгаат хугацаа 3 жил гаргасан. Тэр үед манай компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Дорнод-1 35кв станцаас Засгийн газрын ордон руу шугам татах ажил хийж байхад “ӨБ” ХХК-ийн захирал Эрдэнэбат гэдэг хүн ирээд энэ кабелийн ажлыг хийлгэе гэхэд нь би захиралтай уулзуулсан, гэрээ бичгээр хийгээгүй, “ӨБ” ХХК-ийн захирал Эрдэнэбат гэрээ бичгээр хийнэ гэж хэлээд хийгээгүй гэв.

2016 онд Эрдэнэбат захиралтай уулзсан, тэр үед ажлын чинь баталгаат хугацаа чинь дуусаагүй байна, 2017 онд ирээрэй гэсэн, 2017.9 сард очсон чинь өгнө гэдэг байсан. 2019.6 сард Альяанс Тех ХХК дээр очсон чинь гүйцэтгэх захирал нь Эрдэнэбат болсон байсан. Тэгхээр нь би нөгөө мөнгөө асуусан чинь чи шүүхээрээ дамжуулж ав, би чамд гэрч болно гэж хэлсэн.

ӨБ ХХК-ийн инженерүүд нь ажлыг хийж байхад ч, мөн хийсний дараа нь ч гэсэн газар дээр нь ирж үзсэн. Би Эрдэнэбат захиралд 2 удаа гүйцэтгэлийн бичиг баримтаа өгсөн, харин надад зөрүүлж гарын үсэг зурж өгөөгүй, алга болсон гэж хэлдэг гэв. /хх-53/

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “БТ” ХХК нь “ӨБ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 19.958.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “...Оргил стар хотхон ашиглалтанд орж, бид 19,958,000 төгрөгийн төсөв зохиож танилцуулахад ӨБ ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбат түүнийг хүлээн зөвшөөрч, улмаар биднээр ажлаа гүйцэтгүүлж, ажлынхаа гүйцэтгэлийг хүлээн авсанаас хойш баталгаат хугацаа 3 жилийн хугацаа дуусахаар төлбөрийг чинь төлнө гэж байсан боловч төлөөгүй гэж,

Хариуцагч “ӨБ ХХК нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, БТ ХХК-иас манай компанид ажил хүлээлгэж өгсөн гэх акт байхгүй тул төлбөр төлөх үүрэггүй” гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчээс “...Аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-4/, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэх /хх-8/,  Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил стар хотхоны цахилгаан дамжуулах кабель шугамын гүйцэтгэлийн баримт бичиг, гарц ба огтлолцолын үзлэгийн акт, ажлын акт, долд ажлын акт, барилгын гадна цахилгааны кабелийг хийсэн актууд эх хувиар /ХХ-9-16/, Оргил стар хотхоны цахилгаан дамжуулах кабель шугамын угсралтын төсөв эх хувиар /хх-17-21/ ” баримтаар,

хариуцагчаас “...ӨБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-28/, хариу тайлбар /хх-29/” баримтаар,

-шүүхийн журмаар “...2019.10.18 өдөр гэрч Ц.Атарболдын мэдүүлэг /хх-53/, шүүх хуралдаанд өгсөн гэрч Н.Тэгштөрийн мэдүүлэг” зэргийг нотлох баримтаар бүрдүүлэн өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж дүгнэв.

Нэхэмжлэгч “БТ” ХХК  нь 2014 оны 9 сард “ӨБ” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил стар хотхоны цахилгаан дамжуулах кабель шугамын угсралтын ажлыг өөрийн материал /19,958,000 төгрөг/-аар гүйцэтгэсэн, ӨБ ХХК-ны гүйцэттэх захирал Л.Эрдэнэбаттай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ амаар байгуулагдсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдахгүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасны дагуу аман хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй тул энэ хуульд зааснаар нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч “ӨБ” ХХК-иас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч “БТ” ХХК нь энэхүү ажлыг гүйцэтгэхдээ Иргэний хууль /345.1/-д зааснаар Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиожээ./хх-17-21/

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ...өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг боловч захиалагч хүлээн авсан тухайгаа баталгаажуулж өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээний зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч, түүний төлөөлөгчөөс “...гэрээ хийгээгүй, ажил хийлгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, Эрдэнэбат нь эрхгүй этгээд” гэж нэхэмжлэлийн шаардлага, үүргээ биелүүлэхээс татгалзах боловч захиалагчийн өмчлөлд гэрээний зүйл, ажлын үр дүнг шилжүүлсэнг баримтаар үгүйсгээгүй, энэ татгалзлыг нэхэмжлэгчийн “...төсөв зохиож танилцуулахад ӨБ ХХК-ийн гүйцэттэх захирал Л.Эрдэнэбат хүлээн зөвшөөрч, улмаар биднээр ажлаа гүйцэтгүүлж, ажлынхаа гүйцэтгэлийг хүлээн авсан” мэдүүлэг, гэрч Атарболдын “...ӨБ” ХХК-ийн захирал Эрдэнэбат ирээд кабелийн ажлыг хийлгэе гэсэн” мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар няцааж байна.

Иргэний хууль /206.1/-д зааснаар Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагчийг энэхүү зарчимд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх баримтгүй байна.

Иргэний хууль /75.2.1, 79.1/-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил боловч гэрч Атарболдын “...2016 онд Эрдэнэбат захиралтай уулзсан, тэр үед ажлын чинь баталгаат хугацаа чинь дуусаагүй байна, 2017 онд ирээрэй гэсэн, 2017.9 сард очсон чинь өгнө гэдэг байсан. 2019.6 сард Альяанс Тех ХХК дээр очсон чинь гүйцэтгэх захирал нь Эрдэнэбат болсон байсан. Тэгэхээр нь би нөгөө мөнгөө асуусан чинь чи шүүхээрээ дамжуулж аваа, би чамд гэрч болно гэж хэлсэн” мэдүүлгээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй буюу тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд ... баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

 Түүнчлэн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-д зааснаар Захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд “ӨБ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19.958.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “Өндөрбуянт” ХХК-иас 19.958.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “БТ” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 258.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 257.740  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             В.АМАРТҮВШИН