Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2296

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г Б ХХК  -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М Д  ХХК -д холбогдох

 

            1,055,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамхорол, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Азжаргал, Ц.Мөнгөндавалгаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, хариуцагчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Б.Туяажаргал, гэрч С.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г Б ХХК нь М Д  ХХК-ууд ажил хэргийн холбоотой компаниуд билээ.

Хамтын ажиллагааны явцад М Д  ХХК нь Г Б ХХК-ис зээлээр барилгын материал, тоног төхөөрөмж авч нийт 1,055,000,000 төгрөгийн өр үүссэн бөгөөд тухайн өрийг талуудын нягтлан бодогчид эцсийн байдлаар тулгаж 1,055,000,000 төгрөгийг М Д  ХХК-иас Г Б ХХК-д төлөхөөр тохиролцсон.

М Д  ХХК нь бидэнд төлөх 1,055,000,000 төгрөгийн өрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд бидэнд энэхүү өрөндөө Эрдэнэ Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурь, 121 м.кв-ын нэг суурийг тус тус хүлээлгэн өгөхөөр 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тохиролцож тооцоо нийлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч суурийг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй тул бид 2017 оны 03 дугаар сарын14-ний өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 1,055,000,000 төгрөгийг М Д  ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн уулзалтын тэмдэглэлд бараа материалыг дутуу өгсөн гэж тайлбарласан байсан. Үүнийг нь манай тал хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хасуулан тооцуулах боломжтой. Манай талаас бараа материал гаргаж өгөх боломжгүй. Харин манай нэхэмжилж байгаа үнийн дүнгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хасаж тооцох боломжтой” гэв.

 

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлийг харахад Г Б ХХК нь газар хүсээгүй, тухайн өр авлагыг үүссэнтэй холбогдуулаад Г Б ХХК-иас өглөгөө хэрхэн дуусгах талаар санал асуухад М Д  ХХК нь өөрийн хүсэлтээр 4 таун хаусын 16 ширхэг суурь газрыг өгөхөөр тохиролцсон. Хурлын тэмдэглэлээс харахад 2017 онд багтааж суурийг Г Б ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн. Харин 129,000,000 төгрөгийн бараа материалыг шилжүүлсний дараа Г Б ХХК-ийн нэр дээр суурийг шилжүүлнэ гэсэн яриа дурьдагдаагүй.

Г Б ХХК нь М Д  ХХК-тай хамтран ажиллаж хөрөнгө оруулсан зүйл байхгүй. М Д  ХХК нь өөр компаниудтай нийлэн барилгын ажил хийж байх явцдаа Г Б ХХК-иас барилгын бараа материал авсан. Энэ өглөгтөө суурийг өгнө гэсэн. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд хоорондоо тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн. Харин тохирсон хугацаандаа үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд Г Б ХХК-н нэхэмжлэлтэй, М Д   ХХК-д холбогдох 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт"-н дагуу 1,055,000,000 төгрөг гаргуулах тухай гэх Иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М Д  ХХК-н зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ дахин илэрхийлж, дараах байдлаар дэлгэрэнгүй хариу тайлбар гаргаж байгаа болно.

Уг иргэний хэргийн нэхэмжлэгч тал болох Г Б  ХХК нь манай М Д  ХХК-д холбогдуулан талуудын хооронд үйлдэгдсэн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-н дагуу 1,055,000,000 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм. Гэвч уг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-нд дурьдсанаар бол “бэлэн бусаар буюу Эрдэнэт Эко хороололын 4 таун хаусын 16 айлын суурь олгоно" гэж талууд акт үйлдсэн байгаа юм.

Гэтэл нэхэмжлэгч Г Б  ХХК нь уг “Тооцоо нийлсэн акт”-н дагуу нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаж байгаа атлаа дээрх эд хөрөнгөөр өгөхөөр тохирсон тохиролцоог зөрчиж, тухайн үед талууд итгэл үзүүлж акт үйлдсэнийг далимдуулан, уг актын утга агуулгыг буруугаар буюу нэхэмжлэгч тал өөрт ашигтайгаар тайлбарлаж, үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Г Б ХХК ч мөн адил “Тооцоо нийлсэн акт”-н дагуу дээрх эд хөрөнгийг шилжүүлэн авна гэдгээ өөрсдөө ч мэддэг бөгөөд тус шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай М Д   ХХК-д хандаж “Тооцоо нийлсэн акт"-д дурьдагдсан Эрдэнэт Эко хороололын 4 таун хаусын 16 айлын суурийг шилжүүлэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хүссэн “Албан бичиг” ирүүлсэн байдаг юм.

Ер нь анх энэхүү Иргэний хэргийн гол маргааны зүйл болох 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-г талуудын хооронд үйлдэх болсон шалтгаан бол Г Б  ХХК, “Гранд паувер” ХХК, иргэн Дэлгэрхаан, М Д   ХХК, “Атмор” ХХК, “Сөдрүс" ХХК гэсэн хэд хэдэн компаниуд нийлж Эрдэнэт хотод байрлах “Эрдэнэт Эко" хороололыг бариж байгуулахаар хамтран хөрөнгө оруулалт хийж “Эрдэнэт Эко" хороолол төслийг эхлүүлсэн хамтын ажиллагаанаас үйдэлтэй бөгөөд уг төсөл тухайн үед санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болж цаашид үргэлжлэх боломжгүйгээр эогсонги байдалд орсон юм.

Ингээд нэгэнт дээрх төсөл зогсонги байдалд орж цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул дээрх хөрөнгө оруулагч компаниуд оруулсан хөрөнгө оруулалтаа аль аль нь мөнгөөр авах боломжгүй болсон тул дээрх төслийн үр дүнд бий болсон амины орон сууцны сууриудыг, тухайн төсөлд оролцсон өөр өөрсдийнхөө оролцооныхоо байдалд дүйцүүлэн тухайн төсөлд хамтран оролцсон компаниудад ногдуулан хуваарилан өгсөн бөгөөд Г Б ХХК-д бусад компаниудын зүгээс Эрдэнэт Эко хороололын 4 таун хаусын 16 айлын суурийг олгохоор хувиарласан юм.

Мөн дээрх хэд хэдэн компаниудын төлбөр тооцоог нэгтгээд зөвхөн М Д   ХХК-ийн нэр дээр "Тооцоо нийлсэн акт” үйлдэх болсон шалтгаан нь "Эрдэнэт Эко” хорооллын 4 таун хаусын 16 айлын сууриуд М Д   ХХК-н нэр дээр бүртгэлтэй байсан тул шилжилт хөдөлгөөн хийхэд амар хялбар байдлыг нь харгалзан үзэж “Тооцоо нийлсэн акт”-аа М Д   ХХК-ийн нэр дээр үйлдсэн байдаг бөгөөд энэ нь М Д   ХХК-н зүгээс Г Б  ХХК-д 1,055,000,000 төгрөгийг өгнө гэсэн ойлголт огт биш байсан юм.

Ингээд талууд дээрх байдлаар тохиролцсон боловч яагаад өнөөдрийг хүртэл дээрх “Тооцоо нийлсэн акт"-аар тохиролцсон “Эрдэнэт Эко” хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг М Д   ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Г Б ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа гол шалтгаан нь нэхэмжлэгч талын буруугаас үйлдэлтэй бөгөөд учир нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн талуудын “Уулзалтын тэмдэглэл”-д дурьдсанчлан Г Б  ХХК-н зүгээс М Д   ХХК-д 129,189,090 төгрөгний үнэ бүхий барилгын бараа материалыг биөтээр хүлээлгэн өгсний дараагаар дээрх сууриудыг нэр дээр нь шилжүүлэхээр тохиролцсонд гол учир шалтгаан байгаа юм.

Одоо ч хариуцагч М Д   ХХК-ийн зүгээс дээрх “Эрдэнэт Эко” хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг талуудын “Тооцоо нийлсэн акт”-н дагуу шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд харин мөнгөн дүнгээр бол боломжгүй, учир нь талуудын хооронд мөнгөн дүнгээр өгч, авалцах ямарч тохиролцоо байхгүй болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд дээрхи үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тооцоо нийлсэн актын үнийн дүнд нэхэмжлэгч Г Б ХХК-иас манай М Д  ХХК-д хүлээлгэж өгөөгүй байгаа Дундговь аймгийн Гурвансайхан суманд баригдах 24 айлын орон сууцны барилгын дутуу хүлээлгэн өгсөн 129,189,090 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын бараа материалын үнийн дүнг оруулан тооцсон байдаг нь нэхэмжлэгч талын зүгээс хавтаст хэрэгт хавсарган өгсөн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн талуудын хоорондын Уулзалтын тэмдэглэлд дурьдсан байдаг.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд Г Б ХХК-ийн зүгээс дээрх 129,189,090 төгрөгийн үнийн дүн бүхий 24 айлын орон сууцны 5 давхар барилгын карказыг манай компанид үйлдвэрлэж өгөөгүй байгаа тул уг 129,189,090 төгрөгийн үнэ бүхий барилгын карказыг Г Б ХХК-иас гаргуулах асуудлыг уг иргэний хэргийн үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

   Хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ямар эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоох ёстой. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээг чөлөөт байдлаар үйлдэнэ. Чөлөөт байдлыг талууд гэрээний агуулгыг тодорхойлох эрхтэй гэж заасан. Тооцоо нийлсэн актанд 1,055,000,000 төгрөгийг Эрдэнэт эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг бэлэн бусаар өгөхөөр тохиролцсон. Иймд М Д  ХХК нь Г Б ХХК-тай хамтран ажилласан гэж үзэж байгаа.

Мөн 1,055,000,000 төгрөгийн өр яаж бий болсон гэдгийг тогтоох ёстой. Бусад компанийн өрийг М Д  ХХК нь өөрийн нэр дээр авч тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Үүргийн дагуу мөнгөн хэлбэрээр бус Эрдэнэт эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг бэлэн бусаар өгөхөөр тохиролцсон. Үүнийг талууд хүлээн зөвшөөрсөн. 129,000,000 төгрөгийн бараа материалыг өгөөгүй учраас М Д  ХХК нь суурийг шилжүүлж өгөөгүй. Тооцоо нийлсэн акт хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 129,000,000 төгрөгийн бараа материалыг Г Б ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин Г Б ХХК нь үүнийг хүлээн зөвшөөрсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна ” гэв.

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г Б ХХК нь хариуцагч М Д   ХХК-д холбогдуулан 1,055,000,000 /нэг тэрбум тавин таван сая/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч М Д   ХХК нь нэхэмжлэгч Г Б ХХК-д холбогдуулан 129,189,090 /нэг зуун хорин есөн сая нэг зуун наян есөн мянга ерэн/ төгрөгийн үнэ бүхий карказ төмөр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Г Б ХХК нь хариуцагч М Д   ХХК-д барилгын материал худалдсан ба талуудын хоорондын өглөг, авлагыг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Г Б ХХК, М Д   ХХК нарын хооронд үүссэн өглөг авлагын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэлээр шийдвэрлэж, мөн өдрийн тооцоо нийлсэн акт-д 1,055,000,000 /нэг тэр бум тавин таван сая/ төгрөгийг М Д   ХХК нь Г Б ХХК-д төлөхөөр тохиролцсон. Уг акт, хурлын тэмдэглэлд заасны дагуу 16 байшингийн суурийг шаардсан боловч шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тул тооцоо нийлсэн актад заасан үнийн дүн буюу 1,055,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг, хариуцагч нь “Г Б ХХК-тай М Д   ХХК-ийн өр төлбөр бус Атмар ХХК, Седрүс ХХК-ийн өр төлбөрийг нэгтгэж, тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг актад төлбөрийг мөнгөөр бус харин бэлэн бусаар буюу Эрдэнэ Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын сууриар барагдуулахаар тохиролцсон тул мөнгө төлөх боломжгүй, харин 16 айлын байшингийн суурийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

            Хариуцагч М Д  ХХК болон түүний хамаарал бүхий  Атмар ХХК, Седрүс ХХК-д нэхэмжлэгч Г Б ХХК нь барааны үнийг дараа төлөх нөхцөлтэйгээр барилгын материал, тоног төхөөрөмж нийлүүлсэн ба уг нийлүүлсэн барааны үнэд хүү тооцоогүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

            Талууд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Г Б ХХК, М Д   ХХК нарын хооронд үүссэн өглөг авлагын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэлд хурлаар шийдвэрлэсэн нь:

  1. Г Б ХХК, М Д   ХХК-ний хооронд 2015-2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үүссэн нийт өглөг авлагын бүртгэлийг 1,055,000,000 төгрөг болохыг хоёр тал харилцан хүлээн зөвшөөрч, уг бүртгэлтэй холбоотойгоор дахин маргаан үүсгэхгүй байхаар харилцан тохиролцов.
  2. М Д   ХХК-ийн зүгээс “Гранд байшин” ХХК-д төлөх 1,055,000,000 төгрөгийн өглөгийг Эрдэнэт Эко хороолол төслийн хүрээнд баригдаж байгаа 4 ширхэг таун хаусын 16 ширхэг суурийг нэг бүрийг нь 65,937,500 төгрөгөөр үнэлэн 2017 онд багтаан шилжүүлэн өгөх журмаар төлж барагдуулахаар тохиролцов.
  3. Хуралдаанд оролцогчид энэ хурлаас гаргасан шийдвэрийг тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулахаар тохиролцов гэж дурьджээ.

 

Дээрхи хурлын шийдвэрлэсэн асуудлын 3-д заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” үйлдэж, талууд “М Д   ХХК нь 1,055,000,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав. Энэхүү өрийн үлдэгдлийг Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусны 16 айлын суурь, 121 м.кв-ын 1 суурь тус тус олгон бэлэн бус тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцов” гэж тооцоо нийлсэн болох нь талуудын тайлбар, Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Г Б ХХК-тай тусдаа тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан М Д   ХХК-ийн 45,508,216 төгрөгийн өр, Сэдрүс ХХК-ийн тооцоо нийлсэн 829,372,205 төгрөгийн өр, Атмор ХХК-ийн 180,119,578 төгрөгийн өр, нийт 1,055,000,000 төгрөгийг өр төлбөрийг М Д   ХХК нь төлөхөөр тохиролцож тооцоо нийлсэн болох нь Г Б ХХК болон М Д   ХХК нарын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаа №1, Г Б ХХК болон Седрүс ХХК нарын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаа №1, Г Б ХХК болон Атмор ХХК нарын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаа №1 зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар М Д   ХХК нь Седрүс  ХХК, Атмор ХХК-ийн худалдах, худадлан авах гэрээнээс үүссэн өрийг өөртөө шилжүүлэн авсан гэж үзэв.

 

Дээрхи хуулийн зохицуулалтын дагуу Г Б ХХК нь Седрүс  ХХК, Атмор ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүргийг дахин шаардах эрхгүй ба 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Г Б ХХК, М Д   ХХК нарын хооронд үүссэн өглөг авлагын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэл, мөн өдрийн тооцоо нийлсэн актад үндэслэн М Д   ХХК-иас шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйл 236.1.3-д “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон.” гэж заажээ.

 

2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Г Б ХХК, М Д   ХХК нарын хооронд үүссэн өглөг авлагын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэл, болон тооцоо нийлсэн актаас дүгнэхэд мөнгөн төлбөрийн үүргийг бэлэн бус буюу байшингийн сууриар төлөхөөр тохиролцож үүргийн солисон ба М Д   ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Г Б ХХК, М Д   ХХК нарын хооронд үүссэн өглөг авлагын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн тухай хурлын шийдвэр, болон тооцоо нийлсэн актад дурьдаснаар талуудын хоорондын худалдах, худалдан авах гэрээний үнийг мөнгөөр төлөх үүрэг дуусгавар болж, харин бэлэн бусаар буюу байшингийн сууриар төлөх үүргээр солисон гэж үзнэ.

 

Г Б ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр М Д   ХХК-д ирүүлсэн албан бичигт “...Танай компанитай хийсэн тооцоо нийлсэн актын дагуу 1,100,000,000 /нэг тэр бум нэг зуун сая/ төгрөгийн өрөнд Орхон аймгийн Баян Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Эко хорооллын 16 айлын таун хаусын 4 суурийн шилжүүлэн авахаар тохиролцсон билээ. Уг суурийг газрын хамт ВЮ91121121 тоот регистерийн дугаартай Ганхуягийн Уран-Өлзийгийн нэр дээр 2 ширхэг, ЧЛ78112177 тоот регистрийн дугаартай Ишжамцын Мөнхжаргалын нэр дээр үлдсэн 2 суурийг тус тус шилжүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг яаралтай гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэгч Г Б ХХК нь мөнгө төлбөр шаардах бус, харин тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу байшигийн суурь шаардсан нь талууд үүрэг солисон болохыг зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч М Д   ХХК нь гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор Эко хороолол нэгж талбарын 6104101418 дугаар бүхий 3681 м.кв газрын гэрчилгээ буюу 4 таун хаусны 16 суурь байрлах газрын тусгаарлан 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших гэрчилгээг авч, кадастрын зургийг хийлгэсэн болох нь аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, хариуцагчийн тайлбараар тогтоогдов.

Түүнчлэн Орхон аймгийн Баян Өндөр сумын 11 дүгээр баг, Цагаанчулуут “Эко хороолол 1 байр, 0 тоот 116,11 м.кв талбайтай, Амины орон сууцны зориулалттай, 35 хувийн гүйцэтгэлтэй 60 ширхэг амины орон сууцны суурийн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр М Д   ХХК бүртгэлтэй болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000380072 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх ба уг суурийг газрын хамт нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх боломжтой байна.

 

Хариуцагч М Д   ХХК-ийг үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ба 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Г Б ХХК, М Д   ХХК нарын хооронд үүссэн өглөг авлагын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэлд “Г Б ХХК-ийн захирал С.Мягмарсүрэн: ...танай компанид өгөх 129,189,090 төгрөгийн Дундговь аймгийн Гурван сайхан суманд баригдах 24 айлын орон сууцны барилгын дутуу ачигдсан материалыг гүйцээж өгөөд ...” гэж дурьдсан ба нэхэмжлэгч уг барилгын материалыг хариуцагч талд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд бодит үүрэг 925,810,310 төгрөг байхад ирээдүйд гүйцэтгэх үүргийг буюу 129,189,090 төгрөгийг оруулан тооцож, нийт 1,055,000,000 төгрөгөөр тооцоо нийлсэн байна.

 

Талууд гэрээний үүргийг сольж арилжааны гэрээний дагуу төлбөрийг бэлэн мөнгөөр бус Орхон аймгийн Баян Өндөр сумын 11 дүгээр баг, Цагаанчулуут “Эко хороололд байрлах, Амины орон сууцны зориулалттай, 16 ширхэг амины орон сууцны сууриар төлөхөөр тохиролцсон байхад нэхэмжлэгч нь дуусгавар болсон үүргийн дагуу мөнгө шаардаж байгаа үндэслэлгүй байх тул хариуцагч М Д   ХХК-иас 1,055,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Баян Өндөр сумын 11 дүгээр баг, Цагаанчулуут “Эко хороололд байрлах, Амины орон сууцны зориулалттай, 16 ширхэг амины орон сууцны суурийг шаардаж, дахин нэхэмжлэл гарахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч М Д   ХХК нь “...2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Г Б ХХК, М Д   ХХК нарын хооронд үүссэн өглөг авлагын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэлд “Г Б ХХК-ийн захирал С.Мягмарсүрэн: ...танай компанид өгөх 129,189,090 төгрөгийн Дундговь аймгийн Гурван сайхан суманд баригдах 24 айлын орон сууцны барилгын дутуу ачигдсан материалыг гүйцээж өгөөд ...” гэж дурьдсаны дагуу манайд 129,189,090 төгрөгийн барилгын материал буюу карказийг гаргуулж өгнө үү” гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг, нэхэмжлэгч нь “Одоо бид карказ төмөр нийлүүлэх боломжгүй тул хариуцагчаас шаардаж байгаа 1,055,000,000 төгрөгөөс 129,189,090 хасч тооцоход татгалзах зүйлгүй” гэж сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаагүй боловч, Орхон аймгийн Баян Өндөр сумын 11 дүгээр баг, Цагаанчулуут “Эко хороололд байрлах, Амины орон сууцны зориулалттай, 16 ширхэг амины орон сууцны суурьнаас хасаж тооцох боломжгүй, харин мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох боломжтой гэж маргасан.

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4-д зааснаар талуудын шаардлагыг харилцан тооцох боломжгүй байна.

 

Хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүрэг шаардаагүй, 129,189,090 төгрөгийн үнэ бүхий байшингийн карказ төмөр шаардаж байгаа бөгөөд шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн төлбөр шаардах эрхгүй гэж хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардагыг өөрчлөөгүй байхад сөрөг нэхэмжлэлийг мөнгөн дүнгээр илэрхийлж, үндсэн шаардлагад тооцох боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-д “Энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.” гэж, 254.4-д “Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө.” тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь Монгол Дайван ХХК-д 129,189,090 төгрөгийн үнэ бүхий карказ төмрийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй ба хариуцагчийн шаардсан 129,189,090 төгрөгийн үнэ бүхий карказ төмрийг Г Б ХХК нь бие байдлаар өгөх боломжгүй гэж тайлбарлаж байх тул хариуцагч М Д   ХХК нь 129,189,090 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлэх суурьнаас суутгуулан тооцуулах, эсхүл үнийг шаардах боломжтой юм.

 

Нэхэмжлэгч Г Б ХХК-иас 129,189,090 /нэг зуун хорин есөн сая нэг зуун наян есөн мянга ерэн/ төгрөгийн үнэ бүхий карказ төмрийг биет байдлаар нь хариуцагчид хүлээлгэн өгөх боломжгүй болох нь тогтоогдож байх тул шүүх байхгүй гэх эд хөрөнгийг нэхэмжлэгчээс үндэслэлгүй байна.

 

Иймд Г Б ХХК-иас 129,189,090 /нэг зуун хорин есөн сая нэг зуун наян есөн мянга ерэн/ төгрөгийн үнэ бүхий карказ төмөр гаргуулах тухай хариуцагч М Д  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч талын хүсэлтийг хангаж, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11499 дүгээр захиражаар С.Мягмарсүрэнг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанд гэрч С.Мягмарсүрэн нь Г Б ХХК-ийн захирал И.Мөнхжаргалтай өс хонзонгийн сэдэлт бүхий харилцаатай гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба хариуцагч С.Мягмарсүрэнг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээс татгалзсан тул гэрч С.Мягмарсүрэнг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулан, мэдүүлэг аваагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар хариуцагч М Д   ХХК-иас 1,055,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч Г Б ХХК-иас 129,189,090 /нэг зуун хорин есөн сая нэг зуун наян есөн мянга ерэн/ төгрөгийн үнэ бүхий карказ гаргуулах тухай хариуцагч М Д   ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 5,432,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 804,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР