Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00900

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01124 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1744 дүгээр магадлалтай,  

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Өндөрбуянт холдинг ХХК-д холбогдох 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 19,958,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Өндөрбуянт холдинг ХХК-д холбогдуулан кабель шугам татсан ажлын хөлс 19,958,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.28-ны өдрийн 181/ШШ2020/01124 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Өндөрбуянт холдинг ХХК-иас нийт 19,958,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 258,000 төгрөгөөс 257,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өндөрбуянт холдинг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257,740 төгрөгийг, улсын орлогоос 27,260 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.12-ны өдрийн 1744 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.28-ны өдрийн 181/ШШ2020/01124 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Нотлох баримтыг дутуу үнэлсэн: Манай компани нь ХУД-н 11-р хороонд байрлах Оргил стар хотхоны барилгыг 2015 онд улсын комисст хүлээлгэн өгсөн ба бид хуульд заасан үүргийнхээ дагуу уг барилгын бүх эх хувь баримт бичиг /Үүнд: барилгын бүх ажлын зураг, техникийн нөхцөлүүд, зураг төсөл, ил далд ажлын акт, талбайн журнал, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрөл болон бусад холбогдох баримт бичиг/-үүдийг төрийн архивын сан хөмрөгт хуулийн дагуу иж бүрэн бүрдэлтэйгээр хүлээлгэн өгсөн. Үндэсний төв архивын газраас 2019.09.26-ны өдөр 03/454 тоот албан бичиг ирүүлсэн нь хэргийн материалд авагдсан бөгөөд уг бичгийн утга нь Оргил стар хотхоны ХТП3027-оос шинэ ХТП хүртэлх 0.64 км кабель шугамын ажлыг гүйцэтгэсэн гэх баримт бичиг Зураг төслийн баримтын архивт байхгүй тухай хариуг өгсөн байдаг. Энэ нь Оргил стар хотхоны барилгад шинээр 0.64 км кабель шугамын ажлыг барилгад ашиглаагүй, улсын комисс хүлээн аваагүй, хийгдээгүй ажил болохыг нотолж байна. Гэтэл анхан шатны шүүх уг албан бичгийг үнэлж дүгнээгүй орхигдуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гүйцэтгэлийн баримт бичиг, ажлын акт зэрэг нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд хууль зүйн шаардлага хангахгүй бөгөөд эдгээрийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм. Нэхэмжлэгчийн зүгээс өгсөн Аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээн /хх-4/ дээрх хугацаа 2016.05.27-с эхлэн 3 жилийн хугацаатай олгогдсон байх бөгөөд энэ нь 2014.08 сарын үйл баримтыг тогтооход нотолгооны ач холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл Баян тогтоц гэх компани нь 2014.08 сард барилгын шугам сүлжээ, цахилгааны кабель угсрах зэрэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй байсан гэж дүгнэхээр байна. Төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа аж ахуйн нэгжийг барилгын шугам сүлжээ, цахилгаан дамжуулах кабель угсрах ажил эрхлэхийг хуулиар хориглодог. Нэгэнт тусгай зөвшөөрөлгүй компанийн гаргасан цахилгаан дамжуулах кабель шугамын гүйцэтгэлийн баримт бичиг, ажлын акт зэрэг нь өөрөө хүчин төгөлдөр бус юм.

Гүйцэтгэлийн баримт бичгийг боловсруулж баталгаажуулсан гэх Н.Тэгштөр гэдэг хүн нь ******* ХХК-ийн инженер биш, уг компанийг төлөөлөх эрхгүй этгээд байх бөгөөд уг компанийн инженер мөн эсэх талаарх нотлох баримт хэрэгт байхгүй юм. /шүүх хуралдааны явцад шүүгч гэрчээс энэ талаар тодруулахад Н.Тэгштөр, Атарболд нар нь ******* ХХК-ийн албан ёсны ажилтан биш дуудсан үед нь хамтарч ажилладаг гэж хариулсан байдаг./

Гүйцэтгэлийн бичиг баримт гэгчид ******* ХХК-ийн өмнөөс уг компанийн албан ёсны ажилтан биш хэдэн хүний нэр, гарын үсэг байхаас бус захиалагч талд танилцуулсан гэх баримт байхгүй, ажлыг зөвшөөрч хүлээн авсан гэх гарын үсэг огт байхгүй юм. Гүйцэтгэлийн бичиг баримт гэгчид батлагдсан ажлын зураг, ил далд ажлын акт, хийсэн ажлын фото зураг зэргийг хавсаргаж өгөөгүй байдаг. Тухайлбал хэрэгт авагдсан Тоног төхөөрөмжийн суурийн угсралтын ажлын акт гэх баримтын доор тайлбар гэх хэсэгт зургийн дагуу хийж гүйцэтгэв. гэж тодотгосон байх боловч кабелийн шугам угсрах ажлын батлагдсан зургийг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй юм. Барилгын тухай хуульд зааснаар баталсан ажлын зургийн дагуу барилгын аливаа ажил, өрөг угсралт, шугам сүлжээний ажил хийгддэг бөгөөд эрх бүхий байгууллагаас баталсан зураг, техникийн нөхцөл, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэхийг хатуу хориглодог. Гүйцэтгэлийн баримт бичигт захиалагч Өндөрбуянт" ХХК гэж бичсэн нь уг баримтыг сүүлд өөрсдөө нөхөж хийсэн гэж үзэхээр байна. Учир нь хариуцагчийн оноосон нэр Өндөрбуянт холдинг ХХК бөгөөд энэ нэрээр улсын бүртгэлд бүртгэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцдог хуулийн этгээд юм.

Дээрх байдлаар дутуу дулимаг, барилгын ажлын стандарт шаардлагыг хангахгүй буюу ажлын зураг, техникийн нөхцөл, ил далд акт, фото зураг, мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэрэг байхгүй, хэн ч зохиогоод биччих боломжтой гүйцэтгэлийн бичиг баримт гэгчийг анхан шатны шүүх ИХШХШТХ-н 40.1-д заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулж дүгнэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч талаас өгсөн гүйцэтгэлийн баримт бичиг гэгчийг хийсвэрээр дүгнэсэнд гомдолтой байна.

Гэрчийн мэдүүлгийг дутуу үнэлж хэт нэг талыг баримталсан дүгнэлт гаргасан. Тухайлбал: шүүх хуралдаанд гэрчээр Л.Эрдэнэбат оролцсон бөгөөд тэрээр 2014.08 сард Өндөрбуянт холдинг ХХК-ийн захирал байгаагүй, Өндөрбуянт холдинг ХХК-ийг төлөөлөх эрхгүй, компанийг төлөөлж бусадтай хэлцэл хийх эрхгүй байсан талаараа мэдүүлсэн байдаг. Үүнийг шүүх дутуу үнэлсэн. Мөн Л.Эрдэнэбат мэдүүлэхдээ Намайг байх үед албан ёсоор акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй. Барилга нь угсралт, туршилт, суурилуулалт гэсэн дарааллаар явагддаг, ... кабелийг ухаж байгаад булах нэг өөр, надад далд ажлын актууд хэрэгтэй,... ашиглалтанд хүлээж авахын тулд мэргэжлийн байгууллагаар туршсан бүх актуудыг манай хүмүүс байлцаж байж гарын үсэг зурсан уу үгүй гэдгийг би шалгадаг, ... Мэрэгжлийн байгууллагаар хянагдаагүй аливаа шугам сүлжээг ашиглалтанд авахыг хориглодог дүрэмтэй, техник ашиглалтын дүрэм гэж байгаа, цахилгаан шугамын ажлыг албан ёсоор цахилгаан түгээх станц компаниар баталгаажуулдаг, баталгаажуулах үүргийг гүйцэтгэгч хүлээх үүрэгтэй, танайхаас энэ акт ирэх ёстой, үүнийг улсын комисст өгч шалгуулдаг гэх зэргээр мэдүүлэг өгсөн байдгийг анхан шатны шүүх огт үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл энэ хүн мэргэжлийн хүний хувьд нэхэмжлэлд дурдсан ажлын үр дүнг ******* ХХК хүлээлгэж өгөөгүй, цахилгааны шугамын ажлыг гүйцэтгэгч нь туршилт хийж, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсны дараа уг дүгнэлт, ил далд ажлын актын хамт захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй атал өгөөгүй. Эдгээр актуудыг үндэслэн барилгыг улсын комисс хүлээн авдаг гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгч талын зүгээс ч цахилгааны шугам угсрах ажлын туршилт хийсэн акт, Цахилгаан түгээх станц ТӨҮГ-аас баталгаажуулсан акт, ил далд ажлын акт зэргийг шүүхэд гаргаж өгөөгүй юм.

Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан ажлыг барилгад ашиглаагүй хэрэв ашигласан бол холбогдох баримт бичиг акт, албан ёсоор улсын төв архивт хадгалагдах хуультай юм. 

4.2 Анхан шатны шүүх нь хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. ИХ-н 496.2-т хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж заасан байна. Энэ заалт манай компанид дараах үндэслэлээр холбогдолгүй гэж бид үзэж байна. Үүнд: Хэрэв ******* ХХК, түүний нэрийг барьсан хүмүүс андуурч зардал гаргажээ гэж үзэх тохиолдолд өмнө нь таньдаг найз байсан гэх Л.Эрдэнэбатаас хохирлоо шаардах нь зүйн хэрэг болов уу. Учир нь тэд Л.Эрдэнэбатыг захирал гэж андуурч түүнтэй хэлцэл хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлдог. Гэтэл Л.Эрдэнэбат нь 2014 онд би компанийг төлөөлөх эрхгүй байсан гэж шүүхэд мэдүүлээд байдаг. Тэгэхээр хэн нь хэнийгээ хуурч, андуурсан юм бол оо. Энэ хүмүүсийн хооронд тохирсон гэх хэлцэл нь тав зургаан жилийн өмнө болсон гэж үзвэл хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч нэхэмжлэгч нь шаардах эрхээ алдсан байна. Өндөрбуянт холдинг ХХК нь нэхэмжлэлд дурдсан цахилгааны шугам угсрах ажлын үр дүнг Оргил стар хотхоны барилгад хэрэглээгүй, хүлээж аваагүй, ашиглаагүй, хөрөнгөжөөгүй юм. Энэ нь хэрэгт авагдсан гүйцэтгэх баримт бичиг гэх нэхэмжлэгч тал өөрөө зохиосон дутуу дулимаг баримт, гэрч Л.Эрдэнэбатын гүйцэтгэгч ажлын акт өгөөгүй гэх мэдүүлэг, Үндэсний төв архивын газраас 2019.09.26-ны өдөр ирүүлсэн 03/454 тоот албан бичиг, мөн нэхэмжлэгч талаас мэргэжлийн байгууллагаар туршилт хийлгэсэн актыг шүүхэд гаргаж өгөөгүй зэрэг үйл баримтаар нотлогдож байна. Нэгэнт мэргэжлийн байгууллагаар туршилт үзлэг хийж хянагдаагүй, Цахилгаан түгээх станц ТӨҮГ-аар баталгаажуулаагүй ажлыг улсын комисс хүлээж авахгүй тул уг ажлыг Өндөрбуянт холдинг ХХК нь Оргил стар хотхоны барилгад ашигласан, энэ ажлын үр дүнгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд маргааныг бүхэлд нь шударгаар дахин хянан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Өндөрбуянт холдинг ХХК-д холбогдуулан 19,958,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014.08 сард Оргил стар хотхоны трансформаторуудын хооронд 0.64 км 10 кв-ын кабель шугамын угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийсэн, 19,958,000 төгрөгийн төсөв зохиож танилцуулахад гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбат хүлээн зөвшөөрч, ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан гэж тайлбарлаж байх бол хариуцагч Өндөрбуянт холдинг ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... нэхэмжлэгч талтай барилгын ажил захиалж гэрээ байгуулаагүй, ... хүлээлгэж өгсөн акт, холбогдох баримт ... алга, Л.Эрдэнэбат мэдүүлэгтээ би компанийг төлөөлөх эрхгүй, зөвхөн уламжлах л үүрэгтэй хүн байсан, ... тухайн үед ...Засгийн газар шугам татах ажил хийж байсан гэж мэдүүлсэн гэж маргаж байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь өөрийн зардлаар кабель шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь 2014 оны гүйцэтгэлийн баримт бичиг, төсөв, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасан харилцаа хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнийг давж заалдах шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо хоёр шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн гүйцэтгэлийн баримт бичиг нь дутуу, хожим бүрдүүлсэн баримт бичиг бөгөөд уг баримт бичиг болон гэрчийн мэдүүлгүүд нь нэг талын шинжтэй, гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлгүй, түүнчлэн барилгын аливаа ажлыг зураг төсөлгүй гүйцэтгэх боломжгүй, гэрчийн мэдүүлгийг дутуу үнэлсэн гэж хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгч талаас 2014.08 сард Оргил стар хотхоны трансформаторуудын хооронд 0.64 км 10 кв-ын кабель шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг бол хариуцагч тус ажил бодитой гүйцэтгэгдсэн эсхүл гүйцэтгэгдээгүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой няцаалт өгөөгүй байх ба гагцхүү уг ажлыг ******* ХХК гүйцэтгэсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй гэх үндэслэлээр маргажээ. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий кабелийн шугам угсралтын ажил гүйцэтгэх үед Өндөрбуянт холдинг ХХК-ийн хэрэгжүүлж байсан Оргилстар хотхон төслийн инженерээр ажиллаж байсан гэх Л.Эрдэнэбатыг гэрчээр асуулгасан байх ба тэрээр ...Миний хувьд бол үндсэн кабелын угсралт буюу газар шорооны ажлыг ******* ХХК-аар хийлгүүлсэн, ...би төслийн инженерээр ажиллаж байсан, ...кабелыг одоо Оргил стар хотхон ашиглаж байгаа байхаа, ... барагцаагаар 0.64 километр, 10 квт кабель шугам татсан тоо хэмжээн дээр маргалдахгүй л байх ёстой, ... уг нь ажил хийсэн нь үнэн гэх мэдүүлэг авагджээ. Гэрч Л.Эрдэнэбат нь маргаан бүхий цаг хугацаанд хариуцагчид ажиллаж байсан, хожим тус компанийн захирлаар томилогдсон талаар зохигч маргаагүй. Гэрч Л.Эрдэнэбатын мэдүүлэгтэй адил агуулга бүхий мэдүүлгийг бусад хэд хэдэн гэрчийн этгээд өгсөн байх ба зохих журмын дагуу хууль сануулан авсан эдгээр мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болжээ.

Хавтаст хэрэгт маргаан бүхий кабелийн шугам угсралтын ажлын төсөв 19,958,000 төгрөг болсон талаар баримт авагдсан байх ба тус баримтыг үгүйсгэж хариуцагч талаас ажлын үнэлгээтэй холбоотой аливаа баримт бүрдүүлээгүй байна. Хариуцагч уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд ийнхүү татгалзах үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9. Шүүх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Өндөрбуянт холдинг ХХК-иас 19,958,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

10. Энэ үндэслэлээр хариуцагчийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн гомдлыг хангахаас татгалзаж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01124 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1744 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 258,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА

                         Б.МӨНХТУЯА

                         Х.ЭРДЭНЭСУВД