Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 327

 

 

 

 

 

 

 

 

 

 “А-” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02535 дугаар шийдвэртэй, “А-” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “С-” ХХК-д холбогдох, газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 1 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Ө.С, хариуцагчийн өмгөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “А-” ТБАГУТҮГ-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2008 оны 3 дугаар сард “С-” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, улмаар 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 44 дугаартай эрх олгох тухай, 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 48 дугаар захирамжаар 1 га газрыг зочид буудал, агуулахын зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 08/24 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг, 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 52 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А/78 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй, мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй гэсэн үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших эрхийг цуцалсан. А- нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд “Э О-” ХХК-аас газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, мөн гэрээний 4.3-т газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, энэ талаар болон гэрээний 4.2 дугаар зүйлд тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.5 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон зэрэг тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүйд тооцон газрыг хураах бөгөөд тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2010 онд 1 680 000 төгрөг төлөөгүй газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна. С-ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна. Иймд хариуцагч “С-” ХХК-аас газрын төлбөр 1 680 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С-” ХХК, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.С миний бие 2005 онд “С-” ХХК-ийг байгуулсан бөгөөд А-ийн захирагчийн ажлын албатай 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 52 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 50 тоот захирамжаар зочид буудал, агуулахын зориулалтаар 1 га газрыг баталгаажуулан газрын төлбөрт зохих журмын дагуу 1 680 000 төгрөгийг төлсөн болно. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.1-д чөлөөт бүсийн захирагчийн алба үйл ажиллагаагаа эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах үүрэг хүлээсэн ба манай компани зочид буудал, татваргүй барааны дэлгүүр, агуулахын төслүүд судлан сонгох ажлаа эхлүүлсэн юм. Судалгааны дүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Х-тай хамтарч А-эд зочид буудал, дэлгүүр, агуулахын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Хятадын талаас холбогдох тооцоо судалгааг хийх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, манай талаас цэвэр болон бохир ус, цахилгаан болон дулааны асуудал, зам, 1 га газар, ажиллах хүч гэх мэт асуудлуудыг хариуцахаар шийдвэрлэсэн. Энэ төслийн хөрөнгө оруулалт 2 сая ам.доллар бөгөөд үүнийг Хятадын тал гаргахаар тохиролцоо хийсэн билээ. Хөрөнгө оруулагч Х 2008 оны 4 болон 9 дүгээр сар, 2009 оны 7 дугаар сар, 2010 оны 5 дугаар сард тус тус ирж, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж байсан бөгөөд А- нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, цэвэр болон бохир ус, цахилгаан болон дулааны асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй тул хөрөнгө оруулалт хийх саналаасаа эцэст нь татгалзаж буйгаа мэдэгдсэн юм. Тэрээр би дэд бүтэцгүй хоосон газарт хөрөнгө оруулалт хийх боломжгүй, танай А-ийн зүгээс дэд бүтцээ хэзээ барьж байгуулах талаар огт мэдээлэл өгөхгүй байгаа нь хөрөнгө оруулагч миний итгэл алдрахад хүрлээ хэмээн хэлж байсныг зориуд дурдая. Миний зүгээс хөрөнгө оруулагчийн дөрвөн удаа монголд байх хугацааны байр, хоол, унааны зардалд тухайн үеийн ханшаар 2 000 000 төгрөгөөс доошгүй зардал гаргасан бөгөөд цаг хугацаа болон нэр төрөөрөө давхар хохирч үлдсэн билээ. Тухайн үед манай компанид олгосон газарт одоог хүртэл дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байгааг танд зориуд мэдэгдмээр байна. Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэрээнд адил тэгш үүрэг хүлээх ёстой А-ийн захирагчийн ажлын алба хөрөнгө оруулагчдыг цэвэр ус, цахилгаан болон дулааны эрчим хүчээр хангах, бохир ус зайлуулах систем барьж байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас сэтгэл санааны болон газрын төлбөрийг оролцуулан 4 000 000 төгрөгийн хохирол хүлээсэн “С-” ХХК-ийн ерөнхий захирал Д.Сүрэнчимэг миний бие олон жилийн дараа гэнэт гаргаж буй дээрх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгааг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны тухай ярихад Татварын хуульд 5 жил, Иргэний хуулиар 3 жил байдаг. Хоёр тал 2014 онд гэрээгээ цуцалсан. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 5 жил өнгөрсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С-” ХХК-аас 1 680 000 /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А-” ТБАГУТҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 41 830 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "С-" ХХК нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "А-" ТБАГУТҮГ нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон билээ. Тус хэргийн шүүх хурал 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02535 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч тал болох "А-" ТБАГУТҮГ нэхэмжлэлийн шаардлагаа 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 08/24 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ"-ний 3 дугаар зүйлийн 3.5, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дугаар зүйл заалтуудыг үндэслэн гаргажээ. Гэвч "А-" нь 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаартай "Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 3 дугаар бүлгийн 3.1-т "Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах , 3.2-т "Хөрөнгө оруулалтын ажил саадгүй явагдах эрх зүйн нөхцөлийг хангах", 3.3-т "Харуул хамгаалалт, нийгмийн бусад үйлчилгээгээр хангах" гэж заагдсан үүргүүдээ огт биелүүлээгүй. Энэ нь "С-" ХХК-д газар эзэмшиж, ашиглах гэрээгээр тохирсон наад захын эрхээ эдлэх боломж бололцоог бүрдүүлж өгөөгүй юм. Учир иймээс "Газар эзэмшүүлэх гэрээ"-ний холбогдох зүйл заалтуудын дагуу шаардах эрх нэхэмжлэгч талд анхнаасаа үүсээгүй, үүсэх боломжгүй гэж хэлж болох юм. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын гэрээнд тулгуурлаж газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Хэрвээ нэхэмжлэгч тал нь "Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ"-д заагдсан үүргээ биелүүлсэн бол газар эзэмшүүлэх гэрээний харилцаа руу орох байсан юм. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн гаргасан магадлалд заасны дагуу нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж буй баримтуудаа нотлох баримтын шаардлага хангаж шинээр гаргаж өгсөн. Шинээр авагдсан нотлох баримтанд хавтаст хэргийн 87, 90-р хуудсанд "Хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцлах тухай " 72 дугаартай захирамжыг 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн захирагч О.Сэмэр гаргасан байна. Үүнээс үзэхэд тус гэрээнүүдийг 2011 онд цуцалж харилцаа дууссан болох нь харагдаж байна. Иймд тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэхэмжлэл гаргах эрхгүй нь харагдаж байгаа боловч анхан шатны шүүхээс энэхүү нотлох баримтыг байхгүй мэтээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн анхан шатны шүүх хурал дээр нэхэшшэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нь нэхэмжлэл гаргах болсон шалтгаанаа "Аудитын шалгалт хийгдэж газрын төлбөрийн үлдэгдэлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг эрэн сурвалжилж, шүүхээр газрын төлбөрийг барагдуул гэдэг акт тавигдсан тул арга буюу шүүхэд хандсан." гэж тайлбарладаг хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас. Нэхэмжлэгч тал тухайн төлбөр барагдуулах акт тавигдсан эсэх, аудитын шалгалт хийгдсэн эсэхээ нотолж чадаагүй хавтаст хэрэгт хавсаргагдаагүй болохыг анхаарах нь зүйтэй. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 "Төрийн өмчийн газар, түүнчлэн газрыи хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар. ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ." гэж заажээ. Гэвч хариуцагч "С-" ХХК нь тухайн газрыг огт ашиглаагүй, ашиглах боломжоор хангагдаагүй юм. Хийгээгүй хэрэг, ашиглаагүй зүйлийн төлөө төлбөр нэхэж, шүүхэд хандаж шүүх нь нэхэмжлэлийг хангаж байгаа нь миний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдэл боллоо. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “А-” ТБАГУТҮГ нь хариуцагч “С-” ХХК-д холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 1 680 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийн газар эзэмших эрхийг 2014 онд цуцалсан боловч газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д заасныг үндэслэн 2010 оны газрын төлбөр 1 680 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч нь нэхэмжлэгч байгууллага “хөрөнгө оруулагчдыг цэвэр ус, цахилгаан болон дулааны эрчим хүчээр хангах, бохир ус зайлуулах систем барьж байгуулах” гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, газрын төлбөрийг төлөх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбар гарган мэтгэлцжээ.

 

            Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр газрын төлбөрийг хариуцагчаас шаардаж байгаа эсэх, эсхүл Газрын тухай хуульд заасны дагуу төлбөрөө төлөөгүй буюу газрын төлбөр, хураамж, татвар төлөөгүй гэх үндэслэлээр Татварын Ерөнхий хуульд заасны дагуу шаардаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Учир нь хариуцагчийг төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шаардаж байгаа бол хариуцагчийн хариу тайлбар нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой эсэхэд дүгнэлт өгөх, талуудын хэн нь гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдасан эсэх үйл баримт тодорхой байх учиртай.

            Харин хуульд зааснаар газар ашигласны хураамж буюу татварын төлбөр, эсхүл өр шаардаж байгаа эсэхээс нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх, уг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах эсэхийг шүүх дүгнэлт өгч хуулийг зөв тайлбарлан хэрэглэх шаардлага үүснэ. Шүүх нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, дээрх үйл баримтыг тодруулаагүй тохиолдолд Татварын Ерөнхий хуульд заасан “татвар ногдуулахад хамааралтай хөөн хэлэлцэх хугацаа 5 жил, татварын өрийг төлөхөд хамааралтай хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байх” хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд эргэлзээтэй.

 

            Тодруулбал, нэхэмжлэгч аль эрх зүйн үндэслэлээр хариуцагчаас төлбөрийг шаардаж байгаа эсэхээс хамааран нэхэмжлэгч Газрын тухай хууль, Татварын Ерөнхий хууль болон Иргэний хуулийн дагуу шаардах эрхтэй эсэх, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох талаар дүгнэлт хийх боломжтой болно.

 

Талуудын мэтгэлцээгүй асуудлаар давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг зөвтгөн өөрчлөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02535 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн төлөөлөгчийн 41 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                              С.ЭНХТӨР