Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 20

 

“Х- Х- Б-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00660/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гйүцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 21-ний өдрийн 105 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч “Х- Х- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч “П-” ХХК,

                   Х.О-,

                   С.О-,

                   А.С-,

                   З- Б- Д- С-д холбогдох

"Зээлийн гэрээний үүрэгт нийт 253.622.123,23 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золбоо, Г.Амарсайхан, Т.Ганболд, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Х- Х- Б-”ны Дархан салбарын захирал Ж.Мөнхцацралт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарсайхан, Т.Золбоо нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

- “П-” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус банктай №БД-ЗГ/RCC180214035-1 тоот Батлан даалтын гурвалсан гэрээ, №ЗГ/RCC180214035-1 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/RCC180214035-1-5 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ,

-О- овогт Х-ын О-тэй №ЗБ/RCC180214035-1-1 тоот, №ЗБ/RCC180214035-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №Ф/RCC180214035-1-4 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, №ЗБ/RCC180214035-1-6 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №БГ/RCC180214035-1 тоот Барьцааны гэрээ,

-Д- овогт С-гийн О-тэй №ЗБ/RCC180214035-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №БГ/RCC180214035-2 тоот Баталгааны гэрээ,

-Соёд овогт Алтангэрэлийн С-тай №ЗБ/RCC180214035-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаан гэрээг тус тус байгуулан 250.000.000 төгрөгийн зээлийг сарын 1,0 хувийн хүүтэйгээр, 84 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч “П-” ХХК болон хариуцагч нар нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус банктай байгуулсан №БД-ЗГ/RCC180214035-1 тоот Батлан даалтын гурвалсан гэрээ, №ЗБ/RCC180214035-1 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/RCC180214035-1-1 тоот, №ЗБ/RCC180214035-1-2 тоот, №ЗБ/RCC180214035-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №Ф/RCC180214035-1-4 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, №ЗБ/RCC180214035-1-5 тоот, №ЗБ/RCC180214035-1-6 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ болон №БГ/RCC180214035-1 тоот, №БГ/RCC180214035-2 Баталгааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, О- овогт Х-ын О-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003014807 тоот дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, Үйлчилгээний төвд байрлалтай, 216.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, О- овогт Х-ын О-, Д- овогт С-гийн О- нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2003007921 тоот дугаарт бүртгэгдсэн Дархан-уул аймгийн Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 27-р байр, 49 тоот хаягт орших 50,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, А.С-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2003015904 тоот дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 1-р баг, Пионерын 3-30 тоот 60,0 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2003015905 тоот дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 1-р баг, Пионерын 3-30 тоот 80,0 м.кв талбайтай хувийн сууцыг, улсын бүртгэлийн Г-2003002962 тоот дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р баг, Пионерийн 3-30 тоот хаягт орших 1 656,0 м.кв талбайтай газрын, Х.О-ийн эзэмшлийн ХХБанкны барьцаанд буй TRJ150007075 тоот арлын дугаартай, 23-03 ДАР улсын дугаар бүхий 2015 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Toyota Land Cruiser маркийн суудлын автомашин, “П-” ХХК-ийн эзэмшлийн “Х- Х- Б-”ны 403160691 тоот харилцах дансны орлого болон Х.О-ийн эзэмшлийн “Х- Х- Б-”ны 403136982 тоот харилцах дансны орлогуудыг тус тус хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Хариуцагч “П-” ХХК, Х.О-, С.О-, А.С- нараас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 245.089.689,24 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.383.398,45 төгрөгийг тус тус гаргуулж, “Х- Х- Б-”инд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагчид нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, мөн хариуцагч нарын арилжааны банкуудад эзэмшиж буй дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.О-, А.С-, С.О- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х.О-, С.О- бид “Х- Х- Б-”наас 7 жилийн хугацаатай зээл авсан нь үнэн. Тус зээлээ энэ өвөл биеийн байдлаас болоод ажилгүй байсан учир 3-4 сарын төлөлт хийгээгүй байгаа. Тус төлөлтөө сарын дотор төлж, дуусгаад эргээд графикийн дагуу төлөөд явах хүсэлтэй байгаа тул хүлээн зөвшөөрнө үү. Сая 4 сараас ажлаа хийгээд эхэлсэн тул төлөх чадвар бүрэн байгаа. “Х- Х- Б-”наас авсан 245.000.000 төгрөгийг зээлийг төлнө гэжээ.

Нэхэмжлэгч ““Х- Х- Б-”” ХХК-ийн салбарын захирал Ж.Мөнхцацралт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарсайхан, Т.Золбоо нар шүүх гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж, “П-” ХХК болон Х.О-, С.О-, А.С- нараас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 253.622.123,23 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О- нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“Х- Х- Б-” нь бидэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ анх 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд энэ цагаас хойш шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явагдаж байна. Мөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хугацаанд би 4.500.000 төгрөгийг зээлийн төлөлтдөө хийсэн байхад энэ мөнгийг нэхэмжлэгч тал болох нэхэмжлэгч тал болох “Х- Х- Б-” зээлийн төлбөрт тооцон хүлээн авахгүйгээр миний харилцах дансанд байршуулаад байлгасан. Би давж заалдах шатны шүүх хурлаас хойш зээлийн төлбөртөө 3.000.000 төгрөгийг нэмж төлсөн. Би зээл авснаасаа хойш нилээд төгрөгийн хүү төлж байсан учраас хүү, нэмэгдүүлсэн хүү гээд дахин мөнгө нэхэмжлээд байгаа нь бидэнд хүндрэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн бидэнд холбогдуулан гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд З- Б- Д- С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

З- Б- Д- С- нь З- Б- Д- С-гийн тухай хуулийн дагуу 2012 онд үүсгэн байгуулагдсан, банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах замаар тэдний санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Батлан даалтын ерөнхий гэрээнд батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөлийг эрсдэл хуваах зарчим буюу зээлдэгчийн зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн үүргийг гүйцэтгэж хүрэлцэхгүй тохиолдолд үлдсэн төлбөрийг банк болон З- Б- Д- С- хувааж хариуцахаар зохицуулсан. Уг төслийг З- Б- Д- С- хэрэгжүүлж байгаа бөгөөд “Х- Х- Б-”ны харилцагч “П-” ХХК-ийн 250.0 сая төгрөгийн зээлийн хувьд батлан даалт гаргасан нь уг төслийн хүрээнд гаргасан батлан даалтуудын нэг юм. З- Б- Д- С- болон “Х- Х- Б-”, “П-” ХХК -ийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр БД-ЗГ/RCC180214035-1 тоот батлан даалтын гурвалсан гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.2-т З- Б- Д- С- болон банк хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Батлан даалтын Ерөнхий гэрээнд заасны дагуу батлан даалтын үүргийг гүйцэтгэнэ гэж заасан. Иймд зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа банк болон З- Б- Д- С- Батлан даалтын ерөнхий гэрээнд заасны дагуу хамтран ажиллаж төлөгдөөгүй өр төлбөрийг барагдуулах юм гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 105 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х- Х- Б-”ны Дархан салбар, хариуцагч “П-” ХХК -ийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “П-” ХХК-аас 233.988.123,23 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х- Х- Б-”ны Дархан салбарт олгож, 19 634.000 төгрөгийн шаардлага, хариуцагч Х.О-, С.О-, А.С- нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Х.О-ийн өмчлөлийн Ү-2003014807 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, Үйлчилгээний төвд байрлалтай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, С.О-, Х.О- нарын өмчлөлийн Ү-2003007921 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6-р хороолол, 27-р байрны 49 тоот 4 өрөө, 50,5 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, А.С-ын өмчлөлийн, Ү-2003015904 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан сумын 1-р баг, Пионерын 3-30 тоот,60 м.кв талбайтай, хувийн сууц, Дархан сумын 1-р баг, Пионерын 3-30 тоот хаягт байрлалтай, 80 м.кв талбайтай, Ү-2003015905 эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Дархан сумын 1-р баг, Пионерын 3-30 тоот хаягт байрлалтай, 1478,86 м.кв талбайтай, Г-2003002962 дугаарт бүртгэлтэй газрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, TRJ150007075 тоот арлын дугаартай, 23-03 ДАР улсын дугаартай Land Cruiser Prado маркийн суудлын автомашин, хариуцагч нарын арилжааны банкуудад эзэмшиж буй дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.426.060,62 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П-” ХХК -аас 1.327.890,62  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олго ж шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагч  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч доорх давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ: Нэхэмжлэгчийн буруу тодорхойлсон хариуцагчийг зөв тогтоож, бусад хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба шийдвэрийн энэ хэсгийг би хүлээн зөвшөөрч байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлагын нэг шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөд нөгөөд нь төлөөгүй байх юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг нь хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Мөн ХХБанк нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 253.622.123,23 төгрөг болгосон. Өөрөөр хэлбэл шүүхэд иргэний хэрэг үүссэнээс хойш хугацааны хүү Гэж тооцож 8.532.434 төгрөг нэмж нэхэмжилсэн байсан. Үүнийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлээд нэмэгдүүлсэн шаардлагын 8.532.434 төгрөгийн хүүг манай компаниас нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн гомдолтой байна. “П-” ХХК нь Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 24.134.000 төгрөгийн төлбөрийг ХХБанк-д төлсөн.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү нэмж тооцох асуудал зогсоно. Тиймээс 8.532.434 төгрөгийн хүүг нэхэмжлэлийн шаардлагаас нь хасаж тооцож өгнө үү.

 “П-” ХХК-нь ХХБанк, З- Б- Д- С-тай гурвапсан гэрээ хийж гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлийн хэмжээнээс 1%-тай тэнцэх хэмжээний шимтгэлийг З- Б- Д- С-д төлж ирсэн. Харин З- Б- Д- С- нь батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-д заасан үүргээ биелүүлэхгүй үндэслэлгүй тайлбар шүүхэд гаргаж, ХХБанк ч тэднээс гэрээний үүргийг шаардахгүй дан ганц манай компанид үүрэг хариуцлага хүлээлгэж байгаад нь би гомдолтой байгаа юм. З- Б- Д- С- нь хэрэв зээлдэгч намайг зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл урьдчилан зээлийн үлдэгдэл хэмжээний 60%-тай тэнцэх хэмжээний төлбөрийг ХХБанк-д төлнө гэж гэрээний бусад талуудын өмнө үүрэг хүлээсэн учраас тэр үүргийнх нь дагуу эхний ээлжинд банкны зээлийг төлүүлэх саналтай байгаа юм. Шүүх хурал дээр энэ саналыг манай зүгээс тавихад шүүх хүлээж аваагүй юм.

Дээрх нөхцөлүүдийг анхааран шийдвэр гаргаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Гомдлыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ““Х- Х- Б-”” ХХК-ийн Дархан салбар хариуцагч “П-” ХХК, Х.О-, С.О-, А.Сарангэрэл нарт холбогдуулж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт 253.622.123,23 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч “П-” ХХК зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй, цаашид зээлийг хуваарийн дагуу төлөх боломжтой, З- Б- Д- С- /цаашид ЗБДС/-тай гурвалсан гэрээ байгуулсан тул гэрээгээр зээлийн 60 хувийн хариуцлага хүлээх ёстой гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “П-” ХХК-ийг зээлийг дангаараа хариуцах үүрэгтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч “П-” ХХК-ний захирал Х.О-ийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлэгч “Х- Х- Б-”ны Дархан салбар зээлдэгч “П-” ХХК-ний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ хийгдэж, уг гэрээгээр зээлдэгч нь 250.000.000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах  зориулалтаар зээлсэн байна.

Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлдэгч “П-” ХХК-ний “Х- Х- Б-”инд эзэмшдэг данс руу зээлийн мөнгийг шилжүүлсэн байна.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Х.О-ийн өмчлөлийн Дархан сумын Үйлчилгээний төвд байрлалтай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Х.О-, С.О- нарын өмчлөлийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 27 дугаар байрны 49 тоотын 4 өрөө байр, 50.5 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, А.С-ын өмчлөлийн Дархан сумын 1 дүгээр баг, Пионерийн 3-30 тоотод байрлалтай, 80 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлалтай,1478,86 м.кв талбайтай өмчлөлийн газар зэргийг барьцаалжээ.

Эдгээр зээлийн барьцаанд тавигдсан үл хөдлөх эд хөрөнгүүд болон газар нь бүгд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба зээлийн ипотекийн гэрээг  Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 23-03 ДАР улсын дугаартай, Тоёото Ланд крузер маркийн машины эзэмших эрхийг зээлдүүлэгч талд шилжүүлжээ.

Дээрх зээлийн гэрээний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлэгч, зээлдэгч, ЗБДСангийн хооронд гурвалсан гэрээ байгуулагдаж, ЗБДС нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна гэж баталж, хэрэв зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ЗБДС түүний өмнөөс гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх, гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгчээс буцаан шаардах эрх зээлдүүлэгчээс ЗБДС-нд шилжихтэй холбоотой асуудлуудаар харилцан тохиролцжээ.

Эдгээр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, гурвалсан гэрээ зэрэг нь Иргэний хуулийн 451, 153, 458 дугаар зүйлүүдэд заасантай нийцсэн, хуулийн дагуу байгуулагдсан гэрээнүүд мөн байна.

Зээлдэгч “П-” ХХК 2018 оны 11 дүгээр сараас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд  гэрээний үүргээ биелүүлж эргэн төлөх зээлээ хуваарийн дагуу төлөхийг зээлдүүлэгчээс шаардаж, 2018 оны 11 дүгээр сарын 27, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд албан шаардлага хүргүүлж байснаас гадна зээлдэгч “П-” ХХК-ний захирал Х.О- зээл эргэн төлөх хуваарь зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, цаашид хуваарийн дагуу зээлээ төлөхөө илэрхийлж, 2018 оны 12 дугаар сарын 26, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд  зээлдүүлэгч талд хүсэлт явуулж байсан байна.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.9.а-д Зээлдэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг бүрэн төлөлгүй хуанлийн 90 хоног хугацаа хэтрүүлсэн бол гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор зохицуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээний үүргийн зөрчил арилаагүй байх тул хариуцагч “П-” ХХК-ний урт хугацаатай гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн тул гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй гэсэн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар зээлдүүлэгч зээлийн гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Нотлох баримтаас үзвэл хариуцагч Х.О-, С.О-, А.С- нар өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч барьцаа болон батлан даалтын гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээгээгүй тул зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй байна.

Мөн зээлдэгч Х.О-ийн эзэмшлийн 23-03 ДАР улсын дугаартай Тоёото Ланд крузер маркийн машиныг албадан дуудлага худалдаагаар худалдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан боловч, фидуцийн гэрээгээр талууд хэрхэн тохиролцсон, гэрээ бичгээр хийгдсэн эсэх, хэрхэн үнэлж, шилжүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хариуцагч Х.О-, С.О-, А.С- нарт холбогдуулан гаргасан зээл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага, фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Зээлдэгч “П-” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талд 24.134.000 төлсөн, энэ талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.9б-д ”Зээлдэгч зээлийн үндсэн өр, хүүний төлбөрийг гэрээний 4.1-д заасан хугацаанаас хэтрүүлсэн”, 3 дугаар зүйлийн 3.2-т “жилийн хүү 12 хувь”, 3.4-т нэмэгдүүлсэн хүү “Зээл, хүүний эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлд ногдох хүүний 20 хувьтай тэнцүү байна” гэж тус тус зааснаар үндсэн зээл 233.630.640,81 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 24.134.000 төгрөгийг хасч, үндсэн зээл 209.496.640,81 төгрөг дээр зээлийн хүү 24.229.873,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 261.609,20 төгрөг нийт 233.988.123,23 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 153, 159, 174, 175 дугаар зүйлүүдэд зааснаар дүгнэлт хийж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдүүлэгчийн хүсэлтээр ЗБДС-г гуравдагч этгээдээр татан оролцуусан бөгөөд ЗБДС шүүхийн шийдвэрт заасан зээлийн төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд ЗБДС төлөөгүй хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээнэ гэж тайлбарлаж, талууд энэ талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “Батлан даалтын гэрээгээр  батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасантай нийцэж байна.

Түүнчилэн гурвалсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.1-д “Жил бүр зээлийн үлдэгдлээс батлан даалтын дүнгийн 1.0 хувьтай тэнцэх шимтгэлийг төлөх...” гэж зааснаар зээлдэгчээс ЗБДС-д гэрээгээр тохиролцсон шимтгэл төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагч “П-” ХХК-ний захирал Х.О-ийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү нэмж тооцохгүй, ЗБДС зээлийн үлдэгдлийн 60 хувийн хариуцлага хүлээх ёстой гэсэн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч “П-” ХХК-ий захирал Х.О-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.327.890,62 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

         

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                       АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                                  ГҮЙЦЭТГЭГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                        ШҮҮГЧИД                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                        Л.АМАРСАНАА