Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2019/02856

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:С ХХК-д холбогдох

гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,043,770,200 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, З-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг дэмжин, Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын 2009 оны Төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 400 автобусыг 31.7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх талаар 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Зам, тээвэр, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хоорондын Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу 2009 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ-ний үндсэн дээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудад хуваарилан зээлээр эзэмшүүлсэн.

С ХХК нь 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 004/08 дугаартай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээгээр 30 автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр хүлээн авсан. Автобусны нэг бүрийн үнэ нь 62,900 ам.доллар ба тухайн үеийн долларын ханш 1416 төгрөгөөр бодоход нэг автобусны үнэ 89,068,243.3 төгрөг болно. Үүнийг 30 автобусаар бодоход 2,672,047,300 төгрөг гарна. Үүнээс гэрээ байгуулах үед урьдчилгаанд төлсөн 132,090 ам доллар буюу 188,946,500 төгрөг, 2010 онд 158,600,000 төгрөг, 2011 онд 270,830,600 төгрөг, 2012 онд 9,900,000 төгрөг буюу нийт 628,277,100 төгрөгийг хасаж тооцоход төлөгдөөгүй 2,043,770,200 төгрөг гарч байгаа.

Хариуцагч талтай байгуулсан гэрээний 2.5, 4.3-т автобусны үнийг хуваарийн дагуу сар бүрийн 5-ны дотор төлж байх үүргийг биелүүлээгүй. Үүргээ биелүүлэх талаар 2010.04.30-ны өдөр 1/1516, 2011.11.01-ний өдөр 1/1012, 2012.06.22-ны өдөр 1/879, 2012.05.24-ний өдөр ... тоот албан бичгүүд өгч шаардаж байсан. Мөн энэ асуудлаар нэхэмжлэгч байгууллагуудын төлөөлөгчийг оролцуулсан ажлын хэсэг гарч, автобус авсан байгууллагуудтай удаа дараа уулзаж байсан. Нийтийн тээврийн байгууллагад жил бүр татаас буюу нөхөн олговор өгч байсан. 2008-2014 он хүртэл өгсөн нөхөн олговор, 2015-2018 өгсөн нөхөн олговор, зардлын санхүүжилт нийлээд 38,4 тэрбум төгрөг байгаа. Энэ дүнгээс хариуцагч байгууллага автобусны үнээ өгч болох л байсан.

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг дэмжин, З-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай яам бол бодлого боловсруулдаг газар юм. Энэ ажилд хяналт тавьж, зохицуулж байсан газар бол нөгөө 2 нэхэмжлэгч байгууллага юм. Хариуцагч тал 30 автобусыг шилжүүлэн авсан тухайд маргадаггүй. Нэгэнт бусдын хөрөнгийг авсан бол үнийг төлөх ёстой. Мөнгөө төлж байх шаардлагыг удаа дараа өгч байсан. Иймд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу С ХХК-аас 2,043,770,200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С ХХК бол манай аавын үүсгэн байгуулсан компани бөгөөд гэр бүлийн бизнес юм. Ээж маань 2014 онд, аав 2017 онд нас барсан бөгөөд миний бие 2015 оноос хойш компанийн үйл ажиллагаанд оролцон, одоо үйл ажиллагаа хариуцсан захирлын ажлыг хийдэг. Намайг ажиллаж байхад автобусны үнийг нэхэмжилж шаардаж байгаагүй. Би энэ нэхэмжлэлийн шаардлагад хариу өгөхийн тулд өмнө болсон зүйлийг мэдэх хүнээс нь тодруулж асууж байж нэг тайлбар өгч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, одоо хотын нийтийн тээврийн үйлчилгээг зардлаар санхүүжүүлж байгаа. Хэдэн төгрөгийн зардал гарна, түүнийг санхүүжүүлдэг гэсэн үг юм. 2015 оны 7 дугаар сараас хойш нийтийн тээврийн үйлчилгээнд смарт картыг нэвтрүүлэн гарсан зардлыг дараа сард олгодог болсон. Цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настны үйлчилгээний зардлыг л нөхөн олговор олгодог болсон. Зардлын санхүүжилт бол нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа автобусны нэг цаг ажиллахад гарах зардлыг тооцох юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 6/22 тоот тогтоолоор автобус 32,933 байсан бол шатахуун, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнтэй холбоотой 2019 оны 23/14 дүгээр тогтоолоор автобус 37,789 төгрөг болсон. Нэхэмжлэгч байгууллага зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн талаар буруу ойлголттой байна. Карт дарсан хүмүүсийн орлогоо аваад дээрээс нь зардлын санхүүжилт, нөхөн олговор авч байна гэж буруу ойлголттой байна. Карт дарсан хүмүүсийн орлого бол зардал юм. Энэ зардлыг дараагийн сард олгож байгаа. Энэ бол нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хэцүү нөхцөл байгаа. Ийм хэцүү үед төлбөрийг төлөх нөхцөлөөр хангаж өгөлгүй байгууллагыг дампууруулах хэмжээний төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Уг нь манайхаас эвлэрэх саналыг зардлын санхүүжилтэд эргэн төлөх дүнг шингээгээд хугацаа тогтоогоод төлье гэсэн саналыг нэхэмжлэгч байгууллагад тавьсан боловч энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор төлбөл хүлээн зөвшөөрнө гэсэн санал тавьсан. Бид энэ хугацаанд яагаад ч төлж чадахгүй.

Хоёрдугаарт, гэрээний 3.3-т эвдрэл гэмтлийг засварлуулахад дэмжлэг үзүүлж, гарсан зардлыг үйлдвэрийн төлөөлөгчийн газраар гүйцэтгүүлэхээр заасан боловч уг үүргээ огт биелүүлж байгаагүй. Манай компанийн зүгээс авсан 30 автобусанд засвар үйлчилгээг авч байгаагүй юм.

Гуравдугаарт, 2010-2012 оны хооронд байгууллагуудад олгож байгаа нөхөн төлбөрөөс суутгаад авч байсан атлаа яагаад үргэлжлүүлээд аваад дуусгаж болоогүй юм бэ? Гэрээний 2.9, 2.10-т нэхэмжлэгч байгууллага төлбөр тооцооны гүйцэтгэлд хяналт тавих үүрэгтэй, цаг хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол байгууллагын нөхөн олговрын дүнгээс төлөгдөөгүй тооцоог суутган авах эрхтэй, мөн автобусны ашиглалт, эд засгийн үр ашгийг хянаж байх үүрэгтэй талаар заасан. Энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй. Манай компани автобусны үнэ гээд нэг ч төлбөрийг дансанд шилжүүлж байгаагүй. Өмнө нь суутгаад л авч байсан юм байна лээ. Үүн шигээ суутгаад авах эрх эдгээр төрийн байгууллагуудад байсан.

Дөрөвдүгээрт, 2014 онд Нийслэлийн тээврийн газраас шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэх эрхгүй этгээд гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм байна лээ. Тухайн үедээ асуудлаа шийдэхгүй, энэ олон жил өнгөрсний дараа буюу нийтийн тээврийн үйлчилгээг зардлын санхүүжилтээр шийдвэрлэдэг энэ үед нэхэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрээний 2.4-т заасан төсөвт төвлөрүүлэхэд хяналт тавих үүргээ өөрсдөө хэрэгжүүлээгүй.

Тавдугаарт, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу гэрээг төгрөгөөр хийх байсан америк доллараар хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З нар хамтран С ХХК-д холбогдуулан 2,043,770,200 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний дагуу 30 ширхэг автобусны үлдэгдэл төлбөрт 2,043,770,200 төгрөг гаргуулна гэжээ.

Хэргийн үйл баримтын талаар

Хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбар зэргээр дараах ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдож байна:

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар 20019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. Гэрээгээр улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч нийлүүлсэн БНСУ-д үйлдвэрлэсэн Daewoo bus BS 106 маркийн нийтийн тээврийн үйлчилгээний том оврын 400 ширхэг автобусыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын эзэмшилд шилжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээний том оврын автобусыг тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр тохирчээ. /1-р хх-6-9/

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар болон С ХХК 2009 оны 17-ны өдөр 004/08 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ /цаашид 004/08 тоот гэрээ гэх/ байгуулж, гэрээгээр 30 ширхэг автобусыг нэг бүр нь 62,900 америк доллараар тооцон, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шилжүүлэх, С ХХК нь тогтоосон хуваарийн дагуу 6 жилийн хугацаанд төлж дуусгахаар харилцан тохирчээ. /1-р хх-10-15/

Талууд улсын дугаар, арлын дугаар, марк, үзүүлэлт бүхий 30 ширхэг автобусыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч тал урьдчилгаанд 188,946,500 төгрөг, 2010 онд 158,600 төгрөг, 2011 онд 270,830,600 төгрөг, 2012 онд 9,900,000 төгрөг, нийт 628,277,100 төгрөг төлсөн, гэрээний ам долларыг 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1416 төгрөгөөр тооцсон үйл баримтад маргаагүй. /1-р хх-16/

Гэрээний дагуу шилжүүлсэн 30 автобус Г.Ө, Э.Н, бусад 28 нь Сутайн буянт ХХК-ийн эзэмшилд байхаар тээврийн хэрэгслийн улсын бүртгэл хийгджээ. /1-хх-159-188/

С ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллага байх ба үйлчилгээг Нийслэлийн эрх бүхий байгууллагуудтай хийсэн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг байна. /1-р хх 101-120/

С ХХК-д Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/728, 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/1012, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1590 тоот албан бичгээр гэрээг шинэчлэн байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулахаар санал авах тухай, 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/879, 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1/261 тоот албан бичгээр гэрээний үүрэг биелүүлэн төлбөр төлөх талаар шаардсан байна. /1-р хх-236-245/

Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 768/152 дугаар хамтарсан тушаалаар Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг зээлээр эзэмшүүлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан 4 талт гэрээний хэрэгжилт, төлбөр тооцооны бодит байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, гэрээнд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан, 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дүгнэлтийг гаргасан байна. /1-р хх-219-226/

Төрийн өмчийн хорооноос Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад хүргүүлсэн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/2092 тоот албан бичгээр 400 автобусыг Нийслэлийн өмчид бүртгэхийг зөвшөөрч байгаа тухай, Нийслэлийн нийтийн тээврийн газраас Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1/652 тоот албан бичгээр автобусны өмчлөлийн асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх тухай, Төрийн өмчийн хорооноос Нийслэлийн нийтийн тээврийн газарт хүргүүлсэн 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 3/323 тоот албан бичгээр автобусыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу данс бүртгэлд тусгах тухай, Нийслэлийн нийтийн тээврийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1/349 тоот албан бичгээр 400 автобусыг төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэн бүртгэхэд дэмжлэг үзүүлэх тухай, Сангийн яамнаас Нийслэлийн нийтийн тээврийн газарт 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/5149 тоот албан бичгээр 400 автобусны зээлийн гэрээний дагуу хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг стандарт зарчимд нийцүүлэх талаар тус тус тусгажээ. /1-р хх-227, 245-249/

Шаардах эрхийн талаар

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний оролцогч тал, хийсэн тохиролцоо, агуулга, төлбөрийг хэсэгчлэн төлөх хуваарь тогтоосон байдлаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ гэж зааснаар З нар нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгч байна.

Талуудын байгуулсан 004/08 тоот гэрээний 1.2-т Нийтийн тээврийн үйлчилгээний төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад олгогдсон автобус нь өөрийн өртгийг эргэн барагдуулж дуусах хүртэл нийслэлийн өмч байна гэж заасан, автобусны өмчийн бүртгэлийн талаар харилцсан албан бичгүүдээс үзэхэд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасны дагуу зохигчид автобусны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцжээ.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдгээрийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч тал хотын нийтийн тээврийн үйлчилгээг нийслэлийн төсвөөс цахим төлбөрийн системээр тооцон дараа сард санхүүжүүлж байгаа энэ үед автобусны үнийг төлөх санхүүгийн боломжгүй, нэхэмжлэгч тал гэрээ ёсоор автобусыг засварлахад дэмжлэг үзүүлэх, төлбөр тооцооны гүйцэтгэлд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, улсаас олгох нөхөн олговрын дүнгээс суутган авах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээний үнийг гадаад валютаар тодорхойлсон нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Үүргийг үүрэг гүйцэтгэгч хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх тул төлбөр төлөх чадвартай эсэх нь үүргийн гүйцэтгэлд нөлөөлөхгүй. Мөн хариуцагчийн татгалзалд дурдсанчлан талуудын байгуулсан 004/08 тоот гэрээний 2.9-д Нийслэлийн Нийтийн тээврийн газар зээлээр эзэмшигчийн гэрээний төлбөр тооцооны гүйцэтгэлд шууд хяналт тавьж ажиллах бөгөөд цаг хугацаандаа төлбөрөө төлөөгүй байгууллагын нөхөн олговрын дүнгээс төлөгдөөгүй тооцоон суутган авч ...төвлөрүүлэх эрхтэй..., 2.10-т Нийслэлийн нийтийн тээврийн газар нийтийн тээврийн үйлчилгээний төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагад зээлээр урьдчилан олгогдсон автобусны ашиглалт, эдийн засгийн үр ашгийг хянаж ажиллах үүрэгтэй., 3.3-т Үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай баталгаат хугацаанд эвдрэл гэмтлийг шуурхай засварлуулахад аж ахуйн нэгж, байгууллагуудад дэмжлэг үзүүлж ажиллана гэж тусгажээ. Эдгээр нь худалдах, худалдан авах гэрээний хувьд нэмэлт үүрэг бөгөөд нэмэлт үүргийн зөрчил нь худалдан авагчийг төлбөр төлөх үндсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Талууд гэрээний зүйл болох автобусны үнийг америк доллараар тооцсон хэдий ч нэхэмжлэгч талын нягтлан бодох бүртгэлд өглөг авлагын тооцоог бүртгэхдээ гэрээ байгуулсан 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн америк долларын төгрөгт харьцах ханшаар тооцсон байх тул төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй. Иймээс дээр дурдсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Харин хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар үүрэг гүйцэтгэгч үүргээс татгалзах эрхтэй. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэжээ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг байна.

Талуудын байгуулсан гэрээний үүрэг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болохоор тохирсон байх учир шаардах эрхийг эл өдрөөс үүссэн буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, энэ тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзнэ. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасан хугацаа тоолох журам ёсоор 3 жилийн хугацааг тоолоход 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ.

Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтад нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас худалдсан зүйлийн үнийг шаардах эрхээ 3 жилийн дотор хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэн, хариуцагч үүргээс татгалзах эрхтэй.

Иймээс нэхэмжлэгч З нараас хариуцагч С ХХК-д холбогдуулан 2,043,770,200 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З нараас хариуцагч С ХХК-д холбогдуулан 2,043,770,200 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ