Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01465

 

 

                                          Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Өмчийн

ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн нийтийн

тээврийн үйлчилгээний газруудын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02856 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 207 дугаар магадлалтай, 

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар БАГУТҮГ, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар ТБАГУТҮГ нарын нэхэмжлэлтэй, 

Сутайнбуянт ХХК-д холбогдох  

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,043,770,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадуламын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадулам, өмгөөлөгч Б.Заантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын 2009 оны Төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 400 автобусыг 31,7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх талаар 2009.07.24-ний өдрийн Зам, тээвэр, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хоорондын Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу 2009.08.10-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээний үндсэн дээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудад хуваарилан зээлээр эзэмшүүлсэн. Сутайнбуянт ХХК нь 2009.08.17-ны өдрийн 004/08 дугаартай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээгээр 30 автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр хүлээн авсан. Автобусны нэг бүрийн үнэ нь 62.900 ам.доллар ба тухайн үеийн долларын ханш 1,416 төгрөгөөр бодоход нэг автобусны үнэ 89,068,243,3 төгрөг болно. Үүнийг 30 автобусаар бодоход 2,672,047,300 төгрөг гарна. Үүнээс гэрээ байгуулах үед урьдчилгаанд төлсөн 132.090 ам.доллар буюу 188,946,500 төгрөг, 2010 онд 158,600,000 төгрөг, 2011 онд 270,830,600 төгрөг, 2012 онд 9,900,000 төгрөг, нийт 628,277,100 төгрөгийг хасаж тооцоход төлөгдөөгүй 2,043,770,200 төгрөг гарч байгаа. Хариуцагч талтай байгуулсан гэрээний 2.5, 4.3-т автобусны үнийг хуваарийн дагуу сар бүрийн 05-ны дотор төлж байх үүргийг биелүүлээгүй. Үүргээ биелүүлэх талаар албан бичгүүд өгч шаардаж байсан. Мөн энэ асуудлаар нэхэмжлэгч байгууллагуудын төлөөлөгчийг оролцуулсан ажлын хэсэг гарч, автобус авсан байгууллагуудтай удаа дараа уулзаж байсан. Нийтийн тээврийн байгууллагад жил бүр татаас буюу нөхөн олговор өгч байсан. 2008-2014 он хүртэл өгсөн нөхөн олговор, 2015-2018 өгсөн нөхөн олговор, зардлын санхүүжилт нийлээд 38,4 тэрбум төгрөг байгаа. Энэ дүнгээс хариуцагч байгууллага автобусны үнээ өгч болох л байсан гэжээ. 

Нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очхүү, Б.Цэнд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай яам бол бодлого боловсруулдаг газар юм. Энэ ажилд хяналт тавьж, зохицуулж байсан газар бол нөгөө 2 нэхэмжлэгч байгууллага. Хариуцагч тал 30 автобусыг шилжүүлэн авсан тухайд маргадаггүй. Нэгэнт бусдын хөрөнгийг авсан бол үнийг төлөх ёстой. Мөнгөө төлж байх шаардлагыг удаа дараа өгч байсан. Иймд талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу Сутайнбуянт ХХК-иас 2,043,770,200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадулам шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Сутайнбуянт ХХК бол манай аавын үүсгэн байгуулсан компани бөгөөд гэр бүлийн бизнес юм. Ээж маань 2014 онд, аав 2017 онд нас барсан бөгөөд миний бие 2015 оноос хойш компанийн үйл ажиллагаанд оролцож үйл ажиллагаа хариуцсан захирлын ажлыг хийдэг. Одоо хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэдэн төгрөгийн зардал гарна, түүнийг санхүүжүүлдэг гэсэн үг юм. 2015.07 дугаар сараас хойш нийтийн тээврийн үйлчилгээнд смарт картыг нэвтрүүлэн гарсан зардлыг дараа сард олгодог болсон. Цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настны үйлчилгээний зардлыг л нөхөн олговор олгодог болсон. Зардлын санхүүжилт бол нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа автобусны нэг цаг ажиллахад гарах зардлыг тооцох юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 6/22 тоот тогтоолоор автобус 32,933 төгрөг байсан бол шатахуун, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнтэй холбоотой 2019 оны 23/14 дүгээр тогтоолоор автобус 37,789 төгрөг болсон. Нэхэмжлэгч байгууллага зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн талаар буруу ойлголттой байна. Карт дарсан хүмүүсийн орлогоо аваад дээрээс нь зардлын санхүүжилт, нөхөн олговор авч байна гэж буруу ойлголттой байна. Карт дарсан хүмүүсийн орлого бол зардал юм. Энэ зардлыг дараагийн сард олгож байгаа. Энэ бол нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хэцүү нөхцөл байгаа. Ийм хэцүү үед төлбөрийг төлөх нөхцөлөөр хангаж өгөлгүй байгууллагыг дампууруулах хэмжээний төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Уг нь манайхаас эвлэрэх саналыг зардлын санхүүжилтэд эргэн төлөх дүнг шингээгээд хугацаа тогтоогоод төлье гэсэн саналыг нэхэмжлэгч байгууллагад тавьсан боловч энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор төлбөл хүлээн зөвшөөрнө гэсэн санал тавьсан. Бид энэ хугацаанд яагаад ч төлж чадахгүй. Гэрээний 3.3-т эвдрэл гэмтлийг засварлуулахад дэмжлэг үзүүлж, гарсан зардлыг үйлдвэрийн төлөөлөгчийн газраар гүйцэтгүүлэхээр заасан боловч уг үүргээ огт биелүүлж байгаагүй. Манай компанийн зүгээс авсан 30 автобусанд засвар үйлчилгээг авч байгаагүй. 2010-аас 2012 оны хооронд байгууллагуудад олгож байгаа нөхөн төлбөрөөс суутгаад авч байсан атлаа яагаад үргэлжлүүлээд аваад дуусгаж болоогүй юм бэ, гэрээний 2.9, 2.10-т нэхэмжлэгч байгууллага төлбөр тооцооны гүйцэтгэлд хяналт тавих үүрэгтэй, цаг хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол байгууллагын нөхөн олговрын дүнгээс төлөгдөөгүй тооцоог суутган авах эрхтэй, мөн автобусны ашиглалт, эд засгийн үр ашгийг хянаж байх үүрэгтэй талаар заасан. Энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй. Манай компани автобусны үнэ гээд нэг ч төлбөрийг дансанд шилжүүлж байгаагүй. Өмнө нь суутгаж авч байсан. Үүн шигээ суутгаад авах эрх эдгээр төрийн байгууллагуудад байсан. 2014 онд Нийслэлийн тээврийн газраас шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэх эрхгүй этгээд гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тухайн үедээ асуудлаа шийдэхгүй, энэ олон жил өнгөрсний дараа буюу нийтийн тээврийн үйлчилгээг зардлын санхүүжилтээр шийдвэрлэдэг энэ үед нэхэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрээний 2.4-т заасан төсөвт төвлөрүүлэхэд хяналт тавих үүргээ өөрсдөө хэрэгжүүлээгүй. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу гэрээг төгрөгөөр хийх байсан ам.доллараар хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02856 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас Сутайнбуянт ХХК-д холбогдуулан 2,043,770,200 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 207 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02856 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдааг залруулаагүй байна. Харин хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан хүртэл хөөн хэлэлцэх хугацааны талаар яриагүй, шүүх хуралдаан дээр ярьсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж байсан талаар тайлбарласан. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх уг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна гэж үзсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хамгийн сүүлийн төлбөр төлж дуусах хугацаа 2015.02.04-ний өдөр дуусгавар болсон байдаг. Анхан шатны шүүх энэ хугацааг шаардах эрхээ хэрэгжүүлэх буюу шаардах эрх үүсэх сүүлийн өдөр гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг тоолсон байна. Хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2018.02.04-ний өдөр дуусгавар болсон. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад илтгэгч шүүгч шүүхэд хандаж байсан баримт байна уу гэж асуусан асуултад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд 2014 онд Нийслэлийн нийтийн тээврийн газраас шүүхэд хандахад нэхэмжлэх эрхгүй этгээд гэдэг үндэслэлээр буцааж байсан гэж хариулсан байдаг. Тус шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэрийн цахим сан буюу shuukh.mn-д байгаа. Нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэж, 1760 дугаар шийдвэр гарган нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Цаг хугацааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэхээс өмнө 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан байлаа ч 2014.02.04-өөс хойш тоолж байгаа хөөн хэлэлцэх хугацаанд нөлөөлөхгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх 2014 онд шийдвэрлэсэн баримтыг хэрэгт авах, судлах ямар ч шаардлагагүй. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д Эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэгэнт хэрэг үүсгэхээс татгалзаж буцаасан гэж байгаа тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй юм. Иймд тухайн баримтыг хэрэгт авч судлах шаардлагагүй. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Магадлалд хэдийгээр хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч талууд мэтгэлцэж чадаагүй буюу эхлээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэх нь мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимтай нийцэхгүй байна гэж дүгнэсэн байна. Гэтэл хариуцагч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал ярихад нэхэмжлэгч нарын зүгээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар маргаагүй, өмнө нь нэхэмжлэл гаргаж байсан баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт гэж энэ баримтыг авах талаар дурдаагүй, энэ талаар маргаагүй байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх дээр ч, давж заалдах шатны шүүх дээрч тухайн нэхэмжлэл гаргасан баримтыг хөөн хэлэлцэх хугацаа тасалдуулсан баримт гэж мэтгэлцээгүй байдаг. Энэ нь нэхэмжлэлийг 2014 онд гаргаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэхээс өмнө учир нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж байсантай холбоотой. Тэгэхээр талуудын хэн нь ч маргаагүй үйл баримтыг шүүх хөндлөнгөөс заавал энэ баримтыг авна, энэ баримт ач холбогдолтой гэж хөндлөнгөөс оролцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх өөрөө гүйцэтгэх гэж байгаа мэт харагдаж байна. Түүнээс гадна нотолгооны ямар ч ач холбогдолгүй гэдэг нь илэрхий, түүнийг талууд хүлээн зөвшөөрч байхад шүүх өөрийн санаачилгаар дахин хэрэгцээгүй нотлох баримт авахуулахаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд 2014 онд нэхэмжлэгч нарын нэг нь нэхэмжлэл гаргаж, шүүх хүлээн авахаас татгалзсан баримт нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй, тасалдсан гэхэд хугацаа тоолж эхлэхээс өмнө тул нотолгооны ач холбогдолгүй, нэхэмжлэгч нар дээрх баримтыг анхан шатны шүүх дээр нотолгооны ач холбогдолтой гэж маргаагүй, анхан шатны шүүх хуралдааны явцад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар мэтгэлцээгүй, нотлох баримт гаргаагүй байхад шүүх нотолгооны ач холбогдолгүй баримтыг хэрэгт авах шаардлагатай гэж анхан шат руу буцаасан байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрууд нь Сутайнбуянт ХХК холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,043,770,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

 

Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадуламын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд хамаардаг учиртай.  

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг. 

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг шаардах эрхээ 3 жилийн дотор хэрэгжүүлээгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй гэж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Давж заалдах шатны шүүх ...Сутайнбуянт ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ямар нэгэн үндэслэл, тайлбар гаргаж байгаагүй ба талуудын хооронд шүүх хуралдаан болох хүртэл энэ талаар мэтгэлцээн өрнөөгүй, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадулам шүүх хуралдаанд ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна... гэсэн тайлбар гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан тайлбар, түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх уг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна... гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, мөн зүйлийн 6.3-т Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж тус тус хуульчилжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадулам анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн хууль зүйн үр дагавар бий болгосон, түүнчлэн шүүхийн дүгнэлт, хэргийн үйл баримтад нөлөөлж болохуйц тайлбарыг гаргасан байх бөгөөд шүүхээс уг тайлбартай холбоотойгоор нэхэмжлэгч нарт хүсэлт байгаа эсэх, ямар шалтгааны улмаас шүүх хуралдаанд уг тайлбарыг гаргах болсон шалтгааныг тодруулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасан мэтгэлцэх зарчим хангагдсан гэж үзэхгүй. 

Мэтгэлцэх зарчмыг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хангаагүйн улмаас зохигчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.6-д заасан эрхүүд зөрчигджээ.  

2. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...манайхаас эвлэрэх саналыг зардлын санхүүжилтэд эргэн төлөх дүнг шингээгээд хугацаа тогтоогоод төлье гэсэн саналыг нэхэмжлэгч байгууллагад тавьсан боловч энэ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлбөл хүлээн зөвшөөрнө гэсэн санал тавьсан... гэсэн тайлбарыг гаргасан байхаас гадна гэрч Д.Итгэлийн ...миний явуулсан албан бичгэн дээр 2016.09.23-ны өдрийг дуусталх төлбөр 1,716,422,900 төгрөг байсан... гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байна.  

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулж, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хамаарах эсэхэд дүгнэлт хийгээгүй байна..  

Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадуламын гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 207 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадуламын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,376,801 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          П.ЗОЛЗАЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН       Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                             Г.БАНЗРАГЧ 

                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                              Х.ЭРДЭНЭСУВД