Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 207

 

ЗТХЯ-,                                                                                            “НӨАУГ”                                                        ТБАГУТҮГ, “ННТҮГ”                                      ТБАГУТҮГ нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02856 дугаар шийдвэртэй ЗТХЯ-, “НӨАУГ” ТБАГУТҮГ, “ННТҮГ” ТБАГУТҮГ нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “СБ” ХХК-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 043 770 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ЗТХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очхүү, Б.Цэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадулам, Б.Эрдэнэжаргал, өмгөөлөгч Б.Заантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг дэмжин, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын 2009 оны Төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 400 автобусыг 31.7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх талаар 2009 оны 7 дугаар сарын       24-ний өдрийн Зам, тээвэр, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хоорондын Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу 2009 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээний үндсэн дээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудад хуваарилан зээлээр эзэмшүүлсэн. “СБ” ХХК нь 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 004/08 дугаартай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээгээр 30 автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр хүлээн авсан. Автобусны нэг бүрийн үнэ нь 62.900 ам.доллар ба тухайн үеийн долларын ханш 1.416 төгрөгөөр бодоход нэг автобусны үнэ 89.068.243,3 төгрөг болно. Үүнийг 30 автобусаар бодоход 2.672.047.300 төгрөг гарна. Үүнээс гэрээ байгуулах үед урьдчилгаанд төлсөн 132.090 ам.доллар буюу 188.946.500 төгрөг, 2010 онд 158.600.000 төгрөг, 2011 онд 270.830.600 төгрөг, 2012 онд 9.900.000 төгрөг,  нийт 628.277.100 төгрөгийг хасаж тооцоход төлөгдөөгүй 2.043.770.200 төгрөг гарч байгаа. Хариуцагч талтай байгуулсан гэрээний 2.5, 4.3-т автобусны үнийг хуваарийн дагуу сар бүрийн 05-ны дотор төлж байх үүргийг биелүүлээгүй. Үүргээ биелүүлэх талаар албан бичгүүд өгч шаардаж байсан. Мөн энэ асуудлаар нэхэмжлэгч байгууллагуудын төлөөлөгчийг оролцуулсан ажлын хэсэг гарч, автобус авсан байгууллагуудтай удаа дараа уулзаж байсан. Нийтийн тээврийн байгууллагад жил бүр татаас буюу нөхөн олговор өгч байсан. 2008-2014 он хүртэл өгсөн нөхөн олговор, 2015-2018 өгсөн нөхөн олговор, зардлын санхүүжилт нийлээд 38,4 тэрбум төгрөг байгаа. Энэ дүнгээс хариуцагч байгууллага автобусны үнээ өгч болох л байсан гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг дэмжин, ЗТХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очхүү, Б.Цэнд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай яам бол бодлого боловсруулдаг газар юм. Энэ ажилд хяналт тавьж, зохицуулж байсан газар бол нөгөө 2 нэхэмжлэгч байгууллага юм. Хариуцагч тал 30 автобусыг шилжүүлэн авсан тухайд маргадаггүй. Нэгэнт бусдын хөрөнгийг авсан бол үнийг төлөх ёстой. Мөнгөө төлж байх шаардлагыг удаа дараа өгч байсан. Иймд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу “СБ” ХХК-аас 2.043.770.200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадулам шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “СБ” ХХК бол манай аавын үүсгэн байгуулсан компани бөгөөд гэр бүлийн бизнес юм. Ээж маань 2014 онд, аав 2017 онд нас барсан бөгөөд миний бие 2015 оноос хойш компанийн үйл ажиллагаанд оролцон, одоо үйл ажиллагаа хариуцсан захирлын ажлыг хийдэг. Одоо хотын нийтийн тээврийн үйлчилгээг зардлаар санхүүжүүлж байгаа. Хэдэн төгрөгийн зардал гарна, түүнийг санхүүжүүлдэг гэсэн үг юм. 2015 оны 7 дугаар сараас хойш нийтийн тээврийн үйлчилгээнд смарт картыг нэвтрүүлэн гарсан зардлыг дараа сард олгодог болсон. Цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настны үйлчилгээний зардлыг л нөхөн олговор олгодог болсон. Зардлын санхүүжилт бол нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа автобусны нэг цаг ажиллахад гарах зардлыг тооцох юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 6/22 тоот тогтоолоор автобус 32.933 төгрөг байсан бол шатахуун, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнтэй холбоотой 2019 оны 23/14 дүгээр тогтоолоор автобус 37.789 төгрөг болсон. Нэхэмжлэгч байгууллага зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн талаар буруу ойлголттой байна. Карт дарсан хүмүүсийн орлогоо аваад дээрээс нь зардлын санхүүжилт, нөхөн олговор авч байна гэж буруу ойлголттой байна. Карт дарсан хүмүүсийн орлого бол зардал юм. Энэ зардлыг дараагийн сард олгож байгаа. Энэ бол нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хэцүү нөхцөл байгаа. Ийм хэцүү үед төлбөрийг төлөх нөхцөлөөр хангаж өгөлгүй байгууллагыг дампууруулах хэмжээний төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Уг нь манайхаас эвлэрэх саналыг зардлын санхүүжилтэд эргэн төлөх дүнг шингээгээд хугацаа тогтоогоод төлье гэсэн саналыг нэхэмжлэгч байгууллагад тавьсан боловч энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор төлбөл хүлээн зөвшөөрнө гэсэн санал тавьсан. Бид энэ хугацаанд яагаад ч төлж чадахгүй. Гэрээний 3.3-т эвдрэл гэмтлийг засварлуулахад дэмжлэг үзүүлж, гарсан зардлыг үйлдвэрийн төлөөлөгчийн газраар гүйцэтгүүлэхээр заасан боловч уг үүргээ огт биелүүлж байгаагүй. Манай компанийн зүгээс авсан 30 автобусанд засвар үйлчилгээг авч байгаагүй. 2010-аас 2012 оны хооронд байгууллагуудад олгож байгаа нөхөн төлбөрөөс суутгаад авч байсан атлаа яагаад үргэлжлүүлээд аваад дуусгаж болоогүй юм бэ? Гэрээний 2.9, 2.10-т нэхэмжлэгч байгууллага төлбөр тооцооны гүйцэтгэлд хяналт тавих үүрэгтэй, цаг хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол байгууллагын нөхөн олговрын дүнгээс төлөгдөөгүй тооцоог суутган авах эрхтэй, мөн автобусны ашиглалт, эд засгийн үр ашгийг хянаж байх үүрэгтэй талаар заасан. Энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй. Манай компани автобусны үнэ гээд нэг ч төлбөрийг дансанд шилжүүлж байгаагүй. Өмнө нь суутгаж авч байсан. Үүн шигээ суутгаад авах эрх эдгээр төрийн байгууллагуудад байсан. 2014 онд Нийслэлийн тээврийн газраас шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэх эрхгүй этгээд гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тухайн үедээ асуудлаа шийдэхгүй, энэ олон жил өнгөрсний дараа буюу нийтийн тээврийн үйлчилгээг зардлын санхүүжилтээр шийдвэрлэдэг энэ үед нэхэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрээний 2.4-т заасан төсөвт төвлөрүүлэхэд хяналт тавих үүргээ өөрсдөө хэрэгжүүлээгүй. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу гэрээг төгрөгөөр хийх байсан америк доллараар хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ЗТХЯ-, НӨАУГ, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас хариуцагч “СБ” ХХК-д холбогдуулан 2.043.770.200 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очхүү, Б.Цэнд, М.Энхболд, Э.Энхтөр нар давж завж заалдах гомдолдоо: "СБ" ХХК нь дээрх гэрээний дагуу одоогийн байдлаар 2.672.047.300 төгрөг төлөхөөс 628.277.100 төгрөг төлж, одоо 2.043.770.200 төгрөгийг төлөөгүй. Энэхүү эргэн төлөлтийн төлбөртэй холбоотой шүүх "Талууд улсын дугаар, арлын дугаар, марк, үзүүлэлт бүхий 30 ширхэг автобусыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч тал урьдчилгаанд 188.946.500 төгрөг, 2010 онд 156.600 төгрөг, 2011 онд 270.830.600 төгрөг, 2012 онд 9.900.000 төгрөг, нийт 628.277.100 төгрөг төлсөн, гэрээний ам.долларыг 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1.416 төгрөгөөр тооцсон үйл баримтад маргаагүй" гэж дүгнэсэн байдаг. Энэхүү гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа бөгөөд 262.1 дэх хэсэгт заасан. Үүний дагуу тухайн автобус хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байтал шүүх энэхүү гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээгээр хийгдээгүй болно. Анхан шатны шүүх дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар "Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдгээрийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ..." гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг заасан хугацааг тоолон мөн хуулийн 82.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ"-ний 6.1, 7.3-т тус тус зохицуулсан нь гэрээ дуусгавар болоогүй байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү графикт төлбөрийг “СБ” ХХК буюу хариуцагч нь бүрэн төвлөрүүлээгүй, төлбөр бүрэн төлөгдөөгүй тул гэрээний хугацаа дуусгавар болоогүй гэж үзнэ. Хугацаа дуусаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа яригдах учиргүй юм. Иймд нэхэмжлэгч нар энэхүү гэрээний дагуух шаардах эрхээ алдаагүй гэж үзэж байна. "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ"-ний маргаантай асуудалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулалгүйгээр, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангалгүйгээр 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан "Мэтгэлцэх зарчим"-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлээгүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талуудыг тайлбарыг бүрэн хүлээж аваагүй ба үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцуулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу хураагуураар нотлогдох болно. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ЗТХЯ-, НӨАУГ, ННТҮГ хамтран хариуцагч “СБ” ХХК-д холбогдуулан 2.043.770.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь шаардах эрхээ 3 жилийн дотор хэрэгжүүлээгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй гэж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

 

Хариуцагч “СБ” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ямар нэгэн үндэслэл, тайлбар гаргаж байгаагүй ба талуудын хооронд шүүх хуралдаан болох хүртэл энэ талаар мэтгэлцээн өрнөөгүй байна. /хх-ийн 30/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадулам шүүх хуралдаанд “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна...” гэсэн тайлбар гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан талаар тайлбарлажээ. /2 хх-ийн 13 дах талын ард/

 

Гэтэл хэрэгт нэхэмжлэгч өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх уг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийн хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

 

Хэдийгээр хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч талууд мэтгэлцэж чадаагүй буюу эхлээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэх нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт  заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй юм.

 

Иймд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02856 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ      

                             ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД  

                                                                             Н.БАТЗОРИГ