Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/01124

 

2020 оны 04 сарын 28 өдөр

                          181/ШШ2020/01124

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ө” ХХК/РД: /-д холбогдох,

         

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 19 958 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъяндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир, гэрч Л.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК нь 2014 онд 8-р сард “Ө” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил стар хотхоны цахилгаан дамжуулах кабель шугам/оргил стар хотхоны ХТП-3027-оос Шинэ ХТП хүртэлх 0.64км 10 кв-ын кабель шугам/-ын угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн юм.

Тухайн үед Оргил стар хотхон ашиглалтанд орж, улсын комисс ажиллах болсон байсан тул бид 19 958 000 төгрөгийн төсөв зохиож танилцуулахад “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Эрдэнэбат түүнийг хүлээн зөвшөөрч, улмаар биднээр ажлаа гүйцэтгүүлж, ажлынхаа гүйцэтгэлийг хүлээн авсан юм. Гэвч ажил хүлээн авсанаас хойш баталгаат хугацаа 3-н жилийн хугацаа дуусахаар төлбөрийг чинь төлнө гэж байсан боловч төлөлгүй явсаар одоог хүрлээ.

Улмаар 2019 оны 5 сард гүйцэтгэх захирал н.Эрдэнэбаттай уулзахад одоо дарга нар солигдсон яаралтай олгоё гэж байсан боловч одоог хүртэл өгөхгүй байх тул арга буюу шүүхэд хандаж байна.

Хавтаст хэрэг авагдсан ажлын акт, гэрч н.Атарболд, тухайн ажлыг хийсэн н.Тэгшдүүрэнгийн гэрчийн мэдүүлэг, хурал дээр асуусан гэрчийн мэдүүлгүүдээр “Б” ХХК нь “Ө” ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн “Оргил стар” хотхонд цахилгаан шугамын угсралтын ажил хийсэн гэдэг нь хангалттай нотлогдож байна. Иймд 19 958 000/Арван есөн сая есөн зуун тавин найман мянга/ төгрөгийг “Ө” ХХК-иас гаргуулж, манай компанид олгуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК-ийн гаргасан “Ө” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь “Ө” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талтай барилгын ажил захиалж гэрээ байгуулаагүй бөгөөд “Б” ХХК-иас манай компанид ажил хүлээлгэж өгсөн гэх акт юм уу холбогдох баримт материал огт алга байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрчийг оролцуулах санал тавьсан нь маш зүйтэй болсон байна. Гэрчийн мэдүүлгээр бүх зүйл тодорхой боллоо. Гэрч нь мэргэжлийн хүн учир бид нарын мэдэхгүй олон зүйлийг мэргэжлийн үүднээс тайлбарлаж мэдүүллээ. Тухайн үед би компанийг төлөөлөх эрхгүй, зөвхөн уламжлах үүрэгтэй хүн байсан гэж мэдүүлсэн. Тиймээс энэ хэлцэл “Өндөр буянт холдинг” ХХК-тай албан ёсоор хийгдсэн хэлцэл биш байна. Мөн тухайн үед  “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захиралтай уулзаж Засгийн газрын шугам татах ажил хийж байсан гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг н.Атарболдын мэдүүлэгтэй таарч байна. н.Атарболд мэдүүлэхдээ Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороонд Дорнод 135 кв станцаас Засгийн газрын ордны шугам татах ажил хийж байсан гэж мэдүүлдэг. “Б” ХХК кабел шугам татаж байгаад “Өндөр буянт холдинг” ХХК-ийн талбай дээгүүр дайрахдаа н.Эрдэнэбаттай уулзаж тохиролцсон юм байна. Тохиролцох үед төсөв мөнгө, хариу төлбөр яригдаагүй байна. Би бодохдоо Арилжааны гэрээ хийсэн юм болов уу гэж бодлоо. Мөн нэхэмжлэгч талаас өгсөн нотлох баримтууд хангалтгүй байна. Эцэст нь хэлэхэд ажил гүйцэтгэсэн харилцаа үүссэн гэж байгаа боловч ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй байна. Ажлын үр дүнг хүлээлгэж өгч байж хөлс шаардах эрх үүснэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан 19 958 000/арван есөн сая есөн зуун тавин найман мянга/ төгрөгийг тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “Ө” ХХК нь манай компанид ажил хүлээлгэж өгсөн гэх акт юм уу холбогдох баримт материал огт алга байна гэж маргасан.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

          Хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил стар” хотхоны гүйцэтгэгчээр ажилласан талаар маргахгүй байна.

 

          Нэхэмжлэгч нь 2014 оны 8-р сард Хан-Уул дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил стар” хотхоны Хаалттай трансформаторын дэд өртөө-3027-оос шинэ Хаалттай трансформаторын дэд өртөө/цаашид “ХТП” гэх/ хүртэлх 0.64/тэг зууны жаран дөрөв/ км 10/арав/ кв-ын кабель шугамын угсралтын ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн болох нь 2014 оны Гүйцэтгэлийн бичиг баримт, №35/2014 Төсөв, Ц.Атарболдын гэрчийн мэдүүлэг, Н.Тэгштөрийн гэрчийн мэдүүлэг, Л.Эрдэнэбатын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь 2014 оны 8-р сард Хан-Уул дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил стар” хотхоны ХТП-3027-оос шинэ ХТП хүртэлх 0.64/тэг зууны жаран дөрөв/ км 10/арав/ кв-ын кабель шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд нийт 19 958 000/арван есөн сая есөн зуун тавин найман мянга/ төгрөгийн зардал гарсан болох нь 2014 оны Гүйцэтгэлийн бичиг баримт, №35/2014 Төсөв, Ц.Атарболдын гэрчийн мэдүүлэг, Н.Тэгштөрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

          Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь ... эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж заасан.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчийн төслийн удирдагчаар ажиллаж байсан Л.Эрдэнэбатыг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал гэж андууран хариуцагчид “Оргил стар” хотхоны ХТП-3027-оос шинэ ХТП хүртэлх 0.64/тэг зууны жаран дөрөв/ км 10/арав/ кв-ын кабель шугамын угсралтын ажлыг гүйцэтгэж өгсөн болох нь 2014 оны Гүйцэтгэлийн бичиг баримт, №35/2014 Төсөв, Ц.Атарболдын гэрчийн мэдүүлэг, Н.Тэгштөрийн гэрчийн мэдүүлэг, Л.Эрдэнэбатын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

          Л.Эрдэнэбатыг 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийн захирлаар бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь өөрийн зардлаар хариуцагчийн гүйцэтгээгүй байсан 0.64/тэг зууны жаран дөрөв/ км 10/арав/ кв-ын кабель шугамын угсралтын ажлыг гүйцэтгэж, хариуцагч нь үүний улмаас хөрөнгөжсөн болох 2014 оны Гүйцэтгэлийн бичиг баримт, №35/2014 Төсөв, Ц.Атарболдын гэрчийн мэдүүлэг, Н.Тэгштөрийн гэрчийн мэдүүлэг, Л.Эрдэнэбатын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

         

          Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол ... түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь гаргасан зардал нийт 19 958 000/арван есөн сая есөн зуун тавин найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-иас нийт 19 958 000/арван есөн сая есөн зуун тавин найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-иас нийт 19 958 000/арван есөн сая есөн зуун тавин найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 258 000 төгрөгөөс 257 740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өндөр буянт холдинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 257 740 төгрөгийг, улсын орлогоос 27 260 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ